Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 147/2020/00673/И |
Дугаар | 001/ХТ2021/01447 |
Огноо | 2021-11-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/01447
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Сүхбаатар салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00108 дугаар шийдвэр,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 222/МА2021/00007 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 35,957,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, Б.Бөртэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Сүхбаатар салбар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 35,957,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 35,957,844.83 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,, Сүхбаатар салбарт олгож шийдвэрлэжээ.
3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 222/МА2021/00007 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021.07.20-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.09.30-ны өдрийн 001/ШХТ2021/00556 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн учир нэхэмжлэгчээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлээ “...Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчтэй адил үүрэг гүйцэтгэж эрсдэлийг хамтран хариуцахаар зээлдэгчийн гэр бүлийн хүн болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь зээлийн гэрээнд оролцож гарын үсэг зурж зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,,, Сүхбаатар салбараас 29,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлсэн, нэхэмжилж буй үндсэн зээл, үндсэн хүү, зээлийн торгуулийн хүү нийт 35,957,884.83 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын талаар талууд маргаагүй болно... Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хамтран зээлдэгч мөн гэж гарын үсэг зуржээ. Зээлийн гэрээ талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан байна. Гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно... Гэрээнд заасан хамтран зээлдэгч гэснийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхэд хуульд заасан харшлах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үнэлээд буй баримт, үндэслэл болгоод буй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасанд огт үнэлэлт өгөөгүй, хэрэглээгүй атлаа “Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндсэн зээлдэгч гэх боловч хариуцагч зээл авах хүсэлт гаргаагүй төдийгүй түүнд зээл олгох эсэх талаар судалгаа хийгээгүй, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д түүнтэй холбоотой эд хөрөнгө, данс барьцаалаагүй, хамтран зээлдэгчийн эрх үүрэг хариуцлагын талаар гэрээнд тусгаагүй байтлаа ,,,,,,,,,,,,,,,,,ийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж үндсэн зээлдэгчтэй адилтгаж үзэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна... энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт... гэж заасантай нийцэхгүй байна” гэжээ.
5.2. Анхан шатны шүүх “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,хамтран зээлдэгч мөн гэж гарын үсэг зуржээ. Зээлийн гэрээ бол талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан байна. Гэрээг хууран мэхлэх, хүч эрхлэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно, талуудын хооронд 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн байхад давж заалдах шатны шүүх “Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндсэн зээлдэгч гэх боловч хариуцагч зээл авах хүсэлт гаргаагүй төдийгүй түүнд зээл олгох эсэх талаар судалгаа хийгээгүй, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д түүнтэй холбоотой эд хөрөнгө, данс барьцаалаагүй, хамтран зээлдэгчийн эрх, үүрэг хариуцлагын талаар гэрээнд тусгаагүй байтлаа ,,,,,,,,,,,,,,,,,ийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж үндсэн зээлдэгчтэй адилтгаж үзэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна... энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... гэж заасантай нийцэхгүй байна” гэж тайлбарлажээ.
5.3. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээнд гарын үсэг зураагүй, хүчээр зуруулсан гэх агуулга бүхий тайлбарыг хэлдэг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй нь гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр болохыг харуулж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зээлдэгчийг тодорхойлсон. ,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь зээлийн гэрээний 1.1-д зааснаар мөн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчид юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн гүйцэтгэлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсдэг. Шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчдэд чиглэсэн байх ёстой. Зөвхөн ижил түвшний үүрэг нь хамтран хүлээх нэг үүргийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл манай тохиолдолд үүргийн ашиг сонирхол нэг, бүх үүрэг гүйцэтгэгчид хүлээсэн үүрэгтээ зохих хувь нэмрийг оруулах үүрэгтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нар нь үүрэг гүйцэтгүүлэгчид нэг үүргийг буюу зээлийн төлбөрийг төлөх л үүргийг хүлээсэн байна. Бодит байдал дээр ,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын нэгдмэл ашиг сонирхол нь зээлсэн мөнгөөрөө өөрсдийн охиндоо орон сууц авч өгөх байсан бөгөөд хариуд нь хамтдаа энэ зээлийн төлбөрийг төлөх тохиролцоо байсан. Энэ үүргээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хүлээн зөвшөөрч маргадаггүй болох нь хавтаст хэргийн 10-р тал “,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,д хүргүүлсэн 2020.02.11-ний өдрийн мэдэгдэл, мэдэгдлийг хүлээн авсан ,,,,,,,,,,,,,,,,, гэх хэсэгт гарын үсэг зурсан байдал”, 11-р талд авагдсан 2019.10.07-ны өдрийн 10/298 тоот мэдэгдлийн ар талын гар бичмэл “Уурхайгаас орж ирэх нөхөн төлбөрийг зээлд хийнэ”, Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагч: Нөхөр чинь зээл авч байхад та өөрөө мэддэггүй юм уу? Хариуцагч: Мэдсэн л дээ” гэх тайлбаруудаар тогтоогддог, анхан шатны шүүх ч үүнийг зөв үнэлдэг.
5.4. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон энэ хуулийг хэт нэг талыг барьж, анхан шатны шүүхээс огт өөрөөр хувийн байдалд хэт хамаатуулж буй нь хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нөхцөлийг үүсгэж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч “...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь цалингийн зээл авах шаардлага хангаагүй, тэтгэвэрт гарсан, тэтгэврийн зээлийг тус банкнаас 36 сарын хугацаатай авсан байсан, өндөр насны тэтгэвэрт байдаг хүн цалингийн зээлд хамрагдахгүй...” гэсэн үндэслэлээр дээрх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Сүхбаатар салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 35,957,884 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
9. Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Сүхбаатар салбар болон ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд 2018.11.19-ний өдөр ЗГ5905107623 тоот (цалингийн) зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 29,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсоны дагуу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,ийн дансанд 29,000,000 төгрөг орсон, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,, нас барсан тул нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагчаас “уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч биш, хамтран зээлдэгч гэж хуульд байхгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт нь банкны зээлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ, иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-ын дагуу зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 28,328,462.48 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,464,972.72 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн төлбөрт (нэмэгдүүлсэн хүү) 164,449.63 төгрөг, нийт 35,957,884.83 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн.
11. Харин давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээл авах хүсэлт гаргаагүй, судалгаа хийгээгүй, эд хөрөнгө, данс барьцаалаагүй, хамтран зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар гэрээнд тусгаагүй атлаа хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай нийцэхгүй, мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг түүнийг нас барснаар дуусгавар болно...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх “хариуцагч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар “хамтран үүрэг гүйцэтгэгч мөн” тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу шаардах эрхтэй” гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх “зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн гэрээнд шаардлага хангаагүй хариуцагчийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д нийцэхгүй, энэ утгаараа хариуцагчийг “хамтран зээлдэгч биш” гэж үзээд, тухайн тохиолдолд үндсэн зээлдэгч (,,,,,,,,,,,,,,,,,,,,) нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан...” гэж зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад хоёр шатны шүүх холбогдох хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.
13. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.
14. Учир нь, давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээг нэхэмжлэгч “хууль зөрчиж байгуулсан” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, улмаар хариуцагчийг хамтран зээлдэгч биш гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс хальсан, бодит үйл баримтыг үгүйсгэсэн, хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд зээлдэгч (,,,,,,,,,,,,,,,,,) нас барснаар тухайн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагчийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болоогүй.
15. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2. дахь хэсгийн дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд хариуцагч болон түүний гэр бүлийн хүн гарын үсэг зурсан, зээлийг зээлдэгч нарын хэн аль нь хувийн хэрэгцээндээ зарцуулах (охиндоо орон сууц авах) зорилгоор авсан үйл баримт тогтоогдсон, уг гэрээ хүчин төгөлдөр байхад шүүх ямар үндэслэлээр хариуцагчийг хамтран зээлдэгч биш гэж үзсэн нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлээ заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,, нь нөхрийн хамт зээл авсан хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
16. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний 1.1, 2.1-2.4, 2.7-2.9, 3.1.3, 3.3.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
17. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, тухайн гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар /Тодорхойлох хэсгийн 6/ үгүйсгэгдэнэ.
18. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 222/МА2021/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 337,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ