Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар  2023/ШЦТ/29 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          01              11                                         2023/ШЦТ/29 

                                 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, 

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн  дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.А, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Гал унтраах аврах .... дугаар ангид ... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

                                            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвд байх засмал зам дээр Б.Б-тай машины зам чөлөөлөөгүй асуудлаас болж маргалдан түүнийг цохиж унагаан эрүүл мэндэд нь баруун талын чамархай яс хөхлөг сэртэн дайрсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

Хохирогч Б.Б-ийн өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 20:00 цагийн үед А, М бид гурав М-д очиж хоол хийж идээд 1 шил архи уусан. Тэгээд гэр лүүгээ харих гээд явж байсан миний машинтай зам дээр нэг машин урсгал сөрөөд зогсож байсан. Тэгээд би тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байгаа өглөө сэрхэд бие өвдөөд байсан. А гэрт ирээд өчигдөр чамайг А цохисон гэж байсан. А-тай уулзахад би цохисон уучлаарай гэж байсан." гэх мэдүүлэг /хх 5-6/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Хохиролд 2 100 000 төгрөг төлсөн. Би хувиараа мод бэлтгэж зардаг байсан. Нэг удаагийн явалтаар 1 200 000 төгрөгийн орлого олдог байсан. 3-4 сарын олох ёстой орлого 9 000 000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал 1 549 000 төгрөгийн баримт байгаа." гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Г-н өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 20:00-21:00 цагийн үед би М, О ах нартайгаа дэлгүүр ороод явж байсан. Дэлгүүрийн гадаа А ахтай таарсан. Тэгээд бид айлд очоод даалуу тоглохоор болсон. Тэгээд машиндаа суугаад соёлын төвийн арын засмал зам дээр замын 2 талаар машин зогссон байсан. А ах урд талын машиныг жолоодоод явж байсан. Урдаас машин гарч ирээд А ахын барьж явсан машин руу тулаад зогссон. М ах бид 2 хойд талын машинд явж байсан болохоор ухраад хойд талын замаар явъя гээд зогссон. Тэгсэн тулж зогссон машинаас хүн бууж байх шиг харагдсан тэр ах А ахын дагзнаас нь бариад зогсож байхад А ах нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Нөгөө хүн газарт унаад ухаа алдсан байсан. Нөгөө газарт унадаг хүнтэй хамт явж байсан 2 залуу нь бас А ахтай муудалцаад байсан би салгасан. Тэр хүмүүсийг танихгүй хүмүүс байсан. Тэгээд бүгдээрээ гэр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

Гэрч Ө.М өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед би О, Г хоёртой дэлгүүр орох гээд явж байсан. "Хориуд 2" дэлгүүрийн урд А-тай таарсан. Бид нар айлд очоод даалуу тоглох гэж байна гэсэн чинь А хамт явъя гээд Г бид 2 миний машинд О, А 2 тусдаа А-ийн машинд суугаад тэндээсээ хөдөлсөн. Тэгээд Хэрлэн дэлгүүрийн уулзвараар баруун гар тийшээ эргээд явсан. Урд нэг машин зам дээр зогсож байсан. Тэр машиныг тойрч гарах гээд эргэсэн чинь А-ийн өөдөөс нэг машин тулаад зогссон. Тэгсэн Г зогсож байгаарай ахаа гэхээр нь би зогссон. Эргээд харсан чинь машинаас хүн гарч ирээд А нөгөө машины жолооч 2 маргалдаад  байсан. Би машинаа хөдөлгөөд яваад очиход Б ах газарт унаж байсан. Хажууд нь А ганцаараа зогсож байсан. Тэгсэн Б ахын машинаас 2 хүн бууж ирээд А руу дайраад байхаар нь Отгонтэнгэр, Ганбаатар 2 бууж нөгөө хүмүүсийг салгасан. Би машинаасаа буугаагүй миний гар хугараад гэмтэлтэй байсан. Тэгээд А-г машинаа холдуул гээд би өөрөө зам чөлөөлж зогсоод эргээд нөгөө газартаа очиход Б ахтай хамт явж байсан нэг ах нь чи манай найзыг цохисон гээд байсан. Би биш гэж хэлээд Б ах дээр очоод босгоод машинд нь суулгаж өгөөд тэгээд би Ганбаатартай яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч М.Отгонтэнгэрийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20:00 цагийн үед Мөнх-Эрдэнэ, Ганбаатар бид 3 дэлгүүр орох гээд явж байсан. Дэлгүүрийн гадаа А-тай таарсан. Бид нар айлд очоод даалуу тоглох гэж байна гэсэн чинь А хамт явж тоглохоор болсон. Тэгээд тэндээсээ А машинтайгаа би дотор нь суугаад араас Мөнх-Эрдэнэ машинтайгаа Ганбаатарыг суулгаад 2 машинтайгаа хөдөлсөн. Дэлгүүрийн урд зам дээр 2 машин зогссон байсан голоор нь 1 машин явах зай байхаар нь А гарах гэтэл өөдөөс нь нэг машин тулж ирээд дотроос нь Б ах бууж ирсэн. А бас машинаасаа буугаад тэр 2 уулзаад муудалцаад байх шиг байсан. Бу ах А-гийн хүзүүнээс барьж аваад зогсож байсан чинь А зүүн гараараа Б-ийн баруун шанаа руу нь нэг удаа цохисон. Б ах газар унасан Б ахын найзууд машинаасаа бууж ирээд А руу дайраад байсан. Бид нар салгах гээд очсон чинь бас бид нар руу дайраад зодох гээд байсан. Тэгээд А-г явуулчхаад бид нар Б ахыг машинд нь суулгачхаад явсан." гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч С.Алтансүхийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 19:00-20:00 цагийн үед Балбуу, Мөнх-Оргил бид 3 машинтай Мөнх-Оргилын гэрээс гараад Б-ийн гэрт очих санаатай явж байгаад Соёлын төвийн арын зам дээр 4-5 машин зогсож байсан. Тэгсэн нэг машин урсгал сөрөөд гараад ирсэн. Манай машины өөдөөс тулаад Б уулзах гээд буусан. Нөгөө машинаас Аа бууж ирсэн. Тэгсэн удалгүй Б гар нь сарвалзаад газарт унасан. Тэгээд Мөнх-Оргил бид 2 машинаас буугаад нөгөө хүмүүстэй муудалцсан. Тэгсэн Мөнх-Оргил хүн алчихлаа гээд орилохоор нь би Балбуу дээр очсон. Тэгээд нөгөө залуучууд яваад өгсөн. Б-г сэрхээр нь гэрт нь очоод хүргэж өгөөд Мөнх-Оргил бид 2 гэр лүүгээ яваад явсан. Өглөө Б-ийн гэрт очиход дагзныхан ард улайгаад хавдсан харагдсан. Цагдаад гомдол гаргах уу гэсэн чинь Б за яах вэ жоохон байж байя гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Ж.Мөнх-Оргилын өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 19:00-20:00 цагийн үед Б, Алтансүх бид 3 манай гэрээс гараад Б-ийн гэрт очих гээд явж байсан. Тэгсэн Соёлын төвийн арын зам дээр 5-6 машин замын хажуугаар эгнээд зогсож байсан. Тэгсэн нэг машин өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн тэгээд зогссон чи замаа тавиач гээд хэлсэн нөгөө машин ухарч явахгүй байхаар нь Б буугаад нэг хүнтэй уулзаад зогсож байсан. Тэгснээ л Б-ийн гар сарвайгаад газар унасан. Алтансүх бид 2 машинаас буугаад нөгөө залуустай чи цохисон уу гэх мэтээр маргалдсан. Тэр залуучууд яваад өгсөн Алтансүх бид 2 Балбууг гэрт нь хүргэж өгсөн.” /хх 19/,

Шүүгдэгч Б.Агийн өгсөн: " 2022 оны 9 дугаар сарын 25-ны орой 21:00 цагийн үед ажлаасаа дэлгүүр орох гээд гарсан. Дэлгүүр дээр 3 найзтайгаа таарсан. Дэлгүүр ороод идэх юм аваад гарсан. Найзууд болох Мөнх-Эрдэнэ, Отгонтэнгэр, Ганбаатар гурав айлд очиж даалуу тоглоно гэж байсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас 2 машинтай 4-лээ хөдөлсөн. Соёлын төвийн ард талын засмал зам дээр 2 машин зам таглаад зогсож байсан. Дундуур нь нэг машин зөрөх зай байхаар нь би машинтайгаа тэр зайгаар гарах гээд хөдөлсөн цаанаас ирж байсан машин тулаад зогссон. Би жоохон ухарчхаа би гарчихъя гэж гараа машины цонхоор гаргаад далласан бас гэрлээрээ дохисон. Нөгөө машины жолооч ухрахгүй зогсож байснаа машинаасаа буугаад ирсэн. Би бас машинаасаа буугаад өөдөөс нь очсон чинь нутгийн таньдаг ах Б байсан. Б ах чи яаж яваад байгаа мангар бацаан урсгал сөрөөд ороод ирлээ гээд хүзүүнээс барьж авсан.  Би өөдөөс нь над руу чинь дараад гарчихъя гээд хэлсэн. Тэгээд маргаан үүсээд би түрүүлээд баруун шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгсэн Балбуу газар засмал зам дээр хойшоо саваад унасан. Хэсэг хугацаанд ухаан алдсан. Балбуу ахтай машин дотор нь байсан 2 найз нь болох Алтансүх нөгөө хүнийг нь танихгүй байна над руу зодох гэж дайрсан. Арын машинаас манай найзууд буугаад салгах хоорондоо маргалдсан. Б ах найз нартайгаа согтуу байсан. Тэгээд манай 2 найз Б ахыг сэргээгээд машинд нь суулгаад бид нар салаад явсан. Тэгсэн маргааш өглөө нь Алтансүх, Б ах нар манай гэрт ирээд Б ах би юу болсон талаар санахгүй байна, та нартай таарсан юм уу гэж байсан. Би болсон явдлын талаар хэлсэн тэгээд Б, Алтансүх нар гэрээс гараад явсан." гэх мэдүүлэг /хх 21 /,   

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг чадах чинээгээрээ төлж барагдуулна." гэх мэдүүлэг,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Нэмэлтээр өгсөн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээ, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээгээр Б.Б-ийн биед баруун талын чамархай яс хөхлөг сэртэн дайрсан хугарал, эрүүний зүүн талын үений сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Б.Б-ийн биед учирсан баруун талын чамархай яс хөхлөг сэртэн дайрсан хугарал, эрүүний зүүн талын үений сэртэнгийн хугарал гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. 4.Тархины баруун талын чамархай яс хөхлөг сэртэн дайрсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар "ХҮНД" зэрэгт, эрүүний зүүн талын үений сэртэнгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт тус тус хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.” гэх /хх 83-85/,

яаралтай тусламжийн хуудас /хх 30/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.А-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан өшиглөж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүнийг цохиж унагаан эрүүл мэндэд нь баруун талын чамархай яс хөхлөг сэртэн дайрсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь,

хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч Б.Аг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Хохирогчийн өмгөөлөгч хохирогч хүнд болон хүндэвтэр хавсарсан гэмтэл авсан. Одоог хүртэл хор уршиг арилаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Энд заасан хорих ял шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй. Гэмт хэргийн тухайн шударга ёсны зарчим гэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Б.Агийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн байдлаар маргаангүй хүлээн зөвшөөрдөг, дуудсан хугацаанд ирдэг. Мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй болсон хэрэгт чин санаанаасаа гэмшсэн хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлаас гадна хувийн байдлынх нь талаар ярихгүй байхын арга байхгүй. Тухайлбал Б.А нь цэргийн алба хаасан, өөрийн гэсэн мэргэжил, боловсролтой Онцгой байдлын газар тодорхой хэдэн жилийн хугацаанд ажилласан. Мөн урлаг спортын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож өргөмжлөл шагнал урамшуулал зэргээр шалгуулж явсан нь хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. Нийгэмд эзлэх өөрийн гэсэн байр суурьтай хүүхэд байгаа. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх байх. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон нийгэмд өөрийн эзлэх байр суурьтай хүнийг заавал хорих анги руу явуулаад байх шаардлага байхгүй шүүх төрийн хайр энэрлийг харуулж энэрэнгүй ёсны зарчмыг харуулна харгалзана үзэж торгох ялын багаар буюу 10 000 000 төгрөгөөр торгож ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, настай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ,  ажилтай, урлаг, спортоор хичээллэж урамшуулагдаж байсан талаарх нотлох баримтууд авагджээ.  

           

            Дээрхээс шүүгдэгч Б.А нь эцэг, эхийн анхаарал халамж сайн, гэр бүлийн хүмүүжилтэй, өөрийн хэмжээнд аль ч талаараа өөрийгөө хөгжүүлдэг, урлаг, спортоор хичээллэж нийгмийн идэвх сайтай, боловсрол, мэргэжил эзэмших, ажил эрхлэх мэрийлттэй гэж дүгнэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Б-н эрүүл мэндэд учирсан хохирол болон ирэх очих унааны зардалд 2 041 171 төгрөг, хувиараа мод бэлтгэж зардаг байсан, нэг удаагийн явалтаар 1 200 000 төгрөгийн орлого олдог байсан. 3-4 сарын олох ёстой орлого 9 000 000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэргийн 32, 33, 77, 75-76-р хуудсанд авагдсан хохирлын баримт, шүүх хуралдаанд өгсөн 414 400 төгрөгийн хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн нийт 2 455 571 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

Харин хохирогч эрүүл мэндээрээ хохирохоос өмнө мод бэлтгэж орлого олдог байсан эрүүл мэнддээ гэмтэл авсны улмаас ажлаа хийж чадахгүй болсон тул 9 сараас өнөөдрийг хүртэл олох ёстой байсан орлого 9 сая төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хүсэлт гаргасныг үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэн хангах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 100 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүхээс хангаж шийдвэрлэсэн 2 455 571 төгрөгөөс 2 100 000 төгрөгийг хасаж үлдэх 355 571 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж,

хохирогч Б-ийн хэлэлцээгүй орхисон 9 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй төрийг төлөөлж  гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв гэмтлийн яаралтай тусламж, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг амбулаторийн үзлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 436 900 төгрөг нэхэмжилсэнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь  дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.А  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 355 571 төгрөгийн хохирлыг ЭХХШт хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 1 436 900 /нэг сая дөрвөн зуун гучин зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

 

6.Хохирогч Б.Б нь хэлэлцээгүй орхисон 9 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ