Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Г.А-н хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: Миний бие Г.А нь 1979 оны 06 сарын 28-наас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант бригадад тэмээчнээр орж 1982 оны 08 сарыг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир 1979 оны  06 сарын 28-наас 1982 оны 08 сарыг дуустал хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох, тус сумын Оргил нэгдэлд 1983 оны 02 сарын 25-нд зочид буудал болон төрөх тэтгэврийн үйлчлэгчээр 1985 оны 07 сарыг дуустал ажилласан байдлыг тогтоолгох, 1991 оны 01 сарын 10-наас тус сумын 8-н жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар 1992 оны 07 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.А нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.А нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант бригадад 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1982 оны 08 сарыг дуустал тэмээчнээр, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчилэгч, мөн төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн сургуульд 1991 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай 03 сарын 01-нээс зочид буудлын үйлчлэгчээр томилсон тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай А-г төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр хавсран ажиллуулж цалинг 40 хувиар нэмсэн тухай тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай Г.А-г сургуульд явах болсон тул ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар хөдөлмөрийн багшаар ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар Г.А-т 40 хоногийг ээлжийн амралт олгох тухай тушаал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, гэрч Х.М “... Г.А нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн сургуулийг төгсөж илгээлтээр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлснээс нь хойш би Г.А-г мэднэ. Миний төрсөн эгч Х.М нь Г.А-тэй нэг ангийн хүүхдүүд байсан тул Г.А-г би сайн мэднэ. Г.А нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант бригадад илтгээлтээр очиж 3 жил тэмээ хариулж ажилласан. Үүний дараа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвд байсан Оргил нэгдэлд /он сарыг нь сайн мэдэхгүй байна./ зочид буудалд төрөх тэтгэврийн үйлчлэгчээр ажилласан байсан. Яг хэдэн жил Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн зочид буудалд төрөх тэтгэврийн үйлчлэгчээр ажилласан талаар сайн санахгүй байна. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвд сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсныг нь мэднэ. Би өөрөө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Худалдаа бэлтгэл ангид талхчнаар ажилладаг байсан бөгөөд бид нэг суманд хамт ажиллаж, амьдарч байсан тул Г.А-н дээрх ажиллаж байсан байдлуудыг гэрчилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д“ ... Би Г.А-тэй нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Манай анги 1979 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант бригадад тэмээ маллахаар 3 жилийн хугацаатайгаар илгээлтээр очсон. Ингээд 1983 онд илгээлтийн хугацаа дуусч хүүхдүүд ийш тийшээ тарсан. Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд бригадад хоньчноор ажиллах болсон. Г.А 1982 оны 08 сард Аргалант бригадаас гарч 1983 оны 2 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлын зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Г.А 1985 оны 7 дугаар сараас Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаас явсан. Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллах болсон. Сургуулийн хөдөлмөрийн багшаар 1 жил хиртэй ажиллаж байгаад Дорноговь аймгийн Сайншанд сумруу шилжсэн. Энэ хугацаанд буюу 2008 он хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан тул Г.А-н Улаанбадрах суманд ямар ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.А-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Г.А-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант бригадад 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1982 оны 08 сарыг дуустал тэмээчнээр, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл зочид буудал болон төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн сургуульд 1991 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.Н