Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1518

 

 

 

 

    2022         12         12                                    2022/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

Улсын яллагч Э.Чанцалням,       

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Чд холбогдох 220 801 888 1483 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, Тус ББСБ-д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 0, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харчин овгийн Дашдоржийн Чимэдцэен /регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ гэх нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн О.Гэзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 737.000 төгрөгийн буюу баг хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :         

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ гэх нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн О.Гэзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 737.000 төгрөгийн буюу баг хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр СХД-ын 00 дүгээр хороо, Баянхошууны 000 тоот гэртээ амарч  байх үед иргэн О.Гэзэмшлийн 5022331601  дугаартай данснаас 737.000 төгрөгийн зарлага гарсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- дүрс бичлэг бүхий файлд үзлэг хийсэн... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудлын арын GS 25 хүнсний дэлгүүрийн касс хэсгийн хяналтын камер байх ба... улаан бор үстэй, хар өнгийн савхин куртиктай, 22-26 орчим настай, цэнхэр өнгийн масктай эмэгтэй хүн ногоон цэнхэр өнгийн банкны картаар тооцоо хийж байгаа харагдаж байна... гэх тэмдэглэл /8-10 дахь тал/,

- О.Гаын Хаан банкны дансны хуулга 22.05.27-ны өдрийн 04:52 минутад 700.000 төгрөгийн зарлага гарсан гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

            - хохирогч О.Гын.... Би 2022 оны 5 оны 26-ны өдөр Буянбахарын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ караокед Соёрхол нэртэй 2 ширхэг архи хувааж уусан....нэг мэдсэн чинь зөөгч охин тооцоогоо хийгээчээ гээд байхаар нь өөрийн Хаан банкны 5022331601 дугаарын данстай чиптэй хар хүрэн өнгийн картаа өгөөд тооцоо болох 65.000 төгрөг хийгээд тухайн газраас гараад гэртээ харьж амарсан. Манай найз Буянбадрах нь түрүүлээд яваад өгсөн байсан. Маргааш өглөө нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед сэрсэн чинь миний гар утсанд Хаан банкнаас орлого зарлагын мессэж ирсэн. Ороод харсан чинь 2022.5.27-ны 01 цаг 13 минутад 700.000 төгрөгийн зарлага гараад 2022.05.27-ны 01 цаг 23 минутад 37.700 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Гэгээ караоке пабын зөөгч хийж байсан охин 20-25 орчим настай хар бараан өнгийн хувцастай өндөр охин байсан. Би Гэгээ караокены зөөгч охин миний картыг надад буцааж өгөөгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

            - шүүгдэгч Д.Ч... 2022 оны 12 сард манай аав, ээж 2 тухайн СХД-н 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ караокег түрээсэлж ажиллуулж байсан ба 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед ирсэн чинь 2 давхрын 3 номерын өрөөнд 40-45 насны орчим 2 эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба тухайн өдрийн 21 цагийн үед тэр 2 эрэгтэй ууж байсан архиа дуусгаад өрөөндөө унтаж байхаар нь тооцоогоо хийгээд гараарай гэсэн чинь нэг эрэгтэй нь удалгүй кассан дээр ирээд тооцоогоо хийе гээд Хаан банкны карт өгөөд тэр эрэгтэй өөрөө картынхаа кодоо 1010 гэж хэлсэн ба тооцоо нь 65.000 төгрөг уншуулсан ба картаа аваарай гэсэн чинь тэр эрэгтэй картаа авахгүй болохоор нь би караокеноос гараад явчихсан. Тэгээд тухайн өдрийн 23 цагийн үед тэр эрэгтэй картаа ирж авахгүй болохоор нь би караокеноос гараад Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ ороод тэр эрэгтэйн Хаан банкны картыг уншуулаад 700.000 төгрөг гаргаж авсан ба зам гараад хажуу талн ЖИ ЭС 25 дэлгүүрээс мөн тухайн эрэгтэйн картыг уншуулж дэлгүүрээс 37.700 төгрөгөөр электрон тамхины шингэн авсан. Тэгээд маргааш нь би 700.000 төгрөгөө өөрийнхөө дансанд хийсэн. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан....Би тухайн 700.000 төгрөгөө зээлээ төлөөд бас хэдэн хүнд өртэй байсан учраас зээл өрөө өгөөд дуусгачихсан. Би тухайн эрэгтэйн хохирол 800.000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66, 124 дэх тал/,

            - Мастер Үнэлгээ ХХК-ны виза карт 10.000 төгрөг гэх үнэлгээ /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-65-66, 124/

хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан. 

            2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжүүдийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нотлогдсон, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Чг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршиг :      

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нь 737.000 төгрөгийн зардал гарч, 800.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн /хх-55,129, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, бага насны хүүхэдтэй, Тус ББСБ-д зээлийн мэргэжилтэн ажилтай гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-20, 23-51, 56, 69-70, 127-128 шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Чд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Д.Чг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Чд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Д.Чд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Чд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР