| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0552/З |
| Дугаар | 221/МА2025/0273 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2025/0273
Д.А ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , өмгөөлөгч Ш.А , гуравдагч этгээд “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “ДХ” ХХК, “ТС” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , түүний өмгөөлөгч Ш.А , гуравдагч этгээд “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0552/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 тоот тогтоолын 1.4-т заасан нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж,
2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн ДХ ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн ТС ХХК-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг хариуцагч нар хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн ДХ ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн ТС ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг тогтоож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдолд тухай бүр хариуцагч байгууллагаас хариуг хүргүүлсэн байгаа нь энэхүү эс үйлдэхүйд хамаарахгүй. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай. Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх тул хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэж болохоор байна.
3.2. Нэхэмжлэгчийн хүсэлт өгч буй газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд Газрын тухай хуулийн 21.2 дахь хэсэгт Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх гэж заасан байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэдээс ирүүлсэн газар эзэмших хүсэлтийг хүлээж авч эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж хуулийн дагуу газар эзэмших эрх олгох боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж хариуг хүргүүлсэн нь уг хуулийн заалтад бүрэн нийцэж байна.
3.3. Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон газар нь анхнаасаа 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагт хамааралгүй, Нийслэлийн нутаг дэвсгэр байсан. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлд заасны дагуу “ДХ” ХХК болон “ТС” ХХК-д газар эзэмших эрх хууль ёсны дагуу олгосон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ маргаанд огт хөндөгдөхгүй. Д.А ийн аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар хүчингүй болсон. Тус тушаалтай нэхэмжлэгч нь огт маргаагүй. Иймээс тухайн байршилд нэхэмжлэгч аливаа хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээтэйгээр газар эзэмшдэггүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул тухайн газартай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол байхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх огт тогтоогдохгүй байхад Нийслэлийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн манай байгууллагад холбогдох газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.2. Д.А ийн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 тоот тогтоолын 1.4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэх заалтыг үндэслэн Нийслэлийн засаг дарга газар эзэмших эрх олгох, газрын эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Нийслэлийн засаг дарга нь хуулиар олгосон эрх хэм хэмжээнээс хэтрүүлэн шийдвэр гаргах эрхгүй. Учир нь Д.А т БОАЖ-ын сайдын тушаалаар олгогдсон газар нь аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай газар нутагт түр отоглох зориулалтаар ашиглуулах зорилгоор 5 жилийн хугацаатайгаар олгогдсон газар. Харин иргэн Д.А нь тухайн газартаа орон сууцны хороолол барих эрхтэй гэж маргаж байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна. Аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газрын ашиглалтын хугацаа дуусгавар болгосон тохиолдолд газрыг анхны төрхөд нь оруулан чөлөөлж өгөх хууль зүйн үр дагавартай. Гэтэл нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхээр солиулах шаардлага тавьж шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
4.4. Д.А ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтэд хаяглан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан миний төслийн эскиз зургийг 27-р нэгж хорооллын төлөвлөлтөд суулгаж өгнө үү”' гэх хүсэлтийн хариуг Нийслэлийн засаг дарга эсхүл Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт өгөх боломжгүй. Учир нь хуулиар Нийслэлийн засаг даргад хот төлөвлөлт боловсруулах эрх олгогдоогүй байхаас гадна Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт нь тухайн газар дээр ямар барилга, байгууламж барих асуудлыг хариуцах байгууллага юм. Харин Нийслэлийн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах эрх бүхий субъект нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба тул Нийслэлийн засаг дарга хот төлөвлөлтөд Д.А ийн эскиз зургийг тусгаагүй гэдэг үндэслэлгүй юм.
4.5. Нийслэлийн нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд газраа тусгуулахын тулд эхлээд газар эзэмших эрхтэй байж дараа нь архитектур төлөвлөлтийн даалгаварт авч түүнд үндэслэж эскиз зураг батлагдана. Гэвч Д.А нь газар эзэмших эрхгүй этгээд байхад эскиз зургаа төлөвлөлтөд тусгуулах боломжгүй тул Нийслэлийн нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд эскиз зургаа тусгуулах хүсэлт гаргах нь хуульд нийцэхгүй юм.
4.6. Д.А ийн хүсэлтэд дурдсан 2011 онд хийлгэсэн барилгын эскиз зургийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг татах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.12-т “Барилга байгууламжийн загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралт эхлээгүй бол уг барилга байгууламжийн загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу тухайн 2011 онд батлуулсан эскиз зургаар барилга бариагүй бол дараагийн төлөвлөлт ороод явдаг. Тэгэхээр нотлох баримтаар өгсөн эскиз зургийн хүрээнд огт барилга бариагүй тул 2013 оноор хүчинтэй хугацаа нь аль хэдийн дууссан байна. Иймд, Д.А нь газар эзэмших эрхгүй этгээд тул Нийслэлийн нутаг дэвсгэрт эскиз зургаа тусгуулах боломжгүй байхаас гадна аль 2013 онд хүчинтэй хугацаа нь дууссан эскиз зургаар хот төлөвлөлт боловсруулах эрхгүй субъект болох Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт болон Нийслэлийн засаг даргыг тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй байна.
4.7. Харин Д.А ийн Нийслэлийн засаг даргад хандан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх хүсэлт”-үүдийн тухайд Нийслэлийн засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-05/3435 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4333 дугаартай хариу албан бичгүүд хүргүүлсэн байдаг. Тус албан бичгүүдээр Д.А т газар эзэмших эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг тул шүүхийн “асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй орхигдуулсан нь захиргааны байгууллагаас гаргаж буй хууль бус эс үйлдэхүй юм” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Д.А ийн газар эзэмшүүлэх хүсэлтэд нийт 3 удаагийн хариу өгчихөөд байхад дахин шинэ акт гарга гэж 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
4.8. Түүнчлэн, шүүх хэргийн гол үйл баримтын нэг болох газрын давхцалын асуудлыг үнэлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэвч, шүүхээс Д.А ийн хувийн кадастрын компани болох “ГС” ХХК-аар давхцалын зураг хийлгэж авчирсан нотолгооны шаардлага хангахгүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь манай байгууллагын шүүхийн өмнө эрх тэгш байх болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж байна.
Иймд, дээрх нөхцөл байдлыг хянан шалгаж шалгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , өмгөөлөгч Ш.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1. “...Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” гэж тодорхойлсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.А ийн гаргасан хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага сөрөг дүгнэлт гарган хариу хүргүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба аливаа байдлаар иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан үйлдэл гараагүй байхад анхан шатны шүүх “... түүний гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа ...” гэсэн дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь илтэд нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
5.2. Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх хүрээнд хянан үзэж, дүгнэлт гаргах нь зүйтэй байхад хариуцагч байгууллагаас хариу өгсөн үйлдлийг хянаж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
5.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргаас тус хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгох эсэх шийдвэрийг гаргадаг. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.” гэж заасан журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас иргэн Д.А т тусгай болзолтойгоор газар ашиглуулсан эрхийг шууд үргэлжлүүлэн газар эзэмших эрх болгон олгох нь Газрын тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болно. ...нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбарлаж буй Д.А т нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэх үүрэггүй бөгөөд бусдаас аливаа давуу эрх олгох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.
5.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтээр “... орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгож өгөхийг” хүссэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ба гагцхүү иргэний газар эзэмших хүсэлтийг эхлээд шийдвэрлэх учиртай. Улмаар тухайн байршилд хүсэлт гаргасан иргэнд газар эзэмшүүлэх эрх олгох боломжтой гэж үзвэл Засаг дарга захирамж гаргаж, түүний дараа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар эрхийн гэрчилгээг олгодог. Гэтэл нэгэнт Засаг даргад нэхэмжлэгч Д.А ээс газар эзэмшүүлэх хүсэлт гаргаагүй байхад гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм.
5.5. ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй буюу газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон агуулгаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг илт зөрчсөн шийдвэр болсон.
5.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасныг урьдчилсан нөхцөлөөр нь задлан үзвэл татгалзсан шийдвэр нь хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байвал, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах учиртай ба уг нэхэмжлэлийг гаргахад хугацааг баримтлах учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс татгалзсан нь хууль бус гэж үзсэн ч түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудлаар дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “ДХ” ХХК, “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлуудыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т...анд 5.0 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг Д.А т 5 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд мөн сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалаар тус газраас 15861.9 м.кв газрын ашиглах эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хэсэгчлэн цуцалсан, улмаар нэхэмжлэгч үлдэх 3,4 га газар ашиглах гэрчилгээг шинэчлэн сунгуулж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0110 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулсан, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар тушаалын хавсралтаар 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчийн Д.А ийн газар багтсан байна.
2.3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар тушаалд ийнхүү хавсралтад дурдсан этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй үндэслэлээ “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ...Т...анд хилийн цэст залруулга оруулсантай холбоотой...” гэж тусгажээ.
2.4. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолоор “...Монгол Улсын Их хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, тусгай хамгаалалттай газруудын хилийн цэсийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэх ажлыг зохион байгуулах, ...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг жил бүр бодитой дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах гэрээг цуцлан, эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгох”,
Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон иргэн, аж ахуй нэгжийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”-аар тус тус шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь Нийслэлийн газар нутагт хамаарахаар болсон байна.
2.5. Нэхэмжлэгчийн тухайд, түүнд 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт буюу Богдхан уулын Т...анд 5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн №769 тоот гэрчилгээг Байгаль орчны яамнаас олгож, 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2008/769 дугаартай гэрээ байгуулсан, үүний дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 256 дугаар магадлалыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр талбайн хэмжээг 34148.9 м.кв болгон, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар шинэчлэн олгож, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 0110 дугаартай гэрээ байгуулсан хууль ёсны газар ашиглах эрх бүхий этгээд байна.
2.6. Нэхэмжлэгчийн тус газар нь Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолуудаар байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан хилийн заагт хамаарсан учир газар ашиглах эрхийг цуцалж, тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг эрх бүхий этгээдүүдэд үүрэг болгожээ.
2.7. Улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Т...анд байрлах тухайн 3,4 га газрыг яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгож өгөх”, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “...газрын гэрчилгээ шинээр олгож, гэрээ байгуулах” хүсэлтийг тус тус Нийслэлийн Засаг даргад гаргасанд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-05/3435, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4333 дугаар албан бичгүүдээр хариу хүргүүлсэн байх боловч энэ нь Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор шийдвэрлэсэн газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээдэд буюу нэхэмжлэгч Д.А ийн газар ашиглаж байсан хууль ёсны эрхийг хөндөхгүй байхыг үүрэг болгосон, эрх бүхий этгээдийн зорилгод нийцсэн шийдвэрийг захиргааны байгууллага гаргаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
2.8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 23.3.7-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” эрхтэй гэж, харин хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
2.9. Хариуцагч захиргааны байгууллага дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий газар болох нэхэмжлэгч Д.А ийн ашиглах эрх бүхий 34148.90 м.кв газар нь ямар байршилд хэрхэн байрлаж байгаа бодит нөхцөл байдлыг тодруулж, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
2.10. Тодруулбал, нэхэмжлэгч Д.А ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай” гэж тодорхойлсон, гэвч тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага дээрх байдлаар нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйд нийцнэ.
2.11. Нэгэнт Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор ...Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байх тул “...нэхэмжлэгч Д.А т Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэх үүрэггүй бөгөөд бусдаас аливаа давуу эрх олгох боломжгүй, ...Д.А т газар ашиглуулсан эрхийг шууд үргэлжлүүлэн газар эзэмших эрх болгон олгох нь Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно” гэх агуулга бүхий гуравдагч этгээд “ДХ” ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
2.12. Харин дээрх захиргааны төв байгууллагуудын шийдвэрүүдийг гарахаас өмнө гуравдагч этгээд “ДХ” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1781117552 нэгж талбарын дугаартай 30000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг, гуравдагч этгээд “ТС” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1781117337 нэгж талбарын дугаартай 29000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг тус тус олгожээ.
2.13. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч тус актуудын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг бүхэлд нь түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болжээ.
2.14. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж,
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.
2.15. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/6093 дугаар албан бичгээр нэгж талбарын 17811070 дугаар бүхий 34148.90 м.кв газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээс хойших хугацааны түүхчилсэн лавлагааг гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн байх ба тус газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/2069 дүгээр албан бичгээр “...нэгж талбарын 17811070 дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн санд 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.А /РД:УК******/-ийн нэр дээр бүртгэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусах хугацаа өгч бүртгэлгүй болсон байна” гэх хариуг өгчээ. Тус албан бичигт хавсаргасан газрын кадастрын зургаас үзэхэд уг нэгж талбарын дугаар бүхий газар нь 50056 м.кв талбайтай газраар бүртгэгдсэн буюу нэхэмжлэгчийн газрын хэмжээг шүүхийн шийдвэрийн дагуу 34148.90 м.кв талбай болгосон хэдий ч албан ёсоор мэдээллийн санд өөрчлөлт оруулаагүй, улмаар уг 50056 м.кв талбайгаараа гуравдагч этгээд нарын эзэмшил газартай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь түдгэлзүүлэх шаардлагагүй.
2.16. Учир нь гуравдагч этгээд “ДХ” ХХК, “ТС” ХХК-ийн эзэмшил газрын нэхэмжлэгч Д.А ийн 34148.90 м.кв газартай давхцалгүй хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл хөндсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
2.17. Тухайн тохиолдолд нэгэнт албан ёсны эх сурвалж болох Газрын кадастрын мэдээллийн сангаас нэхэмжлэгчийн газар 34148.90 м.кв-аар бүртгэгдээгүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд нарын газар нь нэхэмжлэгчийн газартай аль хэсгээрээ хэдий хэмжээгээр давхацсан эсэхийг шүүх /тодруулж хариу авсан/ шууд тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 34148.90 м.кв газрын хаагуур нь гуравдагч этгээд “ДХ” ХХК, “ТС” ХХК-иудын газар байрлаж байгаа, энэ давхцалын хэмжээ нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдлыг тодруулж шалгах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд эдгээр нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсгийг тус тус түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2.18. Хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2008 оноос эхлэн ашиглаж байсан, энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах боловч нөгөө талаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж, эрх бүхий этгээдээс газар эзэмших эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэртэй гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн хөндөгдөх тул анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/283 дугаар тушаалаар үүссэн буюу гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн” гэх дүгнэлтээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.
2.19. Тодруулбал, захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгож шийдвэр гаргах ёстой.
2.20. Энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 34148.90 м.кв газрын аль хэсэгт гуравдагч этгээд нарын газар ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэх, улмаар давхцалгүй хэсэгт гуравдагч этгээд нар газрыг эзэмшүүлэх хариуцагчийн хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжит хувилбар байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй тул “...тухайн 3,5 га газрын кадастрын зураг хэргийн материалд болон кадастрын мэдээллийн санд аль алинд нь байхгүй байхад гуравдагч этгээдийн газартай хэрхэн давхацсан, давхцал үүссэн гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх гуравдагч этгээд “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.21. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 34148.90 м.кв газрын бодит байдлыг тодорхойлж, тус газар нь гуравдагч этгээд “ДХ” ХХК, “ТС” ХХК-ийн эзэмшил газартай ямар хэмжээгээр, хэрхэн давхцаж байгаа болохыг тодруулж, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн гуравдагч этгээд нарын газар нь маргаан бүхий газартай хэрхэн давхцаж байгаа болох нь тодорхойгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон мөн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь түдгэлзүүлэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Д.А ийн ашиглах эрх бүхий 34148.90 м.кв газартай давхцалтай хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг хариуцагч нар хийж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаартай захирамжийн “ДХ” ХХК-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаартай захирамжийн “ТС” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Д.А ийн ашиглах эрх бүхий 34148.90 м.кв газартай давхцалтай хэсэг тус тус хүчингүй болохыг тогтоосугай” өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын болон гуравдагч этгээд “ТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА