Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2019/00888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00571/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. аймаг, .......... сум, ........ баг, .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...........  аймаг, .........  сум, ........  баг, .........  тоотод оршин суух ..........  овогт *******- /РД: ......., утас: .........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... аймаг, ...... сум, ..... баг, .......  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, .......  аймаг, .......... сум, ....... баг, ......... тоотод оршин суух ........ овогт *******- /РД: ........, утас: .........../-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “...Миний бие *******-тэй 2004 онд  гэр бүл болж 2005 оны 04 сарын 21-ний өдөр хүү *******-, 2007 оны 11 сарын 28-ны өдөр охин *******-, 2016 оны 01 сарын 21-ний өдөр хүү *******- нар төрсөн. Бид хамт амьдарч байхад надад хааяа гар хүрдэг байсан. Гэхдээ байнга биш, гэтэл сүүлдээ байнга гар хүрдэг болсон. Тэгээд бүр сүүлдээ нэг хүүхэнтэй холбогдох болсон. Үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Надад ч мөн ааш байсан л байх. Бид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. 2018 онд бид 2 хэсэг хугацаандд Туркэд байсан. Тэгээд хүүхдийн сургууль орох гээд би түрүүлээд ирсэн. Тэгэхэд *******- тэнд нэг хүүхэнтэй хамт байсан, энд ирээд мөн нэг хүүхэнтэй хамт амьдарч байгаа. Би эрээнд цайны газар ажиллуулаад тэндээ хэсэг хугацаанд байгаа, одоо ирээд 7 хонож байна. Охин маань театрын хөтлөгчийн дугуйланд явж байгаа. Төлбөр нь 300,000 төгрөг гээд *******-ийг хувааж төлье гэхэд би чадахгүй гэж хэлсэн. Том хүүхэд маань *******-тэй хамт байгаа, хүүгийнхээ саналыг асууж байж асрамжийг нь шийднэ. Ээжтэйгээ хамт байна гэвэл би хүүгээ асрамждаа авна.” гэв.

            Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Бид 2002 онд танилцаж, нэг гэрт 2004 онд орж хүүхдүүд маань төрсөн. Тэгээд энэ хугацаанд би хөдөө гадаа удаан хугацаагаар явж ажил хийдэг байсан. Яагаад салах болсон бэ гэхээр би Түркээс ирээд сар ч болоогүй цагаан сар болох гээд хот руу ажилд яваад битүүний өдөр ирсэн. Гэтэл *******- гэр орондоо оройтож ирээд нүүр амаа будаад нэг л өөр болсон байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр манай нэг найзтай уулзаж байсан юм билээ. Тэгээд шүүхэд өргөдөл өгсөн байсан. Би бол сална гэж огт яриагүй. Энэ хүн бие нь өвдөөд, бөө болох гээд байна гээд байхаар нь бөөг нь авахуулсан. Гэтэл одоо намайг хараана, ерөөнө гэдэг болсон. Хүү маань ээж дээрээ очихгүй, дүүгээ авмаар байна, би дүүтэйгээ аавтайгаа хамт амьдармаар байна гээд байгаа. Энэ хүн сална уу, яана хамаагүй. Хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдийн даахийг үргээхэд хүүгийн маань хичээлийг таслуулаад, ядаж аавыг нь дуудаж даахинд нь гар хүргээгүй. Надад гэрлэлтээ цуцлуулах бодол байхгүй. Энэ хүн ийш тийш явж ажлаа хийнэ биз, би харин 3 хүүхдээ хараад хамт баймаар байна, хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна.” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Гэрлэлтийг цуцлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, талуудад эвлэрэх хугацаа тавьж өгөөч гэсэн байр суурьтай байгаа. 3 хүүхдийг хамт нэг орчинд амьдруулаад үзье, тэр хооронд эцэг, эх хоорондын харилцаа өөрчлөгдөж эерэг тал гарах боломж магадлалтай гэж би үзэж байна. Ер нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцид хүүхэд аз жаргалтай байх нөхцал бүхийн гэр бүлийн орчинд амьдрах эрхтэй, үүнийг хуулиар тодорхойлоод өгсөн. Тэгэхээр эдгээр хүүхдүүд эцэг, эрхийн ийм харилцаанаас болоод аль аль нь орон гэртэй амьдарч чадахгүй, хамт байж чадахгүй ийм байдал үүсээд байна. Хэрвээ шүүх эдгээр хүмүүсийн гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа тавих боломжгүй байна гэж үзэх юм бол *******- бол хүсэлт зоригоо илэрхийлсэн. *******-ийн хувьд *******-ийг ажил төрөл хийгээд өөрийн гэсэн орон гэртэй болох зорилготой яваад байна гэж байгаа учраас тэр цаг хугацааг хүртэл ах *******-, аав *******- нартай нь хамт амьдруулаад, тэгээд магадгүй *******- өөрөө хүүхдээ аваад амьдрах боломж нөхцөл нь бүрдсэн үед эсвэл *******- дээр байгаад хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж үзсэн тохиолдол үүсвэл жичдээ хүүхдийн асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Шүүх гэрлэлтийг цуцлах нөхцөл байдал үүссэн гэж үзвэл *******-, *******- нарыг эцэг *******-ийн асрамжид үлдээж өгнө үү.” гэжээ.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******-, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин *******-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******- нарын асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2000 онд танилцан улмаар 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, өөрөөр хэлбэл гэрлэгчид таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больсон, эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү *******-, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин *******-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү *******- нар төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойшхи хугацаанд хүү *******- эцэг *******-ийн асрамжид, охин *******-, хүү *******- нар эх *******-ийн төрөл садан бодох түүний эцэг,дүү нарын асрамжид өсөж байгаа талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч *******- нь *******-, *******- нарыг өөрсдийн асрамжид авна гэсэн үндэслэлээ ...Одоо би Эрээн явахгүй, Салхитад төвхнөх бодолтой байгаа. Том хүү *******- хэрвээ ээжтэйгээ хамт байна гэвэл том хүүгээ бас өөрийн асрамжид авах хүсэлтэй байна... гэж тайлбарлаж байгаа, эцэг *******- хүүхдүүдээ өөрийн асрамжид авах үндэслэлээ ...Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Энэ хүн ийш тийш ажил төрлөө хийгээд явна биз, хүүхдүүдээ би авна...  гэж тайлбарлаж байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг шүүх харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүүхдийн асрамж хэн дээр байх талаар маргаантай байсан тул эцэг эхийнх нь хэнийх нь асрамжид байлгах нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор шүүх Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, томилогдсон байгууллага бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг ажиллуулжээ.

Шинжээч нар нэхэмжлэгч, хариуцагч нартай биечлэн уулзаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, эцэг, эх асран хамгаалагчдын сэтгэл зүй, зан үйлийн хандлага, харилцааны төлөв байдлыг судлах, эцэг, эх, асран хамгаалагчийн 20 багц психометрик хэмжигдэхүүнээр оношилгоо хийж, ...“Эцэг эхийн чадамжийг үнэлэх” 8 багц оношилгоогоор эх *******- 2 судалгаад давуу байдал үүссан нь эцгээс давуу талтай, “Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага”-д эцэг эхийн аль ч талд давуу тал үүсээгүй. “Хүүхдийн сэтгэл зүйн байдал”-аар том хүү *******-ын хувьд зан төлөвийн хувьд тогтвортой, түгшүүр хэвийн гарсан. Эцэгтээ ээнэгшил илүү байгаа ч дунд зэрэг ээнэгшилтэй, дунд охин *******мин-Эрдэнийн хувьд зан төлөвийн хувьд тогтвортой, түгшүүр хэвийн, эцэг эх хоёулантай нь эерэг харилцаатай. Ээждээ илүү ээнэгшилтэй... гэжээ.

Мөн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******-ийн хувьд одоо Эрээн хотод ажиллаж байгаа, цаашид Солонгос улс руу явах бодолтой нь амьжиргааны хувьд хэвийн асуудал ч хүүхдүүдийг асран хамгаалах, хүмүүжүүлэхэд эхийн үүрэг хариуцлага, халамж анхаарал дутагдах сөрөг нөлөөтэй. Хариуцагч *******-ийн хувьд архидан согтуурах зан үйлийн эрсдэлтэй гарсан нь өсвөр насны хүүхдийн хувьд асран хамгаалах хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөөтэй. Хүүхэд-Эцэг-Эхийн харилцааны төлөв байдлыг харьцуулсан психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд эх *******- 2 судалгаанд давуу байдалтай гарсан. “Хүүхдийн эцэг эхдээ хандах хандлага”-ыг тодорхойлох 8 багц оношилгоогоор том хүү *******- эцэгтээ дунд зэрэг ээнэгшилтэй, охин *******-, *******- нар эхдээ илүү ээнэгшилтэй оношилогдсон байна.

Гэр бүлийн тухай тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх түүний саналыг харгалзан үзэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэснээр *******-, *******- нарын саналыг шүүх өмгөөлөгч байлцуулан авсан болно.

Нэхэмжлэгч *******- оршин суугаа газраа өөрөө тодорхойлж, чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх хэдий ч энэ байдал нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй, шинжээчийн дүгнэлтээр энэ талаар ...одоо Эрээн хотод ажиллаж байгаа, цаашид Солонгос улс руу явах бодолтой нь амьжиргааны хувьд хэвийн асуудал ч хүүхдүүдийг асран хамгаалах, хүмүүжүүлэхэд эхийн үүрэг хариуцлага, халамж анхаарал дутагдах сөрөг нөлөөтэй... гэж дүгнэн, Хүүхэд-Эцэг-Эхийн харилцааны төлөв байдлыг харьцуулсан психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд эх *******- 2 судалгаанд давуу байдалтай байгаа тул  2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин *******-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******- нарыг эх *******-ийн асрамжид   үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч *******-ийн хувьд шинжээч ...архидан согтуурах зан үйлийн эрсдэлтэй гарсан нь өсвөр насны хүүхдийн хувьд асран хамгаалах хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөөтэй  гэж дүгнэсэн ч  “Хүүхдийн эцэг эхдээ хандах хандлага”-ыг тодорхойлох 8 багц оношилгоогоор том хүү *******- эцэгтээ дунд зэрэг ээнэгшилтэй... гэж дүгнэсэн, мөн хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дагуу гаргасан саналдаа эцэгтэйгээ хамт байх талаар тусгасан тул 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******-ыг эцэг *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд  эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн  болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг юм.

Иймд эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар охин *******-, *******- нарт эцэг *******-өөс, хүү *******-т эх *******-ээс сар бүр  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн  хөрөнгийг  улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэснээр нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-өөс гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, тэтгэлэг тогтоолгох шаардлагад 68,836 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-ээс тэтгэлэг тогтоолгох шаардлагад 50,873 төгрөг тус тус гаргуулан Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ....... овогт *******- /РД: .... /, ..... овогт *******- /РД: .............. / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******-ыг эцэг *******-ийн асрамжид, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин *******-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******- нарыг эх *******-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх *******-ээр, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин *******-, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******- нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-өөс тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-өөс 209,236 төгрөг, нэхэмжлэгч *******-ээс 50,873 төгрөг тус тус гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОЮУНДАРЬ