Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

  2023          01                03                                               2023/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

   Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-д холбогдох эрүүгийн 2234003140507 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.Б, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 сарын 15-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Ш.Б нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Мандал" нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхараас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Э-ийн эзэмшлийн Samsung S21 загварын гар утсыг хулгайлж 1,793,100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234003140507 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч  Д.Э-гийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн Мандал хүнсний дэлгүүрийн 2 давхарт байх барааны дэлгүүртээ үсээ самнаж байхдаа утсаа халааснаасаа гаргаж толины өмнөх гутал дээр тавьсан. Тэгээд хүүхэдтэй наймаа хийж явж байгаад гар утсаа мартчихсан байсан. 15 цагийн үед гар утсаа санаад хайж үзэхэд гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийн найз Оюунтуяа руу залгаад гар утсаа алдсан талаараа хэлээд цагдаад мэдэгдэж өгөхийг хүссэн. Уг гар утсыг 2021 оны 11 сард Улаанбаатар хот Тэди төвөөс бэлэн мөнгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Л.Т-ын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос 55-81 УБА улсын дугаартай хар өнгийн Т.Пилтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хамт ажилладаг Ууганцэцэг, Бямбацэрэн нарыг хойд талын зорчигчийн суудалд суулган гарсан. Тэгээд замаараа зогсохгүй явж байгаад Ууганцэцэг, Бямбацэрэн нар Төв аймгийн Лүн сумын нэг дэлгүүр ороод гарч ирэхдээ ямар нэг зүйл авчраагүй. Би машинаасаа буугаагүй. Тэгээд дахиад хоёр давхар ногоон дэлгүүр ороод гарч ирэхдээ сам л авлаа, хөзөр байхгүй байна гээд гарч ирсэн. Тэгээд бид гурав шууд Лүн сумын төвөөс баруун зүгт Булган аймгийн Рашаант сумын төвөөс баруун талд 2 километр орчим газар үхрийн ферм барьж байгаа болохоор тэндээ очсон.” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч С.У-ийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум руу нөхөр Ш.Б, баригадын дарга Б нартай хамт даргын машинтай явсан. Тэгээд замдаа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны сумын төвд 2 давхар дэлгүүрийн гадна зогсоод би буугаад 2 давхар руу барааны дэлгүүрээс үсний сам авах гээд орсон тус дэлгүүр нь 1 давхартаа хүнсний дэлгүүртэй 2 давхарт бараа зардаг дэлгүүр байсан. Тэгээд би 2 давхраас сам авах гээд зогсож байхад нөхөр ардаас гарж ирсэн малгай үзээд зогсож байсан. Би яг юу хийж байгааг нь анзаарч хараагүй. Тэгээд гараад машиндаа суугаад Булган аймгийн Рашаант сум руу хөдлөөд явж байх замд гэнэт нэг утас гаргаж ирсэн. Би тэгэхээр нь юун утас юм гэхэд дэлгүүрийн 2 давхрын лангуун дээрээс авсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нээх их тоогоогүй. Тэгээд ажил дээр даргыг буулгачхаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Тэгээд бид хоёр ажлаа хийж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дарга ирээд бид хоёрыг аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод ороод 5 шард буугаад автобусанд суугаад баруун дөрвөн замын тийшээ явсан. Тэгээд манай нөхөр нэг хүнтэй утсаар яриад тэр хүнээс өөр хүний утасны дугаарыг нь аваад манай нөхөр Баруун дөрвөн замын ойр орчим нэг хүнтэй уулзахаар болсон. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 14, 15 цагийн үед нэг үл таних хүнд 200,000 төгрөгөөр утсыг борлуулсан.” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Шүүгдэгч Ш.Бгийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум руу эхнэр С.У, баригадын дарга Баатар нартай хамт даргын машинтай явсан. Тэгээд замдаа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг орчим Төв аймгийн Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны сумын төвд 2 давхар дэлгүүрийн гадна зогсоод эхнэр буугаад 2 давхар руу барааны дэлгүүрээс үсний сам авах гээд орсон. Би 1 давхарт байсан хүнсний дэлгүүрээс 100 гр-ын хараа гэсэн архи авах гээд орсон. Тэгээд дэлгүүрт ороод 100 гр-ын архи тус дэлгүүр дотор уучхаад 2 давхар руу эхнэр Ууганцэцэгтэй уулзчихаад би малгай гэх зэрэг ойр зуурын юм өмсөж үзэж байгаад толинд харахад толины доод талын лангуун дээр гар утас тавьсан байсан. Тэгээд би тэр утсыг ойр хавьд хүн байхгүй болохоор нь аваад шууд дэлгүүрээс гараад машиндаа суусан. Тэгээд эхнэр гарч ирээд цаашаагаа шууд Булган аймгийн Сансар сум руу 14 цаг 30 минутын орчимд хөдөлсөн. Би цулгуй улаан өнгийн кэйстэй самсунг маркийн хар саарал өнгийн шинэвтэр утас авсан. Би тус утасны маркийг сайн мэдэхгүй. Утас авснаасаа хойш зарах хүртлээ гаргаж ирээгүй. Би тус гар утсыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны Улаанбаатар хот руу эхнэр У-ийн орж ирсэн. Тэгээд тус гар утсыг Улаанбаатар хот Баруун дөрвөн замын Бөмбөгөр тал руу явдаг Эльба гэх автобусны буудал дээр ул таних хоёр залууд манай эхнэрийн төрсөн өдөр маргааш буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болох гээд би мөнгөгүй болчхоод байна та хоёр энэ гар утсыг авах уу гэж хэлэхэд үл таних хоёр эрэгтэй хүн хэдээр зарах гэж байгаа юм гэхээр би 250,000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд 250,000 бол авахгүй 200,000 шууд бэлэн мөнгөөр авлаа гэхээр нь би 200,000 бэлэн мөнгөнд борлуулж өгсөн. Архиныхаа халуунд ойр хавьд хүн байхгүй болохоор нь авсан. Би бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 26-27/,

 “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Т22-23 дугаартай үнэлгээний тайлан: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 793 100 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх /хх 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Ш.Б-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ш.Б-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-д учирсан 1,793,100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Б-ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн 2234003140507 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ш.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.      

  5.Шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ээс 1 793 100 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Э-д олгосугай.

 

    7.Эрүүгийн 2234003140507 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ