Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

улсын яллагч: Д.Агар

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Г.Ганцэцэг, А.Энхтүвшин

шүүгдэгч: Г.Батцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон  овогт Гүндсамбуугийн Батцоожид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 201625013364 дугаартай хэргийг  2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт  Гүндсамбуугийн Батцоож, 1996  оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар  хотод  төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3,эцэг, эх нарын  хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсэг 3-28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй,РД:УК96062418,

Холбогдсон хэргийн талаар:

         Г.Батцоож нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Мэргэншагайтай маргалдан улмаар хохирогч Н.Мэргэншагайг зодож  түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

       Шүүгдэгч  Г.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Мэргэншагайг зодсон үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мөн мөрдөн байцаагч Мөнхдалайд гомдолтой байгаа. Учир нь намайг анх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиход Мэргэншагайгийн дэргэд зодсон. Ингэхдээ намайг зүгээр байхад хараалын үг хэлээд дуугараач гээд зодсон. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 128-р байрны гадна Мэргэншагайг найз охинтойгоо хардсаны улмаас үл ойлголцож гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод мөрдөн байцаагч Мөнхдалайд Мэргэншагай намайг дагуулж гараад уулзая гэж хэлэхэд би чимээгүй сууж байтал мөрдөн байцаагч Мөнхдалай “чи яагаад дуугарахгүй байгаа гөлөг вэ” гэж босч ирээд зодохдоо нүүр рүү өшиглөсөн, мөн цохиод сандал дээрээс үсдэж босгосон. Энэ үед үеэл ах Барсаа орж ирээд болиулсан. Хэрвээ үеэл ах орж ирээгүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Би мөрдөн байцаагчид зодуулсан талаар цагдаагийн дотоод хяналт шалгалтанд гомдол гаргахад мөрдөн байцаагч Мөнхдалайд сахилгын арга хэмжээ авсан. Тэр орой Мэргэншагай бид хоёрыг цаасан дээр гомдолгүй гэж бичүүлээд гаргасан. Тэгээд намайг 15-16 хоногийн дараа дуудахад миний нүүрний гэмтэл бүрэн эдгэрсэн байсан. Тухайн үед миний баруун шанаа хавдсан, өшиглүүлсэн газар шүд өвдөж байсан. Гэхдээ би энэ хэргийг ээж, ааваасаа нуусан байсан. Мөн тухайн үед Мэргэншагай найзуудаа дагуулж ирээд намайг болон найз Баярболдыг зодсон. Хохирогчийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ганц удаагийн цохилтоор хүндэвтэр гэмтэл учруулах боломжгүй. Харин 4-5 удаа цохиж байж хүндэвтэр гэмтэл учирна гэж бодож байна. Мөн тэр үед хохирогчийн хамар бага зэргийн улайлттай байсан. Өөр зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.Батцоож  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ :2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз охин болох Б.Сувд-Эрдэнэтэй маргасан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш уулзахгүй байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 21.00 цаг өнгөрч байхад найз охин  Б.Сувд-Эрдэнэтэй уулзах гээд гэрт нь очсон. Гэр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ өглөө хотхоны 128 дугаар байрны 1 дүгээр орцны 8 тоотод байдаг юм. Тухайн үед би өөрийн найз болох Ж.Баярболдын хамт явж байсан. Тэгээд найз охин Б.Сувд-Эрдэнийн байрны гадаа ирэхэд манай найз охин Б.Сувд-Эрдэнэ нэг танихгүй залуутай алхаад явж байхаар нь их сургуулийн найз болох Оргио гэх залуу нь ирсэн юм байна гэж бодоод араас нь гүйж очоод гараа атгаж байгаад баруун шанаа болон хамар хэсэгт нь нэг удаа цохиж гэмтээсэн. Тухайн үед нөгөө залуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд намайг Сувд-Эрдэнэ яаж байгаа юм бэ гээд салгасан. Нөгөө залуу тэгээд яваад өгсөн. Сувд-Эрдэнэ бид хоёр 128 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа уулзаад зогсож байтал нөгөө нэрийг нь мэдэхгүй залуу 4 машинтай хүмүүс дагуулаад хүрч ирсэн. Хэдэн хүн ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Гэтэл нөгөө залуугийн найз нь гээд нэг намхан залуу ирээд миний баруун шанаа орчимд нэг удаа гараа атгаж байгаад цохьсон. Мөн надтай хамт явж байсан Баярболдыг зодсон. Тэгж байтал цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 81/

          Хохирогч Н.Мэргэншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 00.00 цаг болж байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжин Гранд зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 3 давхар орон сууцны дугаарыг нь мэдэхгүй байрны нэг орцонд 10 жилийн найз нар болох Сувд-Эрдэнэ, Мөрөн нарын хамт байж байхад манай найз Сувд-Эрдэнийн хуучин найз залуу болох  Батцоож гэх залуу орцонд орж ирээд намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гараа атгаж байгаад миний хамран тус газар цохиж гэмтээсэн. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэгээд би 102 дугаарт залган дуудлага өгсөн. Тухайн үед миний нүдэнд оч манараад газар унасан.  Нэг харахад Сувд-Эрдэнэ нэг эрэгтэй хүнийг 128 дугаар байрны орцноос аваад гарч байгаа харагдсан. Би босоод тэд нарын араас гарсан. Гэтэл миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Намайг цохиж унагаасан залуу чи хэн бэ юу юм бэ гээд орилж чарлаад байсан. Гэтэл Сувд-Эрдэнэ энэ миний хуучин найз залуу байгаа юм гэж хэлсэн. Нэрийг нь Батцоож гэж байсан. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 9-14/

            Гэрч Б.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай 10 жилийн найз Жанчивдоржийн төрсөн өдөр болсон бөгөөд тухайн өдөр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны орой 18.00 цаг өнгөрч байхад Жанчивдорж, Баавар, Бат-Оргил, Бат-Эрдэнэ, Цэнд-Аюуш бид нар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 127 дугаар байрны гадаа уулзсан. Тэгээд тэндээсээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар байрны гадаа очиж найз нар болох Өсөхбаяр, Дамбаа, Оожий нартай уулзаад байж байхад орой 21.00 цагийн орчимд байх манай найз Мэргэншагай ирсэн. Тэгээд бид нар уулзаад шөнө 21.30 цаг өнгөрч байхад салсан бөгөөд Мэргэншагай намайг болон Цэнд-Аюуш бид хоёрыг хүргэж өгөхөөр явсан. 127 дугаар байрны гадаа ирэхэд манай хоёр эмэгтэй найз болох Мөрөнгоо, Байгалмаа нар ирсэн байсан. Тэгээд бид нар юм яриад зогсож байтал тэд нар бүгдээрээ Рub орж халуун цай ууя гэсэн. Гэтэл уг газар нь хаалттай байсан. Рub-ын үүдний хэсэгт Мэргэншагай бид хоёр юм яриад зогсож байтал манай найз Батцоож орж ирээд Мэргэншагайгийн хажуу талаас нь чи хэн бэ гэж хэлээд баруун шанаа хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохиж гэмтээсэн. Би Батцоожийг яаж байгаа юм бэ гэж хэлээд авч гарсан. Мэргэншагайгийн хамарнаас цус гараад гарч явсан гэжээ. /хх-ийн 16/

Н.Мэргэншагайгаас асууж авсан тайлбар /хх-н 6/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд: хохирогч Н.Мэргэншагайгийн эмнэлэгт үзүүлсэн Гэрэл нүдний эмнэлэгийн 2 хуудас нүдний шинжилгээний хариу, Brillince Clinic эмнэлэгийн 1 хуудас КТГ-н шинжилгээний хариу, 2 ширхэг КТГ-н зураг, 1 ширхэг амбулаторийн картыг хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт болох нь тогтоогдсон  учир хэрэгт хавсаргахаар тогтов гэжээ./хх-ийн 25/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 59/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12960 тоот акт.ДҮГНЭЛТ:

            1.Мэргэншагайгийн биед 2 нүдний доод зовхи, хамрын цус хуралт, баруун гайморовын хөндийн урд хана, ухархайн дотор хана, доод хана, хамар яс 2 талдаа хугарал бүхий гэмтэл үүсчээ.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

            4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэжээ. /хх-ийн 60/

          Н.Мэргэншагайгийн ГССҮТөвийн өвчний түүхийн хуулбар/ хх-н 116-117/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл/ хх-н 61-62,/

          Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 64/

          Хэргийн материалаар  хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ, шинжээчийн Дүгнэлт:  1475 тоот /хх-н 65-66/

         Г.Батцоожид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/ хх-н 76-78/

           Г.Батцоожийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 79-87/

          Г.Батцоожийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 91 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 92/,БЗД-н 2 дугаар хороо 5 дугаар хэсэг ИДЭ 3-28 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 90/, банк, түүний харилцагчдын талаар мэдээлэл авах тухай тогтоол, банкны хариултууд /хх-н 94-115/, нийт эмчилгээний зардалд 664.650 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-н 119-123/ зэрэг болно.

          Г.Батцоож нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 128 дугаар байрны 01 дүгээр орцны нэг давхарт Н.Мэргэншагайг өөрийн найз охин Б.Сувд-Эрдэнэтэй хамт явлаа гэж хардан түүнийг нэг удаа гараараа шанаа орчимд цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Н.Мэргэншагайгийн биед 2 нүдний доод зовхи, хамрын цус хуралт, баруун гайморовын хөндийн урд хана, ухархайн дотор хана, доод хана, хамар яс 2 талдаа хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-н 60/

          Хохирогч Н.Мэргэншагайгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн… Сувд-Эрдэнийн хуучин найз залуу болох  Батцоож гэх залуу орцонд орж ирээд намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр гараа атгаж байгаад миний хамран тус газар цохиж гэмтээсэн. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тухайн үед миний нүдэнд оч манараад газар унасан.  Нэг харахад миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан  гэсэн мэдүүлэг/ хх-н 13/

         Гэрч Б.Сувд-Эрдэнийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн ….Мэргэншагай бид хоёр юм яриад зогсож байтал манай найз Батцоож орж ирээд Мэргэншагайгийн хажуу талаас нь чи хэн бэ гэж хэлээд баруун шанаа хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохиж гэмтээсэн. Би Батцоожийг яаж байгаа юм бэ гэж хэлээд авч гарсан. Мэргэншагайгийн хамарнаас цус гараад гарч явсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/

        Шүүгдэгч Г:Батцоожийн мэдүүлсэн …найз охин Б.Сувд-Эрдэнийн байрны гадаа ирэхэд манай найз охин Б.Сувд-Эрдэнэ нэг танихгүй залуутай алхаад явж байхаар нь их сургуулийн найз болох Оргио гэх залуу нь ирсэн юм байна гэж бодоод араас нь гүйж очоод гараа атгаж байгаад баруун шанаа болон хамар хэсэгт нь нэг удаа цохиж гэмтээсэн. Тухайн үед нөгөө залуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд намайг Сувд-Эрдэнэ яаж байгаа юм бэ гээд салгасан. Нөгөө залуу тэгээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Г.Батцоож нь тэр орой найз охин Б.Сувд-Эрдэнэтэй эвлэхээр очих үед нь Б.Сувд-Эрдэнэ нэг танихгүй залуутай зогсож байхад нь хардаж араас нь шууд очоод гараараа нэг удаа Н.Мэргэншагайгийн баруун шанаа хамар хэсэгт нь цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, Г.Батцоожийн цохилт Н.Мэргэншагайгийн биед учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд Г.Батцоожийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял  шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Батцоож  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй байна.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

        Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Гүндсамбуугийн Батцоожийг  бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Батцоожийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Г.Батцоожид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Мэргэншагайгийн эмнэлэгт үзүүлсэн Гэрэл нүдний эмнэлэгийн 2 хуудас нүдний шинжилгээний хариу, Brillince Clinic эмнэлэгийн 1 хуудас КТГ-н шинжилгээний хариу, 2 ширхэг КТГ-н зураг, 1 ширхэг амбулаторийн карт зэргийг хохирогч Н.Мэргэншагайд буцаан олгосугай.

 5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,Г.Батцоож нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Г.Батцоожид оногдуулсан  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батцоожид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                          С.ПҮРЭВСҮРЭН