| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 129/2019/00786/И |
| Дугаар | 001/ХТ2021/01542 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01542
Төрийн банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211/МА2020/00008 дугаар магадлалтай,
Төрийн банкны нэхэмжлэлтэй,
А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,988,291 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар нь Төрийн банкны Архангай салбараас 2017.09.21-ний өдрийн 550 тоот гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч А.Баярсайхан болон хамтран зээлдэгч Б.Оюунбаяр нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлдэгч А.Баярсайхан, хамтран зээлдэгч Б.Оюунбаяр нар нь дээрх 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчил гаргаж зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2019.09.24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10,701,930,59 төгрөг, үндсэн хүү 265,281.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,079.25 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 10,988,291.45 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Төрийн банкнаас А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын авсан зээл нь эргэлтийн хөрөнгийн зээл юм. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 17-ны өдөр төлөхөөр Төрийн банктай харилцан тохиролцсон. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар Төрийн банкнаас зээлсэн мөнгөөрөө ааруул цагаан идээ хийгээд бизнесийнхээ орлогоор зээлээ төлнө гэж зээлийн гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй үүргийн зөрчил гаргаж одоогийн байдлаар нийт 472 хоног хугацаа хэтрүүлсэн байна. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар нь зээлийн гэрээний дагуу сар бүрийн 17-ны дотор зээлээ төлдөггүй бөгөөд зээлээ төлөхдөө 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр зээлийн хүүг төлж, үндсэн зээлээ төлж барагдуулдаггүй. Сар сард нь зээлээ төлж барагдуулбал нэхэмжлэгч талаас хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг заавал цуцлах шаардлага байхгүй. Гэтэл хариуцагч нар зээл төлөх хугацааг байнга хэтрүүлж байгаа учир зээлийн гэрээг цуцалж, зээлээ нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк 10,988,291.45 төгрөгийг нэхэмжлэхдээ хариуцагч нарыг 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буй хэдий ч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ одоо ч биелүүлсээр байна. Ноцтой зөрчил гаргасан гэж гэрээг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар нь Төрийн банктай 40 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлж дуусах 40 сарын хугацаа дуусаагүй, зээлээ төлж байгаа учраас банкийг хохироогоогүй гэж үзэхээр байна. Төрийн банкны зүгээс А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээ төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа боловч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар нь Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хугацаанд банкнаас зээлсэн мөнгөө тодорхой хэмжээгээр төлж байсан учраас зээл төлөх үүргээ зөрчөөгүй гэж үзэж болохоор байна. Мөн хэргийн материалтай танилцахад Төрийн банкнаас хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар мэдэгдлийг гардаж авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь мэдэгдэл дээр гарын үсэг зураагүй, 2 өөр өнгийн балаар бичсэн байгаа учраас энэ үйл явдлыг тухайн цаг үед болсон үйл явдал гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл графикийн дагуу зээлээ төлж байгаа. Зээлээ төлөхдөө хоног хугацаа алддаг байж болох ч энэ нь хэлбэрийн төдий зөрчил юм. Хариуцагч нар Төрийн банканд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө зарж үрсэн, эсхүл зээлдэгч нар зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг Төрийн банкны зүгээс цуцлах боломжтой. Гэтэл А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлж байгаа бөгөөд хариуцагч нар эрхэлсэн тодорхой ажилтай болж зээлээ төлж барагдуулах орлогын эх үүсвэртэй болсон. Цагаан идээ боловсруулах ажил нь улирлын чанартай ажил учраас өвлийн улиралд эргэлтийн хөрөнгөгүй болох асуудал үүсдэг. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ төлөх орлогын эх үүсвэртэй байхын тулд аль аль нь тодорхой ажил эрхэлж зээлээ төлж байгаагаас үзвэл банкны эрх ашгийг хохироосон, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар А.Баярсайхан, Б.Оюунбаяр нараас 10,988,291.45 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч нар 10,988,291.45 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1-р гудамж 50 тоотод байршилтай 30 м.кв талбайтай барилга, 457 га газрыг албадан худалдаж, мөн 2017.09.21-ний өдрийн 550 дугаар барьцааны гэрээ, фидуцийн гэрээнд заасан хөрөнгүүдийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,923 төгрөгөөс 190,762 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нараас 190,762 төгрөг, орон нутгийн орлогоос 161 төгрөг тус тус гаргуулж Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211/МА2020/00008 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа А.Баярсайхан, Б.Оюунбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,762 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төрийн банктай 40 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд үүргээ биелүүлээгүй сар байхгүй. Төрийн банк зээл төлүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн гэж гэрээг цуцалж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Банканд ноцтой хохирол учраагүй, хохирол учруулсан гэх нотлох баримт байхгүй. Мөн банкны хохирол тооцож буй тооцооны аргачлал нь ойлгомжгүй байхад шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч чадаагүй тул гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Төрийн банк нь А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 10,988,291.45 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар нь 2017.09.21-ний өдөр 550 дугаартай зээлийн, болон барьцаа, фидуцийн гэрээнүүдийг Төрийн банктай байгуулж, эргэлтийн бараагаа татах зориулалтаар 20,000,000 төгрөгийг жилийн 24, сарын 2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.Намхиагийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар багийн Цогт-Уулын 01-50 тоот, 457 м.кв газар, мөн хаягт байршилтай 30 м.кв талбайтай барилгыг, А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, 5 ханатай гэр, бараа материалын үлдэгдэл, зуурагч, аарц сүүний тогоо, аарц дарагчийг барьцаалсан, фидуцийн гэрээгээр А.Баярсайханы өмчлөлийн Nissan Elgrand маркийн 48-37 АРХ улсын дугаартай суудлын автомашиныг банкны нэр дээр шилжүүлсэн нь тогтоогджээ.
Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
а/ Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн Төрийн банк дахь 181900039469 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.
Төрийн банк 2017.09.22-ны өдөр А.Баярсайханы эзэмшдэг дансанд зээл 20,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-д зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх, 3.2.4-т зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дахь заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулах гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцон байгуулжээ.
Нөгөөтээгүүр гэрээний 2.1.5, 2.2.4, 2.2.7, 3.2.4-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 4.1.11-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй.
3. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж хуульчилсан байна.
Зээлийн гэрээний 2.2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцох бөгөөд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, мөн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заажээ.
Төрийн банк 2019.09.09, 2019.09.17-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдлүүдийг хариуцагч нарт хүргүүлсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний 4.1.7, 4.1.9, 6.2.1, 6.3-т зааснаар хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.
Гэрээний 8.4-т Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байж, гэрээний салшгүй нэг хэсэг байна гэсэн байна.
Хариуцагч нар гэрээний 2.1.6, 3.2.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, Төрийн банктай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар талууд гэрээнд нэмэлт хугацаа заасан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төрийн банкнаас хариуцагч нарт хүргүүлсэн зээл эргэн төлөх тухай мэдэгдэл зэргийг үндэслэж, нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.
Хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээг цуцлах нэхэмжлэлд хариуцагч маргасан байхад холбогдох хуулийг баримтлаагүй, түүнчлэн шийдвэртээ барьцааны хөдлөх эд хөрөнгийг нэрлэн заагаагүй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь оновчгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй.
5. Фидуцийн гэрээний 2.4.3, 3.2.4, 4.1.2-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд хөрөнгийг үл маргах журмаар банканд биет байдлаар шилжүүлэх талаар тохиролцжээ.
Талууд фидуцийн гэрээний хавсралт-1, Хөрөнгийн жагсаалтад хариуцагч А.Баярсайханы өмчлөлийн Nissan Elgrand маркийн 48-37 АРХ улсын дугаартай суудлын автомашиныг 3,600,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зохицуулсан байна.
Дээрх хууль, гэрээнд хариуцагч нар үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд фидуцийн гэрээний зүйлийг хэрхэн зохицуулах талаар тодорхой заасан тул Nissan Elgrand маркийн 48-37 АРХ улсын дугаартай суудлын автомашиныг шүүхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заах шаардлагагүй.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211/МА2020/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар А.Баярсайхан, Б.Оюунбаяр нараас 10,988,291.45 төгрөг гаргуулж Төрийн банканд олгосугай, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар багийн Цогт-Уулын 01-50 тоот, 457 м.кв газар, мөн хаягт байршилтай 30 м.кв талбайтай барилгыг, А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, 5 ханатай гэр, бараа материалын үлдэгдэл, зуурагч, аарц сүүний тогоо, аарц дарагчийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Баярсайхан, Б.Оюунбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН