| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
2023 03 29 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Хохирогч: Д.М,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Цгийн Б холбогдох эрүүгийн 2335000080033 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны 6 дугаар сарын 02-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын ..... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ш овогт Цгийн Б /РД:............/
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэвийн ширхэг гэх газарт ..... УВС улсын дугаартай Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зам тэврийн осол гаргаж хохирогч Д.Мн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нжтаг дэвсгэрт байрлах Хэвийн ширхэг гэх газарт ....... УВС улсын дугаартай Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Д.Мийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 6-12 дахь тал),
Хохирогч Д.Мийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх (хавтаст хэргийн 56-61 дэх тал),
Хохирогч Д.Мийн өвчтөний карт (хавтаст хэргийн 109 дэх тал),
Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө гэртээ унтаж байтал М миний .......... гэсэн дугаарын утас руу ....... гэсэн дугаараас залгаад хөдөө багийн төвийн наад талд байдаг хэвийн ширгийн тэнд машин эвдэрчихлээ хамт яваад машин засчихаад ирье гэж над руу залгахаар нь би манайд хүрээд ир хамт явья гэсэн тэгээд таслаад удалгүй Д, П нарын өглөө 05 цагийн үед саарал өнгийн пурган машинтай ирээд бид нар хамт машин эвдэрсэн гэх хэвийн ширэгт очоод машиныг нь янзалж дуусаад асаах гэтэл түлхүүр нь байхгүй байсан хаана түлхүүрээ үлдээсэн талаар асуухад Дгийн гадна түлхүүрээ унагаасан байна гэсэн тэгээд бид нар пурган машинтайгаа Дгийн гэрт очоод малын хотон дотроос түлхүүрийг нь олсон. Дгийн гаднаас хөдлөх үед бид нар пурган машинаа үлдээгээд мотоциклтой явцгаасан машин дээрээ очихоор явж байгаад Ц.Бынхаас нэг шил 0.5-тай Соёрхол нэртэй архи аваад явцгаасан. Буцаж ирээд машиныг нь асаасан тэгсэн М та нарт баярлалаа гээд Ц.Бын гэрээс авсан Соёрхол нэртэй 0.5-тай архи задлаад бид нар ууцгааж байтал Ц.Б өөрийнхөө машинтай ирсэн тэгээд бид нар тухайн 0.5-тай архи ууж дуусгаад байж байтал Ц.Б машинаасаа 0.5-тай Соёрхол архи гаргаж ирээд бид тухайн архи уусан нийт 2 шил 0.5-тай Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгсэн сумын төвөөс нүүрсний машин уурхай явж байгаад бид нартай таараад бид нарт машин дотроосоо 0.5-тай архи гаргаж ирж өгөөд бид нартай тамхилаад яваад өгсөн. Тухайн нүүрсний жолоочийн өгсөн архийг бид нар ууж дуусгачхаад сумын төв явцгаахаар болоод Мгийн машинд бид хоёр суугаад хөдлөөд явж байтал машины урд мост зуугаад зогссон тэгээд М машиныхаа урд талын мостыг хараад би жолоочийн эсрэг талын суудлаас буугаад машинаас 1 метр зайд бие засаад зогсож байтал араас машин ирээд мөргөсөн би тэгээд газарт унаад ойр зуурын ухаанаа алдсан. Нэг сэрээд хартал гэртээ ирсэн байсан. Тухайн үед П бид хоёр нэгэнтэйгээ маргаагүй. Миний биед халдсан зүйл байхгүй. Тэр өдөр би хэсгийн төлөөлөгчтэй хамт аймгийн төв орсон. Маргааш нөгөөдөр нь М надруу залгаад Ц.Б чамайг мөргөсөн чамтай холбоотой эмчилгээний зардал гаргаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэлээн муудсан. Би тухайн ослын улмаас эрүүл мэнд болон эдийн засгаараа маш их хохирч байна. Би Бөхмөрөн сумаас 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзлэг оншилгоо шинжилгээнд орсон ба тухайн үед томографикийн зураг авхуулсан бөгөөд нуруу нугасны гэмтэлтэй гэсэн онош гарсан бөгөөд өвдөлт ихтэй байсан тул өвчин намдаах эмчилгээг 5, 6 хоног хийлгээд өвчнөө намдааж байгаад Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд яв гэж эмч хэлэхээр нь би Бөхмөрөн сумын эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай өөрийн эхнэрийг ажлаас нь гаргаж цалингүй чөлөө авсан юм. Тэгээд Улаанбаатар хотод Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт нурууны хагалгаанд орсон бөгөөд хагалгааны өмнөх болон дараах хугацаанд байнгын өөрийн эхнэрийн асрамжинд байсан. Би Улаанбаатар хот явах, хагалгаанд орох болон хот хооронд явах бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Би Улаанбаатар хот болон эмчилгээнд нийт НӨАТын баримттай 2.698.550 төгрөг гарсан бөгөөд баримтгүй маш их хохирол байгаа бөгөөд Жишээ нь: Улаанбаатар хот руу 2 хүн ирэх, очих хот дотор автобус унааны мөнгө гэх мэтээр баримт гарах боломжгүйхохирол маш их байгаа тул хохирлыг нарийн тооцож гаргаж өгөх болно. Ослын улмаас би 3 сар гаруй хүний асаргаанд байгаа бөгөөд өөрөө ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй байнгын эмчилгээтэй байна. Надад эмчилгээний зардал гэж 5 удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөг өгсөн. Би тухайн зам тээврийн ослын улмаас авсан гэмтлийг хэзээ хүртэл бүрэн эдгэж хэвийн хөдөлмөр эрхэлж болохыг би сайн мэдэхгүй байгаа бөгөөд миний биеийн байдал хүнд байна. Хохиролд 10.150.000 төгрөг нэхэмжилж байна. Ц.Бын бэлнээр өгсөн төгрөг, бараа өгсөн 372.400 төгрөгийг хасаад 7.177.600 төгрөг одоо гаргуулж авах хүсэлтэй байна. Би дахин мэс засал хийлгэхгүй. Би цаашдаа эмнэлэгт хэвтээд уламжлалт бариа засал, физик эмчилгээ хийлгэнэ. Одоогийн байдлаар орон нутагт эмчилгээ хийлгэж байна. Би урьд өмнө нуруундаа гэмтэл авч байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71, 73 дахь тал),
Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022.11,06-ний өдөр уурхайгаас нүүрс ачиж ирж байгаад машинаа "Хэвийн ширэг" гэх газарт машины бөгс эвдэрч мөсөнд суулгасны дараагаар Д гэх хүний машинаар сумын төв орж ирж сэлбэг аваад 2022-11-07-ний 04 цагийн орчимд сумын төвд байх Д.М гэх найзруугаа залгаад машин эвдэрлээ хамт очоод засаад ирэе гэж хэлсэн чинь хүрээд ир гэж хэлсэн тул Д.Д гэрээс нь очиж аваад буцаж Дийн машиныг хүргэж үлдээгээд 2 мотоциклоор би Д.М, Д, Д.П нарын хамт машинаа засаж байсан чинь тэнд байсан хүмүүс даараад байна гэж хэлхээр Д.М хамт “Хадаан-ус" гэх газарт байх Ц.Б гэх айлаас машин эвдэрээд хээр даараад байна гэж хэлээд Ц.Бын эхнэр Б.Ааас 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол гэх архи аваад машинаа засангаа задлаад ууж байсан чинь сумын төвөөс Ц.Б Ланд круйзер маркын машинтай ганцаараа дэлгүүрийн бараа ачсан ирсэн бөгөөд надтай уулзаад юу болсон талаар асуухад машины бөгс эвдэрсэн талаараа хэлсэн чинь миний машины хажууд ирж зогсоод бид нарын задалсан архинаас уулцаад архи дуусахаар нь Ц.Б машинаасаа 0.5 литрийн "Соёрхол" гэх архи задлаад би машинаа засангаа тухайн архинаас хамт ууж байтал ногоон нуур сумаас явж байгаа гэх өвч ачсан машинтай 2 казак хүн ирсэн бөгөөд Ц.Бын задалсан архийг ууж дуусгаад 2 казак хүний нэг нь болох Хумархан гэх хүн 0.5 литрийн хэмжээтэй тал архийг надтай хамт яваа хүмүүст задалж байх шиг байсан бөгөөд тэр үед би машинаа засаж дууссаны дараа өвс ачсан 2 казак Хотгорын уурхай руу явсан дараа Ц.Б, Д, П нар гэрлүүгээ харина гээд яваад өгсөн тэрний дараа би Д.Мтэй хамт өөрийн машинаа жолоодоод сумын төв рүү явж байгаад гол гараад миний машины дугуй зуураад тэрийгээ засаж байтал удалгүй араас Ц.Бын машинтай Д, П нар хамт ирээд миний машины ард талд зогссон чинь Д, П хоёр юу болсон талаар асуугаад буугаад ирхээр та нар юу болоод араас хүрээд ирэв гээд асуусан чинь Ц.Б согтчоод энд байдаг Т гэх айл руу явна гээд болдогтүй гээд надад хэлсэн юм тэр үед Д.М машины замаас гараад бие засаж байтал Ц.Б гэнэт машинаараа Д.Мийг мөргөж унагаагаад дээгүүр гараад цаана нь зогсохоор нь бид нар гүйж очоод Мийг очиж үзээд бие нь зүгээр үү гээд асуусан чинь Д.М зүгээр зүгээр гэж хэлхээр би гүйж очоод Ц.Бын машины хаалгыг онгойлгоод чи хүн дайрч аллаа яаж байгаа юм гээд машиных нь түлхүүрийг булаагаад авсан чинь би та нарыг дайрч ална надад зөндөө мал байна гээд хэлхээр нь бид нар буцаж Мийг гайгуй юу гээд асуугаад зогсож байсан чинь Ц.Б машин дээрээ гараад цагдаад дуудлага өгнө гээд сүлжээ хайж байхаар би очоод утсын булааж аваад цагдаа дуудаж хэрэггүй хүн нь гайгүй байгаа юм шиг байна харин Д аваад сумын төвд эмнэлэгт хүргэж өг гээ хэлсэн чинь би эндээс эмнэлэг, цагдаа хоёрыг дуудчихна гээд бид нартай хэрэлдэж байтал Ц.Бын эхнэр А танихгүй нэг залуутай хамт ирхээр нь тухайн болсон явдлыг хэлээд танаа нөхөр хүн дайрчихлаа гэж хэлээд эхнэрт нь машины түлхүүр болон гар утсыг хамт өгөөд би Д.Мтэй хамт сумын төвд орж ирээд Эмнэлэг ороё гэж хэлсэн чинь Д.М миний бие зүгээр байна намайг гэрт буулгачих гэж хэлээд гэрийнхээ гадаа буугаад үлдсэн. Тухайн үед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй ямар нэгэн өвчин зовиурын талаар юм хэлээгүй. Д.М надад хэлэхдээ хөл өвдөөд байдаг гэж хэлж байсан бөгөөд нэлээд хэдэн жилийн өмнө мотоциклтой явж байгаад унаж гэмтэл өвч хөл болон биеийнх нь ташаа хэсгээр өвддөг талаар хэлж ярьж байсан. Тухайн үед Ц.Б нэлээн согтуу гуйваад сайн алхаж чадахгүй байсан. Харин Д.М мөн адил согтуу байсан. Д.Мтэй хамт сумын төвд орж ирээд Эмнэлэгт авч ирэхэд би гэрлүүгээ явна гээд гэрийнхээ гадна буугаад өөрөө алхаад орсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82, 84 дэх тал),
Гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д, М ах, Д.М бид гурав 2 мотоциклоор эвдэрсэн машин дээр очиж засвар хийж байхад М ах, Д.М хамт 2-р багийн төвөөс 1 шил архи авч ирсэн бөгөөд тэнд Ц.Б сумын төвөөс ирээд бас дахин 1 шил 0.5 литрийн архи ууж, Хотгорын уурхай явж байсан 2 казак тал архи бид нарт өгсөн. Тухайн үед машин засаж дуусаад М ах Д.М хамт сумын төв явсаны дараагаар Б, Д, бид 3 Т гэх айл руу явж байтал М ах ззам дээр машиныхаа копудыг сөхчихсөн зогсож байхаар нь бид нар буугаад юу болсон талаар асууж ярилцаж байхад Ц.Б нь машинаа нормалдаад зогсож байгаад замын цаана бие засаж байсан Д мөргөх шиг болсон. Тухайн үед бид нар хүн алчихлаа гэж хашгираад яваад очсон. Мгийн бие болон нүүр хэсэг зүгээр байсан. Хэсэг хугацааны дараа Бын эхнэр А ирхээр нь М ах Ц.Б Д дайраад бид нарыг бас дайрч ална гэхээр нь машиных нь түлхүүр утсыг авчихлаа гээд эхнэрт нь өгчихөөд Д.М хамт сум руу яваад өгсөн. Д.М машинаас 15 метр зайтай зайтай байсан. Хажууд Ц.Б, Д.М, хоёроос гадна би, М, Д бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. М ахын машин зам дээр хойш харсан тэрний арас замаас хагас гараад баруун талруугаа зогсож байсан. Тэрний тусал дуу Д.М бие засаж байсан. Тухайн зам нэг эгнээтэй машин зөрөх боломжгүй зам байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал),
Гэрч Р.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 07-нд Д.Мгийн машин эвдрээд манайд ирж миний машинаар сумын төв орж сэлбэг авангаа Д.М нь Д 4 цагийн үед гэрээс нь машины тайлуулахаар яваад 2-р багийн Хэвийн ширэг гэх газарт Мгийн машин засаж байхдаа бид нар 2 шил 0.5 литрийн Соёрхол, 0.5 литрийн тал Ерөөл гэх архийг уугаад машин засаж дууссаны дараа М, Д.М хоёр сумын төв рүү явахаар нь Ц.Б, П бид 3 Т гэх айл руу явж байтал мягмарсүрэгийн машин зам дагуу зогсчихсон байхаар П бид 2 машинаас бууж байсан бөгөөд тэрнээс цааш юу болсныг санахгүй байгаа бөгөөд Ц.Бын гэрт ирчихсэн байхаар нь юу болсон талаар асуухад Ц.Б машинаараа Д дайрсан талаар П, Ц.Б нар надад хэлсэн. Тухайн үед Ц.Б нэлээн согтуу Ланд круйзер-80 машин жолоодож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-95 дахь тал),
Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн архинаас 1,2 удаа жижиг стканаар уусан юм. Тэгтэл дахин нэг шил архи М гаргаж ирэх шиг болсон. Тэгтэл тухайн миний үл таних 2 казак нэг шил архи гаргаж ирж өгчихөөд явсан. Тэгээд бид нар уг архи уугаад дуустал тухайн хүмүүс манай гэр лүү явна гээд байхаар нь би машин дотор байсан 1 шил 0,5 литрийн ерөөл нэртэй архи гаргаж ирж өгөөд бид нар тухайн архийг ууж дуусаж байхад 14 цаг өнгөрч байсан. Тухайн үед М, Д.М хоёр сумын төв рүү саарал өнгийн УАЗ-469 маркийн автомашинтай сумын төв рүү явсан юм. Тэгээд би өөрийн ..... УВС улсын дугаартай автомашинтай П, Д бид гурав үлдсэн ба удалгүй сумын төв орхоор болоод явтал зам дээр Мгийн автомашин зам голлоод зогсож байсан. Тэгээд бид гурав буугаад би Мг та машинаа замаас гаргаад эргүүлээд нар луу гаргаад тавьчихаач гээд хэлтэл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд ууралхаар нь би тухайн үед газарт суугаад Мтэй маргалдтал хэн нь мэдэхгүй миний толгой хэсэг рүү нэг хүн хальт цохих шиг болхоор нь за гэрлүүгээ явахгүй бол болохгүй юм байна гэж бодоод машинаа асаагаад хөдлөөд 10 метр орчим явтал машины урд талд хүн зогсож байх шиг байхаар нь би зогсох гэтэл тухайн хүнийг машинаараа мөргөсөн юм. Тэгээд би буугаад иртэл Д.М миний машины хажуу талд хөл дээрээ хагас сууж байсан. Тухайн үед М, Д, П нар над руу чи хүн дайраад алчлаа гээд орилоод байхаар нь би цагдаа дуудах гээд машин дээрээ гараад сүлжээ хайтал М Д.М зүгээр байх шиг байна цагдаа дуудаж хэрэггүй гэж хэлсэн юм. Тэгээд Д М өөрийн автомашинаар сумын төв рүү аваад явсан ба тухайн үед манай эхнэр А нь ирчихсэн байсан ба би гэрлүүгээ явсан юм. Тухайн үед би машинтайгаа хөдлөхдөө машиныхаа урд талыг сайн харалгүй хажуу талыг хараад хөдөлтөл гэнэт машины урд хүн харагдсан бөгөөд тухайн үед Д.М зогсож байсан ба гэнэт миний машины гупер дээр хүн гараад ирхээр нь би шууд зогссон ба машинаас буугаад иртэл Д.М доошоо хараад хөл дээрээ сууж байсан. Тухайн үед би дунд зэрэг согтуу байсан ба болсон хэргийг бүрэн санаж байна. Д.М тухайн үед нэлээн согтуу байсан юм. М, П, Д, Д.М бид нар байсан ба намайг дайрчихлаа гэж бүгд орилж байсан ба бүгд харж байсан. Би Д.Мд эмчилгээний зардал төлсөн бөгөөд түүний данс руу 2.500.000 төгрөгийг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Архины гайгаар болгоомжгүйгээр ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Энэ хэргээс болоод аймаг 5-6 удаа орж ирлээ. Ард мал харах хүнгүй 0-13 насны 5 хүүхэд үлддэг. Би 2014 онд жолооны курс төгссөн. Би Д.Д хотоос ирсэний дараа очиж уулзсан. Би утсаар ярьж тухайн үед өөрийн боломжоор мөнгө шилжүүлсэн. Би бие нь ямар байгаа талаар үзэж хараагүй. Утсаар хоорондоо ярилцаж байсан. Би болсон явдлыг санаж байгаа. Машин зассан газар хэрэг болсон газар хоёр хоорондоо 1км л байх. Бид гурав 5 минутын дараа араас нь явсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж, уучлалт гуйсан. Би өөрийнхөө хэмжээнд тусалж байсан. Би санамсар болгоомжгүйгээр ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Мөн цаашдаа тусалж дэмжээд явна. Шүүхээс гарсан хохирлыг би төлж барагдуулна. Архи уусан миний буруу. Цаашдаа ийм алдаа гаргахгүй байх болно. Миний ялыг хөнгөрүүлж гайгүй талаас нь бодож үзнэ үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,
Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан үедээ үйлдсэн”...” гэж тус тус заажээ.
1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 777 дугаартай “Д.Мийн биед сээрний 11,12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, арын сэртэн хоорондын холбоосны урагдал, сээрний 10, 11-р, 11, 12-р нугаламын завсрын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Эмнэлгийн бичиг баримт дутуу учир гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-105 дахь тал)-ээр хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн үндсэн шинжтэй байна.
Жолооч Ц.Б нь тухайн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Д.Мнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71, 73 дахь тал), гэрч Д.Мгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82, 84 дэх тал), Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136 дахь тал)-үүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцосны улмаас хохирогч Д.Д мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Прокуророос шүүгдэгчийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчсөн гэж яллаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь мөн дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хэргийн зүйчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.
Ахлах мөрдөгч Г.Ггийн 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн “Ланд круйзер 80” загварын .... УВС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Цгийн Б /РД:............../ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.7-а-д зааснаар /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Ланд круйзер-80” загварын ..... УВС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Цгийн Б /РД:........./ нь ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс лавлагаа хийж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн ............ дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. “Ланд круйзер-80” загварын ...... УВС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Цэндсүрэнгийн Ц.Б /РД:......../ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарах шууд шалтгаан болж байна” гэх мөрдөөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 121-123 дахь тал) үндэслэлтэй байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Увс аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай “21- 84 УВС улсын дугаартай Тоёота Ландкрузер-80 загварын тээврийн хэрэгсэл зам тээврийн ослоос үүдэлтэй эвдрэл гэмтэл гараагүй. ..... УВС улсын дугаартай Тоёота Ландкрузер- 80 загварын тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд орж тэнцсэн” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал), шүүгдэгч Ц.Б нь жолоочийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 13 дахь тал)-аар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Быг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцосны улмаас явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.М нь гэмт хэргийн хор уршиг буюу эм, эмчилгээ зардал, эмчилгээнд явах- ирэх замын зардал гэж шүүгдэгч Ц.Баас 10.150.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Ц.Б хохирогчид 2.500.000 төгрөг шилжүүлсэн 4 ширхэг депозит дансны хуулга, 372.400 төгрөгийн үнэ бүхий ахуйн хэрэглээний зүйл Д.Мийн эхнэр Тд өгсөн гэх 1 хуудас тэмдэглэлээр шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Мд 2.872.400 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, 2.000.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдож байна.
Хохирогч Д.М нь хохирлын талаар 4.212.406 төгрөг (хавтаст хэргийн 18-20 дахь тал)-ийн баримт гаргаж өгсөн байна.
Хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан 21 ширхэг баримтаас 11 ширхэг баримт, хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан 7 ширхэг баримтаас 4 ширхэг баримттай 2.249.500 төгрөг нь хохирогчид учирсан гэмтлийг эмчлэх эм, тариа, эмчилгээ, эмчилгээнд явах-ирэх зардалтай холбоогүй ахуйн хэрэгцээнд ахуйн хэрэгцээнд зориулагдсан байх тул 2.249.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Хохирогч Д.Мний 10.150.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ц.Б нь 4.872.400 төлснийг дурдаж, 2.249.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3.028.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал)–аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Х.Аын өгсөн: “Ц.Б миний хар багын найз бөгөөд бид хоёр нэг сургуульд сурч төгссөн хүн юм. Ц.Б нь гэр бүлдээ хайр халамж сайтай их төлөв даруу, арх согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хүн юм. Ц.Б нь сум орон нутгийн иргэд дундаа нэр хүндтэй Бөхмөрөн сумын 2 дугаар багийн засаг даргын ажлыг 2016 оноос 2021 онд хийж ирсэн ба 2011 онд Бөхмөрөн сумын Баяр наадамд түрүүлэн сумын заан цол авч байсан их тал бүрийн авьяастай мэдлэг боловсрол сайтай хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал), Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн засаг даргын “Ц.Б нь ам бүл 7, тус багт байнга мал маллан оршин суудаг бөгөөд адуу-80, үхэр-100, хонь-90, ямаа-415 нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 155 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт хохирогч Д.М: “Гомдол, тэмцэл байхгүй гэх тайлбар, мэдүүлэг”,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч анхнаасаа хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа байдлаа хэлээд явсан. Хэлэлцэхгүй орхисон 5.028.100 төгрөгнөөс баримтаа бүрдүүлж чадахгүй байж магадгүй гэж бодоод 2.000.000 төгрөг өгөөд учир зүйгээ олсон гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч цаашид боломжтой ямар арга байна тэр бүх зүйл дээр тусалж дэмжинэ. Улсын яллагч зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Гэхдээ малчин хүнд зорчих эрх хязгааарлах ял маш их төвөгтэй хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Зөвхөн юнителийн сүлжээтэй газар л цахим бугуйвч барьдаг. Эрүүгийн хариуцлага нь ял болон албадлагын арга хэмжээнээс бүтдэг. Албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Харин үйлдсэн хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн учруулсан хохирлыг төлсөн. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх дүгнэлт,
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б: “Би хийсэн хэрэгтээ ял авах нь зөв. Гэхдээ малчин хүн болохоор 1 жил зорчих эрх хязгаарлах ял авах нь миний хувьд хүндрэлтэй байна. Өвөл цаг хүндрэх үед бид малаа авч өөр сумын нутаг дэвсгэрт отроор нүүдэг. Би цаашдаа гарах эмчилгээний зардал хэдэн төгрөг гархыг би мэдэхгүй байна. Өөрийн өрх гэрийн бүтэн амьдрал дээр дахиад өөр нэг хүний эмчилгээний зардлыг хэдий хугацаанд мэдэхгүй хариуцах юм байна. Ийм учраас бугуйвчтай давхар хариуцлагатай байна гэхээр хэцүү санагдаж байна. Надад оногдуулсан ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргасан болно
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Бын ..... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Цгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т заасан жолооч согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Хохирогчийн 10.150.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ц.Б нь 4.872.400 төгрөг төлснийг дурдаж, 2.249.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3.028.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Бын ......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ