Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60        

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          02           03                                                   2023/ШЦТ/60        

                        

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О,

Шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.З-д холбогдох эрүүгийн  дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.З,  төрсөн,  настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, өрмийн мастер мэргэжилтэй, “Од” ХХК-д барилгачин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч П.З нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1-р багийн нутаг "Оросын олом" гэх газарт Тоёота приус маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, О.Б, Ж.Ж нарын хамт усанд явахдаа, Хэрлэн гол руу унаж болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн  дугаартай хэрэгт авагдсан 

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 03-ны 02:58 цагт ... дугаараас нэг эмэгтэй хүн залгаад Б-ын ээж мөн үү Б усанд осолдоод амиа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн дугаар өгсөн. Тэгээд би тэр цагдаатай нь утсаар ярьж байгаад үнэмшсэн. Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. З гэдэг хүнд маш их гомдолтой байна. Хүүгийнхээ амийг нэхэмжилнэ. Эднийхэн миний хүүгийн амьдралаар бага байхаас нь эхэлж тоглосон хүмүүс байгаа юм. Миний хүү хүнд тусархуу цагаахан хүн чанартай хүн байсан. Би ганц хүү гээд эрх дураар нь өсгөсөн, хожим нэг дүүтэй болсон бөгөөд тэр дүүгээ 4 настай байхад  нь алдсан. Сүүлийн үед архи дарс уудаг болчихсон байсан. Тамхи татдаг үе үе хэдэн өдрөөр ор сураггүй алга болчихдог байсан. 02-ны өдөр над руу залгаад эгчдээ самарт явлаа гэж хэлсэн байсан. Оршуулганы зардалд 18 сая төгрөг зарцуулсан. З 10 сая төгрөг өгсөн. Үлдэх хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 34/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн өгсөн: “Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Хүний муу үзмээргүй байна. Энэ хэрэгт гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч П.Н-н өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ байж байхад манай дүү Д, З хоёр самарт явах уу гээд хамт самарт явахаар болоод өдөр 11 цагийн орчим До, З, Б, Да, Н, Бө гээд бусад хүмүүсийг нь сайн танихгүй нийт 10-уулаа нийлээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд ирж самар түүхээр болоод До, Да Б бид нар самарын хүний машин гээд цагаан өнгийн Приус-20 маркийн машинд суугаад цэнхэр өнгийн Раум маркийн машин бас Сонота-6 маркийн машин мөн усанд унадаг мөнгөлөг өнгийн Приус-11 маркийн машинуудтай хамт Улаанбаатар хотоос хөдлөөд Багануур дүүрэгт ирээд Багануур өнгөрөөд зогсож байгаад нэг шил архи уусан бөгөөд тухайн архи нь төмөр савтай архи байсан. Тэр архинаас би З болон бусад эрэгтэйчүүд нь хувааж уугаад дуусгасан.  Тэгээд хөдлөөд мөн Мөнгөнморьт сумын төв дээрээс ирж дэлгүүрээс гоймон идэж уух зүйл аваад сумын төвөөс зүүн тийш явж байгаад бид нарыг авч явсан хүн тухайн газар буюу бид нарын байрлаж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1-р баг Арасын олом гэх газарт хаваржаан дээрээ буулгаад бид нарыг байрлуулсан. Бусад машин нь яваад өгсөн. Тэгээд бид нар гоймон идэхээр болоод ус байхгүй байсан тул З Приус 11 маркийн машиныг бариад хоёр талийгаач ард талд нь суугаад мөн 8-ийн хувин аваад усанд явсан. Тэгээд 30 орчим минут болоод ирэхгүй болохоор нь Бө бид хоёр араас нь усанд явахаар болоод хойноос нь явсан чинь цаана хүмүүс орилолдоцгоосон. Тэгээд бид хоёрыг ирэхэд машин усанд дээшээ харчихсан байж байсан. З эрэг дээр нь гарч ирээд суучихсан байсан. Тэгээд Бө ус руу ороод хоёр талийгаачийг машины арын суудлаас нь гаргаж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 45-46/,

Гэрч П.Да өгсөн: “...бид арав үлдээд бид нар гал түлээд гоймон чанахаар болоод ус хэрэгтэй болоод машинтай явна гээд З машин бариад хоёр талийгаач ард нь суугаад хөдлөөд цаашаа яваад өгсөн. Тэгээд гэрэл байхгүй болсон. Бид нар консеров задлаад талхан дээр тавиад идэж байгаад нөгөө хэд ирэхгүй удаад байхаар нь би хойд талын хороон дээр гараад асаагуурын гэрлээр анивчуулсан. Тэгээд юм харагдахгүй байсан. Тэгээд эргээд сууж байтал үхлээ үхлээ гээд нэг хүн орилох шиг болохоор нь бид нар гүйгээд очход голын эрэг дээр З гараад ирчихсэн байсан. Машин чинь хаана байна гэсэн чинь усанд уначихсан гэж хэлсэн. Тэгээд би гол руу хартал машин дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд би ус руу ороод урд хаалгыг нь онгойлгож үзэхэд хүн байхгүй жолооны хүрд баригдах шиг болсон тэгээд би буцаж гарч ирээд З-оос нөгөө хоёр чинь хаана байна гэсэн чинь мэдэхгүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд Бө, Б хоёр ус руу ороод хоёр талийгаачийг машины арын суудал дээрээс гаргаж ирээд хиймэл амьсгал хийгээд сэрэхгүй байсан. Тэгээд түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч Б.Н-ны өгсөн: “...ус байхгүй байсан тул Зоригоо хоёр талийгаачтай хамт усанд явсан. Хэн машин барьсныг мэдэхгүй байна. Машин хөдлөөд л явчихсан. Тэгээд 20-30 минут болсон бөгөөд Н-тай бид хоёр араас нь тогоо бариад усанд явсан. Усаа олохгүй буцаад иртэл манай нөгөө хэд орилцгоогоод цааш гүйсэн. Бид хоёр араас нь гүйгээд яваад очиход З-ийн эхнэр З-г тэвэрчихсэн байсан. Цааш нь харахад машин голд уначихсан байсан. Тэгээд бид гол руу ороод урд талын хаалга олгойлгоод гараа хийж үзэхэд юм баригдахгүй сандал баригдаад байхаар нь арын хаалгыг нь онгойлготол талийгаач Ж баригдсан. Тэгээд Ж-г гарчхаад дахиад арын хаалгаар талийгаач Б-г гаргаад ирсэн. Тэгээд цээжин дээр нь дараад ямар нэгэн хариу байхгүй бие нь хөшчихсөн байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Гэрч С.Н-н өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зоригоо ах самарт явах уу гэхээр нь зөвшөөрөөд эхнэр болон эхнэрийн ахыг аваад гарсан. Би З араас  улсын дугаартай приус-11 маркийн машиныг худалдан авсан бөгөөд мөнгө нь дутуу байгаа. Тэгээд Багануур дүүрэг өнгөрөөд З машин бариад би ард нь суугаад явсан. Тухайн газарт 1 шил архи ууцгаагаад Мөнгөнморьт сум өнгөрөөд дахин 1 шил архи уусан. Тэгээд нэг хүн дагаад явсаар байгаад нэг хаваржаан дээр ирээд бид нарыг буулгаад та нар наанаа амарчих би өглөө эрт ирээд та нарыг авъя гээд яваад өгсөн. Бид нар мод түүгээд гал түлээд дэлгүүрээс авсан бэлэн гоймонгоо дэвтээхээр болоод байж байтал усанд явахаар болоод хөдлөөд явсан. Хэн нь машин барьсныг хараагүй. Тэгээд бид нар үлдээд молко, шопрот талханд түрхэж идээд байж байтал нэг хүн орилох шиг болсон. Яваад очиход З ах байсан. Юу болсон бэ ах гэсэн чинь бид гурав ур руу орчихлоо гээд орилоод байсан. Тэгээд би цааш хартал машин усанд дээш харчихсан байсан. Тэгээд Бөмбөг ах яваад ирсэн бөгөөд бид нар очоод урд суудлыг нь үзсэн чинь хүн байхгүй байсан тэгээд арын хаалгыг онгойлготол талийгаач Ж гарч ирсэн. Би ахыг чирээд эрэг рүү гарсан. Араас Бө цааш ухаж Б-г гаргаж ирсэн. Бид хоёр цээж нь дээр нь дараад хиймэл амьсгаа хийсэн тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч Ж.Т-ийн өгсөн: “...бид нар үлдээд гар түлээд бэлэн гоймон идчихээд унтана гээд усгүй болчхоод З ах машин бариад Б, Ж ах нар суугаад хөдлөөд явсан. Бид нар 10-20 минут орчим хүлээгээд байж байтал хүн авраарай гэх шиг болсон. З ахын дуу шиг байсан. Яваад очиход З бид гурав усанд орчихлоо гэж байсан. Тэгээд цааш хартал машин усанд орчихсон дээш харчихсан байсан. Тэгээд манай нөхөр Б ах хоёр гол руу ороод арын хаалгыг онгойлгоход манай ах суудал доороо дарагдсан байдалтай харагдсан. Тэгээд манай нөхөр Ж ахыг татаж гаргаж ирээд араас нь тэр хаалганаас Бө ах Бя ахыг гаргаад ирсэн. Тэгээд тэр хоёр ямар ч ухаангүй бие нь хөрчихсөн байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх 51-52/,   

Гэрч О.Д-ийн өгсөн: “Өмнөх жил самарт хамт явсан хүн утсаар залгаад самарт явахаар болсон. Бид нарыг Тэнгэр плаза дээр дуудаад бид нар яваад очиход ирэхгүй байсан тул Ботаник дээр очиж уулзаад хамт явцгаасан. Налайх өнгөрөөд дэлгүүр ороод нэг пиво аваад Д-тай, Бя бид гурав уг пивийг уугаад наашаа ирсэн. Багануур өнгөрөөд нэг шил архи уусан. Мөнгөнморьт сум орж ирээд дэлгүүр аваад ойр зуурын идэж уух зүйл аваад сумаас гараад дахин нэг шил архи задлаад Н-тай, Бя, Ж, З нар хувааж ууцгаасан. Тэр архийг бас танихгүй гурван ахын хамт уусан. Тэр архинаас нь би нэг хоёр л татсан байх тэгээд самарт гаргахгүй болчихлоо шалгалттай байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нарыг Шовко гэдэг залуу бид нарыг хаваржаандаа аваачин үлдээгээд болохгүй бол буцахаар ярилцаад байсан. Тэгээд тэндээ ор дэрээ засаад байж байгаад бид нар гал түлэхээр болоод мод аваад ирэхээр нь гал түлээд байж байтал бэлэн гоймон чанхаар болоод усгүй болчхоод Ж машинтай усанд явах уу гол нь хол юм гэнэлээ гэж хэлсэн. Тэгээд З чи өөрөө явахгүй юу пизда минь гэж хэлсэн. Тэгээд хамтдаа усанд явахаар болсон бөгөөд машиныг З бариад Бя, Ж нар ард суугаад усанд явцгаасан. Тэрнээс хойш 30 орчим минут алга болсон байх тэгж байтал манай нөхөр ус авахдаа машиныхаа гэрлийг унтраагаад авдаг болчихсон юмуу аль эсвэл төөрчихсөн юм болов уу гэж хэлээд байж байтал би үхлээ гээд З орилох шиг болсон. Тэгээд бид нар тоглож байгаа юм болов уу гээд яваад очиход З хувцас нь норчихсон байж би үхлээ гээд байсан. Тэгээд бид нар гол руу яваад очиход машин нь дээш харчихсан усан дотор байсан тэгээд Бө, Ба хоёр гол руу ороод урд талынх нь хаалгыг онгойлгоод Бө хүн байхгүй байна шдээ гэж хэлсэн. Тэгээд би эргээд З руу очоод юу болсон талаар асуух гэсэн чинь араас хөөе байна байна гэхээр нь эргээд яваад очиход арын суудлаас Бя, Ж хоёрыг гаргаад ирчихсэн байж байтал гарч ирэхдээ л нас барчихсан байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Гэрч С.Н-ийн өгсөн: “...усгүй байсан тул Ж, Б хоёр бие биеэ яв гээд байсан бөгөөд Ж, Б, Зурав усанд явахаар болоод З машинаа бариад нөгөө хоёр нь ард нь суугаад явсан. Тэгээд нэлээд байж байсан чинь Зо үхлээ гээд орилсон тэгээд бид нар гүйгээд очиход З шал нойтон болчихсон мөлхөөд явж байсан тэгээд би очоод галын дэргэд аваачихсан тэгээд би хажууд нь байсан. Бид нар ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 55-56/,

Гэрч Ж.А өгсөн: “Би өмнө жил хамт самарт явж байсан Д-тай З гэдэг хүмүүсийг таньдаг байсан. Самарт явахаар болоод 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх хүмүүстэй утсаар холбогдоход зөвшөөрч самарт явахаар болсон. Би хотод байсан тул тухайн хүмүүсийг аваад мөн өөр 6 хүний хамт дөрвөн машинтай Улаанбаатар хотоос гараад Налайх дүүргийн Шүрэн гэдэг дэлгүүр орсон. Би өөрөө ундаа зайрмаг хоёр аваад машиндаа суусан чинь Д-ийн эхнэр, Бя хоёр дэлгүүр ороод том пиво аваад гараад ирсэн байсан. Тэгээд тэрийгээ замдаа Д-тай, Бя хоёр ямар ч байсан ууж байсан. Тэгээд Багануур орж ирээд Багануурын хөшөөний тэнд зогсоод машины дугуйн хий гарч байсан болохоор тэрийг нь янзлаад хөдлөөд зам ангийн кемпийн тэнд зогсоно гээд нэг төмөр савтай архи гаргаж ирээд тэд нар тэр архиа тойруулж уусан байгаа. Тэгээд сумын төвд ирээд хоёр машин нь урд хошууны үзүүр лүү гараад би дэлгүүр ороод бэлэн гоймон ундаа консейров зэрэг зүйлсийг авч өгөөд самарт гаргахаа больсон гэдгийг сонсоод хөдөө гаргаж амраачхаад өглөө буцаахаар болоод өөрийнхөө хаваржаан дээр аваачихаар хөдөө гэрээсээ хувин тогоо хоёр авч өгөөд хаваржаан дээрээ хүргэж өгсөн. Би өглөө эргэж ирж авна гээд явсан. Тэндээ гурван машин ирсэн бөгөөд тэр хүмүүст гол ус их ойрхон байдаг шүү битгий ийш тийшээ яваарай гэж хэлчхээд явсан. Тэгээд би нөгөө хэдэн машинтайгаа наашаа хөдлөөд явж байтал миний дугаар луу .. гэсэн дугаараас залгаад гурван хүн усанд ороод хоёр нь ухаангүй байна хурдан эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би эхнэр лүү залгаад чи эмнэлэг дууд гэж хэлээд утсаа салгасан чинь хэсгийн төлөөлөгч залгаад яг хаана юм бэ юу болсон юм гэхээр нь зааж өгсөн байгаа. Тэгээд би буцаж давхиад очиход машин нь дөрвөн дугуй нь дээш харчихсан хоёр хүн машинаасаа зүүн талд дээш харчихсан хэвтэж байсан. Тэгээд би эргэж ирээд эмнэлгийн машин тосоод эмнэлэг авч ирээд эмч нар үзээд нас барсан байна гэсэн. Ямар нэгэн эмчилгээ бол хийгээгүй. Надтай хамт байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Надаас салснаас хойш юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 54-55/,

Шүүгдэгч П.З-гийн өгсөн: "Миний хувьд 2022 оны 8 дугаар сарын дундаас эхлээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн А гэдэг хүнтэй ярилцаад хамт самарт явахаар тохиролцож байсан. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А Улаанбаатар хот руу орж ирж байна явах юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь явахаар шийдээд хамт самарт явах хүмүүс цуглуулаад Ж, Бя, мөн Д-тай, Наянтай, Д-тай ахын эхнэр, манай найз охин Н, Бө, Ба  эхнэртэйгээ гээд нийт 10 хүн цуглаад хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу нийт 4 тээврийн хэрэгсэлтэй явсан. Замаараа явсаар байгаад Багануур дүүрэг өнгөрөөд зогсоод нэг шил архи задлаад тэрийгээ хувааж уучхаад хөдлөөд Мөнгөнморьт сумын төв орж ирээд дэлгүүр орж нэг шил архи аваад цаашаа уул руугаа явах гэсэн чинь машин тэрэг нь бүтэхгүй болоод байсан чинь А та нар манай хаваржаан дээр очоод хоночих гээд дагуулж яваад нэг хаваржаан дээр аваачсан. Бид нар дэлгүүрээс авсан байсан бэлэн гоймонгоо дэвтээж идэх гээд гал түлэх гээд бургас түүх гээд би Приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай миний нэр дээр байдаг машиныг жолоодоод бургас түүгээд галаа түлчихсэн. Тэгээд усанд явахаар болоод би Ж-ыг усанд явчихаад ир гэсэн чинь агаа гурвуулаа хамт гялс явчхаад ирэх үү гээд машинтай явахаар болоод нэг 8-ын хувин аваад би жолооны ард суугаад Бя миний хажууд суугаад Ж миний ард талд суугаад хөдөлсөн. Тэгээд тэгшхэн замаар явж байтал гэнэт өөдөөс хар юм гарч ирсэн. Тэгэхээр нь тоормос гишгэсэн чинь тэр чигээрээ гулгасаар байгаад голын эрэг рүү урагшаа хөмрөөд орчихсон. Тэгээд машины дөрвөн дугуй дээш хараад голын усанд унасан байгаа. Тэгээд би нилээд удаан машин дотор жоохон агаартай газар байсан тэрэнд очоод амьсгаа аваад байж байтал агааргүй болоод нилээд удсан. Тэгээд би хөлөөрөө юм хайсан чинь цонх онгорхой байхаар нь тэр лүү зүтгээд гарсан байсан. Миний хувьд яаж гарснаа санахгүй байна. Би гарч ирээд амь авраарай гээд орилсон гэсэн миний хувьд тэр талаар сайн мэдэхгүй байгаа. Намайг нэг ухаан ороход эмнэлэгт ирсэн байсан дараа нь цагдаа ирсэн байсан сүүлд сонсоход манай хэд түргэн цагдаа дуудсан гэж байсан. Ж бол манай аавын эгчийнх нь хүүхэд байгаа юм. Бя бол манайд 201-2014 он хүртэл ирэн очин байсан. Би уг тээврийн хэрэгслийг 2019 онд хүнээс худалдаж авс байсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сард Нэргүй буюу Ба-д 4 сая төгрөгөөр зараад 1 сая төгрөгийг нь авсан үлдэгдэл мөнгийг нь аваагүй байгаа. Бичиг баримт нь миний нэр дээр байдаг.” гэх мэдүүлэг /хх 94-95, 97-98/,

Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар шинжээчийн: "1.TOYOTA Prius-11 маркийн .... улсын дугаартай автомашины жолооч П.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." мөн дүрмийн 12.1. "Жолооч ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.TOYOTA Prius-11 маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч П.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

3.Уг зам тээврийн осолд зам болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх 63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.3.Талийгаач О.Бя-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 4.Талийгаачийн цусанд 2.8%, ходоодны шингэнд 7.0% промилли спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. 5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач О.Бя нь амьсгалын дээд зам гадны агууламжаар бөглөрч нас баржээ. 7.Талийгаач нь I бүлгийн цусттай байна." гэжээ /хх 69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.3.Талийгаач Ж.Ж-ны биед гэмтэл тогтоогдсонгүй. 4.Талийгаачийн цусанд 2.7%, ходоодны шингэнд 4.3% промилли спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. 5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач Ж.Ж нь амьсгалын дээд зам гадны агууламжаар бөглөрч нас баржээ. 7.Талийгаач нь III бүлгийн цустай байна." гэжээ /хх 66-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4392 дугаартай шинжээчийн: "1.Шинжилгээнд ирүүлсэн П.З гэж хаягласан 7 гэсэн хуруу шилний дугаартай улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Уг хуруу шилтэй цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх 74-77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4391 дугаартай шинжээчийн: "1.Шинжилгээнд ирүүлсэн П.З  гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн П.З  гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хх 97-98/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-19/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-31/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 112/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч П.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.1-т заасан хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүйгээс бусдын тээврийн хэрэгслийг жолоодон ус авахаар голын хөвөөгөөр явж байхдаа тээврийн хэрэгсэл гулсаж гол руу орж живж улмаар тээврийн хэрэгсэлд сууж явсан О.Бя, Ж.Ж нар амьсгалын дээд зам гадны агууламжаар бөглөрч амь нас нь хохирсон байна.

   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон." бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх тул,

Шүүгдэгч П.З-г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч П.З нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1-р багийн нутаг "Оросын олом" гэх газар Тоёота приус маркийн.... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ус авахаар голын хөвөөгөөр явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.1-т заасан хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүйгээс тээврийн хэрэгсэл гулсаж Хэрлэн гол руу орж живэн улмаар тээврийн хэрэгсэлд сууж явсан О.Бя, Ж.Ж нар "амьсгалын дээд зам гадны агууламжаар бөглөрч" амь нас нь хохирсон үйлдэл нь "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Улсын яллагч шүүгдэгч П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Баярмагнай "миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа илчилсэн, маш их харамсаж байгаа" нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж өгөөч гэх саналыг тус тус гаргав.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч П.З нь  төрсөн, настай, өрмийн мастер мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө “Од” ХХК-нд барилгачнаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /ял шалгах хуудас хх 105/ талаархи баримтууд авагджээ.

 

Иймд шүүгдэгч П.Згийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

  Энэ гэмт хэргийн улмаас О.Бя, Ж.Ж нарын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчээс оршуулгын зардалд амь хохирогч О.Бя-ын хууль ёсны төлөөлөгч М.О"т 10 сая төгрөг,  амь хохирогч Ж.Ж-ны хууль ёсны төлөөлөгч Б.А-д 3 сая төгрөг тус тус өгсөн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримт болон талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

 

 Амь хохирогч О.Бя-ын хууль ёсны төлөөлөгч М.О гэм хорын хохиролд /оршуулгын зардалд/ 18 сая төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийн өгсөн 10 сая төгрөгийг хасаж үлдэх 8 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Амь хохирогч Ж.Ж-ы хууль ёсны төлөөлөгч Б.А гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.З-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зд 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О нь 8 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

   5.Эрүүгийн дугаартай хэрэгт хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.З нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАТЖАРГАЛ