| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
2023 01 24 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Х.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.А-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.А төрсөн, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхэд, хүргэний хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн нутаг Дөрвөлжингийн энгэр гэх газарт байх гэртээ өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас нөхөр Н.Л-ийн зүүн далан тус газар хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Н.Л-ийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сум замт 4 дүгээр багийн нутаг Дөрвөлжин гэх газар манай саахалт айл болох Шатар гэх айлд 2 шил архи уучхаад Шатар болон хажуу айлын Ганбаа, манай эхнэр, Түвшинбаяр гэх залуу бид нар манайд очсон. Тэгээд 0.5 граммтай экс нэртэй архи уусан. Манай эхнэр болох А бага гэрт ороход нөгөө хэд ар араасаа бага гэр рүү орсон. Тэгээд би араас нь орсон. Бага гэрт байж яах гэж байгаа юм том гэр рүү оръё гэж хэлсэн чинь манай эхнэр чамд хамаагүй хаана байх нь чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань өөдөөс дайраад байхаар нь үснээс нь татаад түлхсэн. Тэгтэл манай эхнэр намайг балбаад нүдэж байсан. Би тэгэхээр нь доошоо сөхрөөд суусан. Тэгээд харсан чинь гарт нь хутга байсан. Эхнэр маань дахиад далайгаад цохисон чинь тэгээд гарт байсан хутгаараа дал хэсэг рүү хоёр удаа дүрсэн. Дахиад далайгаад цохихоор нь гараараа хаасан чинь гар буюу тохой хэсэгт бас хутгаараа дүрсэн. Би тэгээд больё би явмаар байна намайг явуулчих, би үхэх нээ гэсэн чинь эхнэр маань 2 гартаа хутга бариад чамайг хөдлөөд өндийх юм бол ална шүү гээд байсан. Тэгээд босох гэтэл нуруу нь тус газар 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал Шатар гэх айлд байсан Түвшинбаяр орж ирээд яаж байна гээд анхаарал нь суларсан. Тэгээд манай эхнэр болох нь Түвшинбаяр гэдэг хүнтэй ярилцаж байхаар нь Түвшинбаяр гэдэг хүний мотоциклыг унаад Шатар гэх айл руу явсан. Тэгээд түргэн тусламж дуудуулсан. Тэгээд тэнд очоод байж байтал араас ирээд хашхичаад байсан. Тэгж байгаад гэр рүүгээ явсан. Би эхнэртэй хамт архи уусан. Зүүн далны хэсэгт 2 удаа, зүүн тохой хэсэгт 1 удаа хутгалсан. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 2022 оны 9 дүгээр сарын 21-нд хэвтээд 28-нд гарсан. Шатар гэдэг хүн ирээд Эрдэнэсант суманд байдаг Палбаанаа нар манайд ирээд илүү гэрт цуг архи уугаад би том гэр рүү орж сууя гэсэн чинь эхнэр А хаана ч уусан яадаг юм гээд уурласан. Тэгтэл гэрээс Палбаанаа гэрээд явсан. Тэгсэн А нуруу руу цохих шиг болохоор нь хартал гартаа хутга барьсан хэсгээс нь цус гараад ална гээд хашхираад чи намайг хутгалсан байна гэсэн чинь гар руу мөн нэг удаа хутгалаад гэмтэл учруулсан. Надад эхнэр А-ийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг урьд нь 1-2 удаа хутгалж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж байгаагүй.",
"Өнгөрсөн 2021 онд бид 2 маргалдаад би нүүр рүү нь нэг удаа алгадсан чинь хөнгөн гэмтэл гараад тэгээд би тухайн асуудлаасаа болоод шүүхээр ороод торгуулж байсан. Өөрөөр бол хоорондоо муудалцаж маргалдах зүйл гарч л байсан, гэхдээ энэ шиг ийм цагдаа шүүх болж яваагүй. Яг хэрэг болох үед бол эхнэр Ж. А бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин яг намайг хутгалчихсан байхад гаднаас Түвшинбаяр мотоциклтой ирсэн. Тэрний өмнө Палбаанаа буюу Эрдэнэбат байж байгаад явчихсан байсан. Тэгээд би Түвшинбаярын мотоциклыг унаад Шатар ахын гэрт очиж тэндээсээ эмнэлэг дуудсан. Би тухайн үед эхнэрээ зодоогүй. Харин маргалдаж хэрэлдэх л юм болсон. Ер нь тэгээд согтуудаа маргалдаад л ийм юм болчихсон, над руу дайраад байхаар нь би нэг л удаа түлхсэн. Гэхдээ сүйдтэй бол түлхээгүй. Тэгээд миний нуруу руу цохиод авах шиг л юм болсон. Тэгтэл нэг мэдэхэд намайг хутгалчихсан байсан. Манай хүн намайг хаана хутгалснаа ч мэдэхгүй сүүлд эмнэлэгт байхад яана аа би чамайг хөл рүү чинь хутгалчихсан уу гэж байсан. Хаана яаж хутгалснаа ч мэдэхгүй байсан юм шиг байна лээ. Согтуудаа л тэгсэн байх гэж би бодож байна. Бид 2 нэлээд архи уусан байсан. Би гэхдээ юм мэдэхгүй болтлоо согтуу байгаагүй.” мэдүүлэг /хх 14-16, 19-20, 90 /,
Шүүгдэгч Ж.А-ийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 21-ны өдөр өглөө 07 цагийн орчим Цогдэлгэр гэх айлд Л-тай хамт очиж хоол идчихээд 0.75 граммтай "Хараа” нэртэй архийг цуг хувааж уугаад манай хажуу айл болох Шатар гэх айлын очиж тэнд би 4 хул айраг уусан. Лувсанданзан нь тэнд байсан хүмүүстэй 2 шил 0.75 граммтай архи хувааж ууцгаасан. Тэгээд тэндээсээ хөдлөөд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал Шатар гэх айлаас 4 хүн манайд ирсэн. Тэгээд тэд нар 0.5 граммтай Экс нэртэй архийг Л-д гаргаж өгөөд тэгээд тэр хэд хувааж уусан. Ууж байх хугацаандаа Л нь намайг элдэв янзаар дуудаж, хэл амаар доромжилсон. Тэгж байгаад нөгөө архи дууссан манайд ирсэн хүмүүс Шатар гэх айл руу явсан. Тэгээд хүмүүс гарсан Л нь агсраад намайг барьж аваад хамаг хувцас хунар урсан. Миний үснээс зулгааж газар 2-3 удаа газар мөргүүлсэн. Би хашхираад үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд нэг юм зууралдаж байгаад салаад том гэрийнхээ баруун талд байдаг жижиг гэр рүү гээ орсон араас Л орж ирэхээр нь пилетик нь дээр байсан хутгыг аваад надад ойртвол энэ хутгаар хатган шүү гэсэн. Тэгсэн чинь шууд намайг бариад авсан тэгэхээр нь би хутгатай гараараа ар нуруу руу нь цохисон. Тэгтэл Л намайг тавиад бага гэрийнхээ дотор талын хойд хэсэг рүү ёо ёо ёо гээд хойшоо ухарч 40 бетонтой таргыг асгасан. Тэгээд над руу эргэж хараад хөлөөрөө өшиглөх гэтэл нь би хутгатай гараараа хөл хэсэг рүү цохисон. Гэтэл гадаа мотоцикл дугараад гадаа Шатар гэх айлд уулзаж байсан хүмүүсийн 2 хүн ирсэн Түвшинбаяр, Өлзий гэх хүмүүс жижиг гэр лүү орж ирсэн Л-г хартал гуянаас нь цус гарч байсан би хараад маш их айсан. Тэгээд би том гэр лүүгээ орсон тэгээд мотоцикл дуугарсан тэгсэн чинь ирсэн хоёр хүний мотоциклийг нь унаад зүүн хойд зүг рүү давхиад явсан Шатар гэх айлд очсон байсан. Ийм зүйл болсон. Намайг эхэлж түрүүлж зодсон. Жижиг гэр рүү орсон байхад араас орж ирээд зодох гэж л орж ирсэн. Тэгээд би хутга барьсан. Тэгээд би Л-д хэлж байсан. Надад ойртох юм бол хатгана шүү гэж хэлээд байхад надаас бариад авсан. Тэгээд байсандаа болоод хутгатай гараараа цохисон. Хутганы мэс хүрэхэд өөр хүн байгаагүй. Би хутгаар дал хэсэг болон хөл нь дээр нь гэмтээсэн. Би хоёр хоёулаа архи уусан байсан. 3-4 шил архи уусан байсан. Гуянаас нь цус гарч байхыг харсан. Өөр ямар нэгэн зүйл хараагүй.",
"Манайх Төв аймгийн Алтанбулаг сумын замт 4 дүгээр багийн нутаг "Дөрвөлжин" гэх газар мал маллаж амьдарч байгаа ба 2022 оны 08 дугаар сарын 21 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Л-ны хамтаар саахалт айл болох Цогдэлгэрийнд очоод Цогдэлгэр, эхнэр нь Оюунчимэг манай нөхөр Л бид дөрөв 0.75 граммтай нэг шил архи хувааж уугаад дуусаад бид дөрөв Шатар гуайнд очоод архи, айраг уугаад Л бид хоёр гэртээ ирээд байж байсан чинь араас Цогдэлгэр мөн Шатар гуайнд Эрдэнэсантаас ирсэн гэх 3 хүний хамт манайд нэг шил архитай надад чихэртэй ирээд манайд архи уугаад тэгтэл нөхөр Л надад чихэр өгсөн хүнтэй намайг хардаад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манайд ирсэн байсан хүмүүс явцгаасан. Л намайг чамд яахаараа чихэр өгдөг юм чамайг хүнтэй уулзахгүй болгоод өгнө гээд намайг үстээд доош нь дараад газар мөргүүлээд хувцас ураад өмд тайлаад бөгс руу Л бэлэг эрхтнээ хийгээд дарвайлгаад өгнө гээд хийгээд өвтгөөд байсан. Тэгээд манайд ирээд явсан хүмүүс гадаа байгаа байх гэж бодоод намайг авраарай гээд хашхираад тэгтэл Лувсанданзан намайг тавиад гэрээс гараад явсан. Би тэр хойгуур нь гэрээс гараад бага гэр лүү ороод дээл өмссөн. Тэгтэл Лувсанданзан бага гэр лүү орж ирсэн. Би тэгээд газ нь дээр байсан саарал өнгийн эвхдэг хутга байсан түүнийг аваад Л-г над руу ойртох юм бол би чамайг хутгалан шүү гэсэн тэгтэл Л намайг тэврээд авсан би хутгаар Л-ын нуруу руу гартаа барьж байсан хутгаар хатгасан байсан.” гэх мэдүүлэг /хх 22-24, 85-86/,
Гэрч Д.Ш-ын өгсөн: “Би Төв аймгийн Алтанбулаг сум Замт 4-р багийн нутаг Дөрвөлжин гэх газар оршин суудаг. 2022 оны 8 сарын сүүлээр 21-ний өглөө байсан. Улаанбаатар хот руу Л, А хоёр очиж мал ачиж явна гэсэн хүмүүс манайд 0.5 грамм архи уусан. Манайд нээх удаагүй гэр рүүгээ явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг нь хутгалчихлаа гээд ирсэн. Эмнэлэг дуудсан гэсэн. Тухайн үед Л болон манай хүргэн дүү Эрдэнэбат нар байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Өмнө нь маргалдсан гээд шүүхээр орлоо гэж ярьдаг байсан. Хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Манай илүү гэрт хэвтэж байсан. Надтай юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Ц.Т-ын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд хамаатан Шатан ахынд очиж хэд хоносон. Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 21-ний өглөө Шатар ахын гэрт Шатар ах, Өлзий гээд гэдэг залуу нэртэй залуу, бас Шатар ахын хүргэн Памбаа бид 4 архи уусан. Тэгтэл гаднаас Шатар ахтай саахалт байдаг Л гэх залуу эхнэр А-ийн хамт портертой эмээлт ороод мал зараад ирлээ гэж хэлээд 1 шил архитай ирсэн. Тэгээд бид нар 6-уулаа болоод архи болон айраг уусан. Архи ууж байгаад Л эхнэртэйгээ явсан. Нэлээд байж айгаад бид нар араас нь очсон. Тэгээд Л-ийн гэрт уусан санагдаж байна. Тэгж байгаад буцаж яваад Өлзийгийн хамт Өлзийгийн мотоциклтой дахиад очиход жижиг гэр дотроо А нь нөхөр Л-г хутгалчихсан цус гарсан байдалтай бөхийчихсөн байсан. Тэгээд тэндээс Л нь Өлзийгийн мотоциклыг унаад Шатар ахынх руу явсан. Бид нар архи ууж байхад Л болон А нар хоорондоо маргалдаж муудаж сайдсаныг мэдэхгүй байна. Ямартай ч эхнэр нь нөхрийгөө хутгалсан байсан. Сүүлд Өлзий бид хоёр очиход тэнд Л болон А хоёроос өөр хүн байгаагүй. Бид нар архи ууж байхдаа хоорондоо маргалдаж муудаагүй.” гэх мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч Л.Ү-ийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн оройхон санагдаж байна. Над руу манай төрсөн дүү Зулбаяр утсаар яриад аав, ээж 2 хэрэлдээд ээж, аавыг хутгалчихжээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм болоо гэж бодоод залгаад юу болсон юм бэ, яасан гэнэ ээ гэж асуухад ээж уйлаад аав чинь агсам тавиад, үсдэж зодоод, хамаг хувцас хунар тайлаад энэ тэр гээд уйлаад надтай ярьсан. Тэгээд ээж, ааваас зугтаагаад илүү гэр лүүгээ ороод байж байхад араас орж ирээд ойртохоор нь өөрөө ч мэдэхгүй ээж нь хутгалчихжээ гэж хэлээд уйлаад байсан. Ер нь аав ээжийг намайг 8 дугаар ангид байхаас санагдаж байна, манай бага дүү 1 билүү 2 настай байхад 2015 оноос хойш зодож гар хүрдэг болсон. Тэгээд би болон манай доод талын дүү бид 2 ээжийг та ааваас салчихгүй юу доо гэж хэлдэг байсан. Аав бол ээжийг их зоддог байсан. Тэр болгон ээж цагдаад хэлдэггүй гэрийнхээ асуудлыг гэртээ шийднэ гэж хэлээд үлддэг байсан. Миний хамгийн тод санаж байгаа нэг зүйл гэвэл 2018 онд манай аав өдөр нь согтуу ирээд ээжийг зодчихсон бөгөөд маргааш нь ээж уруулаа толинд хараад янзлаад л байж байсан. Би энийг бол ёстой тод санаж байна. Бас нэг удаа пийшин лүү түлхэж унагаад нурууг нь түлж байсан. Ер нь бол аав ээжийг маш их олон удаа цохиж зодож байсан. Тэр болгонд нь цагдаа шүүх гэж явдаггүй байсан. Хамгийн сүүлд 2020 билүү 2021 санагдаж байна, аав ээжийг зодоод тэр үед бүр аргаа бараад цагдаад аав шүүхээр орж торгуулж байсан. Манай аав ер нь л бол архи ууна, архи уухаараа бол тэгээд ээжтэй хэрэлдэнэ, хэрэлдэхээрээ зодно, их л юм болно. Тэр болгонд бид нарт хэлэхгүй нууж хааж явна, арга аа барсан үедээ л хэлнэ дээ. Би болон манай 2 дүү нар бүгдээрээ л хотод сургуульд сурдаг. Амралтаараа л хөдөө гэртээ очдог. Улаанбаатар хотын гэрт ч гэсэн аав, ээж 2 хэрэлдэж зодолдоод аав цагдаад эрүүлжүүлэхэд очоод хонож байсан тохиолдол байгаа.” гэх мэдүүлэг /хх 93-94/,
Гэрч Л-ийн өгсөн: “Би Төв аймгийн Алтанбулаг сумын ЭМТ-н дарга ажилтай бөгөөд манай сумын Замт 4-р багийн иргэн Л хутгалуулсан дуудлага нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тухайн үед манай эмнэлгийн эмч Мөнхбаяр болон сувилагч Номин-Эрдэнэ нар явсан. Тэгээд тухайн дуудлагад очоод тэндээсээ шууд яаралтайгаар Улаанбаатар хот ГССТ-рүү хүргэгдсэн. Манай дээр дуудлага ирээд тэгээд тухайн газраасаа шууд яаралтайгаар хот руу явсан болохоор манай эмнэлэг дээр яралтай тусламжийн хуудас бөглөгдөж эмчилгээний стор нээгдээгүй. Харин дуудлагын бүртгэлд бүртгэл хөтлөгдсөн.” гэх мэдүүлэг /хх 101-102/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн женсэн өмд болон цэнхэр өнгийн дотуур ноосон өмдөнд эдэлгээ, хэрэглээний явцад гарсан хуучин цооролт байна. Цагаан өнгийн нунтаг болон цус мэт зүйлээр бохирлогдсон байна. 2.2 дахь асуултад шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн асуулт тул хариулах боломжгүй." гэх дүгнэлт /хх 67-68/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн: “1.Н.Л-ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн, зүүн дал, зүүн тохойд шарх, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 73-74/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч Ж.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ж.Ат ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Ж.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.А-ийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Хохирогч Н.Л нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй төрийг төлөөлж гэмт хэргийн улмаас хохирогч Н.Л-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ГССҮТ-д мэс засалд орсон болон 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр амбулаторийн үзлэгийн төлбөр 1 371 550 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байх тул үүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд дээрх төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цагаан цайвар шаргал өнгийн футболкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хөх өнгийн дотуур өмд, гутлын ороолт, хөх өнгийн жинсэн өмд зэргийг хохирогч Н.Л-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.А-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.А-ийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Ж.А-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.А-ээс 1 371 550 /нэг сая гурван зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай санд оруулсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цагаан цайвар шаргал өнгийн футболкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хөх өнгийн дотуур өмд, гутлын ороолт, хөх өнгийн жинсэн өмд зэргийг хохирогч Н.Л-д буцаан олгосугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ