Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00025

 

Баян-Өлгий аймгийн Ө сумын цэцэрлэгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Х.М, Б.Г, Б.Р нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Х.М-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Х.М-ы өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын цэцэрлэгийн эзэмшил бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өлгий сумын хүүхдийн цэцэрлэг нь 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Өлгий сумын Засаг дарга асан Ы.Х-ийн захирамжаар 4540 м2 газрыг эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэтэл уг газрыг цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Г нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, 3 удаагийн үйлдлээр газрын зураг кадастр хариуцсан хүмүүстэй хуйвалдан багасгаж, улмаар аймгийн Засаг дарга нарыг залилан мэхэлж хууль бус шийдвэр гаргуулан нөхөр Х.Мтай хамт хувьдаа завшиж, мөн нөхрийн хамсаатан болох Б.Р нарт хууль бус эзэмшүүлсэн нь иргэн Б.М-ын гомдлын дагуу шалгасан шалгалтын явцад нотлогдон тогтоогдсон талаар аймгийн прокурорын 5/327 тоот тогтоолд тодорхой дурджээ. Энэ асуудлын талаар аймгийн удирдлагад хүсэлт тавихад дээрх хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 336 тоот захирамж гаргасан болно. Хүүхдийн цэцэрлэгийн хууль бус хасагдсан нийт 1250,9 м2 газрыг Х.М, Б.Г нар хашаа татаж, байшин хаус барьж өдөр тутмын гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Бид уг газарт наадмаас өмнө хүүхдийн тоглооМ-ын талбай тохижуулахаар төлөвлөөд байна. Ө сумын цэцэрлэгийн эзэмшлийн 3930 м.кв бүхий газрыг үндэслэлгүй багасгаж, хариуцагч Х.М-д 243 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр захирамж, хариуцагч Б.Р-д 397 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 501 дугаартай захирамжууд болон 0304860, 0404671 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336  дугаартай захирамж гарсан.

Иймд гарч байгаа эрхийн актуудыг үндэслэн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглож наадах дээрх эзэмшил газруудыг Х.М, Б.Г, Б.Р нарын эзэмшлээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ.  

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлэн шүүхэд гаргасан тайлбарт: “Хариуцагч Х.М, Б.Г, Б.Р нарын хууль бус эзэмшиж байсан цэцэрлэгийн газрын хэмжээ, хилийн зааг, зураглалыг тодорхой болгож Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот захирамж гарч хүчин төгөлдөр болсон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар хэргийн оролцогчид болон хэн ч маргах эрхгүй. Одоогоор Б.Р-аас чөлөөлүүлэх 397 м.кв газарт Х.М-ы авто гарааш байрлаж байгаа ба мөн тус газрын доод хоёр өнцгийг холбосон газарт Х.М хашаа татсан байгаа. Өөрөөр хэлбэл Б.Р-аас чөлөөлүүлэх газарт Х.М авто гарааш барьж, 18.94 м хашаа татсан байгаа. Харин Х.М, Б.Г нараас чөлөөлүүлэхээр шаардаж буй 243 м.кв цэцэрлэгийн эзэмшил газарт тэдний зуны амбаар баригдсан байгаа ба мөн доод хоёр өнцгийг холбосон 11,8 м газарт тэд хашаа татсан байна. Хариуцагч Б.Раас хууль бус эзэмшиж буй цэцэрлэгийн эзэмшил бүхий 397 м.кв газраас авто гарааш болон 18,94 м хашааг албадан нүүлгэж, Х.М, Б.Г нараас цэцэрлэгийн эзэмшиж бүхий 243 м.кв газарт байгаа зуны амбаар 11,8 м хашааг тус тус албадан нүүлгэж урьд нь газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна.” гэжээ.

 

Хариуцагч Х.М, Б.Г, Б.Р нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид хэнтэй ч хуйвалдаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй, хуулийн дагуу эрх бүхий хүмүүсийн шийдвэрээр уг газрыг эзэмшсэн. Уг цэцэрлэг 4540 м2 газрын гэрчилгээтэй байсан нь үнэн. Харин хажуу талд байсан хуучин номын сангийн одоо Е.М-ийн эзэмшилд байгаа байр нь 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 тоот Өлгий сумын Засаг дарга Х.Хайсанайн захирамжаар 1225 м2 газар эзэмшиж байснаа аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Ө сумын цэцэрлэгийн газрын хэмжээг 3930 м2 болгон багасган цэцэрлэгийн газраас 600 м2 газрыг Е.М-д нэмж, Е.М-н газрыг гэр бүлийн хэрэгцээний газар гэж бүгд 1825 м2 болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Б.Г цэцэрлэгийн эрхлэгч байгаагүй. Иймд бидний эзэмшлийн газар цэцэрлэгт огт хамаагүй бөгөөд уг маргаан одоо Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа тул шийдвэр гартал уг нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгөхийг хүсье.”  гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгийн эзэмшлийн 3930 м.кв газрын 397 м.кв талбайд Б.Р-ын хууль бус барьсан 13,14 м урттай хашаа болон Х.М-ы эзэмшлийн 22,95 м.кв талбайтай авто гарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243 м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35 м урттай хашаа болон 13.0 м.кв талбайтай амбаарыг тус тус албадан нүүлгэж эзэмшил бүхий газрыг чөлөөлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Х.М-ы давж заалдах гомдлын агуулга: “Бидний уг маргаж байгаа газар цэцэрлэгт огт хамаагүй газар байсан нь Өлгий сумын кадастрын зургуудаар нотлогдож байгаа. 2003 оны “Мон Кан Консотинг” ХХК-ны зурсан кадастрын зургаар цэцэрлэгийн нийт талбай 3349 м.кв байна гэж тодорхойлсон байна. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Нурданеско” 20 айлын орон сууцны кадастрын зурагт цэцэрлэгийн газрын зураг мөн урдах 2003 оны “Мон Кан Консотинг” ХХК-ны зургаар зурагдсан байна. Өлгий хотын 2009, 2012, 2017 оны кадастрын зургаар Өлгий хотын цэцэрлэгийн эзэмшлийн газрын хэмжээ 3289 м.кв байна.

Энэ бүх кадастрын зургийг үндэслэж Аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар захирамжаар урдах үндэслэлгүй хууль бус гарсан аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамж, цэцэрлэгийн эзэмшлийн газарт хэмжилт хийгээгүй 3930 м.кв гэж худлаа олгосон 0179646 тоот газрын гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, уг цэцэрлэгийн газрыг 3289 м.кв гэж тогтоож 0381649 дугаар бүхий газрын гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээнүүд одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Гэтэл уг байдлуудыг анзаарсан Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 155 тоот магадлалд Газрын тухай хуулийн 27.1-т зааснаар аж ахуй, иргэн, байгууллага газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглох тухай хуулиар зохицуулсан байхад газар эзэмших эрхгүй нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь хууль бус мөн цэцэрлэгийн эзэмшлийн газраас 1250 м.кв газар багасаж хасагдсан бол уг газрыг дахин цэцэрлэгийн эзэмшилд олгогдсон эсэхийг нотлоогүй. 1250 м.кв газрыг шаардах эрх нь нэхэмжлэгчид үүссэн эсэхийг тодруулаагүй, шаардлагаас үлдсэн 610 м.кв газрыг шүүх шийдвэрлээгүй.

Х.М, Б.Р, Б.Г нарын эзэмшлийн газар нэхэмжлэгч цэцэрлэгийн газартай ямар хэмжээгээр давхацсан байдал нотлогдоогүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх огт анхаараагүй.

Шүүх дахин хууль бус үзлэг хийсэн болоод харин аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 тоот захирамж гаргуулжээ. Уг захирамжид Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр захирамжийн дагуу цэцэрлэгийн эзэмшлийн газрыг хуучин хэмжээгээр 3930 м.кв тогтоож 51 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэжээ. Гэтэл уг 19 дүгээр захирамжаар сул чөлөөтэй үлдсэн 337 м.кв газрыг эзэмшүүлэх талаар эвлэрлийн гэрээ хийсэн болохоос биш уг 3930 м.кв газрын талаар огт дурдагдаагүй, үүнд холбогдолгүй. Нөгөө талаар ямар нэгэн маргаан эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй байхад ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн заалт зөрчиж хуурамч захирамж гаргасан нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий эзэмшлийн газар эцэслэн шийдэгдээгүй байхад аймгийн Засаг дарга дахин шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байгааг шүүх анхаараагүй.

Нөгөө талаар урдах газар олгосон захирамж газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй газрын зураг хэмжилт хийгээгүй хууль бус байгаа нь тодорхой. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүх хуралдаж, уг хуралдаанаар нотлох баримт судлах хэсгийг орхигдуулж ямар ч нотлох баримтыг хүлээж авахгүйгээр шууд тулгах маягаар шүүх хурлыг явуулж урдах шийдвэрийг дахин давтан 306 дугаар шийдвэр гаргасныг миний бие дахин давж заалдсанаар Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/2/МА2016/00039 тоот магадлалаар дахин анхан шатны шүүхэд буцаасан.

Уг магадлалд шүүх үзлэгийг дутуу хийсэн, кадастрын зургуудыг хоорондоо харьцуулж хууль бус эзэмшиж байгаа эсэхийг тодорхойлох дүгнэх боломжгүй болжээ гэснийг шалгаж тодруулаагүй хавтаст хэрэгт 2003, 2009, 2012, 2017 оны кадастрын зургууд нотлох баримтаар авагдаагүй.

Цагдаагийн шалгалтаар шүүгчийн хэлснээр хуурамч зурсан гэж мэдүүлсэн Зангарын хуурамч шүүхийн үзлэгийн зургийг нотлох баримтаар үнэлж, урдах шийдвэрийг дахин хамгаалж шийдвэр гаргасан. Уг магадлалд Б.Р, Х.М, Б.Г нарыг Ө сумын цэцэрлэгийн эзэмшил газрыг хэрхэн хууль бусаар эзэмшиж байгаа талаар хариуцагч тус бүрээр нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дүгнэлт хийх заалт өгсөн боловч, энэ одоо хүртэл хийгдээгүй явж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар цэцэрлэг нь уг газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэгч мөн эсэх нь тодорхой бус, энэ газрын эзэн мөн, биш эсэх нь тодорхойгүй. Кадастрын зургуудыг нотлох баримтаар тооцож зөв шийдвэр гаргахын оронд хуурамч хийсэн шүүхийн үзлэгийн зургаа урдаа барьж хууль бус шийдвэр гаргасанд харамсаж байна.

Нотлох баримтуудаар албан ёсны эзэмшлийн газар 3289 м.кв гэдэг нь нотлогдоод байхад үүнд бодит дүгнэлт хийгээгүй, үүнийг 3930 болгон бусдын газраас хууль бусаар булааж авах гэж байгаа нь хууль бус шүүх хүмүүсийн хоорондох өш хонзон авах механизм болох ёсгүй. Иймд давж заалдах шүүхээс гарсан магадлалуудын заалтыг бүрэн хангаагүй хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй өөрийн үзэл бодлоо илэрхийлж нотлох баримт гаргаж өгч, өөрийн эрх ашгийг шүүхийн өмнө нотолж хамгаалах эрхээр хангаагүй хууль бус шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 638 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үнэлж, маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтоон, зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгийн эзэмшлийн 3930м.кв газрын 397м.кв талбайд хариуцагч Б.Рын барьсан 13,14м урттай хашаа болон Х.М-ы эзэмшлийн 22,95м.кв талбайтай авто гарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35м урттай хашаа болон 13.0м.кв талбайтай амбаарыг тус тус албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, эзэмшил бүхий газрыг чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

 

            Ө сумын цэцэрлэг нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, 60 айлын орон сууцны хойд талд “төрийн байгууллагын” зориулалтаар 3930 м.кв талбайтай газар эзэмшдэг нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 дугаар захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг, 000433904 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас, 190-195 дугаар тал/ зэрэг баримт бичгээр тогтоогджээ. Харин энэхүү газрын 397м.кв талбайд хариуцагч Б.Р нь 13,14м урттай хашаа, хариуцагч Х.М нь 22,95м.кв талбайтай авто гарааш, түүнчлэн уг газрын 243м.кв талбайд Х.М, Б.Г нар 11,35м урттай хашаа, 13.0м.кв талбайтай амбаар зэргийг барьж байгуулан хууль бусаар эзэмшиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд бодитой саад учруулж байгаа нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон түүний хавсралт /үзлэг хийсэн газрын хэмжилт бүхий зураглал, хэргийн 2 дугаар хавтасны 268-271 дүгээр тал/-аар тогтоогдсон байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Ө сумын цэцэрлэгийн эзэмшлийн газрын байршлын кадастрын зургийг шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон түүний хавсралттай харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд саад учруулж буй нөхцөл байдлуудын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан үндэслэлтэй, бодитой болжээ.

 

            Харин шүүх шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг, Тогтоох хэсэгт мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т заасныг баримтлахдаа маргааны агуулгад шууд хамааралгүй заалтуудыг сонгож хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4.-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.М-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК