| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0671/З |
| Дугаар | 221/МА2025/0226 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0226
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б
Хариуцагч Ц.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0671/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас хариуцагч Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарт холбогдох Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т “тодорхой байх;” 5.1.3-д “шударга байх” зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бус; бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах” уу эсхүл Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д “Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах” уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6 дахь заалтыг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьснаар шийдвэр нь үндэслэлгүй болсон.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэх ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ыг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг анхаарч үзэх хэрэгтэй.
3.3. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.” гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй зарлаж буй үнэ нь бодит үнэн биш бирж гэх байгууллагын үнэд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан. Гэтэл Татварын алба биднийг огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.4. Татварын улсын байцаагч нар нь Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулахдаа татварыг бодитой, шударгаар ногдуулах зарчмыг зөрчсөн болохыг анхан шатны шүүхээс дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч нар нь тооцоолол дээр алдаа гаргаж жоншны ачилт болгон дээр болон зарим үед дээж өгөх бүрт сар бүр жишиг үнэд өөрчлөлт орж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн гэдэг тайлбарыг татварын улсын байцаагч нар шалгаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан. Өөрөөр хэлбэл нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.5. Татварын улсын байцаагч нар нь манай компанийн экспортод гаргасан жоншны бүтээгдэхүүний жин (тонн) бүхий гаалийн мэдүүлэг болон бэлэн бусаар дансаар шилжүүлсэн гүйлгээний хуулга, жонш худалдах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн шалгаж тогтоосон атлаа бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно.
3.6. Манай Улс дэлхийн зах зээл рүү жоншийг шууд худалдах боломжгүй бөгөөд далайд гарцгүй зөвхөн 2 хөрш улсдаа экспортлох боломжтой учраас олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох, улмаар жишиг үнээр бүтээгдэхүүнээ борлуулах бодит боломж байхгүй гэдгийг татварын байгууллага сайн мэдэж байгаа. Мөн жонш нь биржийн бус бараа бүтээгдэхүүн тул олон улсын биржүүдээр арилжаалах боломжгүйн зэрэгцээ бүтээгдэхүүний овор хэмжээ ихтэйгээс шалтгаалж тээвэр логистикийн хүчин зүйлээс шууд шалтгаалдаг бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл уурхайн аман дээрх жоншны үнэ болон ачилт хийсэн, тээвэрлэж төмөр замын өртөө хүргэсэн, улсын хил хүртэл тээвэрлэгдсэн нэгж жоншны үнэ хүртэл харилцан адилгүй нэмүү өртөг, зардал шингэсэн үнэтэй байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нар нь тухайн улсын орон нутгийн үнийг мэдээлдэг, зөвхөн мэдээллийн шинжтэй албан бус цахим хуудас болох www.indmin.com гэх хаяг дээрээс БНХАУ-ын Тянь-жин боомт дээр FOB (Free On Board) үнэ буюу усан онгоцны тавцан дээрх үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилээр экспортод гарсан жоншны бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр мянга гаруй километр тээвэрлэгдэж, ачилт буулгалтын үнэ, тээврийн үнэ, орон нутгийн болон улсын татвар хураамж тооцогдож улмаар далайн боомтоос дэлхийн өнцөг булан бүр лүү хамгийн хямд усан тээврээр зөөвөрлөгдөх боломжтой бүх үнэ, зардал, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнээс тооцож Монгол Улсад татвар ногдуулж байгаа нь эрүүд ухаанаар ойлгох боломжгүй зүйл юм.
3.7. Аливаа эрдэс баялаг нь шат дамжлаг бүрээр үнэ өсөж, мөн эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ өртөг зардал шингэж нэмүү өртөг үүсгэдэг тул анхны баяжмалын борлуулалтаас үйлдвэрийн дамжлагад шингэх үеийн үнээр тооцож татвар ногдуулах үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0036 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нар нь “Г” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар
“1. “МБ” ХХК-аас 2020 онд худалдан авч, экспортолсон 6,482.90 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2,760,077,111.80 төгрөгөөр борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг дутуу ногдуулсан,
2. “МБ” ХХК-аас 2020 онд худалдан авч, экспортолсон 6,482.90 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2,760,077,111.80 төгрөгөөр борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулаагүй ... гэх зөрчлүүдэд ...331,354,201.33 төгрөгийн нөхөн татвар, 132,191,423.06 төгрөгийн торгууль, 66,270,840.26 төгрөгийн алданги, нийт 529,816,464.65 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.4. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчийн маргаж буй “МБ” ХХК-тай 2020 онд байгуулсан гэрээний дагуу экспортолсон гэх 6,482 тонн жонш нь агууламжийн хувьд 35 хувийн агууламжтай байсан гэх боловч Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01-1.2/4105 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээллээр 2020 онд нийт 28 удаагийн мэдүүлэгт 35 хувийн агууламжтай жонш, хайлуур, хүдэр байхгүй тул түүний дээрх агууламжтай бүтээгдэхүүн экспортолсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна, ...дээрх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд ч мөн хувийн агууламжтай бүтээгдэхүүн худалдаж, худалдан авахаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг ... Татварын ерөнхий хуульд ...заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.5. Учир нь Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгоно гэж, мөн хууль /2019 онд өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж,
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт... алданги тооцох бөгөөд”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасан.
2.6. Мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 онд өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана” гэж, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ын 5-д “Хайлуур жонш” “Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com)”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар заасан зэргээс үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан тул нэхэмжлэгч “Г” ХХК нь 2020 онд 6,482.90 тонн жоншийг “МБ” ХХК-аас худалдан авч, экспортод гаргаж борлуулсан боловч АМНАТ тайлагнаж төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
2.7. Тодруулбал, дээр дурдсан Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно” хэмээн зохицуулсан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч компанийн 2020 онд экспортолсон 6,482.90 тонн жонш, жоншны хүдэр нь ФР-35%, ФК-75% болон ФК-80%, ФК-85%-ийн агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг нийтэд зарласан олон улсын жишиг үнийн хамгийн бага буюу ФК-75%-ийн агуулгатай хайлуур жоншны үнээс хувь тэнцүүлэн тооцсоныг тус тогтоолд заасан аргачлалд нийцсэн гэж үзэхээр байна.
2.8. Татварын ерөнхий хууль /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.4-д “Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасныг нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчсөн, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.9. Эрх бүхий этгээд болох Засгийн газрын тогтоолд нэрлэн заасан үнийн эх сурвалжийг хэрэглэсэн, уг үнэ нь зах зээлийн үнэ мөн эсэхийг тогтоогоогүй гэх үндэслэлээр татварын улсын байцаагч нарыг буруутгах буюу нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнэ бол зах зээлийн үнэ биш гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.10. Мөн нэхэмжлэгчээс “...манай тайланг хүргүүлж байсан, хариуцагч тухайн үед үнийн дүнг буруу тайлагнасан гээд хүлээн авахгүй буцаах боломжтой атал буцаагаагүй, зөв гэж хүлээн авсан атлаа олон жилийн дараа буруутгаж, эрсдэлд оруулсан” гэх гомдлын тухайд хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээд тайлан гаргасан, тайлангаа татварын улсын байцаагчид илгээсэн тухай баримт байхгүй, уг тайланг татварын алба хүлээж аваагүй тухай баримт байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан тул энэ асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
2.11. Түүнчлэн нэхэмжлэгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин төлбөр ногдуулж, нэг төрлийн татварыг давхардуулж оногдуулсан гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
2.12. Харин нэхэмжлэгч маргаан бүхий Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-21220000*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч тус актын 3 дахь хэсгээр Уурхайн олборлох үйл ажиллагааны өмнөх болон баяжуулах үйлдвэрийг 2018 онд барихтай холбогдон гарсан, үндсэн хөрөнгийн өртөгт тооцох 344,771,240.78 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хассан зөрчилд тооцсон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манайх зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр болон нэмэлт төлбөр дээр л маргана, ... 2 сая төгрөгийн зардлыг төлөх ёстой, анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тайлбарлаж байна.
2.13. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, улмаар давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хэвээр үлдээж маргаан бүхий акт бүхэлдээ хүчин төгөлдөр үйлчлэлтэй үлдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, маргаагүй хэсгийг нэхэмжлэлийн шаардлаГ хасуулах, түүнд дүгнэлт хийлгүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах, удаашруулах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА