Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0707

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0707

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т овогтой Р /РД:ШУ9*********/

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Таймс скүэр ** тоот

Хариуцагч: Нийслэлийн засаг дарга

Гуравдагч этгээд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Г.Г, Л.П

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, гуравдагч этгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.Д, Б.Э, гуравдагч этгээд Л.П, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Р, түүний өмгөөлөгч Ё.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Р миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын зүүн талд амины орон сууц барих зориулалттай 23000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдаас /Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 499 дүгээр захирамж, иргэн н.М********н, н.Н********н, н.У***********а нараас/ шилжүүлэн авч, дүүргийн Газрын албатай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан, гэрчилгээ олгогдсон.

2014 онд олгогдсон хил хязгаарын дагуу газартаа хашаа барьж А ХХК-тай амины болон нийтийн орон сууцны барилга барихаар зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн. Түүнээс хойш хашаагаа хулгайд алдаж дахин хашаа барьж түр ажлын байр барьсан. 2019 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын албанаас ирж уулзахыг мэдэгдсэний дагуу очиход Иргэний нисэхийн ерөнхий газраас тухайн байгууллагын хашаанаас 10 метр холдуулж хашаагаа татах талаар шаардсан гэж мэдэгдсэн. Хэдийгээр захирамжаар олгогдсон цэг, координатаар хашаагаа барьсан боловч шаардлагыг хүндэтгэн Иргэний нисэхийн ерөнхий газрын хашаанаас өөрийн хашааг 10 метр холдуулан татаж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б Э ХХК-иар кадастрын 2 зураг хийлгэхэд 23000 метр квадрат байсан газрын хэмжээ 19035 метр квадрат болсон. Иймд өмнө 23000 метр квадратад хийлгэсэн барилгын зураг төслийг дахин 19035 метр квадрат газарт тохируулан шинээр хийлгэж эхэлсэн.

2019 оны 04 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэл өгсний дагуу 2019 онд газрын төлбөрт 7,448,360 төгрөг төлсөн.

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барилгын зураг төслөө батлуулж, барилга барих зөвшөөрөл хүсч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад газрын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгох шаардлагатай гэж мэдэгдсэний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандахад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/2443 тоот албан бичгээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжаар хүчингүй болгосон талаар мэдэгдэж, уг захирамжийн хуулбарыг гардуулан өгсөн болно.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг гардан авч судлах явцад манай эзэмшлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 10000 метр квадрат, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжаар иргэн Г.Г-т 700 метр квадрат, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар Л.Пид 1500 метр квадрат газрыг тус тус давхар эзэмшүүлсэн болохыг олж мэдлээ.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд нь дараахь үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн A/993 дугаар захирамж хууль бус болох талаар: Захирамжийн үндэслэл, агуулга нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна.

Энэхүү A/993 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Засаг даргын захирамж гаргах, хууль бус захирамжийг хүчингүй болгох нийтлэг бүрэн эрх, газар төрийн хяналтад байх зарчим зэрэг ерөнхий заалтуудыг дурьдаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг үндэслэл болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж заасан.

Нэхэмжлэгч 2014 онд газартаа хашаа болон ажлын түр байр барьж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-тай А-01/08 дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулж, амины болон нийтийн орон сууцны цогцолбор хороолол барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн, зураг төсөл боловсруулах ажил үргэлжлэн хийгдэж байсан. Иймд нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед /2018 онд/ газраа гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзнэ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг гэж заасны дагуу барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа нь барилга барих ажлын нэг хэсэг юм.

Захиргаа дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтуудыг зөрчсөний улмаас хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

A/993 дугаар захирамж Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн олон заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар захиргааны үйл ажиллагааны гол зарчмуудын нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим байна.

Дээрх хуульд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахын өмнө уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлох, түүнд сонсгох ажиллагаа явуулах, тайлбар, санал гаргах боломж олгох, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт нэгэнт гарсны дараа холбогдох этгээдэд мэдэгдэх, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг захиргааны актад заах, гомдлоо хуулийн хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлахгүй байх зэрэг шаардлагуудыг хуульчилсан.

Захиргааны байгууллага Т.Р-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулж, тайлбар санал гаргах боломж олгоогүй, уг захирамжийг гарсны дараа энэ талаар мэдэгдээгүй, захирамжид гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарласан тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/993 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна. Тус захирамж нь зорилгодоо нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуульчилсан.

Маргаан бүхий A/993 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн газрыг гэрээнд заасан болзол, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул хүчингүй болгосон гэх боловч газрын гэрчилгээг хүчингүй болгохоосоо өмнө захирамж гаргах болсон талаар, захирамж гарсны дараа энэ талаар нэхэмжлэгчид сонсгоогүй, мэдэгдээгүй захиргааны үйл ажиллагаа нь анхнаасаа Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 09, 10, 11 дүгээр сард удаа дараа, мөн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаа болох нь нотлогдоно.

Т.Р нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэлгүйгээр шууд гарсан, мөн шийдвэр гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуулийн хугацаанд гомдол гаргах эрхийг нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/993 дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй шийдвэр байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн A/988 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь хууль бус болох талаар:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нэхэмжлэгчийн газартай давхардуулан газар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/993, тухайн газрыг бусдад /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/ эзэмшүүлсэн A/988 дугаар захирамжууд нэг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан байх боловч маргаж буй газрыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эзэмшүүлсэн шийдвэр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө гарсан байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/988 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин газар давхар эзэмшүүлсэн байна.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100, A/101 дүгээр захирамжийн холбогдох заалтууд хууль бус болох талаар:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин нэхэмжлэгчийн газартай давхардуулан газар эзэмшүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно гэж заажээ. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргасан тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/2443 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/993 дугаар захирамжийн хуулбарыг гардуулан өгөх хүртэл тухайн захирамж нь хүчин төгөлдөр болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Рд газар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу олгогдсон Т.Ргийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр хэвээр байсан. Газар эзэмших эрх дуусгавар болоогүй буюу эрх үүрэг үргэлжилсээр байсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн нэхэмжлэл, газрын төлбөр төлсөн баримтуудаар давхар нотлогдоно.

Иймд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100, A/101 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон газартай давхардуулан бусдад газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэр болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8, 24, 25, 26, 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.6, 38 дугаар зүйлийн 38.2.3, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2018 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, мөн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Гт, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.Пид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Э.Ө нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэн Т.Р-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн A/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн A/100 дугаар захирамжийн Г.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.Пид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн A/08 дугаартай захирамжаар Иргэн Т.Р-д эзэмших эрх олгосон тухайд:

Хан - Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаартай захирамжаар иргэн Т.Р /Ш**************9/-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн зүүн талд байрлах 23000 метр квадрат газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Иргэн Т.Р нь Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийн тухайд:

Иргэн Т.Р нь Газрын тухай хуульд заасан үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 48 дугаар зүйлийн 48 2.1, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш/барилга, байгууламж, зам талбай бариагүй байхыг ойлгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн эзэмшүүлсэн газар дээрээ амины орон сууц бариагүй байна.

Нийслэлийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01-06/4054 дугаартай албан бичгээр тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор тайлбар, саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч тайлбар, санал хүсэлтээ ирүүлээгүй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийн тухайд:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10000 метр квадрат газрыг үйлчилгээ, контор, шинжилгээний байрны зориулалтаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжаар иргэн Г.Г-т 700 метр квадрат газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дугаар захирамжаар иргэн Л.Пид 699 метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна. Дээрх захирамжууд нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль, тогтоомжийн хүрээнд олгогдсон байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01-06/5448 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичгээр дээрх нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжийн хувийн хэргийг тус тус хүргүүлсэн.

Иймд дээрх маргаанаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д, Т.Н нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Р-гийн нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь хуулиар хүлээсэн өөрийн чиг үүргээс гадна гэмт хэргийн улмаас болон эмнэлэгт нас барсан, нэр хаяг нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй нийслэл хотын нас барсан иргэдийн цогцсыг тус хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хадгалж, цогцсыг ёслол хүндэтгэлийн танхимаар дамжуулан ар гэр, төрөл төрөгсдөд нь хүлээлгэж өгөх, нэр хаяг нь тодорхойгүй болон хариуцах эзэнгүй цогцсыг баримтжуулан нутаглуулах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг.

Тус хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын байр нь 1972 онд баригдсан, тухайн үед хотын хүн ам 300 мянга орчим байсан бол одоо түүнээс 4.6 дахин өссөнөөс Шүүх эмнэлгийн шинжилгээний газар нь ачааллаа дийлэхгүй, цогцос хадгалах, салах ёс гүйцэтгэх ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн чанартай гүйцэтгэх боломжгүй болсноос гадна тухайн байр нь хотын төвд хүн ам нягтаршил ихтэй газар байрлаж байгаа нь авто машины түгжрэл үүсгэх, оршуулгын зан үйл гүйцэтгэхээр ирсэн ар гэрийхний бухимдал, үл ойлголцол зэрэг бэрхшээлүүдийг үүсгэх болсоор удаж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр-ийн хүрээнд 13.5 сая ам.долларын өртөгтэй Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцэх Шүүх эмнэлгийн барилга барих газар олгож өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга С.Б********д 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/39144, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4089, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б**********нд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/4726, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/4727 дугаартай албан бичгүүдээр гаргаж байсан ч хүсэлтийг шийдвэрлээгүй тул 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/3703 тоот албан бичгээр дахин Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шүүх эмнэлгийн цогцос хадгалах байр барих газар олгож өгөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар маргаан бүхий байршилд 1.0 га газар эзэмшүүлсэн юм.

Манай байгууллага нь өөрийн байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулан газар эзэмшүүлэх хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа гаргаж, эрх бүхий этгээдээс газрын байршил, зориулалт, хэмжээг зааж газар эзэмшүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамж нь хуульд нийцсэн шийдвэр байх тул тухайн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Нэхэмжлэлийн шаардлага -ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гантөмөр овогтой Ганзориг миний бие сэтгүүлч мэргэжилтэй телевизийн салбарт олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг нэгэн билээ. Хү***** ТББ, Х*********** нэгдэл ТББ зэрэг байгууллагаар сайн үйлсийн аян, нийгэмд хэрэгтэй зүйлсийг санаачлан давхар хийж хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нэн тулгамдсан асуудал болох залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлхээр тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүсэлт гаргасан бөгөөд нийслэлийн Хан-Уул дүүрэгт 700 метр квадрат талбай олгохоор захирамж гаргасан юм. Бид энэ газар дээрээ урьдчилгаагүй хамгийн хямд өртөгтэй орон сууц барьж залуучуудаа оруулахаар ажиллаж зураг төсвийг хүртэл гаргуулсан ч газар маргаантай байна гэдгээр өнөөдрийг хүртэл газрын гэрээ гэрчилгээ гаргаж өгөхгүй намайг хохироож байна.

Бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгон надад олгосныг би хожим мэдсэн юм. Иймд давхар миний эрх зөрчигдөж байгаа тул эрхээ хамгаалуулах тайлбараа үүгээр хүргүүлж байна. Хэрвээ хэн нэгэнд олгосон газар дээр давхардуулаад олгосон бол аль нэг газрыг шүүхээс хүчингүй болгох ёстой байх. Харин захиргааны байгууллага Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж огт давхцалгүй ч хэрэгжүүлсэн ажил хуулийн хүрээнд зөв байгаа бол надад олгосон газар хүчинтэй хэвээр газар олгосон байдлыг сайтар судалж үзнэ гэж найдаж байна. Хэрэв захиргааны байгууллагын авч үлдэнэ. Харин хүчингүй болгосон газрыг сэргээсэн тохиолдолд намайг хохироохгүй байх талаар шийдвэр гаргаж нийслэлийн газрын албанд хүргүүлнэ үү. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Л.П /ЦЕ730******/ би Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 18639307469903 талбарын дугаар бүхий 1247 метр квадрат газрыг эзэмшдэг байсан. Уг талбайд өөрийн компанийн оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, зураг төслөө хийлгэж дуусаад байсан. Гэтэл Нийслэлийн газрын албанаас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08/2218 тоот ...Уг байршилд БНХАУ-ын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд таны эзэмшиж буй 1247 метр квадрат газрын 548 метр квадрат нь өртөж байгаа тул трассыг чөлөөлөхийг мэдэгдэж байна мэдэгдлийг хүлээн авч 548 метр квадрат газрыг сайн дураараа чөлөөлж өгсөн.

Ингээд үлдсэн 699 метр квадрат талбай дээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 1780911177 тоот нэгж талбарын дугаартай, 000037187 дугаар бүхий газрын гэрчилгээг 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд өртсөн 548 метр квадрат газрын оронд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасны дагуу Хан Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1500 метр квадрат газрыг Орон сууц үйлчилгээ зориулалтаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Анх 5000 метр квадрат газар олгоно гэж байсан боловч эцэстээ 1500 метр квадрат болж өөрчлөгдсөн. Одоо энэ газартаа иргэн Л.П би орон сууц, үйлчилгээний барилга барихаар зураг төслийн ажлаа эхлүүлээд байна. Иймд иргэн Т.Р-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 4 дүгээр хэсгийг үл зөвшөөрч тайлбар гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Т.Р-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж шийдвэрлэлээ.

Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын зүүн талд 23000 метр квадрат газрыг иргэн Мягмарсүрэн Нямсүрэн, Ундармаа нараас Т.Р-д шилжүүлэн амины орон сууцны зориулалтаар олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 23000 метр квадрат газар 2013 оноос хойш эзэмшиж байгаа иргэн Т.Р нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалах ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Улмаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 10000 метр квадрат газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/988 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, 2019 оны А/100 дугаар захирамжаар 700 метр квадрат газрыг иргэн Г.Г-т, А/101 дүгээр захирамжаар 1500 метр квадрат газрыг иргэн Л.Пид тус тус эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс ...сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, газраа зохих журмын дагуу ашиглаж байсан, газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэж, хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж, гуравдагч этгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс ...манай байгууллага нь өөрийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зориулан газар эзэмшүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд удаа дараа гаргасны дагуу газар эзэмшсэн...Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 13,5 сая ам.долларын өртөгтэй Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл-ийн дагуу шинэ барилга барина..., гуравдагч этгээд Л.П, Г.Г нар ...бид газраа зохих журмын дагуу эзэмшиж байгаа... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

1. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Т.Р нь ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг мэдмэгцээ тус шүүхэд хандсан гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчид Нийслэлийн газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01-06/4054 дүгээр албан бичгээр мэдэгдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэж тус тус маргасан.

Хэдийгээр хариуцагчаас ...тухайн албан бичиг нь буцаж ирээгүй учраас нэхэмжлэгч Т.Р гардаж авсан... гэж тайлбарлах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан эсэх, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/993 дугаар тушаалыг хэзээ, хэрхэн мэдэгдсэн талаар баримтууд цуглуулсан боловч хариуцагчаас болон Монгол шуудан ТӨХК-иас ирүүлсэн баримтуудаар Нийслэлийн газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01-06/4054 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан баримт ирүүлээгүй болно.

Т.Р-гийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/08 дугаар захирамжаар эзэмшдэг...манай газарт Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгч тусална уу... гэх хүсэлт гаргасны хариуд тус газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/2443 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/993 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэсний дагуу тус шүүхэд хандсан байх бөгөөд нэгэнт маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй.

2. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн талаар:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, цаашлаад хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй байхаар, нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох..., 4 дүгээр зүйлийн 4.1-д ...гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах талаар заажээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/8163, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3230, 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/3388, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02-10/3134 дүгээр албан бичгээр ирүүлсэн Google earth pro програмаас гарах боломжтой улирлуудын зургуудаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасан амины орон сууцны зориулалтаар маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд газраа ашиглаж, эзэмшээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс ....А ХХК-тай гэрээ байгуулж орон сууц барихаар зураг төсөл боловсруулж байсан нь газраа ашиглаж, эзэмшсэн гэсэн үг, ...манаач буулгасан... гэх зэргээр тайлбарласан, мөн гэрчүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хашаа барьсан, гэр барьж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар нотлогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын 2013-2018 оны хоорондох улирлын агаарын зургуудаас харахад үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-д газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж тус тус заасныг зөрчсөн, дүүргийн газрын албатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа хэдий ч маргааны бүхий захиргааны акт энэ үндэслэлээр гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн-ээр үүсэх бөгөөд 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Р-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдсэн гэж үзэж, өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Т.Р-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Р-гийн нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж үндэслэлээ тайлбарлах хэдий ч Т.Р-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжтай нэг өдөр албажсан байна.

Хариуцагчийн зүгээс ...тухайн ажил хариуцаж, тушаалын дугаар тавьсан мэргэжилтний алдаа байсан... гэж тайлбарласан хэдий ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тушаалыг дугаарлахдаа алдаа гаргасан гэж үзэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх гэж заасныг зөрчсөн байна.

Нэгэнт Т.Р-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дагуу гуравдагч этгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд газар эзэмшүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдах боловч бичгээр гаргасан захиргааны актын дугаар нь алдаатай, өөрөө хэлбэл нэхэмжлэгч Т.Р-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө давхардуулан олгосон мэтээр ойлгогдож байх тул шүүх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийн захирамжийн дугаарыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Г.Г, Л.П нарт газар эзэмшүүлсэн Нийслэлийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100, А/101 дүгээр захирамжуудын хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасанд нийцсэн байна.

Түүнчлэн иргэн Л.П-ийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/979 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1247 метр квадрат газраасаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд авто замын трасст орсон 548 метр квадрат газрыг чөлөөлж түүний оронд дээрх захирамжаар 699 метр квадрат газрыг эзэмшсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчиж хариуцагч нь сонсох ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох хэдий ч энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд үр дүнд хүрэхээргүй, нэгэнт нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж зориулалтын дагуу газраа ашиглаж, эзэмшээгүй, төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй байх тул зөвхөн мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшиж байсан газраас гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэнээс үлдэх газрыг дахин эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасныг тус тус баримтлан Т.Р-гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох хэсгийн захирамжийн дугаарыг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОДМАА