Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00030

 

   Ж.Т-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

               

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00024 дүгээр шийдвэртэй, Ж.Т-ий нэхэмжлэлтэй, тус аймгийн Б сумын Ё бага сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Ё бага сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоолгох тухай.

 

                Нэхэмжлэлд: “Миний бие тус сумын Ё бага сургуульд анх 2014 оны 1 дүгээр сараас эхлэн галч, сахиулын амралтын өдрөөр долоо хоногийн хоёр өдөр сахиулаар ажиллахаар ажилд орж ажилласан. 2015 оноос галчийн илүү цагийг өөр хүнд өгч зөвхөн сахиулын амралтын цагаар ажиллаж сард 140000 төгрөгийн цалин авч ажиллаж ирсэн. Гэвч сургуулийн захирал намайг сургуулийн төсөв хэтэрсэн, цалингийн сан хүрэхгүй, мөр орон тооны цомхтгол гэх шалтгаанаар ажлаас халсан. Тэгвэл цалингийн сан хүрэхгүй байгаа бол надаас хойно ажилд галчаар орсон Ы.А, өөрийн төрсөн нагац ахын хүү З.Б-ыг номын санчаар, сургуулийн бүх багш нар жижүүр хийж байсан мөртлөө жижүүр гэж томилон маш өндөр цалингаар авч ажиллуулж байна. Энэ З.Б-ны эхнэр Ж.Ж-г угаагчаар, өөрийн нагац эгчийн бэр М.К-ийг цэвэрлэгчээр, тогоочийн илүү цагт А-ийг тус тус ажиллуулж байна. Т.Д захирал болмогц өөрийн төрөл садангаа авч, төрийн ажлыг төрлийн алба болгож ажиллаж байна. Манай эцэг уг сургуульд 30 гаруй жил ажиллаж байгаад өвчний улмаас нас барж, уг ажилд томилсон. Т.Д-ны ажилд авсан өөрийн хамаатан садан, төрөл төрөгсөд нь сургуулийн дээрх шалтгаанд нөлөөлөхгүй, урьд өмнө олон жил ажилласан намайг ажлаас халж байгаа нь хууль бус явдал юм. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж ядуу өнчин, өрөөсөн намайг халж байгаа шалтгааныг хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье.” гэжээ.

 

                Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Б сумын Ё бага сургуульд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Би ажил авахаас өмнө захирлаар ажиллаж байсан Б.Н нь Ж.Тийг ажилтай болгох зорилгоор шинээр орон тоо үүсгэн сургуулийн сахиулын илүү цагт ар гэрийн гачигдлыг харгалзан 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирлын 3 дугаар тушаалаар түр ажилтнаар ажилд авч, тушаалд нь өөр байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор тамга, тэмдэг баталгааны тэмдэг,   байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно гэж заасан байна. Тус Ёын бага сургууль 80 сурагчтай, сургалтын 5 бүлэгтэй. Манай сургуульд Засгийн газраас батлагдсан 18 орон тоо байгаа ба Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний бүртгэлд орон тоог тодорхой харуулсан байна. Манай сургуулийн төсвийн хувьд энэ оны цалингийн сан, нийгмийн даатгалын шимтгэлийн санхүүжилт танагдсанаас болж цалингийн сан, нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв хүрэлцэхгүй байгаа. Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан, батлагдсан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах талаар аймаг дахь Төрийн аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Энэхүү зөрчлийг арилгах, сургуульд байгаа илүү орон тоо цөөрүүлэх талаар Ж.Т-д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар 02 дугаар мэдэгдэх хуудас өгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Ж.Т-ий хувьд хамт олны дунд ажиллах чадвар тааруу, удаа дараа ажил тасалсан, захирлын зүгээс тавьсан шаардлагуудыг хүлээн авдаггүй, ажлын цагтаа архи уудаг, сургуулийн дотоод журмыг баримталдаггүй, цагдаагийн байгууллагад удаа дараа асуугдаж байсан. Иймд Ж.Т-ий шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэжээ. 

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ё бага сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т-ийг Баян-Өлгий аймгийн Б сумын Ё бага сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоож  шийдвэрлэжээ.

 

                Хариуцагчийн давж  заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00024 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагчийн хувьд өөрийн татгалзлаа нотлох баримтын хүрээнд хангалттай нотолсон байхад шүүхээс зөвхөн нэг талыг баримталж нэхэмжлэгчийн бүх нотлох баримтыг үнэлж, тэнцвэртэй байдлыг хангахгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

 

1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Т-ий ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлажээ. Ажил олгогч болон ажилтны хооронд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 1.6-д гэрээ нь үндсэн ажилтан, албан тушаал хавсран гүйцэтгэх албан тушаалтан, илүү цагийн ажил, албан тушаалын ажилтан гэж ажилтан, албан хаагч нарыг 3 ангилалд хувааж, нэхэмжлэгчийн гэрээг “в”-д тусгаснаар тэмдэглэж, 1.7-д “хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл” гэж тусгасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай бүрэн нийцжээ.

Шүүх энэ талаар дүгнэлт өгөхдөө хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан нь тодорхой биш, ажил олгогч ажилтантай энэ талаар тохиролцоогүй, албан тушаалын нэр нь “сахиулын илүү цаг сахиул” нэртэй, тиймээс байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн ажил олгогчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын салбарт төдийгүй төрийн бүх байгууллагад “сахиулын илүү цаг сахиул” гэсэн нэртэй албан тушаал байхгүй тул маргаан бүхий орон тоог байнгын ажлын байр үзэх боломжгүй.

Хоёрдугаарт, Хөдөлмөрийн гэрээний үндсэн агуулга буюу гэрээ нь өөрөө “Илүү цагийн ажил, албан тушаалын ажилтан” гэх нэршлээр батлагдсан, мөн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, ажилтантай тохиролцож, улмаар тухайн гэрээнд 2 тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд үүгээрээ түр хугацаатайгаар тохиролцсон болон орон тоо нь илүү цагийн ажил учраас түр ажиллах ёстой гэдэг нь давхар нотлогдож байгаа үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн.

 

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ж.Т-ийг анх ажилд томилсон тушаалд “түр” гэж тусгагдсан боловч Ж.Т нь тасралтгүй 4 жил сургуульд ажилласан нь зохигчдын мэдүүлэг, Ж.Т-ий №А0912907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус нотлогдож байгаа тул уг ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод жишгийг баталсан байх ба албан тушаалын зэрэглэлээс хамаарч ТҮ-1-1 182295, ТҮ-1-5 213740 төгрөг байхаар тус тус тогтоосон байдаг. Ж.Т-ийг энэхүү журамд зааснаар цалинжуулж байгаагүй бөгөөд Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд тухайн ажиллаж байх хугацаанд ТҮ-1-1 - ТҮ-1-5 хүртэлх хэмжээнд цалин аваагүй нь, өөрөөр хэлбэл, зөвхөн илүү цагийн буюу хийсэн ажил үүргийнх нь үр дүнд цалин авч байсан болохыг анхан шатны шүүх анзаараагүй. Цалингийн хэмжээгээр нь дүгнэлт хийж үзэхэд, нэхэмжлэгч түр ажиллаж байсан, түүний цалинг нь хийснээр, цагаар тооцон олгож байсан нь тодорхойлогдох ба энэ нь Хөдөлмөрийн тухай 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасантай бүрэн нийцсэн.

 

3. Ажил олгогч /өмнөх Б сумын Ё-ын бага сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Н Ж.Т-ийг томилох үед өөрөө түр захирлын албыг хашиж байсан ба ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоход сургуулийн албан ёсны тамга, тэмдэг хэрэглэхгүй, өөр байгууллагын тамга дарж, хуурамч тушаал гаргасан нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын хавсралтын 6-д “тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн бөгөөд бүтэц, орон тоонд батлагдаагүй албан тушаалыг шинээр бий болгож, холбогдох хууль, журмыг баримталж ажиллаагүй нь тогтоогдсон.

 

4.Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байхад шүүх 10 дугаар сарын 01-ний өдөр хэмээн нотлох баримтыг буруу шинжлэн судалсанд гомдолтой байна. Ж.Т “илүү цагийн ажил” бямба, ням гарагт ажилладаг, тэрээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуанлийн үзүүлэлтээр мягмар гараг байх ба энэ нь Ж.Т-ий ажиллах өдөр биш байсан тул түүнд гэрээг цуцлах болсон тухай мэдэгдэх боломжгүй. Харин 10 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэдэгдэх хуудсыг хүргүүлж чадаагүй. Гэхдээ Ж.Т-д амаар гэрээг сунгахгүй тухайгаа мэдэгдэж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд хугацаа нь 10 дугаар сарын 03-ны өдөр дуусна гэх бичилттэй байхад, Ж.Т ажил олгогч надад уг орон тоонд үргэлжлүүлэн ажиллах /сонирхолтой байгаагаа/ хүсэлтээ гаргаагүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь зохицуулалтаас харахад, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд зайлшгүй хугацаа сунгагдахаар зохицуулалт биш, “дуусмагц” гэдгийг тодорхой хугацаа гэж ойлгож болохгүй. Хэрэв шууд сунгагдсанд тооцогддог хэдий ч тухайн жилд зайлшгүй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдах нь зүйн хэрэг байх тул хугацааны хувьд 1 сарын өмнө, 1 сарын дараа цуцлагдах, сунгагдах боломжтой. Мөн энэ үйл баримттай зохигчид маргаагүй байхад шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгсөн буруу болжээ. Нөгөөтээгүүр, шүүхээс ажилтан, ажил олгогч нарын хооронд хугацаагүй гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна, маргаан бүхий орон тоо байнгын ажлын байр мөн байна гэж дүгнэсэн мөртлөө дээрх байдлаар хугацаатай гэрээний талаар дүгнэлт гаргаж байгаа нь шийдвэрийн агуулга нь өөрөө зөрчилдөөн үүсгэхээр байна.

 

5. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталсан хуульд нийцсэн бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт “тус Ё-ын бага сургуулийн сахиулын илүү цагт түр тушаалаар ажиллаж байсан” гэх үндэслэлийн агуулга нь өөрөө 40 дүгээр зүйлд заасан орон тоог цөөрүүлэх болсон гэх утгыг илэрхийлэх болно.

Нөгөөтээгүүр, Баян-Өлгий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтний гарын үсэгтэй Ё бага сургуулийн бүтэц, орон тооны 2016 оны жагсаалтад манаач, жижүүрийн орон тоо-1 гэж бичигдсэн байх ба энэ жагсаалтыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гаргуулан авсан бөгөөд хариуцагчийн хувьд шүүхэд нотлох баримтаар өгөх энэхүү баримтыг огнооны хувьд 2017 он болгож авах тухай хүсэлт тавихад, 2016, 2017, 2018 онд танай бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүй гэх тайлбарыг гаргаснаар шүүхэд 2016 оны бүтэц, орон тооны жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус сургуулийн батлагдсан бүтэц, орон тоогоор манаач-1, гагцхүү “илүү цагийн манаач, жижүүр”-ийн орон тоо илүү гэдэг нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/5З/БӨА-2017/05-ГА “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, мөн 2016-2017 оны төсвийн төлөвлөгөөний харьцуулалт ба зөрүү болон төсвийн байгууллагуудын 2016, 2017 оны төсвийн төлөвлөгөө зэрэг хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад, уг баримтуудыг хамааралгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар ...нэхэмжлэгч Ж.Т-ийг Баян-Өлгий аймгийн Б сумын Ё бага сургуулийн сахиул бөгөөд жижүүрээр эгүүлэн тогтоосугай... гэж тусгажээ. Тус сургуулийн сахиул бөгөөд жижүүрийн орон тоо нь үндсэн буюу батлагдсан орон тоо юм, мөн уг орон тоонд олон жилийн өмнөөс Д.Х гэгч ажиллаж байгаа болно. Энэ тохиолдолд шүүх батлагдсан орон тоотой жинхлэн томилогдон ажиллаж буй этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргалаа. Уг ёсондоо “сахиулын илүү цаг сахиул” гэсэн нь үндсэн орон тоо биш, тийм үндсэн орон тоо ч байхгүй буюу “цагийн ажилтан” болохыг мэдсээр байж бусдын эрх ашгийг зөрчиж, буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв эгүүлэн тогтоогдох үндэслэл нь хууль ёсны бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болсон тохиолдолд гагцхүү “сахиулын илүү цаг сахиул” гэсэн ажилтнаар эгүүлэн тогтоосон шийдвэр гарах ёстой.

 

Иймд, дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00024 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

               

Ж.Т нь Баян-Өлгий аймгийн Б сумын Ёын бага сургуульд холбогдуулан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “...батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан, батлагдсан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах талаар Аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Энэхүү зөрчлийг арилгах, сургуульд байгаа илүү орон тоог цөөрүүлэх талаар Ж.Тд мэдэгдэж ажлаас чөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

                Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ёын бага сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т-ийг Ёын бага сургуулийн сахиул бөгөөд жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

                Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлэх ойлголтууд өөр хоорондоо ялгаатай юм. Орон тоо цөөрүүлэх нь тодорхой ажлын байр, ажил албан тушаал үгүй болдоггүй, тодорхой нэг буюу хэд хэдэн төрлийн албан тушаалыг багасгаж цөөрүүлдэг.

                Ё-ын бага сургуулийн 2017 онд батлагдсан орон тоонд хэдэн багш, хэдэн ажилтан байсан, үүнээс сахиулын орон тоо хэд байсан талаар хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Тус сургуулийн сахиулын орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 22/53 БӨА-2017/05-ГА дугаартай Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын албан шаардлагыг үндэслэн ажилтныг “орон тоо цөөрүүлэх” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын албан шаардлага нь ажилтныг ажлаас чөлөөлсний дараа гарсан байна.

               

Анхан шатны шүүх ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо “сахиул бөгөөд жижүүрийн  ”ажилд тогтоосон боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд сахиулын ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээнд эрхлэх ажил, албан тушаалд “сахиулын илүү цаг, сахиул” гэж заасан байх тул энэ үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

               

Хариуцагчийн “Ж.Т-ий ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэлийг хангасанд гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

               

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00024 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “сахиул бөгөөд жижүүрээр” гэснийг “сахиулын ажилд” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                                            М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ