Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч С.Баттөр, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Хохирогч Ц.Дондогбаатар, Ц.Ганбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Партизан овогт Сандагбазарын Баттөрд холбогдох эрүүгийн 201625022304 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Партизан овогт Сандагбазарын Баттөр, Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 2-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: ХЗ71053078/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Баттөр нь танхайн сэдэлтээр, бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины тос борлуулах “ТҮЦ” дотор үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн хохирогч Ц.Ганбаатарын биед доод уруул, дээд буйланд шарх, дээд, доод уруулд шалбаралт, үүдэн шүдний сулрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж хүч хэрэглэн хохирогч Ц.Дондогбаатарын биед зүүн шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттөр мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 29-ний орой би 20.000 төгрөг задлуулах гэж уг ТҮЦ рүү орсон. Намайг ороход Ганбаатар, Дондогбаатар хоёр архи уугаад сууж байсан. Би мөнгө задлаад өгчих гэж гуйхад Ганбаатар ах чам шиг бандид мөнгө задалж өгөхгүй, чи муу дандаа хүн амьтнаас мөнгө төгрөг авч шүүх цагдаа гэж явдаг биздээ гэж агсам тавиад тонгорог бариад миний баруун гарын долоовор хурууны дээр зүссэн. Тэгэхээр нь би цохисон юм. Намайг Дондогбаатар түлхээд хоёулаа хаалгаар унасан. Тухайн үед унасанаас болоод миний хавирга гэмтсэн байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Таксины жолооч залуу намайг салгаж авсан. Энэ хоёр намайг Баянбүрдийн аюулгүй тойрог хүртэл чулуу шидэж хөөж явсан. Би маргааш нь хохирогч нараас очиж уучлалт гуйсан. Би нар бүгд согтуу байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дондогбаатар мэдүүлэхдээ: “...Намайг ТҮЦ рүү ороход ах маань архи уугаад сууж байсан. Тэгээд шүүгдэгч 10.000 төгрөг барьж орж ирээд мөнгө задлаад өгөөч гэж хэлсэн. Манай ах согтуу бас шүүгдэгч ч согтуу байсан ба хоорондоо маргалдаад унасан. Би шүүгдэгчийг боль гэж хэлэхэд намайг чи муу юу юм бэ, хоёулангийн чинь алаад өгье гэхээр нь би болилдоо гэж хэлэхэд намайг цохисон. Би ухаан алдаж унаад босоод ирэхэд энэ хоёр хоёулаа байхгүй байсан. Би цагдаа болон ах эгч нараа дуудсан. Тэгээд Сүхбаатар дүүрэг дээр очиж болсон бүх зүйлээ мэдүүлсэн. Би гэмтсэн учраас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Би олох байсан орлого буюу 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганбаатар мэдүүлэхдээ: “...Тухайн орой цэрэгт цуг байсан найз маань ирээд архи уугаад би нилээн согтсон байсан. Би тал шил архитай үлдсэн байсан. Шүүгдэгч орж ирээд мөнгө задлаад өгөөч гэхээр нь би хажуу талд дэлгүүр байгаа дэлгүүр рүү ороод мөнгөө задлуулчих гэхэд намайг цохисон. Би өмнө нь шүүгдэгчтэй өс хонзон, өр авлагын асуудал байгаагүй, мөн би араас нь чулуу барьж хөөгөөгүй. Би шүдгүй болохоор хоол ундаа ч идэж чадахгүй байна. Шүдийг минь хийлгүүлж өгнө үү. Надад гомдол санал байхгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж, тэнсэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг ТҮЦ-ндээ сууж байхдаа архи уучирсан байсан тул дүү Дондогбаатарыг дуудаад машинаа бариулах гээд байж байтал Төрөө согтуу орж ирээд 10.000 төгрөг задлаад өгчих гээд зодох шахаад дайраад байхаар нь би агсам тавиад байгаа юм уу хаашаа юм гар зайл гэж хэлсэн чинь намайг цохиод би ухаан алдаад унасан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд манай дүү Дондогбаатар гараа барьчихсан сууж байсан. Тэгээд манай эхнэр ирээд гэмтлийн эмнэлэгт очсон. Төрөө маргааш нь ирээд уучлаарай Ганбаа ахаа уурандаа цохьчихсон шүдийг чинь засуулаад өгье гэж хэлээд дахиж уулзаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Хохирогч Ц.Дондогбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Миний төрсөн ах Ц.Ганбаатар нь автомашины тос зардаш ТҮЦ-тэй юм. 2016.08.29-ний өдөр над руу залгаад ах нь архи уучихсан байна намайг ирээд аваадах гэхээр нь би очоод хамт байж байхад 22 цагийн үед Төрөө орж ирээд таксины мөнгө өгөх гэсэн юм мөнгө задлаад өг

 

гэхээр нь задгай мөнгө байхгүй гэж хэлтэл маргалдаадт эхэлсэн. Би дундуур нь ороод болиулах гээд салгах гэсэн чинь намайг чи муу юу юм бэ гээд хоёуланг нь ална гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад унасан юм. Тэгээд сэрэхэд миний гарын шуу өвдөөд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-19-20, 21/,

Насанд хүрээгүй гэрч О.Энхжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...ТҮЦ-ний ахтай хамт явсан ах “миний гар хавдсан, зодуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12178 тоот дүгнэлт: “… Ганбаатарын биед доод уруул, дээд буйланд шарх, дээд, доод уруулд шалбаралт, үүдэн нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12177 тоот дүгнэлт: “… Дондогбаатарын биед зүүн шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн шанаа  хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-28/,

 

Шүүгдэгч С.Баттөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, /хх-41/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Шүүгдэгч С.Баттөрийн хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд             /хх-44-48, 54-59, 66-67/,

Гэм хорын хохирлын баримтууд /хх-60/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогч болон шүүгдэгч талаас шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Баттөр нь танхайн сэдэлтээр, бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины тос борлуулах “ТҮЦ” дотор үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн хохирогч Ц.Ганбаатарын биед доод уруул, дээд буйланд шарх, дээд, доод уруулд шалбаралт, үүдэн шүдний сулрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж хүч хэрэглэн хохирогч Ц.Дондогбаатарын биед зүүн шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Ц.Ганбаатар мөрдөн байцаалтад өгсөн: “…Төрөө согтуу орж ирээд 10.000 төгрөг задлаад өгчих гээд зодох шахаад дайраад байхаар нь би агсам тавиад байгаа юм уу хаашаа юм гар зайл гэж хэлсэн чинь намайг цохиод би ухаан алдаад унасан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд манай дүү Дондогбаатар гараа барьчихсан сууж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, хохирогч Ц.Дондогбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…22 цагийн үед Төрөө орж ирээд таксины мөнгө өгөх гэсэн юм мөнгө задлаад өг

 

гэхээр нь задгай мөнгө байхгүй гэж хэлтэл маргалдаадт эхэлсэн. Би дундуур нь ороод болиулах гээд салгах гэсэн чинь намайг чи муу юу юм бэ гээд хоёуланг нь ална гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад унасан юм. Тэгээд сэрэхэд миний гарын шуу өвдөөд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12178 тоот дүгнэлт: “… Ганбаатарын биед доод уруул, дээд буйланд шарх, дээд, доод уруулд шалбаралт, үүдэн нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12177 тоот дүгнэлт: “… Дондогбаатарын биед зүүн шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн шанаа  хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-26, 28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Баттөрийн нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Баттөрд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гэм хорын хохирлын төлбөрийг шүүгдэгч С.Баттөр нь бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд харин хохирогч Ц.Ганбаатар, Ц.Дондогбаатар нар нь гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардал болон өмгөөлөгчийн хөлсийг хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэн эрхтэй болно.

Хохирогч Ц.Ганбаатар, Ц.Дондогбаатар нарын биеийн эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Дондогбаатарын “Надад гомдол санал байхгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”, Ц.Ганбаатарын “Шүдийг минь хийлгүүлж өгнө үү. Надад гомдол санал байхгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж, тэнсэж өгнө үү” гэсэн мэдүүлгүүдийг харгалзаж, мөн шүүгдэгч С.Баттөрийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохиролыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Партизан овогт Сандагбазарын Баттөрийг  бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан,

Дээрх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж бие махбодид

 

нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар С.Баттөрийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Баттөрд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Баттөрөөс тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийг хохирогч Харчин овогт Цэрэндашийн Дондогбаатарт олгосугай.

6. Хохирогч Ц.Ганбаатар, Ц.Дондогбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                   

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Баттөрд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баттөрд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баттөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР