Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: Ч.Авирмэд,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Я.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овогт Янжмаагийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625022061 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Баяд овогт Янжмаагийн Эрдэнэбат, Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Дундговь аймгийн Адаацаг сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, 2016 оны 01 сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЗА83112018/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Эрдэнэбат нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 1 дүгээр гудамжны 5б тоотод хохирогч Б.Батсайханы “ чи яг хонь өгч чадах юм уу, чи яг хонь өгч харагдаач” гэсэн үгэнд нь уурлан үл ялих зүйлээр шалтаглан архины шилээр зүүн гаран тус газар нь цохиж, зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр 100 айлаас тавиул адуу авах гээд ирсэн байсан бөгөөд Батбаяртай уулзсан. 7 буудалд Батсайханы ах Батболд хоол цай хийгээд сүрхий байхаар нь мал авчирч зарахдаа хонь авчирч өгнө гэж хэлэхэд Батсайхан над руу “хонь өгч чадахгүй байж” гээд дайраад байсан. Тэгээд би маргалдаж байхаар гээд гэрт нь ороод унтсан. Батбаяр гэрт байсан харин гаднаас Баттулга, Батсайхан нар орж ирсэн. Тэгтэл Батболд, Батсайхан нар хоорондоо маргалдаж байснаа над руу дайраад хэд хэдэн удаа цохихоор нь ууж дуусаагүй архиа амбаарт нь ороод уучихья гэж бодоод байж байтал бороо ороод байхаар нь гэрт нь архиа бариад ортол Батсайхан агсраад байхаар нь шилтэй архиараа 2 удаа цохисон. Тэгээд бид нарыг салгахаар нь гарсан бөгөөд одоо уур нь гарсан байх гэж бодоод буцаад явж байтал цагдаа нар ирсэн. Би хэрүүл маргаан хийхгүй аль болох зугтаагаад яваад байсан. Гэтэл Батсайхан “би чамайг хангалттай барна, хоёулаа зодолдоё” гээд байхаар нь цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний бие найз Батбаяртай 7 буудалд байх хадмынхаа гэрт уулзсан юм. Батбаяр манай нэг найз 100 айл дээр хүлээгээд байж байна гэсэн. Тэгээд бид хоёр 100 айл худалдааны төв дээр очтол 30 гаран насны өндөр бор царайтай залуу байсан. Тэр найз өөрийгөө Эрка гэж танилцуулсан. Бид 3 автобусаар 7 буудал очиж нэг ломбарданд Батбаярын найз Эрка гэх залуу өөрийнхөө Эс-2 маркийн гар утсаа 25.000 төгрөгөөр 2 барьцаанд тавиад 25.000 төгрөгөөр Гурван баавгай нэртэй 2.5 литрийн 3 пиво уугаад 1 пивийг нь 7 буудлын гүүрэн доор очиж уучихаад тэндээсээ би тэр хоёрыг дагуулаад өөрийн нагац ах Батболдын гэрт очихоор болсон. Тэдний гэр нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд байдаг. Гэрт нь Батболд ах ганцаараа байж байсан. Эхнэр Баярцэцэг нь ажлаасаа ирээгүй байсан. Авчирсан 2 пивийг дөрвүүлээ хувааж уучихаад би ах Батболдод 2 том пиво авчих гэж хэлээд нэмж 2 том пиво авч уугаад байж байтал эхнэр Баярцэцэг нь гэртээ ирсэн. Сүүлд нэмж авсан 2 пивоо дуусгаад дараа нь дахиж 2 том пиво 1 шил 0.5 литрийн ерөөл архи авсан ингээд бид нар юм яриад сууж байтал Батбаярын найз Эрка манай ах Батболдод хонь бэлэглэнэ гээд яриад байхаар нь би худлаа хуцаад бай, битгий хүн тэгж горьдоож бай гэж хэлэхэд би хэндээ юугаа өгнө үү чамд ямар хамаа байнаа гэсэн юм. Тухайн үед бид нар гэрийн гадаа юмаа ууцгааж байсан. Батбаяр Эрка хоёр Батболд ахын гэр рүү орсон, харин ах бид хоёр гадаа үлдсэн, би ахтай юм ярьж байгаад гэр рүү орсон. Тэгтэл Эрка бид хоёр бага зэрэг маргалдаж байтал Эрка гарж гарч явчихаад байж байгаад буцаж орж ирээд миний баруун талын булчин тус газар нэг зүйлээр хоёр, гурван удаа хатгасан. …надад учирсан хохирол бол миний баруун гарын булчин хэсэгт зүсэгдэж язарсан шарх одоо хүртэл байгаа би гараа одоо хүртэл боолттой явж байна, …намайг юугаар хатгасныг би мэдэхгүй байна…, Эрдэнэбат гэгч нь миний зүүн гарын булчинд үзүүртэй зүйлээр хатгасан байсан, яг ямар зүйлээр гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна… миний хувьд эмчилгээний зардал мөнгөө гаргуулан авсан, одоогоор ямар нэгэн гомдол саналгүй…” гэсэн мэдүүлэг /хх-23,84/,

 

Гэрч Ж.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Манай нөхөр Батсайхан… 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө над руу шөнийн 00:30 минутанд утасдаад би Батболд ахын гэрт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байна энд Батболд ах болон найз Батбаяр бас нэг танихгүй залуутай ууцгааж байтал Батбаярын найз гэх танихгүй залуу хутгалчихлаа гэж хэлсэн… би тэгээд манай нөхөр хүнд хутгалуулсан байна гэж дуудлага өгсөн. Батболд ахын гэрт ороход  түүний эхнэр Баярцэцэг манай нөхөр тэд нар байсан. Батбаяр нөгөө хутгалсан гэх хүнтэй зугтчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Гэрч О.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед 89999164 дугаарын утаснаасаа миний 89120056 дугаарын утасруу утасдаж сонин юу байна нэг уулзая ярилцаад 100 айл худалдааны төв дээр уулзахаар тохиролцоод би 11 цагт 100 айлын урд талын автобусны буудал дээр очиход ирээгүй байсан… Батсайхан бид хоёр 100 айл зах орж Эрдэнэбаттай уулзаж тэндээсээ нэг газар орж ганц нэг пиво уухаар тохиролцоод 7 буудал ороод Эрдэнэбатын эс 2 маркийн гар утсыг 25.000 төгрөгөөр барьцаанд тавьж уг мөнгөөрөө 7 буудлын дэлгүүрээс 3 ширхэг Медвед гэх 2.5 литрийн пиво аваад 7 буудлаас цааш яваад гүүрний ойролцоо нэг пивоо уучихаад байж байгаад Батсайханы ах Батболд ахын гэрт очихоор шийдээд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд очсон ба тэдний гэрт Батболд ах байсан… манай найз Эрдэнэбат Батболд ахыг “хонь аваарай, таньд дүү нь хонь өгнө” гэж хэлсэн чинь манай найз Батсайхан чи битгий худлаа яриад бай, чадахгүй юм байж гээд хоорондоо маргалдаад байсан, тухайн үед бид нар гэрийн гадаа ууж байсан юм, харин дараа нь гэрт ороод амарцгааж байтал Батсайхан бид хоёр жижиг асуудлаас болоод маргаад байж байтал Эрдэнэбат орон дээр хэвтэж байснаа гэрээс гараад явснаа гэнэт орж ирээд Батсайханыг цохих шиг болсон, тэгэхээр нь би босож очоод салгатал Батсайхан намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг гэрээс аваад гартал араас Батсайхан хөрөө аваад гараад ирсэн. Тэгтэл Батболд ахын эхнэр Баярцэцэг гарч ирээд Батсайханаас хөрөөг булаагаад авсан. Эрдэнэбат, Батсайхан хоёр муудалцаад байхаар нь Эрдэнэбатыг аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-27/,

 

Гэрч Б.Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016.07.28-наас 29-нд шилжих шөнө би Бэлх зах дээр ажиллаж байгаад оройны 20:40 минутын алдад гэртээ харьсан гэртээ очиход манай нөхөр 3 хүнтэй сууж байсан нэгийг нь Батбаяр гэдэг юм би зүс л танина. Харин нэг нь манай хадам дүү Батсайхан гэх хүн ба сүүлийн хүнийг нь огт зүс танихгүй хар майктай, өтгөн хар хөмсөгтэй, өндөр хар хүн байсан. Удалгүй манай нөхөр бид хоёр орондоо ороод хэвтчихсэн харин нөгөө 3 гэрт бага зэрэг маргалдаад байсан. Тэгж байтал өтгөн хөмсөгтэй, өндөр хар залуу гэрээс гүйж гарч явснаа эргэж орж ирээд багана тойроод явж байснаа гэрээс гүйгээд гарсан тэгтэл түүнийг гараад явсны дараа Батсайхан намайг шаачихлаа гээд орилохоор нь “хүүе яачихваа юу болчихвоо” гэж асуугаад Батбаярыг хартал зүүн гар нь нилэнхүүдээ цус урсчихсан 3 хатгасан юм шиг ором байсан яг ямар зүйлээр хатгаж дүрснийг бол сайн мэдэхгүй… Эрдэнэбат манай дүү Батбаярлуу орилж дайраад энэ мууг гүйцээчихье, нэг мөр дуусгачихья, алчихья гээд орилоод байсан. Яг юуны учир маргалдсан талаар би мэдэхгүй. Батсайхан надад хэлээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-29,42/,

 

Гэрч М.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна би гадуур ажилтай явж байтал оройны 19 цагийн үед манай хамаатны дүү Батсайхан надруу утасдаад танай гэрийн гадаа найзуудтайгаа ирчихсэн байна, та хэзээ ирэх вэ? Гэхээр нь би яриснаас нь хойш 1 цаг гарангийн дараа гэртээ яваад очсон тэгэхэд манай гэрийн гадаа дүү Батсайхан маань хоёр эрэгтэй хүний хамт зогсож байсан… Батсайхан болон түүний хоёр найз нь архи пиво уусан, харин манай эхнэр уугаагүй. Би дүүгийнхээ хоёр найзтай танилцахад өндрийг нь Эрдэнэбат, намханыг нь Батбаяр гэдгийг мэдсэн. Тэгээд авсан юмаа уусаар шөнийн 00:00 цаг хүрэх шиг болоод би согтоод унтчихсан. Удалгүй шөнийн нэг, хоёр цагийн орчимд сэрэхэд Батсайханы зүүн гарынх нь булчих билүү тохой хавьцаа даавуугаар боочихсон даавуу нь цус болчихсон байсан. …Батсайхан, Эрдэнэбат хоёр маргалдаж байтал Эрдэнэбат гэрээс гараад явчихсан Батбаяр, Батсайхан хоёр үлдээд хоцорсон гэсэн тэгээд удалгүй Эрдэнэбат гаднаас шил барьж орж ирээд Батсайханы зүүн гарын булчинд хатгачихсан гэсэн өөр мэдэх зүйл алга…” гэсэн мэдүүлэг /хх-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10634 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Б.Батсайханы биед зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. /хх-35/

Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “…дээрх гэмтэл хутга, шилний аль үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-41/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-7-11/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-36-38/,

Я.Эрдэнэбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58-59/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар     /хх-60, 65-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбат нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 1 дүгээр гудамжны 5б тоотод хохирогч Б.Батсайханы “чи яг хонь өгч чадах юм уу, чи яг хонь өгч харагдаач” гэсэн үгэнд нь уурлан үл ялих зүйлээр шалтаглан архины шилээр зүүн гаран тус газар нь цохиж, зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Батсайханы “…Эрка манай ах Батболдод хонь бэлэглэнэ гээд яриад байхаар нь би худлаа хуцаад бай, битгий хүн тэгж горьдоож бай” гэж хэлэхэд би хэнд ээ юугаа өгнө үү чамд ямар хамаа байнаа гэсэн юм. …Эрка гарж гарч явчихаад байж байгаад буцаж орж ирээд миний баруун талын булчин тус газар нэг зүйлээр хоёр, гурван удаа хатгасан. Эрдэнэбат гэгч нь миний зүүн гарын булчинд үзүүртэй зүйлээр хатгасан байсан яг ямар зүйлээр гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна… миний хувьд эмчилгээний зардал мөнгөө гаргуулан авсан одоогоор ямар нэгэн гомдол саналгүй …” гэх/хх-23,84/,

гэрч Ж.Лхагвасүрэнгийн “…Батбаярын найз гэх танихгүй залуу хутгалчихлаа гэж хэлсэн… нөгөө хутгалсан гэх хүнтэй зугтчихсан байсан…” гэх/хх-25/, гэрч О.Батбаярын “…Эрдэнэбат Батболд ахыг “хонь аваарай, таньд дүү нь хонь өгнө” гэж хэлсэн чинь манай найз Батсайхан чи битгий худлаа яриад бай, чадахгүй юм байж гээд хоорондоо маргалдаад байсан …Эрдэнэбат гэнэт орж ирээд Батсайханыг цохих шиг болсон, …очоод салгатал Батсайхан намайг хутгалчихлаа гээд орилоод байсан.” гэх/хх-27/, гэрч Б.Баярцэцэгийн “…өндөр хар залуу гэрээс гүйж гарч явснаа эргэж орж ирээд багана тойроод явж байснаа гэрээс гүйгээд гарсан тэгтэл түүнийг гараад явсны дараа Батсайхан “намайг шаачихлаа” гээд орилохоор нь …хартал зүүн гар нь нилэнхүүдээ цус урсчихсан 3 хатгасан юм шиг ором байсан яг ямар зүйлээр хатгаж дүрснийг бол сайн мэдэхгүй… Эрдэнэбат манай дүү Батбаяр руу орилж дайраад энэ мууг гүйцээчихье, нэг мөр дуусгачихья, алчихья гээд орилоод байсан.” гэх/хх-29,42/, гэрч М.Батболдын “…шөнийн нэг, хоёр цагийн орчимд сэрэхэд Батсайханы зүүн гарынх нь булчих билүү тохой хавьцаа даавуугаар боочихсон даавуу нь цус болчихсон байсан. …Эрдэнэбат гаднаас шил барьж орж ирээд Батсайханы зүүн гарын булчинд хатгачихсан гэсэн өөр мэдэх зүйл алга…” гэх /хх-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10634 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Батсайханы биед зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.” гэх /хх-35/, шинжээч эмч Т.Амартүвшингийн: “…дээрх гэмтэл хутга, шилний аль үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-41/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-7-11/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/, шүүгдэгч Я.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Я.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Я.Эрдэнэбат нь 2016 оны 01 сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх бөгөөд ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нь нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Я.Эрдэнэбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.1.12 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба тэрээр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баяд овогт Янжмаагийн Эрдэнэбатыг ялтай байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатыг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийг 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатад оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Я.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Эрдэнэбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

                

ШҮҮГЧИД                                                                 З.БОЛДБААТАР

 

Б.ДУЛАМСҮРЭН