Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

    2023          01             18                                                  2023/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

  Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ББ-д холбогдох эрүүгийн  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б,  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, аав, ах нарын хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Усны аж ахуйн нийтийн байранд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.А-тай маргалдаж улмаар гар, хөлөөрөө нүүр рүү нь цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Г.А-ын өгсөн: “Миний бие  тоотод эхнэр А, хүү И, хадам ээж, дүү Э нарын хамт амьдардаг. Манай эхнэр гэртээ тогтохоо болиод удаж байгаа бөгөөд 26-ны орой гадуур явж байхаар нь очиж олж ирээд гэртээ оруулаад унтуулсан. Тэгээд би өөрөө ядраад унтаад өгчихсөн чинь гараад явчихсан байсан. Явахаас нь өмнө нь хадам ээж манай эхнэрийг хаагуур дэмий тэнээд байгаа юм гээд загнаад цохиж, зодоод байсан. Тэгээд өглөө нь сэрэхэд эхнэр байхгүй байсан. 27-ны өдөр 10 цагийн орчим хадам ээж эхнэрээ олж ир гэж хэлээд загнаад байхаар нь гараад гадуур хайгаад олдохгүй байсан. Миний гар утсыг эхнэр аваад явсан байсан бөгөөд интернэтэд ороод чад бичээд хаана байгаа талаараа хэлэхгүй байсан. Тэгж байж байгаад гадуур хайж байгаад Усны аж ахуйд байдаг нийлээд байдаг Т гэдэг айлынд очход эхнэр байсан. Гадаа гэрийнх нь хаалгыг цохиод байсан чинь Тэгшжаргал онгойлгоод оруулсан чинь манай эхнэр Т, Б, У гэх хүмүүсийн хамт архи уучихсан сууж байсан. Тэгээд би ороод эхнэрээ аваад явъя хадам ээж олоод ир гээд байна гэж хэлсэн чинь Тэгшжаргал суучих нэг татчих гээд надад архи өгөхөөр нь би уудаггүй шдээ гэсэн чинь манай эхнэр бас уу гээд бас пиво өгөөд байсан. Тэгээд би нэг л ууя гээд аваад нэг балгаад үлдсэнийг нь цонхоор нь асагчихсан. Тэгтэл Баттөр нь би танай эхнэрийг дагуулаад буудал орчихдог байж гэх зэргээр сонин сонин зүйл яриад байсан юмаа. Тэгэхээр нь би өөдөөс нь маргалдалгүй арван жилийн найзууд байсан гэж хэлээд эвлэрсэн. Тэгтэл У нь чи хэзээ надтай анд болчихсон юм гэх зэргээр над руу агсчаад байсан. Тэгтэл хажуугаар Т бас над руу чи намайг хүнтэй унтаж хэвтдэг гэлүү гэж хэлээд дайраад байсан. Тэгээд би та нар чинь олуулаа нийлчхээд яагаад байгаа юм гэсэн чинь надад А нэг пиво өгөөд уучих гээд байсан. Тэгж байтал У, Б хоёр хоорондоо нүдээрээ ирмэлцээд байсан. Тэгтэл Т бид нарыг бүгдийг нь хөөсөн. Тэгэхээр нь би гараад гадаа нь зогсож байсан чинь Б дагаад гараад ирсэн. Тэгээд гарч ирэхдээ нэг пиво аваад гараад ирсэн бөгөөд тэрийг нь би нэг уучхаад үлдсэнийг нь асагчихсан. Харин Б өөрөө пиво бүгдийг нь уучсан. Тэр үед манай эхнэр намайг алагдаад байсан бөгөөд уруул язалчихсан юмаа. Тэгээд намайг Б, У-ийг гаргаад ир гээд оруулсан намайг ороход У нь би гарахгүй гээд гутлаа тайлчхаад байсан. Намайг чи ямар ядаргаатай юм бэ чи зайлалдаа гээд байсан. Тэгээд би гараад ирсэн чинь төд удалгүй араас гараад ирсэн. Гадаа байж байхад манай эхнэр би Т-д хонолоо чи яв би хүүхэд дээрээ очихгүй гээд байсан. Тэгж байтал Уугантөмөр нь манай эхнэрийг аваад явна гээд бас манай эхнэр хамт явна гээд байхаар нь би эхнэрээ таттал араас Б намайг боохоор нь би гарыг нь тавиулаад өөдөөс нь боогоод чи ямар ядаргаатай юм бэ манай эхнэр явчихлаа гэсэн чинь чи наад хоёроо явуул гээд байсан. Тэгээд намайг нэг сайхан зодолдох уу гээд байсан. Тэгээд намайг цохиод байхаар нь боолцоод байж байтал намайг мөргөөд миний гарыг бариад нүүр лүү гараараа цохиод байхаар нь чи ямар хэцүү юм бэ гээд зөрүүлээд мөргөсөн чинь чи намайг мөргөдөг хэн бэ гээд намайг барьж аваад дэгээдэж унагасан. Тэгээд би гараараа тулаад унаж байхад дээрээс давхар орж ирж намайг дээрээс дараад миний гарыг эвгүй болгосон. Тэгэхээр нь босож ирээд миний гарыг хугалчихлаа гэсэн чинь чиний гар ямар хамаа байна гээд миний гар луу өшиглөөд байсан. Тэгж байтал цагдаа ирээд салгасан." гэх мэдүүлэг /хх 9-10, 16-17/,

Гэрч П.А-н өгсөн: “Миний хувьд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би танил эгчийндээ байж байгаад хуучин найз залуу болох Б лүү чат бичээд мөнгө байна уу байвал уух юм аваад ирээч гэж бичсэн юм. Тэгтэл Б, У гэдэг найзынхаа хамт ирээд ирэхдээ хоёр шил архи хоёр пиво авч ирсэн бөгөөд тэрийг нь ууж байтал манай нөхөр А ирсэн. Бид хоёр тухайн үедээ маргалдчихсан байсан тул эгчийнд маргалдсан. Тэгтэл эгч Т бид нарыг уурлаад хөөсөн. Тэгээд А, Б.тэй намайг хардаад байсан. Тэгээд  такси дуудсан явлаа гэхээр нь би хамт суугаад хүргүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Ч.У-ийн өгсөн: “Миний хувьд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байсан чинь гаднаас манай гэрт Б орж ирээд урд манай эмэгтэй найз дуудаад байна ганц нэг пиво уучхаад ирэх үү хамт явах уу гэхээр нь зөвшөөрөөд хамт Усны аж ахуйн 5-р сургуулийн хажуу талд байрлах нийтийн байранд очсон. Тэнд Б-ийн эмэгтэй найз А эгчийнхээ хамт байж байсан. Тэгээд тэндээ бид дөрөв нийлээд 4 том пиво хувааж уугаад сууж байсан чинь А-ийн салсан нөхөр гэх А нь гаднаас орж ирээд Б, А, А гурав юм яриад маргалдаад байсан. Тэгээд эхлээд А, А хоёр гараад нилээд юм ярьж байгаад эргэж орж ирээд А эргээд Б-ийн хамт гадагшаа гарсан. Тэгээд байж байтал манай арван жилийн ангийн хүүхэд Улаанбаатар хотоос ирчихлээ гээд намайг дуудаад намайг машинтай ирээд авсан. Тэгээд би явахдаа Б-д хамт явах уу гэсэн чинь чи явж бай би эндээ байна гээд үлдсэн. Тэгээд л би яваад өгсөн. Би А-г авч явсан зүйл байхгүй. Намайг явлаа гэсэн чинь А-тай хамт баймааргүй байна гээд л өөрөө ирээд суусан. Би юу санахгүй байна. Өглөө эрүүлжүүлэхэд сэрлээ. А-тай маргалдсан гэж цагдаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх 26/,

Гэрч Б.Х-ийн өгсөн: “Тухайн өдөр би хуваарь томилгооны дагуу эргүүлийн үүргийг дэд ахлагч Ц.Ганбат, дэд ахлагч С.Хатанбүүвэй, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Батхуяг нарын хамт гүйцэтгэж байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг руу ахуй хүрээний дуудлага гарсан гээд тухайн дуудлага руу явж байхад Усны аж ахуйн замын хажуу талд хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод орилолдоод байсан. Тэгээд зогсоод яваад очход А гэх залуу миний гарыг хугарчихлаа гээд орилоод байсан. Хамт байсан гэх Б гэх залуу хажуу талд нь явган суучихсан уучлаарай хөгшөөн гээд байсан. Тэгээд юу болсон талаар асуухад А гэх залуу нь эд нар манай эхнэртэй хамт архи ууж байгаад найзууд нь манай эхнэрийг аваад зугтчихлаа. Энэ залуу намайг явуулахгүй гээд надтай зодолдож байгаад миний гарыг хугалаад хаячихлаа гэж байсан. Харин  Б залуу нь уучлаарай хөгшөөн л гээд байсан. Тэгээд бид нар Б-ийг согтуу байхаар нь албаны тээврийн хэрэгсэлд суулгаад 103 дуудаж А  гэх залууг нь хүлээлгэн өгсөн. Улмаар Б гэх залууг нь Цагдаагийн газарт авч ирэн жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байж байхад манай найз Уугантөмөр ирсэн. Тэгээд эргэж салаад би гэртээ байж байхад А-ын эхнэр А над руу чатаар уух уу гэж бичсэн бөгөөд надаас мөнгө асуухаар нь надад байна гэж хэлсэн. Тэгээд дахин 18 цагийн орчим Уугантөмөртөй уулзаад А-тай хамт хэдэн пиво уучихаад ирэх үү гэж хэлсэн чинь Ууг зөвшөөрөөд усны аж ахуйд 5-р сургуулийн хажуу талд байх Амарзаяагийн хуурай эгчийнд нь очсон. Тэндээ эхлээд дэлгүүрээс хоёр шил архи, 1 том пиво аваад бид дөрөв хувааж уусан. Эхний архи нь дуусаж байхад гаднаас А орж ирээд бид нартай юм ярьж байсан. Тэгээд би тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа дээр байж байсан. Яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Би яг зодолдсоноо санахгүй байна. Харин А өөрөө хэлэхдээ чи намайг зодоод гар хугалсан гэж байсан. Ууж байхад А, А-г чи яв би чамтай харьцахгүй гээд хөөгөөд байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн -ны өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт: “1.Г.А-ын биед зүүн цацраг, богтос ясны мултрал, дээд урууланд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хөдөлгөөний хязгаараас давсан хүч, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 43-44/,

 хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Усны аж ахуйн нийтийн байранд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.А-тай маргалдаж улмаар гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө гар руу өшиглөх зэргээр эрүүл мэндэд зүүн цацраг, богтос ясны мултрал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Б-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.А-рын эрүүл мэндэд зүүн цацраг, богтос ясны мултрал, дээд урууланд шарх, хүзүүнд зулгаралт хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Хохирогч Г.А нь хохирлын баримт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр би Баянхангай сумын байсан тул хохирлын баримтаа хүргүүлж чадаагүй гэсэн тул гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ