Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2019/00881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00505/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймаг, .......... сум, .......... баг, ........... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: .........., утас: ............. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ........ сумын ерөнхий боловсролын ..-р с******* холбогдох

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даалгалын нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Э- цогцолбор с******* 2009 оны 08 сарын 27-ны өдрийн захирлын №23 тоот тушаалаар дотуур байрны багшийн ажилд орсон. Ингээд тасралтгүй 5 жил гаруй ажиллаж байхад буюу 2013 оны 09 сард манай сургуулийн захирлаар *******- томилогдон ирж, ирсэн даруйдаа аав минь хүнд өвчтэй байхад дарамталсаар байгаад 2014 оны 08 сарын 28-ны №37 тоот тушаалаараа намайг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, үйлчлэгч болгосон билээ. Энэ 2 тушаалыг харахад 2 өөр өдөр гарсан атлаа адилхан №37 тоот дугаартай, зөрчилтэй тушаал гаргасан байна. 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/38 тоот тушаалаар үйлчлэгчээс чөлөөлж, сургуулийн эмчээр томилсон ч үйлчлэгчийн цалингаар цалинжуулж, мөн хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхгүй байсан  нь ажил хийхэд дарамттай байсан. Иймээс өөрийн хүсэлтээр 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Э- цогцолбор сургуулиас гарч, 6-р цэцэрлэгт эмчээр ажиллаж байтал 2018 оны 08 дугаар сард Н.С- захирал “Та манайд эргэж ирээд ажиллаач, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа сувилгаа мөн тусгай олимпийн тамирчин сурагчдын биед асаргаа сувилгаа хийх шаардлагатай байна” гэсэн санал тавьсны дагуу олон жил ажиллаж дасал болсон 12-р с*******аа Н.С- захирлын 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар дотуур байрны багшийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2019.04.11-ний өдөр би ажлаа хийгээд сууж байтал манай ажлын Б.Э-, Ц.Ж-, Д.Н- гурав миний ажлын байранд ирж *******- захирлын 2019.04.11-ний өдрийн Б/15 тоот тушаалын канондсон хуулбарыг надад үзүүлж, ажил хүлээлцье гэсэн. Би тухайн үед түр тушаалаар ажиллаж байсан хэдий боловч энэ байгууллагадаа сүүлийн 10 жил ажиллаж байгаа хүн. 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар би дотуур байрны багшийн ажилд томилогдон ажиллаж байхад надтай хамт дотуур байрны багшаар Д.Н- бид хоёр л ажиллаж байсан. Гэтэл намайг халснаас хойш Д.Н-, дикридтэй байсан н.А- хоёр дээр бас нэг эмэгтэй дотуур байрны багшаар авч одоо 3 багштай болсон байна.

Иймээс сүүлд авсан багшийн оронд намайг ажиллуулах боломжтой байсаар байтал миний эрх зүйн байдлыг дордуулж ажилгүй болгосонд гомдолтой байна. Учир нь би жил хүрэхгүй хугацааны дараа тэтгэвэрт гарах эрх үүсэх хүн. 4 сарын 25-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх сүүлийн өдөр байсан тул бичиг хэргийн ажилтан Б.Т-ээс ажлаас халагдсан тушаалаа эх хувиар нь авъя гэхэд тойрох хуудсаа зуруулж байж ав, тушаал 1% үйлдэгдсэн учир өгч болохгүй, захирал битгий өг гэсэн гээд өгөхгүй байсан учраас аргагүйн эрхэнд тойрох хуудсыг нь авч зуруулсан.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дотуур байрны багш *******- нь дотуур байрны багш С.А-ыг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тус ажлын байранд томилогдон ажиллаж байсан. М.А- нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 35.1.4 дэх заалтын дагуу *******-г дотуур байрны багшийн түр ажлын байрнаас чөлөөлж С.А-ыг хуулийн дагуу дотуур байрны багшийн ажилд нь томилсон болно.

*******- нь миний биеийг элдвээр доромжилж худал хуурмаг зүйлүүдийг бичиж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандаж байгаа нь ч ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Боловсролын байгууллагад багш мэргэжилтэй багшлах эрхтэй олон хүмүүст ажил олдохгүй байхад багш биш, дээд боловсролгүй, багшлах эрхгүй хүнийг Н.С- захирал дотуур байрны багшаар ажиллуулсан нь үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж хардахад хүргэж байна. Дээрх байдал нь хүүхдийн эрхийг зөрчөөд зогсоогүй холбогдох хууль журмуудыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс *******-г дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р с******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р сургууль ...Дотуур байрны багшийн сонгон шалгаруулалтад бүртгэх зарыг нээлттэйгээр зарласан. *******- нь тус шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой байсан ч бүртгүүлээгүй. Дотуур байрны багш нь багш мэргэжилтэй, багшлах эрхийн үнэмлэхтэй байх шалгууртай... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч *******- нь 2009 оны 08 дугаар сарын 27-ноос тус с******* дотуур байрны багш, үйлчлэгч, эмч, дотуур байрны багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байсан ажилтан бөгөөд  захирлын 2019 оны  04  дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ...жирэмсний болон амаржсаны амралттай байсан дотуур байрны багш ажилд орох хүсэлтээ гаргасан тул түүний оронд түр томилогдон ажиллаж байсан... гэсэн үндэслэлээр  ажлаас чөлөөлөгджээ.

Хариуцагч 0-р сургууль  нэхэмжлэгч *******-г ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд ...жирэмсний болон амаржсаны амралттай байсан дотуур байрны багш ажилд орох хүсэлтээ гаргасан... гэж, хариу тайлбарт ...багшлах эрхийн үнэмлэхгүй... татгалзаж байгаа.

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар ...сургуулийн дотуур байрны багш С.А- нь жирэмсний амралтаа авах хүсэлт гаргасан тул *******-г дотуур байрны багшийн ажилд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түр томилон, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/15 тоот тушаалаар ...С.А-  ажилдаа орох хүсэлт гаргасан тул *******-г ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байр хэвээр хадгалагдах, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэлхи хугацаагаар  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Харин *******-г дотуур байрны багшийн албан тушаалыг гүйцэтгэх шалгуурыг хангаагүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...багшлах эрхийн үнэмлэхгүй... гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар тус сургууль дотуур байрны багшийн 3 орон тоотой, багш С.А- жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байр хэвээр хадгалагдах хуулийн зохицуулалтын дагуу ажилдаа эргэн орсон, багш Б.Баасанжаргал сонгон шалгаруулалт болох хүртэлхи хугацаанд дотуур байрны багшийн үүрэгт ажилд томилон ажиллуулж байгаа бол үлдэх 1 орон тоонд ажиллуулах боломжтой байсан, мөн сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй, ...миний эрх зүйн байдлыг дордуулсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******-г Дархан-Уул аймгийн Дархан сумын 0-р сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч *******- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил хүлээлцсэн талаар талууд маргаангүй байх тул түүний ажлаас халагдсан өдрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэж үзэх нь зүйтэй бөгөөд түүнийг анх томилсон 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/37 тоот тушаалд албан тушаалын цалинг 578,431 төгрөгөөр тогтоосон тул ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажлын 114 хоногийн цалин нийт 3,094,972 төгрөг /4 дүгээр сард 14 хоног * 26,292 төгрөг=368,088 төгрөг, 5, 6, 7, 8 дугаар сард 578,431 төгрөг, 9 дүгээр сард 15 хоног * 27,544=413,160 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж,  түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”  гэж заасны дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р с******* нэхэмжлэгч *******-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 64,470 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******-г Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 3,094,972 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******-н шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 0-р сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 64,470 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай. 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ