Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

2023          02           08                                                      2023/ШЦТ/66

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

   Шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.У-т холбогдох эрүүгийн  дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.У, төрсөн,  настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт  оршин суух, хуваариа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч С.У нь Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг “Овоотын ар” гэх газарт 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн малд нийлсэн 55 тооны алдуул малаас 6 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн Б.Ц-т 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Ц-ын өгсөн: “Манайх Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг "Овоотын энгэр" гэх газар зуссан. Энэ зун 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хонь ямаагаа тоолсон. Тэр өдрөөс хойш хонь ямаагаа тоолоогүй. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэдэн хонь зарах гээд хот руу эхнэр Гэрэлтцэцэгийн хамт Эмээлт зах дээр очсон чинь манай имтэй 6 хонь, 1 ямаа амьд малын зах дотор байсан. Тэгэхээр нь тэр хонь, ямааг худалдах гэж байсан хүнээс "энэ мал хаанаас хэзээ орж ирсэн мал вэ" гэж асуусан чинь тэр ченж "өнөө өглөө авсан мал" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ченжээс "гарал үүслийн бичгийн кодыг нь авсан юм уу" гэж асуухад код хэлж өгсөн. Тэгэхээр нь Эмээлт захын байцаагч дээр очоод тэр кодыг шалгуулсан чинь Лүн сумын Эрдэнэбат гэдэг хүн 15 хонь, 5 ямааг тэр өглөө Эмээлтэд өгсөн гарал үүслийн код байсан. Тэгэхээр нь тэр ченжээс манай мал байна. 6 хонь, 1 ямаагаа авъя гэж хэлсэн. Тэгээд Эмээлтийн байцаагч, цагдаа хоёр нь нэг өрөөнд сууж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа манай малыг "зарж болохгүй" гэж тэр ченжид хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр тэр ченжээс өөрийнхөө 6 хонь, 1 ямааг аваад явсан. Тэр орой гэртээ очход Э, эхнэр У-тай хамт манай гэрт хүлээж байсан. У, Э хоёрт ченж нь мөнгөө авъя гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд манайд ирээд хүлээж байсан. Тэгээд У нь “би энэ малыг танай мал гэж ёстой мэдээгүй” гэж хэлсэн. Манай хонь хоёр чих нь ганзага имтэй, ямаа нь хоёр чих нь ганзага имтэй. Эмээлтийн ченжийн хашаанд манай 6 эр хонь, 1 эр ямаа байсан. Зүс нь соёолон насны эр улаан ямаа, соёолон насны хар толгойтой, хар халзан, шар нүдэн, нэг улаан хонь, нэг хундан цагаан, шар халзан зүсмийн хонь байсан. Малын үнэлгээ 1 650 000 төгрөгөөр гарсан. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн: “Миний бие Эмээлт захад малын худалдаа наймаа эрхэлдэг. 2022 оны 8 дугаар сарын 07-ний өдөр Төв аймаг Лүн сумаас ирсэн Э гэгчээс 15 тооны хонь, 5 тооны ямааг нийт 2 300 000 төгрөгөөр авсан. 2 300 000 төгрөгийг тэр даруй шилжүүлсэн. Малыг авахдаа 1 хонийг 115 000 төгрөгөөр 1 ямааг 115 000 төгрөгөөр тус тус тооцож авсан. Гэтэл 12 цагийн үед Төв аймгийн Лүн сумаас ирсэн эмэгтэй, эрэгтэй хоёр манай мал байна гээд таньсан. Улмаар цагдаа дуудсан. Уг ирсэн 15 тооны хонь, 6 тооны ямаанаас 6 ширхэг хонь 1 ширхэг ямаа үлдсэн. Бусад малыг нь миний бие борлуулчихсан. Тэр сүүлд ирсэн эмэгтэй, эрэгтэй хүмүүс манай мал гээд зүсээр нь хэлээд байсан. Миний бие мэдэх зүйл байхгүй. Нэр нь Э гээд нэртэй Төв аймгийн Лүн суманд байдаг гэж хэлсэн. Гарал үүслийн бичиг нь хөдөө орон нутгаасаа хийгээд ирсэн. Ямар нэгэн асуудал байгаагүй. Сумаас нь код өгдөг. Кодыг нь мал эмнэлгийн газраас уншуулж үзэхэд зөрчил гараагүй. 7 тооны мал нийт 800 500 төгрөг болсон. Тэр мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч М.Г-ийн өгсөн: “Миний бие Төв аймаг Лүн суманд мал маллан амьдардаг. 2022 оны 8 дугаар сарын 07-ний өдөр мал зарах зорилгоор Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт амьд малын зах дээр 7 дугаарын хашаа дотор манай малаас 6 хонь, 1 ямаа байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манайх ойрын 1 сарын хугацаанд бүртгээгүй. Өнөөдөр л алга болж Улаанбаатар хотод зарагдаж байгааг мэдлээ. Манай малыг зарж байсан. Ченжээс асуутал 15 хонь 5 ямааг Төв аймгийн Лүн сумаас Э гэх хүнээс 2022 оны 8 дугаар сарын 07-ний өдөр авсан тухай хэлсэн. Э нь мөн тооны гарал үүслийн бичигтэй ирсэн гэж хэлсэн. Гарал үүслийн бичгийг хартал эм тамгыг бичүүлээгүй байсан. Манай нутгийн хүн бөгөөд тэдний ойролцоо гол байдаг учир манай мал очиж ус уудаг. Эмээлтэд олдсоноор хар хүзүүтэй хонь 1, улаан хонь 1, бор нүдэн хонь 2, шар хүзүүтэй хонь 1, хундан цагаан хонь 1, улаан ямаа 1 нийт 6 хонь, 1 ямаа Улаанбаатар хотод байна. Өөр хэдэн хонь алдагдсан эсэхийг мэдэхгүй байна. Төв аймгийн Лүн суманд байхдаа алга болсон. Э-ын ойр орчимд усанд орохдоо л алга болсон байна. Манай хонь зүүн талын чихэндээ ногоон өнгийн утастай. 2 чих урдаасаа цуулбар буюу ганзага имтэй. Харин ямаа нь зүүн талын эвэрний урд хэсэгт бөөрөнхий тэмдгээр улайсгаж дарсан хар дугариг хэлбэрийн тэмдэгтэй.",

"Манайх хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хонио тоолсон. Тэрнээс хойш манай нөхөр адуу мал гээд хонио тоолоогүй. Тэгээд 8 дугаар сарын 07-ны өдөр Эмээлтээс 6 хонь, 1 ямаагаа олж аваад хонио тоолж үзье гэж ярилцаад маргааш нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өглөө Э-ын хонинд шүүж үзэхэд манай 50-иад тооны хонь ямаа байсныг ялгаж авсан. Манайхны хонь нийлсэн байсныг би өмнө нь мэдээгүй." гэх мэдүүлэг /хх 24, 27-28/,

Гэрч Л.Э-ын өгсөн: “Эхнэр У бид хоёр хэдэн хонь, ямаа хот руу оруулж худалдана гэж ярьж байсан юм. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө намайг Уранбилэг сэрээгээд “явъя, хонь малаа ач, эмээлт явъя" гээд сэрээсэн. Би өмнөх өдөр нь архи уучхаад шөнө гэртээ ирээд гэрт байсан нэг шил 0,75 граммын шилтэй архийг уучихсан, архи гараагүй байсан болохоор "Чи өөрөө аччих" гэж хэлээд унтаад өгсөн. Дахиад намайг сэрээгээд "алив бос, явъя" гэхээр нь би босоод эхнэрийн хамт хот руу явсан. Эмээлтэд ирээд хонь, ямаагаа худалдсан. Яг хэдэн хонь, ямаа ачсан гэдгийг би тоолоогүй, архи сайн гарч өгөхгүй, машиндаа унтаад явсан. Тэгээд хонь, ямаагаа Эмээлтэд өгчхөөд эхнэр бид хоёр Лүн сум руу харьсан. Буцаж явах замдаа Атарын дэлгүүрээс нэг шил архи авсан. Гэртээ очоод тэр архийг уучхаад байж байхад орой нь эхнэр рүү ченж утасдаад "хүний хонь байсан юм уу эзэн нь ирээд хонио аваад явчихлаа, мөнгөө авъя" гэж ярьсан. Эхнэр надад "хамт Ц-х руу явъя" гээд байхаар нь би "чи өөрөө явчих" гэсэн. Эхнэр намайг цуг явъя гээд байхаар нь цуг яваад Ц-ынд очиж хүлээж байгаад хотоос ирэхээр нь уулзсан чинь 5 хонь, 1 ямаа Эмээлтээс ачаад ирсэн байсан. Тэр хонь, ямаа нь манай хонь ямаа биш байсан. Тэгээд бид хоёр гэртээ харьсан. Манай эхнэр У өөрийнхөө хонь, ямаатай хамт андуулаад ачсан байсан. Би хониндоо явдаг, У хонь ямаанд бараг явдаггүй. Хонь ямаагаа танихдаа ч муу. Би хэдэн өдөр архи уучихсан. Тэр хооронд айл саахалтын хоньтой нийлсэн юм байна лээ. Хонь нийлсэн гэдгийг би ч мэдээгүй, саахалт айлын Б ч мэдээгүй юм билээ. Тэгээд маргааш нь Б бид нар ярьж байгаад хонь малаа шүүж үзэхэд манай хонинд Б, Ц нарын нийлсэн баахан хонь байж байсан. Б, эхнэр Санаагийн хамт ирж хонио шүүж үзчихээд "баахан хонь, ямаа байна ш дээ хэзээ нийлчихсэн юм бол оо" гээд ялгаад аваад явсан. Б хонь онь имтэй, Ц-ын хонь манай хоньтой оролцоо имтэй байсан. Би хонь ялгаж ирэхэд мэдсэн. Манай хажуугаар гарч гол руу усанд ордог. Ус руу орох үедээ манай хоньтой нийлсэн байх. Би 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр найранд очоод архи уусан. Тэрнээс хойш шараа тайлж байна гээд өдөр болгон архи уусан. Энэ хооронд айлын хонь нийлсэн байх. Хонь нийлсэн гэж манай гэр аль аль нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

“Манай хонинд хонь нь нийлсэн байсныг мэдээгүй. Хотоос ирсний маргааш 2022 оны 8 дугаар сарын 08-ны өглөө хонь малаа шүүж үзэхэд манай хонинд Ц, Г баахан хонь байж байсан. Тэд нар "баахан хонь, ямаа байна ш дээ, хэзээ нийлчихсэн юм болоо" гээд ялгаад аваад явсан. Би яг хэдэн хонь ямаа байна гэж тоолоогүй,. Ялгахад нь цуг байсан. Нийт 50-аад тооны мал ялгаж авсан. Г, Ц нар хонь ямаагаа тоолж авсан.” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч Э.С-ын өгсөн: “Би Лүн сумын нутагт аав, ээжтэйгээ гэртээ байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 06-ны орой Баянхангай сум руу явах гэхэд ээж У "Өглөө эрт хонь мал зарна, Эмээлт явна, хаачих гээд байгаа юм" гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би ээжид "Би холдохгүй ээ, хаачив л гэж" гэж хэлчхээд мотоциклтой Баянхангай сум руу явсан. Тэгээд би Баянхангай суманд хоночхоод маргааш нь өглөө 09 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь аав, ээж хоёр гэртээ байгаагүй. Тэгэхээр би "хот руу эмээлт явсан юм байлгүй, Эмээлт явна мал зарна гэж байсан" гэж бодсон. Тэгээд аав, ээж хоёр үдээс хойш 15-16 цагийн үед хотоос гэртээ ирсэн. Тэгээд аав, ээж хоёрыг ирээд байж байтал араас нь цагдаа утасдаад байна гэсэн. Яасан бэ гэж асуусан чинь "Манай худалдсан хонинд Ц-ын хэдэн хонь байсан гэнэ.” гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Гэрч П.Э-ны өгсөн: “Манай саахалт айлын У 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад ирээд “хонь хашилцаад өгөөч хот руу мал оруулж зарах гэсэн юм" гэсэн. Тэгэхээр нь би мотоциклтой Э-нд очсон. Э-ын хонь гадаа хотондоо байж байсан. Уранбилэг бид хоёр гэрийнхэн гадаа хотондоо байсан хонийг нь хашсан. Тэгээд хонийг нь хашиж өгөөд би гэр рүүгээ явсан. Уранбилэг манайд ирэхдээ машинаа бариад ганцаараа ирсэн. Өөр мэдэх юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Шүүгдэгч С.У-ийн өгсөн: “Манайх Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг "Овоотын ар булан" гэдэг газар зусч байсан. Нөхөр бид хоёр хот руу мал зарж банкны зээл төлнө гэж хэд хоног ярьсан. Гэтэл манай нөхөр Э 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хамаатан айлын хүүхдийн үсний найранд очиж ирээд тэрнээс хойш архи уугаад хэд хоносон. Тэгээд мал зарахаар явж чадахгүй байгаад байсан. Би уурлаж байж 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө нөхөр Э-ыг айл руу явуулалгүй хот руу авч явсан. Тэр өглөө би Э-ыг босохгүй байхаар нь саахалт айлын Э-ыг гуйж хамт манай хонийг хашсан. Тэгээд хониноосоо 15 хонь, 5 ямааг машинд ачсан. Тэгээд Э-ыг машинд суулгаад би өөрөө машин бариад Улаанбаатар хот руу явж Эмээлт зах дээр хонь, ямаагаа худалдсан. Гэтэл тэр орой нь надаас мал худалдаж авсан ченж утасдаад "айлын хонь аччихсан юм уу та, би өнөөдөр ажлаа алдаад цагдаад дуудагдлаа, нөгөө хүмүүс чинь хонио аваад явчихлаа, миний хонины мөнгийг буцааж өг" гэж хэлсэн. Тэгэхээр нь "ямар хүн хонь авч явсан юм бэ" гэхэд ченж "Ц, Г гэдэг хүмүүс ирж хонь авсан" гэж хэлсэн. Ц, Г нартай уулзах гээд гэрт нь очоод хүлээж байгаад шөнө 12 цагт ирэхэд нь уулзсан чинь "манай хонинууд байна, та манай хонийг цуг ачсан байна шүү дээ" гээд 5 хонь, 1 ямаа ачаад ирсэн байсан. Бид нар гарч машин дээрх хонь, ямааг нь гэрэл тусгаж үзсэн. Тэгээд ченжид 5 хонь, 1 ямааны мөнгийг нь шилжүүлж өгсөн. Би хүний мал гэж мэдээгүй. Бусдын малыг худалдах санаа надад байгаагүй. Ц-ын гэр нь манай гэрээс 3 км орчим зайтай зусдаг, олон жил хамт зусч байгаа нэг нутгийн айл байгаа юм. Тэдний хонь манай хоньтой нийлсэн гэж мэдээгүй. Ц морь уяад хонио айл айлд тавьж харуулдаг юм. Ц-х хонио энэ жил Б гэдэг айлд нийлүүлсэн байсан гэсэн Б-н бас л манайхтай саахалт айл байгаа юм. Тэднийхний хонь манай хонинд нийлсэн гэдгийг би мэдээгүй. Тухайн өглөө би өөрийнхөө хонийг хашиж байгаад хонь, ямаа ачсан. Гэтэл дунд нь айлын хонь, ямаа байсан гэж мэдээгүй. Манай хонь, ямааны им Ц-ын хонь, ямааны имтэй ижил төстэй имтэй юм байна лээ. Манай хонь ямаа бусдын малтай нийлсэн гэж мэдээгүй байсан. Тэгээд манай худалдсан хониноос Б-ийн малд байсан. Хонь ямаа гарч ирсэн гээд бид нар хонь малаа нийлсэн байна гэж мэдээд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б эхнэртэйгээ ирж манай хонинд хонь шүүж үзсэн. Тэгтэл манай хонинд Б-ийн зуу гаруй хонь, ямаа нийлчихсэн байсныг ялгаад авч явсан. Тэр зуу гаруй хонь ямаан дунд Ц-ын хонь ямаа байгаа гэж байсан. Манайх 700 гаруй бог малтай. Манай нөхөр  ямаагаа малладаг. Тэр үед хаанаас архи уугаад хонио харахгүй хэд хоносон байх. Өглөө 07 цагаас 08 цагийн үед л гэрийн гадаа бэлчих гэж байсан хонио хураагаад хонь, ямаа ачсан. Э согтуу архи нь гараагүй байхаар нь Эрдэнээ ахыг гуйж бид хоёр хонь ямаа ачсан.

...нөхрийг дагуулаад Ц-ынд очиж уучлалт гуйгаад Цогбаяр өөрөө 7 тооны бог малаа гэртээ ачаад ирсэн байсан. Ингээд маргааш өдөр нь Ц манайд очиж хонио шүүгээд мөн манай хониноос мал ялгаж авсан. Тухайн үед Ц ч манай малтай хонио нийлснийг мэдээгүй байсан би ч мэдээгүй байсан." гэх мэдүүлэг /хх 68/,

"Дамно" ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Т22-179 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр соёолон насны эр хонь нэг бүрийн үнэ 250 000 төгрөг, соёолон насны ямаа нэг бүрийн үнэ 150 000 төгрөгөөр тооцож 6 толгой хонь, 1 толгой ямааг нийт 1 650 000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх 47-48/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 6-8/, хохирогч Б.Ц-ын малын А дансны хуулга /хх 70-72/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 73-74/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Хохирогч Б.Ц-ын эзэмшлийн 6 тооны хонь, 1 тооны ямааг шүүгдэгч С.У нь өөрийн малд нийлсэн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй зарж борлуулсан байх тул шүүгдэгч С.У-ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.У-ийг өөрийн малд нийлсэн бусдын эзэмшил, өмчлөлийн малыг мэдээгүй байсан байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

            Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч С.У-т улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулж, 

            Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналтай холбогдуулан санал хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.У нь ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаархи хавтаст хэргийн 82-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан байна.  

 

Шүүгдэгч С.У-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасныг журамлан 800 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч С.У нь хохирогч Б.Ц-ын эзэмшлийн 6 тооны хонь, 1 тооны ямааг зарж борлуулсны улмаас 1 650 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ц нь алдуул малаа биет байдлаар буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч С.У-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ