Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2023/0008/Э/223/2023/0015 |
Дугаар | 2023/ШЦТ/38 |
Огноо | 2023-01-20 |
Зүйл хэсэг | 089.2., |
Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 01 20 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч С.Одгариг,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.У, О.Б нарт холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Э.У, төрсөн, настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бүгд Найрамдах Солонгос улсад хувиараа караоке ажиллуулдаг, Монгол Улсад тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2. Монгол улсын иргэн, О.Б, төрсөн, настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Монгол улсад тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.У, О.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У, О.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах нийт 640 грамм жинтэй 3 хэсэг алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлсэн буюу 3 ширхэг бугуйвч болгон 1 алтан бугуйвчийг О.Б нь зүүж, Э.У нь 2 ширхэгийг зүүж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ч Э-ийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэт металл, эрдэнийн чулууг эрдэнэс гэж эрдэнийн чулууг эрдэнэс гэж тодорхойлсон байдаг бөгөөд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үнэт металлын ангилалд алт багтаасан байдаг. Ийм учраас "эрдэнэс" гэдэг ойлголтод "алт"-ыг багтаасан байдаг. Монгол банк нь Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-т заасны дагуу гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу улсын болон гадаад орны банк бусад аж ахуйн нэгж байгууллага иргэдээс валют, цэвэршүүлсэн алт худалдан авдаг. Арилжааны банкууд Монгол улсын хилээр гадны орнуудад алтыг экспортод гаргах бол заавал Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрөл авдаг. Энэ тусгай зөвшөөрөл Банкны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар олгодог. Жирийн иргэн улсын хилээр алт гадагшаа нэвтрүүлэх ойлголт хэзээ ч байхгүй. Хэрвээ хилээр алт, үнэт металл авч гаргах бол заавар татвар төлнө. Монгол банкнаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бол шүү дээ. Түүнээс ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй иргэн улсын хилээр алт нэвтрүүлнэ гэсэн ойлголт байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 грамм алтыг Монгол банк 162.572,37 төгрөгөөр иргэд аж ахуй нэгжээс худалдан авч байсан. Дээрх 640 грамм алтны үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танай байгууллагад Монгол банкнаас албан ёсоор хүргүүлсэн. Хууль зөрчсөн этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хураагдсан үнэт металлыг улсын орлого болгуулах хүсэлтэй байна." гэх мэдүүлэг /2 хх 172-174/,
Гэрч Д.Л өгсөн: “Энэ Э.У-н дүү гэх залуу надаар 2021 оны 4 дүгээр сард 2 ширхэг мөнгөн аяга хийлгэж авсан. Тэр утгаараа дүүтэй нь би холбоотой байсан. Дараа нь 2021 оны 7 дугаар сард нөгөө мөнгөн аяга хийлгэсэн залуу /Урандэлгэрийн дүү/ над руу яриад танай үйлдвэр бугуйвч хийдэг үү, хийдэг бол алтаар бугуйвч хийлгэж авмаар байна манай эгчээс мөнгө нь орж ирэх юм аа гэсэн. Тэгэхээр нь би мөнгө ороод ирвэл алтыг нь цуглуулаад хийлгээд өгч болно гэсэн. Тэгээд тухайн үедээ эргэж холбоо барилгүй байж байгаад 2021 оны 7 дугаар сарын дундуур яг хэдэн гэдгийг сайн мэдэхгүй байна нөгөө Урандэлгэрийн дүү над руу яриад нөгөө мөнгөө шилжүүлье та дансаа өгөөч гэхээр нь дансаа өгсөн чинь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 24.700.000 төгрөг нэг удаа орж ирсэн. Дахиад тэр өдрөө 37.050.000 бас орж ирсэн. Ингээд нийт 51.750.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэр үед алт, мөнгөний ханш нэлээд тогтворгүй өдөр өдөр өөр өөр байсан болохоор би яг мөнгөн дүнгийн нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан өгсөн мөнгөөр алт авах гэж би бараг 2 сар гаруй болоод 250 орчим грамм алт аваад 2 ширхэг бугуйвч хийж өгсөн. Тэгээд ажлын хөлсөнд 200.000 төгрөг авсан бас сорьцонд оруулахад 999 сорьцтой гарсан. Тэгээд У ирээд надаас сорьцтой алт гэж хэлээд байсан тэгэхээр бас энэ талаараа сайн мэдэхгүй байсан юм болов уу л гэж бодож байна. Тэгээд надаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний үеэр байх сайн санахгүй байна У ирээд нөгөө 2 ширхэг бугуйвчаа аваад явсан. Явах гэж байхдаа. Намайг хадам болох айл нь маань гуйх гэж байгаа тэгээд энэ алтаар ээмэг, бөгж, гинж хийлгэж бэлгэнд өгмөөр байна, танайхан хийж өгч чадах уу гэхээр нь урт цагааны хажууд хийдэг дархчууд байдаг тэр хүмүүсээр хийлгээд авчих гэж хэлээд явуулсан. Өөр зүйл хэлээгүй. Одноо гэх энэ эмэгтэй энэ алтыг аваагүй би өөрөө дээрх 250 грамм алтыг худалдаж авсан Одноо бас надтай адилхан алт мөнгөний ченж л дээ гэхдээ би Одноогоор энэ алтыг авхуулаагүй. Энэ алтыг би өөрөө авбал надад л хэдэн төгрөгийн ашиг олдоно шүү дээ. Тухайн үедээ миний зав чөлөө болохгүй болоод Одноогоор авхуулна гэж байсан ч байж магадгүй. Гэхдээ миний дансаар мөнгө нь ороод ирсэн юм чинь өөрөө худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх 145-147/,
Гэрч Г.Г-н өгсөн: “Би энэ У гэх эмэгтэйд 3 ширхэг алтан бугуйвч хийж өгсөн. Хамгийн анх манай дүүгийн найз болох Д гэх залуу 2021 оны 12 дугаар сарын 4, 5-ны үеэр над руу утсаар холбогдоод тантай уулзаж ярилцах хэрэгтэй байна гээд байхаар нь уулзъя гээд уулзсан. Тэгсэн чинь Д надтай ирж уулзаад алт худалдаж аваад юм хийлгэх хүн байна, та уулзах уу гэж асуусан би ч бас нэг үйлчлүүлэгч орж ирж байгаа болохоор зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны үеэр надтай Давааням ирж уулзаад нөгөө хүнээ дагуулж ирээд танилцуулсан. Тэгэхэд 30 гаруй насны эмэгтэй байсан. Тэгээд бид хоёр танилцаад ажлаа ярьсан Урандэлгэр надад хэлэхдээ 1 кг алтаар бугуйвч хийлгэе гэсэн. Тэгээд өөрөөс нь хэдээр алт худалдаж авах гэж байгаа талаар асуухад Урандэлгэр 1 граммыг нь 175.000 төгрөгөөр худалдаж авна гэхээр нь би шууд тохирсон. Тэгээд надад У 250 орчим грамм алт өгсөн. Энэ алтаар аятайхан бугуйвч хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрч бугуйвч хийж өгөхөөр болсон. Мөн урьдчилгаа гээд 500.000 төгрөг өгсөн. Тэгээд явахдаа маргааш нөгөөдрөөс мөнгөө авч ирээд өгчихнө гээд явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай ажил дээр ганцаараа цүнхэнд мөнгөө хийчихсэн орж ирсэн. Тэгээд нэг бүрчлэн тоолж авахад 68.000.000 байсан. Энэ мөнгө чинь 1 кг алт авч болохгүй шүү дээ, 388,5 грамм алт хүрэлцэх мөнгө байна гэхэд У энэ мөнгөний хэмжээнд алт худалдаад аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өгсөн 68.000.000 төгрөгөөр нь алтыг 2 өдрийн дотор 388.5 грамм алт иргэдийн гар дээрээс худалдаж аваад У-ийн захиалсан 2 ширхэг алтан бугуйвчийг хийж өгсөн. Өмнө нь надад авчирч өгсөн 250 орчим грамм алтаараа өөр бас бугуйвч хийлгээд авчихсан, дараа нь миний худалдаж авсан алтаар 2 ширхэг ингээд нийтдээ 3 ширхэг алтан бугуйвч хийлгэж авсан. Нийт 600 гаруй грамм болсон байхаа. У надад хэлэхдээ өөрөө БНСУ-д ажиллаж амьдардаг, тэндээ нөхөртэй ч гэлүү тийм зүйл ярьж байсан. Тэгээд надаар хийлгэсэн 3 ширхэг алтан бугуйвчаа БНСУ руу авч явна гэж ярьж байсан. Тухайн үедээ би болдог л юм байхдаа гэж бодоод л өнгөрсөн. Би энэ талаар сайн мэдэхгүй л дээ. Өөрийнх нь надад ярьсан яриа шүү дээ. Энэ хүн бугуйвчаа яануу тэр хүний эрхийн асуудал шүү дээ. Би өөрөө алт, мөнгөний дарханы хувьд У-ийн 68.000.000 төгрөгөөр өөрийнх хэлсэн үнээр алт худалдан аваад бугуйвч хийж өгөхөд нэлээд ашигтай байсан учир ямар нэгэн татгалзах зүйлгүй зөвшөөрсөн. Би тэгээд У-ээс алт худалдаж авсан 68.000.000 төгрөг дээрээ нэмж хөлс гэж ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Хангалттай ашгаа өөрөө олчихсон болохоор. Өөрөөр хэлбэл ажлын хөлс хангалттай үндсэн мөнгөндөө багтсан гэсэн үг. Өмнө нь энэ хүүхнийг ерөөсөө харж байгаагүй. Анх удаагаа л над дээр Давааням дагуулж ирсэн. Давааням өөрөө энэ хүний талаар нэг их юм яриагүй.” гэх мэдүүлэг /1 хх 154-155/
"У-ийн авчирсан 2 ширхэг алтан бугуйвч дээр ямар ч сорьц дарагдсан асуудал байхгүй. Алтан дээр сорьц дардаг ганцхан газар байдаг. Тэр нь сорьцын хяналтын алба. Энэ газар л албан ёсны сорьц дардаг. Өөр бусдаар алтан дээр сорьц дардаг хувь хүн, аж ахуйн нэгж байхгүй." гэх мэдүүлэг /1 хх 158-159/,
Гэрч М.Б-ын өгсөн: “Давааням гэх энэ залуу бид хоёр хоёулаа Хөвсгөл аймгийн харьяат бас нэг ангид сурч байсан юм. Давааням намайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн 9 дүгээр ангид сурч байхад манай ангид шилжиж ирсэн. Энэ цагаас хойш нэгнийгээ мэддэг болсон юм. Бас нэг их дотно бол биш. Хааяадаа нэгэнтэйгээ ярьдаг 10 жилийн найзууд л даа. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Давааням надруу утсаар яриад танай баз ах чинь алт худалдаж авдаг гэлүү гэж асуусан" тэгэхээр нь би тийм 33 алт худалдаж авч байгаа гэсэн". Тэгсэн чинь Давааням нэг хүн алт худалдаж авах гээд байгаа юм аа гэхээр нь "би" чи Ганбаатар ахтай өөрөө утсаар ярь, би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд 2021 оны 12 дугаар сарын эхээр яг өдрөө санахгүй байна. Нөгөө алт худалдаж авах гэж байгаа хүн гэсэн нэг охиныг Давааням дагуулаад ирсэн тэгээд Ганбаатар ахтай нөгөө охиныг уулзуулж өгчхөөд Давааням гараад явсан. Тэгээд нөгөө алт авах гэж байгаа эмэгтэй, Ганбаатар ах хоёр уулзаад Үлдсэн яриаг нь хальт сонсвол 1 кг орчим алт худалдаж авмаар байна гэж хэлж байсан. Бас худалдаж авсан алтаараа гарт зүүдэг бугуйвч хийлгэн гэж ярьж байсан бас сорьц даруулах хэрэгтэй байна гэхэд Ганбаатар ах би түүнийг хийхгүй, мэдэхгүй, чадахгүй гээд л сууж байсан дараа нь /цаг хугацааг нь санахгүй байна/ 2-3 өдрийн дараа нөгөө охин ганцаараа мөнгөө аваад ирсэн. Бүх мөнгөө бэлнээр өгөхөөр нь Ганбаатар ах бид хоёр тоолж хүлээж авсан миний санахаар жаран хэдэн сая төгрөг л байсан яг тоог нь санахгүй байна. Би тэр эмэгтэйг одоо харвал танина нэр усыг нь мэдэхгүй. Түүнээс цааш юу болсон талаар нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 164-165/,
Гэрч Д.Д-ын өгсөн: “Миний найз Бямбацогт гэх залуу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр надтай утсаар яриад манай нэг таньдаг хүн найдвартай газраас алт худалдаж авах гэсэн юм чамд таньдаг хүн байна уу гэж асуусан, тэгээд хамгийн гол сорьцтой алт худалдаж авна гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө найз Баткатай холбогдож найдвартай хүнээс сорьцтой алт худалдаж авъя гэсэн хүн байна гэж хэлсэн. Тэгээд энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа 2021 оны 12 дугаар сарын эхээр нөгөө алт авах гээд байгаа хүн нь/ У/ надруу яриад алт авах хүнээ асууж уулзмаар байна гэхээр нь Урт цагаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Батка, Ганбаатар ах хоёр хамт ажил хийдэг л дээ тэгээд баткаагаар дамжуулаад Ганбаатар ахтай У-ийг уулзуулсан. Баткаагийн баз ах Ганбаатар нь иргэдээс алт худалдаж авдаг, бас иргэдэд алт, мөнгөн эдлэл хийж өгдөг хүн л дээ. Би бас Ганбаатар ахыг Баткаагийн ярианаас юу хийдэг гэдгийг нь бага зэрэг мэддэг байсан. Тэгээд У, Ганбаатар ах хоёр уулзаад алтныхаа талаар яриад үлдсэн. Би тэгээд гараад явсан. Тэгээд дахиж У-тэй ерөөсөө уулзаагүй. У-ийн дүү нь бөө хүн байдаг тэр хүн дээр миний найз Бямбацогт очиж хааяа засал хийлгэдэг учраас Бямбацогтоос таньдаг мэддэг алт худалдаж авдаг хүн байгаа эсэх талаар асуусан юм шиг байна лээ. Тэгэхээр Бямбацогт надаас асуусан. Би Баткаагаагаар дамжуулж Ганбаатар ахтай уулзуулсан. Би У-ийг хэдэн төгрөгөнд алт худалдаж авах гэж байгааг нь мэдээгүй. Тийм нарийн ширийн зүйлийг нь надад огт хэлээгүй. Би бол Ганбаатар ахтай Баткаагаар дамжуулаад уулзуулаад орхисон цааш нь юу болсон талаар мэдэхгүй.” эх мэдүүлэг /1 хх 168-169/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “Би Мөөгий гээд нэг бөө залуу дээр очиж хааяа засал ном хийлгэдэг юм. Энэ хүнийг нэлээд дээрхэн үеэс мэднэ. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг нь санахгүй байна. Мөөгийн над руу яриад "Ахаа алт олдох уу гэж асуусан" Тэгэхээр нь би ямар учиртай юм бэ, гэж асуусан би ойлгохдоо бөгж хийлгэх гэж байгаа юм байна гэж бодсон чинь Мөөгий үгүй ээ ахаа сорьцтой нэлээд их хэмжээний алт олдох газар байна уу гэсэн. Тэгээд би надад ямар юмных тийм хүн байх вэ гэж хэлсэн. Тэгээд гэнэт Даваанямыг санасан. Давааням өөрөө Заамарын алтны уурхайд уурхайн дарга хийдэг байсан. Тэгээд энэ талаар надаас илүү мэдэж байгаа байх гээд Даваанямын дугаарыг л өгсөн. Энэ хүн рүү яриад асуугаарай гэсэн. Тэгээд тийм их алтаар юу хийх гээд байгаа юм гэсэн чинь Мөөгий манай нэг эгч авах гэж байгаа юм гэж хэлсэн. Нэрийг нь надад хэлээгүй. Яах гэж байгаа талаар нь ч надад юу хэлээгүй. Тухайн үед манайх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос Дэнжийн мянга руу нүүж байсан тэрхэн зуур л утсаар ярьсан юм. Би тэгээд Даваанямын дугаарыг өгөөд л орхисон цааш нь яасан талаар нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 173-174/,
Шүүгдэгч Э.У-ийн өгсөн: “Би 2021 оны 12 сард 15-ны өдөр Улаанбаатараас Солонгос улс руу нисэхээр 11 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудал дээр ирсэн. Ачаа бараагаа бүртгүүлж өгөөд 12 цаг өнгөрөөгөөд хил гаалиар шалгуулаад буудлын явагчийн заал руу орсон байсан. Гэтэл тагнуулын ажилтан ирээд намайг дагуулж яваад гаалийн байгууллагын үзлэгээр оруулсан. Энэ үед миний зүүж явсан 2 алтан бугуйвчийг гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой гээд үзлэг шалгалт хийсэн. Би 2 алтан бугуйвч зүүж явсан. Би энэ 2 алтан бугуйвчийг Солонгос улсаас авч байсан. Миний эд зүйл байгаа юм. 2018 онд солонгос улсаас 1 бүрийг нь 15 сая орчим воноор авч байсан. Хоёулаа нийлээд 30-н сая вон буюу Монгол мөнгөөр бол 70 гаруй сая төгрөгийн үнэтэй эд зүйл байгаа юм. Би гаалийн байгууллагад ямар нэг мэдүүлэг өгөөгүй. Би алтан бугуйвч гартаа зууж явсан мөн бөгж гинж зэрэг эд зүйл байсан. Би энэ эд зүйлээ 10 дугаар сарын 26-ны өдөр зүүж Солонгос улс руу зорчсон. Мөн 11 сарын 26-нд зүүж ирсэн. Анх авахад сорьцын тэмдэгтэй байсан. Гаалийн байгууллагаас надаас хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байгаа эсэх талаар асуусан. Би байхгүй гэж хэлээд мэдүүлээгүй. Би авч яваа зүйлээ мэдүүлдэг гэж мэдээгүй.
Би БНСУ-д амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Миний ирсэн гол шалтгаан нь энэ жилийн засал номоо хийлгэх, бас өөрийнхөө хүүхдийн бичиг баримтыг хөөцөлдөх мөн хүнд зээлсэн мөнгөө авах ёстой зэрэг шалтгаанаар Монголд ирсэн. Миний сая хилээр авч гарах гэж байсан 3 ширхэг алтан бугуйвч нь 3-уулаа минийх. 254,77 граммтай алтан бугуйвчийг надаас мөнгө зээлсэн Отгон гэх хүнээс өрөндөө авсан. Нөгөө 2 ширхэг алтан бугуйвчийг нь алт мөнгө зардаг газраас худалдаж авсан. Мөнгөн завьяагийн хажуу талын алт мөнгө зардаг газраас 68 сая /68.000.000/ төгрөгөөр худалдаж авсан. Одоо тэр газрынхаа нэрийг санахгүй байна, худалдаж авахад надад нэг бичиг өгсөн тэр бичиг нь манай хадмынд байгаа. Энэ хоёр ширхэг алтан бугуйвчийг худалдаж авахдаа Батнайрамдалаас 54.000.000 төгрөг зээлсэн. Үлдсэн 14 сая төгрөг нь миний өөрийн мөнгө, БНСУ-с ирэхдээ авч ирсэн. Батнайрамдал маань БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон одоо тэндээ амьдардаг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад ирсэн. Хүүхдийнхээ үсний найр хийх бас өөрийнх нь бие жаахан өвдөөд байгаа эмнэлгээр явна гээд эмнэлгээр нэлээд явсан. Тэгээд хамтдаа явах болоод өнөөдөр онгоцны буудал дээр уулзсан. Тэгээд би 3 ширхэг бугуйвчаа өөрөө гартаа зүүж явж байгаад 1 ширхэг жижиг бугуйвчийг нь Батнайрамдалд зүүлгээд хилээр гарсан. Бид хоёр хилээр гарахын өмнө бугуйвчаа тайлаад шалгуулсан харин Батнайрамдал тайлалгүйгээр гарсан гэж надад хэлсэн. Тэгээд хилийн шалганы цэг дээр ирээд гадаад паспортаа шалгуулаад хилээр нэвтэрсэн штамбаа даруулаад цаад талын хүлээлгийн хэсэгт сууж байтал нэг эмэгтэй ирээд "таны биедээ авч яваа ачааг чинь шалгах хэрэгтэй байна" гээд аваад хариу орсон. Хориотой юм авч явж байгаа гэсэн. Би өөрөө ийм бугуйвч хориотой гэдгийг мэдэхгүй. Өмнө нь би хилээр алтан бугуйвч авч гарч үзээгүй. Отгоноос авсан бугуйвчаа зарж мөнгөө олж авна. Отгон надад 58.000.000 төгрөг өгөх ёстой байсан. Би энэ бугуйвчийг зарж мөнгөө олж авна гэж бодож байсан. Нөгөө хоёр бугуйвчийг нь нөхөр, хүүхэд хоёрынхоо визинд хэрэглэх гэж байсан. Би алтан бугуйвч худалдаж авсан гэж худлаа хэлсэн юм аа, би алт хэлбэрээр нь худалдаж аваад мөнгөн завьяагийн хажууд худалдаж авсан газартаа дээрх 3 ширхэг бугуйвчийг 3-ууланг хийлгэсэн. Өмнө Отгон гэж хүнээс авсан гэж худлаа хэлсэн. Отгон гэж хүнээс аваагүй энэ бугуйвчийг өөрөө хийлгэсэн. Энэ 254,77 граммтай алтан бугуйвчийг аль эрт 7 дугаар сард худалдаж аваад гэртээ хадгалж байгаад одоо авч явж байгаа юм аа. Би өмнө нь айгаад худлаа хэлсэн юмаа. Миний сая хэлсэн яг үнэн.
О.Б-тай би ямар нэг төрөл хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй. Анх БНСУ-д танилцаж байсан. О.Бсолонгос хүнтэй суусан бөгөөд нөхөр нь нэлээд өөрөөр нь настай хүн байдаг учраас хүнд хэцүү үед нь би тусалдаг юм. Хааяа хамт сууж ярьж суудаг. Монголд ирээгүй байхдаа нэг удаа Б-аас мөнгө зээлдэх талаар ярьж байсан. Тухайн үедээ 50.000.000 төгрөг зээлж аваад буцааж өгөхдөө 55.000.000 төгрөг буцаан өгнө гэж хэлсэн. Б тухайн үедээ надад энэ мөнгөөр яах гэж байгаа талаар асуухад би "надад хэрэг байна" гээд янз бүрийн юм яриагүй. Тэгээд Би солонгосоос ирэхийн өмнө Б-тай холбогдоод нөгөө мөнгө зээлэх яасан бэ, би дараа чамд учрыг нь хэлнэ гэсэн чинь би өөрөө Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр очно тэгэхээр болох уу гээд орхисон. Тэгээд Б Монголд ирснийхээ дараа надруу утсаар яриад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Тэнгис кино театрын ойролцоох /нэрийг нь санахгүй байна/ зочид буудалд бид хоёр уулзаж жоохон юм уугаад караокед суусан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Б-ын гэрт очиж мөнгө зээлэх талаараа ярилцаж тохиролцсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр /өдрөө яг сайн санахгүй байна шүү/ Сансарын колонкийн, ойролцоо KFC хажуугийн Хаан банкны салбарт очоод Б өөрийнхөө хадгаламжийн данснаас нийт 74 сая төгрөгийн зээл аваад түүнээс нь би 54.000.000 төгрөгийг нь зээлж авсан. Тэгсэн Б надаас энэ мөнгөөр яг яаж гэж байгаа юм бэ гэж асуугаад байсан бас Бын ээж Батгэрэл гэх хүн над руу утсаар яриад баталгаа гаргаж өг гэхээр нь дотор сууж байгаад бичлэг хийгээд үлдээсэн тэр бичлэг нь дээр утсан дээр байгаа. Тэгээд банкнаас бэлнээр 30.000.000 төгрөг гарсан, үлдсэн 24.000.000 бэлнээр гарах боломжгүй гэсэн Б-ын дансаас 2 удаа 5.000.000, 5.000.000 саяар нийт 10.000.000 гаргаж авсан. Үлдсэн 14 сая төгрөгийг нь хадам аав Арьяагийн дансруу шилжүүлсэн. Тэгээд аавын данснаас Б адилаар 2 удаа 5.000.000 төгрөг гаргаж авсан нийтдээ 50.000.000 төгрөгийг бэлнээр аваад банкнаас гарсан. Тэгээд бид хоёр хамтдаа машинд суугаад явж байтал Б танд би ер нь итгэхгүй байна гээд мөнгөө аваад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй утсаар залгаад үлдсэн 4 сая төгрөгөө явуулчих, та энэ мөнгөөр яах гэж байгаагаа хэлэхгүй байна гэхээр нь 4 замын ойролцоо байгаа АТМ-с мөнгийг 1 сая, 1 саяар нийт 4 удаа шилжүүлээд гэртээ харьсан. Тэгээд маргааш нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин Бтай, ээжийнх нь гэрт очиж уулзаад "Надад мөнгөний хэрэг гараад байгаа юмаа учир нь нөхөр хүүхэд хоёроо байнгын оршин суух, виз гаргуулахад хөрөнгийн баталгаа гэж 1 хүн дээр 36.000.000 вон 6 сарын турш байршуулах ёстой тэгэхээр 2 хүний 72.000.000 вон болно. Монгол мөнгөөр 150.000.000 төгрөг болж байна. Чамаас зээл авч байгаа 74.000.000 төгрөгөөр би Монгол Улсаас алт аваад хилээр гарч БНСУ-д аваачиж зарах юм бол чиний мөнгийг очсоныхоо маргааш өглөө нь өгнө, бас надад хэдэн төгрөгийн ашиг олдоно гэж хэлж байж Б зөвшөөрүүлсэн. Манай Монгол алт БНСУ-д очоод 999-тэй сорьцлогдох юм бол өндөр үнэтэй зарагддаг юм. Тэгээд тухайн өдрөө мөнгөө бэлнээр авсан. Тэгээд алт хаанаас авах, хаагуур зардаг талаар мэдэхгүй юм чинь өөрийнхөө бөө дүү дээр ирж засал хийлгэдэг хүнээр дамжуулж Дашням гэх хүнтэй уулзсан. Тэгээд Дашням ах Урт цагаан дээр байдаг. Ганбаа гэх алт мөнгөний дархан дээр намайг авч ирсэн тэр өдөр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байсан санагдаж байна. Ганбаа ахад түүнээс 68.000.000 төгрөгөөр 390гр алт худалдаж аваад, дээр нь өөртөө байсан 254гр алтыг бас өгөөд бугуйвч хийлгээд зүүж БНСУ-руу авч гарах гэж байгаа тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь Ганбаа мөнгөө аваад ирээ, алт бэлэн бишээ хүмүүсээс худалдаж авдаг учраас хугацаа орно гэсэн тэгэхээр нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 68.000.000 бэлнээр ганцаараа аваачиж өгсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 12, билүү, 13 билүү энэ хоёр өдрийг нэгэнд нь бугуйвч бэлэн болсон талаар хэлсэн тэгээд очоод авахад 3 ширхэг бугуйвч хийсэн байсан. Тэр хүн алт авдаг зөвшөөрөлтэй хаягтай байсан холбогдох дугаар нь миний утсан дээр байгаа. Дашням ахын дугаар бас миний утсан дээр байгаа. Тэгээд хөлсөнд нь 50.000 вон өгсөн монгол мөнгөөр 100.000 төгрөг болно. Энэ алтыг Одноо гэх алт мөнгөний дархан хүнээс 2021 оны намар 50 гаруй сая төгрөгөөр худалдан авсан юм. Энэ алт Монголд байсан би өөрөө сая ирээд авч явах гэж байгаад саатуулагдаж байгаа юм. Энэ алтыг надад худалдсан Одноо гэх хүн алт мөнгөний дархан, бас иргэдээс алт худалдаж авдаг хүн гэж байсан. Одоо энэ хүнийг би өөрөө олчих байхаа. Харин энэ 254 гр алтыг худалдаж авсан 50.000.000 төгрөг бол миний өөрийн БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгө.” гэх мэдүүлэг,
Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-ын 2 иргэнтэй хамт Монгол улсад ирсэн. Тэдгээр иргэд Монгол Улсад аялах, газар үзэх зорилгоор ирсэн бөгөөд нэрийг нь Цон Ен Чүр, Чу Ману гэдэг энэ хоёр хүн манай гэрт байрлаж би өдөрт нь, мөн манай нөхрийн гадуур гарч газар үзүүлж бас манай нөхрийн дүүг авсан залуу нь бөө хүн байдаг учраас тэр хүнд үзүүлж харуулсан. Цон Ён Чур, Чу Ману нар нь монголд таньж мэдэх хүн байхгүй учир миний зардлыг даана гэхээр нь би авч ирсэн юм. Надад бас хүүхдийнхээ бичиг баримтыг хөөцөлдөх ажил байсан учир тэр талаараа бас гадуур дотуур нэлээд явж хөөцөлдсөн. Цон Ен Чур, Чу Ману нар нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нутаг буцсан би тэр хоёртоо цуг явах байсан боловч миний ажил амжаагүй учраас явж чадаагүй. Би өөрөө нөхөр хүүхэд хоёрынхоо визний ангиллыг А5 болгох гээд л мөнгө хайгаад байгаа. Энэ алтан бугуйвчийг би өөрөө Солонгос улсад байхдаа мөнгийг шилжүүлж Лхагвасүрэн гэх хүнээр авхуулсан. Энэ хүн өөрөө бас энэ алт мөнгө авах эрхтэй хүн байсан. Ажлын хөлсөнд 200.000 төгрөг өгсөн санагдаж байна. Энэ алтыг далдаж авсан мөнгө маань миний Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгө байсан. Ойролцоогоор 50.000.000 гаруй сая төгрөг болсон байхаа, сайн санахгүй байна. Тэгээд Ганбаатар ахаас нийтдээ 644.68 грамм алтаа аваад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу явахаар Чингис хаан нисэх онгоцны буудал ирэхэд О.Б намайг хүлээж байсан болохоор онгоцны буудал дээр уулзаад 1 ширхэг алтан бугуйвчийг нь Бд зүүлгээд өөрөө 2 ширхэг алтан бугуйвчаа зүүгээд хилээр гарсан. Бид хоёр хилээр гарахдаа өөр өөр цонхон дээр очоод шалгуулаад Улсын хил нэвтэрсэн гэх штамбыг гадаад паспорт дээрээ даруулаад онгоцондоо суух гээд байж байтал хүмүүс ирээд намайг саатуулсан.” гэх мэдүүлэг /1 хх 66-67, 127-129, 139-142, 201-204, 2 хх 104/,
Шүүгдэгч О.Б-ын өгсөн: “Би 2021 оны 12 сард 15-ны өдөр Улаанбаатараас Солонгос улс руу нисэхээр 11 цагын үед Чингис хаан олон улсын нисэх буудал дээр ирсэн. Улмаар хил хяналтын байгууллагаар шалгуулан нисэх буудлын явагчийн заал руу орсон байсан. Гэтэл тагнуулын ажилтан ирээд намайг дагуулж яваад гаалийн байгууллагын үзлэгээр дахин оруулсан. Энэ үед миний зүүж явсан алтан бугуйвчийг гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой гэж хэлсэн. Ингээд намайг саатуулж явуулаагүй. Би гаалийн байгууллагад ямар нэг мэдүүлэг өгөөгүй. Би алтан бугуйвч гартаа зүүж явсан мөн бөгж гинж зэрэг эд зүйл байсан. Алтан бугуйвч бол 199 грамм жинтэй зүйл байсан. Миний эд зүйл мөн би мөнгөөрөө худалдаж авсан. Асуулт: Та хэзээ хэнээс авсан бэ тодорхой дэлгэрэнгүй ярина уу. Би Урандэлгэрээс худалдаж авсан. Хэзээ авснаас санахгүй байна. Би энэ зүйлийг хилээр авч гараад Солонгост очоод Урандэлгэрт буцааж өгөөд мөнгөө буцааж авахаар тохирсон байсан юм. Би У-т мөнгө өгөөд уг алтан бугуйвчийг худалдаж авч хилээр гаргаад Солонгост очиж буцааж өгөөд мөнгөө өсгөж авахаар тохирсон юм. Гаалийн байгууллагаас надаас хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байгаа эсэх талаар асуусан. Би байхгүй гэж хэлээд мэдүүлээгүй. Би авч яваа зүйлээ мэдүүлдэг гэж мэдээгүй.
Би Э. У-ийн гэдэг найзтайгаа өнөөдөр Солонгос улс руу онгоцоор нисэх гэж байгаад хилийн хүмүүст саатуулагдсан. Тэр хүмүүс намайг болон манай найз Э. У бид 2-ыг гаалиар алтан эдлэлээ мэдүүлэлгүй гарсан байна гэж саатуулсан. Э.У бид 2-оос нийт 3 ширхэг алтан бугуйвч гарсан. Би нэг ширхэг 199гр жинтэй алтан бугуйвчийг баруун гарынхаа бугуйнд зүүсэн байсан. Э.У 2 алтан бугуйвчийг нэг нэгээр нь гартаа зүүсэн байсан. Тэгээд бид 2-ыг онгоцны буудлаас энд авч ирсэн. 3 ширхэг алтан бугуйвч Э.У. намайг чи энийг зүүгээд Солонгос явчих тэгээд Солонгост очоод надаас авна гэж хэлсэн.
Би өөрөө БНСУ-д ажиллаж амьдардаг тус улсад байдаг хуурай эгч нартайгаа уулзаад явж байгаад Э.У-тэй танилцсан. Би өөрөө жоохон хурц зантай болохоор манай гэрт заримдаа нэлээд таагүй уур амьсгал үүсээд байдаг. Тэгээд У-т энэ байдлаа хэлэхээр манай нөхөрт бас зөвөөр ойлгуулж хэлж агдаг болохоор бид их дотно харилцаатай болсон. Тэгээд нэг удаа манай гэрт хэрүүл маргаан гарахаар нь би гэрээсээ яваад 4 хоног У-ийн гэрт амьдарсан, тэр хугацаандаа би санаандгүй "байр авах санаатай 79.000.000 төгрөг хураасан талаараа хэлсэн чинь" У "надад байр авахаар цуглуулсан мөнгөнөөсөө 50.000.000 төгрөгийг нь зээлчих би тэгээд эргүүлж өгөхдөө 60.000.000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгээд У-т БНСУ-д байхдаа аваад өгье гэхээр боломжгүй болсон. Би өөрөө шинэ оноо Монголд гаргана гэсэн бодолтой байсан учраас 2021 оны 12 дугаар 03-ны өдөр ирсэн. Харин У нь хэзээ ирснийг би мэдэхгүй байна. Монгол улсад ирээд У-тэй холбогдоход У мөнгөө зээлж авна шүү гэхээр нь уулзахаар болоод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сансарын колонк, шинэ гүрний хажууд байдаг Хаан банкны салбараас өөрийн нэр дээрх хадгаламжийн данснаасаа 74.000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан. Тэгээд тэр мөнгөнөөсөө 30.000.000 төгрөгийг нь бэлнээр гарсан. 20.000.000 төгрөг нь бэлнээр гаргах боломжгүй учраас У-ийн хадам аавынх нь дансруу шилжүүлсэн. У-ийн хадам аавын нэрийг санахгүй байна. Тэгсэн чинь "У надад чи 17.000.000 төгрөгөөр алт авчих", би аваад өгье өө гэсэн, тэгээд би гайхаад ямар учиртай алт юм бэ гэж асуухад "У чи зүгээр надад итгэ" гээд чамд 10 гр алт егье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин Сансарын колонкын шинэ гүүрний хажууд байгаа Хаан банкны салбараас данснаасаа үлдсэн 20.000.000 төгрөгөөс 17.000.000 төгрөгийг нь Уранбилэгт өгсөн. Ингээд нийтдээ 71.000.000 төгрөгийг У надаас авсан. У БНСУ-д караоке ажиллуулдаг би өөрөө очиж байсан болохоор буцааж өгөх чадвартай хүн бодоод зээлсэн. Тэгээд У бид хоёр түүнээс хойш гадуур шоудаж ганц нэг удаа явсан. Тэгж байхдаа надад алтны тухай юу яриагүй ээ. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр явахаар тохироод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярьж би өөрийнхөө билетийг бичүүлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 1 давхарт У бид хоёр уулзсан. Ямар нэг цайны газарт ороогүй ээ. Тэгээд уулзахад Унадад 1 ширхэг алтан бугуйвч өгөөд "энэ дотор чиний 10 гр алт байгаа, чи үүнийг зүүчих гээд өгсөн. Би тэгэхээр нь энэ чинь болох юм уу, гэж асуусан чинь, У болно, зүйл ш тээ гэсэн. Тэгэхээр нь зүүгээд шалгуулах цэг дээр очоод шалгуулаад гарах гэсэн чинь металл мэдрэгч бүхий хаалга нь дугарсан тэгсэн негее шалгаж байсан хүн нь юу юум бэ гэж асуухаар нь бугуйвч гээд хариулсан тэгээд гарсныхаа дараа У лүү мессеж бичээд "энэ чинь хилээр гарахаар дугардаг юм байна ш тээ. Гэхэд үгүй ээ зүгээр яваад ор гэсэн. Урандэлгэр бид хоёр хилээр нэвтрэхдээ өөр өөр цонхон дээр очиж шалгуулсан. Тэгээд хилээр нэвтрээд хил нэвтэрсэн гэх штапмаа даруулаад онгоцонд суухаар хүлээлгийн танхимд бабайтал У-ийг нэг хүн дуудаад, дараа нь намайг дуудаад л саатуулсан. Би тухайн үедээ юу болоод байгааг нь ерөөсөө ойлгоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх 68-69, 123-124, 133-135, 213-216, 2 хх 109/,
Бичиг баримт, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-56, 57-64/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 70-75/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 79-82/, О.Б-ын ...... дугаартай үндэсний энгийн гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-89/, гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 90-97/,
189.8, 197.6, 252.6 грамм нийт 3 хэсэг 640 грамм жинтэй алт, Э.У-ийн..... дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг, Э.Ур-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэг, Самсунг Z-3 загварын гар утас 1 ширхэг, О.Б-ын .....дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг, О.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэг, Самсунг S-20 загварын гар утас 1 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх 99/,
"189.8, 197.6, 252.6 грамм нийт 3 хэсэг 640 грамм жинтэй алт бугуйвч"-ийг Монгол банкны Эрдэнэсийн санд хүргүүлсэн Тагнуулын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16/1172 дугаартай албан тоот /1 хх 100/, алтан гулдмай хүлээн авсан акт /1 хх 101/,
"Монгол банкны 2022.01.05-ны өдрийн Б-15/07 дугаартай албан тоот: "2021.12.15-ны өдрийн алт худалдан авах ханш 162,572.37 /төгрөг, грамм/, мөнгө худалдан авах ханш 1,939.07 /төгрөг, грамм/ байсан ба тус ханшаар 252.60 грамм алтны үнэлгээ /алтны үнийн дүн 103,773,195.21 төгрөг/, нөөц ашигласны төлбөр 5,188,659.76 төгрөг/-г тооцон хавсралтаар хүргүүлэв." гэх /1 хх 177-180/
Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ..... дугаартай дүн /хх 186/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Э.У, О.Б нарыг хамтран гүйцэтгэгчээр Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 189.75 грамм жинтэй 998.04 хувийн алтын сорьцтой, 197.57 грамм жинтэй 997.66 хувийн алтын сорьцтой, 252.61 грамм жинтэй 996.88 хувийн алтын сорьцтой 103,773,195.21 төгрөгийн үнэ бүхий алтыг 3 ширхэг бугуйвч хэлбэрт оруулан өөрчлүүлэн зүүж,
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.3 "Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт № 2/-аар гаалийн бүрдүүлэлт хийхгүй." 13.4 "13.3-т заасан бараа, гаалийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад боловсруулалт хийх барааг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй."-т заасныг зөрчсөн нь;
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Монгол улсын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол улсын хилээр гаргахыг хориглоно.", 14.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 15.4-т заасан үнийн дүн хүртлэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол улсын хилээр гаргаж болно.",
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1/. "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ; 3.1.2/. "Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ." гэж тус тус заажээ.
Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Э.У, О.Б нь хамтран Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд багтах алтыг бугуйвч хэлбэрт оруулан зүүж гаальд мэдүүлэх үүргээ биелүүлэлгүй авч гарсан үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй гэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,
мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Э.У, О.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах нийт 640 грамм жинтэй 3 хэсэг алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлсэн буюу 3 ширхэг бугуйвч болгон 1 алтан бугуйвчийг О.Б нь зүүж, Э.У нь 2 ширхэгийг зүүж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.
Улсын яллагч шүүгдэгч нарыг Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно." гэснийг зөрчсөн гэж үзсэн нь буруу гэж үзэв. Шүүгдэгч Э.У, О.Б нар нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд энэ хуулийн субьект болохгүй, "Ашигт малтмалын тухай" хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр, шүүгдэгч Э.У-ийг 2 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгуулын ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б, Э.У нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай бусад баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр, шүүгдэгч О.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 189.75, 197.57, 252.61 грамм нийт 3 хэсэг нийт жин нь 640 грамм алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын төсөвт оруулах,
Шүүгдэгч Э.У-ийн дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг, О.Б-ын дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгох, Э.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэг, О.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.У, О.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох,
шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, О.Б нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 103,773,195.21 /нэг зуун гурван сая долоон зуун далан гурван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийн үнэ бүхий 189.75, 197.57, 252.61 грамм нийт 3 хэсэг нийт жин нь 640 грамм жинтэй алтыг /бугуйвч хэлбэрт оруулсан/ хурааж улсын төсөвт оруулсугай.
6.Шүүгдэгч Э.У-ийн дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг, О.Б-ын дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгож, Э.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэг, О.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У, О.Б нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ