| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00472/И |
| Дугаар | 135/ШШ2019/00885 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2019/00885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2019/00472/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... аймаг, ........ сум, .......... баг, .............. тоотод оршин суух ............. овогт *******- РД:.............., утас: ............... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... аймаг, ............... сум, ......... баг, ....... тоотод оршин суух ........ овогт *******- /РД: ..........., утас: ............/-т холбогдох
“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 2010 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, ......... гудамж, ... тоотод байршилтай хашаа байшингийн үнийг хувь лизингээр төлж дуусгаж, хашаа байшингаа өөрийн нэр дээр болгох гэж захиргаан дээр явж байгаад зүс таних өмгөөлөгч н.Э-тэй таарсан. Тухайн үед Улсын бүртгэлийн газарт хүн ихтэй байсан тул н.Э- би бичиг баримтыг чинь янзлаад өгье гээд миний газрын бичгийг худалдах худалдан авах гэрээтэй хамт авахад нь би итгээд өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр н.Э- гуай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******- гэж хүний нэр гаргасан байхаар би гайхаж, яаж байгаа юм гэхэд надад “*******- гэж нэг ядарсан хүн байраа 10,0 сая төгрөгийн зээлэнд алдах гээд байна. Түр зуур чиний байрны гэрчилгээг *******-ийн нэр дээр гаргаад, *******- эгчид зээл аваад, байрыг чөлөөлж өгье” гэхээр би зөвшөөрсөн. Сар орчмын дараа н.Э- “чиний нэр дээр *******-ийн байрны гэрчилгээг гаргасан одоо айлтгүй” гэсэн. Гэтэл үүнээс хойш Э-, *******- хоёр нь өмнөх зээлээ төлчихөөд дахиад миний хашаа байшинг барьцаалаад зээл авчихсан байсан ба уг зээлээ төлөөгүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 814 тоот шийдвэрээр *******-ээс зээл, хүүгийн төлбөр 8,825,507 төгрөг гаргуулж, А- банкинд олгох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, ......... гудамж, ... тоот үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу миний хашаа байшинг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаанд оруулсан ба удахгүй хоёр дахь дуудлага худалдаанд орох гэж байна. *******- миний хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж, зээлийн барьцаанд тавьснаас хойш чиний байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж, чамд шилжүүлж өгнө гэж байнга амладаг боловч өнөөдрийн байдлаар би хашаа, байшингаа алдах байдалд ороод байна. Миний бие нь уг хашаа байшинд 2007 оноос хойш оршин сууж байгаа ба энэ талаар шийдвэр гүйцэтгэгч нар сайн мэдэж, учрыг нь ойлгож байгаа боловч хашаа байшинг маань дуудлага худалдаанд оруулсаар байна.
Иймд миний нэр дээр гаргах ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******- нь хууль бусаар өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гаргуулж авч, улмаар банкны барьцаанд алдах гэж байгаа тул Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, ......... гудамж ... тоотод байршилтай газар, байшингийн өмчлөгчөөр *******- намайг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. *******- 2007 он хүртэл уг хашаа байшинд түрээсээр амьдарч байгаад өмнөх хүмүүсээс нь хувь лизингээр худалдаж авсан. Ингээд өөрийн нэр дээр шилжүүлэхээр Улсын бүртгэл дээр очсон. Гэтэл өмгөөлөгч *******- нь тэнд явж байсан ба түүний гэрчилгээ бичиг баримтыг аваад би бүртгүүлээд өгье гээд авсан байсан. Дараа нь *******- гэдэг хүний нэр дээр хашаа байшингийн гэрчилгээг гаргуулсан байсан. Яагаад ингэсэн бэ? гэж *******-ээс асуухад *******- гэдэг хүнээс зээл авах гээд байгаа юм, түр хүлээгээч гээд ойлголцсон байсан, иймэрхүү үйл явдал болсон байдаг. Ингээд Иргэний хуулийн 100, 101, 106 дугаар зүйлийн дагуу шаардах эрх үүссэн. *******- нь *******- гэдэг хүний хууль бус ажиллагааны улмаас хохирсон. Одоо болтол тэр хашаа байшиндаа *******- амьдарч байгаа юм. н.Ү-, н.Б- гэх хүмүүсийн нэр дээр уг хашаа байшин байж байгаад 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******-ийн нэр дээр шилжсэн байдаг. *******- нь Эрэл банкны барьцаанд уг хашаа байшинг тавиад 12,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Одоо энэ ажиллагаа мөн шүүхэд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие *******- нь тус шүүхэд *******-гаас “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлагыг надад холбогдуулж гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******-гийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, .......... гудамж, ... тоотод байршилтай хашаа байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг би аваагүй, *******- ч надад өөрөө өгөөгүй. Энэ асуудал өмгөөлөгч н.Э-тэй холбогдолтой юм. Энэ асуудлын агуулга нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт маш удаан хугацаанд шалгагдсан. н.Э- өмгөөлөгч *******-гийн өмчлөлийн Дархан сумын 7 дугаар баг, .... тоот хаягт байрлах хашаа байшинг *******- бид хоёрт сайн ойлгуулж хэлээгүй, бидний зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг сольж будлиан үүсгэж өөртөө ашиг гаргаж мөнгө авснаас болж *******- ч тэр би ч хохирсон.
Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хүн нь би биш н.Э- юм. *******- өөрөө яахаараа н.Э-д анхнаасаа байрны гэрчилгээгээ өгч байгаа юм бэ. *******- бид хоёр хоёр биенээ огт танихгүй хүмүүс шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Э-тэйгээ учраа олох ёстой. Би н.Э-ээс болж А- банкны *******-гийн нэр дээр гарсан байсан 25,000,000 төгрөгийг төлсөн. 2018 оны 07 сараас одоог хүртэл тэтгэврийн мөнгөө ХААН банкнаас авч чадахгүй байна. Миний тэтгэвэр *******-гийн төлбөрт шилжигдэж байгаа гэж би ойлгож байна. Тэтгэврээс суутгагдсан бүх мөнгийг *******-гаас гаргуулж авмаар байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг ...... гудамж ... тоотод байрлалтай газар, хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******- ...Би *******-гийн хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваагүй, *******- ч надад өгөөгүй. Энэ асуудал Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт удаан шалгагдсан. н.Э- өмгөөлөгч бидний зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг сольж будилаан үүсгэж, өөртөө ашиг гаргаж мөнгө авснаас Гүндэгмаа ч, би ч хохирсон. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хүн нь би биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.
Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг .......... гудамж ... тоот хашаа байшин, газрыг өмнөх өмчлөгч Б.Б- нараас *******- худалдан авч эзэмшил, ашиглалтдаа байлгаж байгаа боловч 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг мэдүүлэн, бүртгэлийг баталгаажуулан улсын бүртгэлийн гэрчилгээ авч улмаар тухайн үеийн нэрээр Эрэл банктай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болгохдоо нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь ...яллагдагч *******- нь иргэн *******-, *******- нарын Эрэл банктай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, яллагдагч *******- нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг ....... тоот хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ашиглаж ... гэсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 тоот яллах дүгнэлт, мөн *******-, *******-, *******- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтын ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн... гэсэн үндэслэлээр Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.
Дээрх эрүүгийн хэрэгт *******- ...зориуд худал мэдүүлэг өгсөн... гэж шалгагдаж, байсан нь түүнийг өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг шаардахад саад болохгүй болно.
Нэхэмжлэгч *******-гийн эзэмшил, ашиглалтад байгаа Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг ...... гудамж ... тоот хашаа байшин өмнөх өмчлөгч Б.Б- нараас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******-т “Орон сууцны бэлэглэл”-ийн гэрээгээр, 2007 оны 04 дүгээр сарын 06-наас Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр захирамжаар өмчлөх эрхтэй болсон гэр бүлийн хэрэгцээний 670 м.кв газар мөн өдөр *******-т “Газар бэлэглэл”-ийн гэрээгээр тус тус шилжсэн, улсын бүртгэлд хууль ёсны өмчлөгч нь *******- тул ...хариуцах хүн нь би биш... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Иймд хариуцагч *******-т өмчлөх эрх бий болгосон 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******-т “Орон сууцны бэлэглэл”-ийн гэрээ, “Газар бэлэглэл” -ийн гэрээ хуурамчаар үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл бөгөөд хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул нэхэмжлэгч *******-гийн эрхийг сэргээн Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 6 дугаар гудамж ... тоотод байрлах 84,0 мкв хашаа байшин, 080123017 нэгж талбарын дугаар бүхий 670,0 мкв газрын өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хариуцагч *******- болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар шүүх хуралдааны товыг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг лавлаж, хариуцагч *******- нь мөн өдөр өмгөөлөгч Ө.Өлзиймаад итгэмжлэл олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 54 минутад шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд энэ талаар шүүхэд мэдэгдээгүй, өмнөх шүүх хуралдаан буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахаар хойшлуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Мөн нэхэмжлэгчийн өөрийнхөө эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзэж, хэргийг хянан шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2032 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай” захирамжаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дугаар шийдвэр, тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4281 дугаар захирамж, түүнд үндэслэн олгосон 517 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг, ......... дугаар гудамж, ... тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Ү-200300.... дугаарт бүртгэлтэй 84,0 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-200300..... дугаарт бүртгэлтэй 670,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д дээрх захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг ......... гудамж ... тоотод байрлах 84,0 мкв хашаа байшин, 080123017 нэгж талбарын дугаар бүхий 670,0 мкв газрын өмчлөгчөөр *******-г тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-гийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ