Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0681

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0681

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М т к ХХК/РД:*****/

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ю ****** ****рт худалдааны төв, *** тоот

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Хаяг: Улаанбаатар хот, -15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байр

Гуравдагч этгээд: Р ХХК, Х х б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах

Гуравдагч этгээд Р ХХК-ийн бие даасан шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Х х б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Т.Б*******л, гуравдагч этгээд Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М т к ХХК-ийн өмгөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М т к ХХК нь Ашигт малтмалын ашиглалтын MV-014937 дугаартай Баян төмөртэй нэртэй тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын банкнаас Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр барьцааны гэрээний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 тоот шийдвэрээр шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж байна. Мөн энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах зорилгоор Улаанбаатар хотын банктай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5,633,370.11 (таван сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун далан евро арван нэгэн цент) еврогийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлбөрийг барагдуулсан. Харин дээр дурдсан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрийг Р ХХК эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг үүсч шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гараагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр MV-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг кадастрын бүртгэлд Р ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болох талаар дараах үндэслэл байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн тухайд:

Ашигт малтмал, Газрын тосны газраас дээрх маргаан бүхий актуудыг нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна. Тодруулбал, хэдий Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт байхгүй боловч энэхүү шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд цуцлахтай ижил үр дагаврыг чиглэсэн этгээдэд авчирч байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах нийтлэг журмыг баримтлах учиртай. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх , 56.3 дахь хэсэг Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэх мэт захиргааны нийтлэг журмуудыг тусгажээ. Ашигт малтмал газрын тосны газар болон Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгүүдийг зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар огт мэдэгдээгүй, М т к ХХК-д уг цуцлах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар өгөх, түүнийгээ нотлох ажиллагааг явуулах боломжийг олгоогүй.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх, цаашлаад захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх үндэслэлүүдийг заасан бөгөөд уг хэргийн хувьд оролцогчийн өргөдөл, гомдлыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн тухай дурддаг. Тодруулбал, Ч.Э**********н гэх хүн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасныг үндэслэн MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу М т к ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар шийдвэрт гомдол гаргажээ. Энэ тохиолдолд захиргааны байгууллага гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн үйл ажиллагааа нь бүхэлдээ хууль бус юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ... иргэн хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. гэжээ. Эндээс дүгнэхэд уг журмаар зөвхөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах эрхтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д " Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж зааснаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой эрх нь зөвхөн хуулийн этгээдэд үүсдэг субъектив эрх болохыг харуулж байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0594 дугаартай захирамжаар Ч.Э-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн зохицуулалтаас уг харилцаанд компани болон хувьцаа эзэмшигч Ч.Э нар тусдаа бие даасан эрх зүйн этгээдүүд болохыг харж болно. Иймээс хувь хүний гаргасан гомдлыг үндэслэн хуулийн этгээдийн нэр дээрх тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой шийдвэр гаргах ажиллагаа явуулсан нь хууль бус байна.

Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг 30 хоног байхаар заасан байхад 2 жил орчмын дараа гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагаа явуулсан нь хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил юм. Шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагуй буюу бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг зөрчсөн тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд холбогдох нотлох баримтыг цуглуулах, үнэлэх мөн зүйлийн 4-т заасны дагуу ...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжилж судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ...нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна... гэж тус тус заажээ. Гэтэл уг асуудлаар шүүх дээр маргаж байгаа талууд ч мэдээгүй байхад зөвхөн Ч.Энхтайван гэх хүний ирүүлсэн гомдолд дурдагдсан бодит бус мэдээлэл, баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй болохыг илтгэж байна.

 

Мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг огт явуулаагүйгээр барахгүй бизнесийн үйл ажиллагааны зорилгоор хариуцагч байгууллагаас авсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5041 дугаартай албан бичгээр олгосон лавлагаанд MV-014937 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь кадастрын бүртгэлийн системд танай компанийн эзэмшилд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэсэн нь шийдвэр гаргах ажиллагаа ямар хугацаанд хэрхэн явагдсан болохыг тодорхой харуулж байна.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захиргааны хэрэг үүсгэсэн хэрэгт гуравдагч этгээд Р ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байхаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа ажиллагааг хийгээгүй гэсэн гомдол үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн уг зохицуулалт нь гомдлыг хангаснаар гомдол гаргагчид эерэг үйлчлэл үүсч байгаа гэдэг утгаар гомдол гаргагчийг сонсох ажиллагааг явуулахгүй байж болох агуулгатай болохоос уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тэр тусмаа сөрөг үйлчлэл үзүүлж буй бусад этгээдийг сонсох ажиллагааг хийхгүй байж болох боломжийг олгосон зохицуулалт огт биш юм.

Үүнээс гадна өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлж байсан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7/4713 дугаартай албан бичигтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа хийгээгүй байна гэсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үйлдлээ хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч байгааг бүрэн харуулж байгаа билээ.

  1. Маргаан бүхий актууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:

Хариуцагч байгууллага дээрх байдлаар шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын баримтлаагүйгээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг илт зөрчжээ. Мөн шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч байгууллага буюу төрийн захиргааны байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гуравдагч этгээд болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзан Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шинжтэй шийдвэр гаргасан. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг заасан төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмуудыг зөрчиж, Р ХХК-д хууль зүйн үндэслэлгүйгээр давуу байдал олгосон шинжтэй байна.

2.     Захиргааны акт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн тухай

Захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэн тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь 1) эрх зүйн зөрчлийн улмаас захиргааны байгууллага дуусгавар болгох, 2) хуульд заасан хугацаа дууссан эсхүл эзэмшигчийн хүсэлтээр гэсэн үндэслэлүүдээр дуусгавар болох тухай хуульд тодорхой заасан.

Тухайлбал, эрх зүйн зөрчлийн улмаас шийдвэрээ хүчингүй болгох буюу тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгож байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн аль үндэслэлд хамаарч байгаа болохыг, хэрэв эрх зүйн зөрчилгүй актыг цуцалж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн ямар үндэслэлд хамаарах зэргийг заах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны албан тушаалтанд чиг үүргийн ерөнхий эрх олгосон зохицуулалт нь субъектив эрхийн дуусгавар болгох үндэслэл болдоггүй тул яг тухайн эрхийг дуусгавар болгож байгаа хуулийн үндэслэлийг тодорхой заасан тохиолдолд шийдвэр хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөнө.

Гэтэл гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг үндэслэн ажлын хэсэг байгуулж түүнийхээ дүгнэлтийн дагуу шийдвэр гаргасан процесс ч, шийдвэрийн агуулга ч хууль ёсны байж чадахгүй байна. Мөн уг асуудлын хүрээнд холбогдох байгууллага албан тушаалтнуудад нэхэмжлэгч компанийн зүгээс хэд хэдэн удаа гомдол гаргасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөрийн харъяалах асуудлын хүрээнд нягтлан шалгаж захиргааны актуудыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох талаар удаа дараа (2017 оны 10 дугаар сарын 02, 2018 оны 10 сарын 01-ний өдөр ) дүгнэлт гарган өөрийн харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байгааг анхаарах нь зүйтэй.

  1. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан болох тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд барьцаалагч болох Улаанбаатар хотын банк уг зүйлд заасны дагуу барьцаалуулагч болох Р ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаалагдсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх өргөдлийг гарган Улаанбаатар хотын банк болон нэхэмжлэгчээс холбогдох материалуудыг журмыг дагуу бүрдүүлэн барьцааны гэрээний дагуу шилжүүлэх өргөдөл гарган шилжүүлсэн.

Мөн Р ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын банкинд төлөх 5,633,370.11 еврогийн үүргийг нэхэмжлэгч хүлээх, банк нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан MV-014937 дугаартай тусгай зөвшөөрөл, уурхайн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулан төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авч холбогдох төлбөрийг төлсөн тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн хууль ёсны эрх мөн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай шийдвэрийг хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсний улмаас маргааны актыг гаргажээ. Гэтэл уг ажлын хэсгийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, зөвхөн нэг талын гомдол, мэдээлэлд тулгуурлан субъектив дүгнэлт хийсэн илт үндэслэлгүй агуулгатай байна. Тухайлбал, ...тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал хариуцсан нэгж нь шаардлага хангаагүй бүрэн бус материал хүлээн авсан, хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгж нь хууль эрх шүүлт хийхдээ нарийн нягталж шалгалгүй хайхрамжгүй хандсан гэсэн боловч ямар баримт дутуу, буруу байсны улмаас хуулийн шаардлагыг хангаагүй болох талаараа заагаагүй байна. Гэтэл тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт маш тодорхой заасан болохыг анхаарах учиртай. Дээрх тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагааны хүрээнд Захиргааны байгууллагын зүгээс гагцхүү хуульд заасан тодорхой үндэслэл шаардлагуудыг тавих эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэрхүү хүрээнд баримтуудыг бүрэн бүрдүүлэн хүлээлгэж өгсөн.

Р ХХК-иас гаргасан бие даасан шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Тухайлбал, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй, мөн захиргааны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар...хуулийн хүчин төгөлдөр...шүүгчийн захирамж. Шүүхийн тогтоол байгаа... бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний 411 дүгээр тогтоолоор ...Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийн талаар буюу захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг /маргаан бүхий актууд/ тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр /2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын нутаг Баян төмөртэй нэртэй 506,23 га талбайд Ашигт малтмалын ашиглалтын MV-013139 дугаартай тусгай зөвшөөрлийг М********г ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын ашиглалтын MV-013139 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1621 дүгээр шийдвэрээр Р ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын MV-013139 дугаартай тусгай зөвшөөрлийг хаяж үрэгдүүлсэн тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт нөхөн олгож MV-014937 дугаартай болж өөрчлөгдсөн байна.

Р ХХК нь Улаанбаатар хотын банктай 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн 3Г0002/091007 дугаартай гэрээний барьцаанд компанийн эзэмшлийн 014937A дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг М т к ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг Р ХХК-д шилжүүлсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэр гарснаар М т к ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 14937A дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа асуудал биш юм. Тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд дараагийн компанийн эзэмшилд тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай ойлголт байхгүй.

Уг шийдвэр нь өмнөх шийдвэрээ хүчингүй болгож ашигт малтмалын ашиглалтын 14937А дугаартай тусгай зөвшөөрлийг Р ХХК-ийн эзэмшилд бүртгэж байгаа ойлголт юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/109 дүгээр тушаалыг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр хүчингүй болгож, шийдвэр бүртгэх тухай 430 дугаар шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх тул М т к ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд Х х б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Б.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р ХХК-иас гаргасан бие даасан шаардлагын хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/5630 дугаар албан тоотод ...MV-014937 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх... мэдэгдэл нь тухайн цаг үед уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан М т к ХХК-ийн эрхийг хязгаарлах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг барьцаалах, барьцаанд бүртгүүлэх, эрх үүргийг хязгаарласан эрх зүйн баримт бичиг биш гэж үзэж байна.

Маргаан бүхий актын дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрөл Р ХХК-д шилжсэн. Ингэснээр нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар ашиглах байдал нь шууд дуусгавар болж байгаа юм. Улаанбаатар хотын банк тухайн үедээ М т к ХХК-д зээл олгоод зээлийн барьцаанд барьцаалсан. Тухайн барьцаалсан бүртгэл бол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа боловч Р ХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа. Ашигт малтмалын процесстой холбоотой асуудал нь шийдэгдэхтэй зэрэгцээд давхар зээлээ төлөөд өөр этгээдэд шилжих нь анхны гэрээ хэлцлийн хувьд шийдэгдэх ёстой. Р ХХКнь тухайн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй. Ерөнхийдөө М т к ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан тусгай зөвшөөрөл юм. Агуулгын хувьд шилжүүлсэн захиргааны актыг шилжүүлснээр эрх нь сэргэнэ гэж үзсэн. Энэ М т к ХХК-д шилжүүлсэн ажлын хэсгийн шийдвэр тэр ажиллагааг Р ХХК-ийн гомдлын хувьд компанийн хувьцаа эзэмшигч компанийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

Иймд иргэний гаргасан гомдол дээр үндэслээд гаргасан шийдвэр нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа. Улаанбаатар хотын банкны барьцааны эрх бол хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн. Энэ бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой гуравдагч этгээдийн талаас гүйлгээтэй хамааралтай баримтуудыг шаардаж байна. Шүүгчийн захирамжтай байсан учир гаргаад өгсөн. Барьцаа хууль ёсны байх эсэх нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх асуудал учир захиргааны актууд гарахад хамааралгүй гэж үзэж байна. Мөн хуульд заасан журмын дагуу иргэний маргаанд хэрэглэгдэх асуудал юм. Энэ агуулгын хүрээнд барьцааны бүртгэлээ хуульд заасан журмын дагуу шийдэгдсэн Р ХХК-ийн өмнөх хэрэг байгаа. Энэ хэрэгт хариуцагчийн хариу тайлбарууд байгаа. Түүнийг бас Ашигт малтмалын газар эргэж харах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иймд гуравдагч этгээд Р ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Б.Х нар нь шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг хүчингүй болгох бие даасан шаардлага гаргаж байна. Үндэслэл нь Р ХХК-ийн нийт энгийн хувьцааны 50 хувийг Монгол Улсын иргэн Б.С******ат, 50 хувийг иргэн Ч.Энхтайван нар эзэмшдэг. Тус компани нь ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч бөгөөд уг тусгай зөвшөөрлийг аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт, өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаагүй болно. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын банкны хүсэлтийг үндэслэн М т к ХХК-д шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа явагдсан болохыг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 6/1269 тоот албан бичгийг хүлээн аваад мэдсэн.

Тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг М т к ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэр нь:

  1. Тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг зөрчсөн
  3. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг зөрчсөн
  4. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн

хууль бус шийдвэр болсон байх тул компанийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 03/132 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Кадастрын хэлтсийн даргын дээрх 98 дугаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга ...танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн тул 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа буюу 2017 оны 07 дугаар 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 430 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 98 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох ашиг сонирхол одоог хүртэл Р ХХК-д байгаа ба уг 98 дугаар шийдвэр хууль бус байсан талаар өргөн хүрээтэй дүгнэлтийг шүүхээр хийлгэх шаардлагатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М т к ХХК нь тус шүүхэд хандаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр /2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын нутаг Баян төмөртэй нэртэй 506,23 га талбайд Ашигт малтмалын ашиглалтын MV-013139 дугаартай тусгай зөвшөөрлийг М**********г ХХК-д олгосон бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1621 дүгээр шийдвэрээр Р ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын ашиглалтын MV-013139 дугаартай тусгай зөвшөөрлийг хаяж үрэгдүүлсэн тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт нөхөн олгож MV-014937 дугаартай болж өөрчлөгдсөн байна.

2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Р ХХК Улаанбаатар хотын банкинд хандаж зээл авах хүсэлт гаргасан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 967,000 еврог нэг жилийн хугацаатайгаар 12 хувийн хүүтэй байгуулсан байна. Мөн ЗБГ0002/091007 дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд 14937А тусгай зөвшөөрөл /Дугаар Ser.No-23919, Хөдөлгүүрийн дугаарEngine number2007 01 8910/-ийг зээлийн барьцаанд байршуулсан байна.

Р ХХК нь Улаанбаатар хотын банктай 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн 3Г0002/091007 дугаартай гэрээний барьцаанд компанийн эзэмшлийн 014937A дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна.

2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗНГ0001/100707(1) дугаар бүхий зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин зээлийн гэрээнд ЗНГ0002/101004(2) бүхий нэмэлт өөрчлөлт оруулсан ба 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 16,2 хувийн хүүтэй эцсийн хугацааг 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байхаар өөрчилсөн байна.

2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗНГ0002/110324(3) дугаар бүхий зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хуваарь болон зээлийн хэмжээг 1,217,000 ам.доллар болгосон. Мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗНГ0001/110607(4) дугаар бүхий зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хэмжээг 4,637,000 ам.доллар, зээлийг эргэн төлөх эцсийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болгон, хувьцаа эзэмшигчдийг н.М***********р, н.С**********т болгож өөрчилсөн. Ийнхүү 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗБГ0002/110607 дугаар зээлийн барьцааны гэрээг хийж барьцаанд Р ХХК-ийн хувьцааны 50 хувийг байршуулсан байна.

Гуравдагч этгээдийн зүгээс дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 4,363,200.26 евро төлөх тухай мэдэгдлийг, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 49-52-т заасны дагуу барьцааны тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хэмжээ 5,239,350.47 евро, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хэмжээ 5,405,714.32 евро, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн хэмжээ 5,554,566.18 евро болсон тул барьцаанд буй тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг Р ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлэн мэдэгдсэн байна.

Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын банк нь М т к ХХК-тай хамтран ажиллах тухай гэрээг байгуулан 14937А тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах зорилгоор төлбөр барагдуулах гэрээг мөн байгуулсан байна.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 01/02 тоот албан бичгээр М т к ХХК Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг гаргасан ба ийнхүү Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр М т к ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс 2015 оны 03-р сарын 05-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гомдол, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ9101/151029 дугаартай зээлийн гэрээг М т к ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан ба зээлийн хэмжээ 10,814,023,700 төгрөг байхаар заасан байна. Тухайн өдрөө ЗНГ9101/151029 дугаар зээлийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тэрхүү нэмэлт өөрчлөлтөөр хуваарьт болон зээлийн хэмжээг 12,404,023,700 болгон нэмэгдүүлсэн байна. Уг зээлийн гэрээний хамт барьцааны гэрээг байгуулсан бөгөөд MV-14937 тусгай зөвшөөрөл болон бүх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалснаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 тоот шийдвэрээр MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг давхар барьцаалсныг бүртгэжээ.

Гуравдагч этгээд Р ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Э*********н 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж удаа дараа гомдол гаргасан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан ба мөн оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна.

Уг дүгнэлтээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар тусгай зөвшөөрөл барьцаалах шийдвэр, кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шилжүүлэх шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн байна.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг Р ХХК-д шилжүүлсэн байна .

Гэтэл энэхүү маргаан бүхий актууд гарах үед MV-014937 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан байна.

Тодруулбал 2015 оны 03 дугаар сарын 23ны өдөр Р ХХК-иас тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны 465 дугаар шийдвэрээр тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0657 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж маргаан бүхий актууд болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг Р ХХК - д шилжүүлсэн бүртгэсэн нь хууль бус болжээ.

Хэдийгээр хариуцагч, гуравдагч этгээд Р ХХК-ийн зүгээс ...маргаан бүхий актууд гарснаар М т к ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 14937A дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа асуудал биш, ....тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд дараагийн компанийн эзэмшилд тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай ойлголт байхгүй гэж тайлбарлах боловч бодит байдал дээр хуулийн дээрх заалтыг зөрчиж шилжүүлэн нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Р ХХК-рүү шилжүүлэн бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг хариуцагч байгууллагууд зөрчиж, шийдвэр гаргахдаа мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Дээрх актаар М т к ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ9101/151029, ЗБГ9101/151029 дугаар бүхий Улаанбаатар хотын банктай байгуулсан гэрээг үндэслэн давхар барьцаалуулахаар гаргасан өргөдлийн дагуу барьцааг бүртгэж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй, 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл авсан болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэр нь үндэслэл бүхий байх бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас гуравдагч этгээд Р ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М т к ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Р ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА