Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00028

 

Б аймгийн Х газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00010 дугаар шийдвэртэй, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Я.С-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 63370000 төгрөгийг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “Я.С нь 2008 оноос 2012 оны хооронд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ улсын буюу байгууллагын хөрөнгөөс 63373000 төгрөгийг албан тушаалаа урвуулан, бусадтай бүлэглэн үйлдэж завшсан нь эрүүгийн 2012040035 дугаартай хэрэгт шалгагдан тогтоогдсон. Яллагдагч Я.С нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдахаар хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийг нь прокуророос хүлээн авч хэргийг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг. Яллагдагч Я.С нь уг хүсэлтэд хохирлыг төлж барагдуулах болно гэж амлаж өршөөлд хамрагдсан байгаа. Гэтэл хоёр жилийн хугацаанд төлбөрөө хийхгүй бидний шаардлагыг биелүүлэхгүй байна. Тус шүүхэд анх Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өмнөөс нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч Б.Д буюу түүнд итгэмжлэл олгосон эрх бүхий этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1869 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ хохирлын нэхэмжлэгчээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан намайг тогтоосон тухай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/1185 дугаартай тус шүүхэд хаягласан албан бичиг ирсэн байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Я.С-ээс 63370000 төгрөгийн хохирлыг гаргуулах шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Я.С би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-аас тус шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 142 тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

1. Я.С би нийгмийн халамжийн сангаас нэг ч төгрөгийг хувьдаа завшин ашиглаагүй болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ Я.С би нийгмийн халамжийн сангаас 63370000 төгрөг хувьдаа завшсан бол энэ асуудал шүүхээр орж би гэм буруутайд тооцогдож ял авах байсан хангалттай хугацаа алдсан. Миний асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шалгаж нийгмийн халамжийн санд Я.С бодитой хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй.

2. Я.С надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэргийг 201304000399 дугаартай хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгалт явуулах явцад Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Н-ийн үйлдсэн тогтоол ёсоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч П.Б, П.Х нар Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн сангийн 2010-2013 оны нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад иж бүрэн хяналт шалгалт хийсэн. МХГ-ын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Зөрчил арилгуулах тухай №04/77/124 тоот албан шаардлага үйлдсэн. Албан шаардлагад ...Тус хэлтэс нь 2011 онд Танан-цахиур ХХК-аас 75130,0 мянган төгрөгөөр 2012 онд 15440,0 мянган төгрөгөөр нийт 90570,0 мянган төгрөгөөр ортопедийн хэрэгсэл шууд худалдан авалт хийж, үнийг нь олгохдоо 14 сумын халамжийн сангаас чекээ авч нярав О.Ф бэлнээр болон хувийн харилцах 5180364930 дансанд шилжүүлсэн, мөн Хакур ХХК-иас 2011 оны 5 дугаар сарын 06-нд 10,0 сая төгрөгийн ортопедийн хэрэгслийн шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 шууд худалдан авч болох бараа ажил үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дурджээ. Я.С би тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын СХНХХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн №04/77/124 тоот албан шаардлагыг эс зөвшөөрч Улаанбаатар хотод Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд О.С, А.П, А.Х нарын хамтаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь нэр бүхий нэхэмжлэлийг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 40 тоот шийдвэрээр Я.С, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан. Тухайлбал анхан шатны шүүх нь ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.2, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.1-т заасныг тус тус баримтлан Я.С, О.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 04/77/55, 04/77/56, 04/77/57, тоот акт, 04/77/124 тоот албан шаардлагаас Я.С, О.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож... гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нар хуульд заасан хугацаанд давж заалдаагүй тул одоо шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд тухайн маргаан бүхий асуудал Я.С-д хамааралгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул би уг хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

3. Я.С би эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үед Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ц-оос өмгөөлөгч Б.Э-д 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 80 тоотоор өгсөн албан бичигт “...Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Танан цахиур ХХК-иас Баян-Өлгий аймгийн сумдад 2011-2012 онд нийлүүлсэн гэх 90570,0 төгрөгийн ортопедийн тусгай хэрэгсэл бөгөөд ННХЯС-ын баталсан тогтоолоор зөвшөөрөгдсөн хэрэгсэл, тухайн үед сумын Засаг дарга нараас хүсэлт ирүүлж байсан, нийслэлээс алс хол орших ард иргэдэд тухайн үедээ хэрэгцээ шаардлага гарсан, үүнээс 66814,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг хуульд заасан болзол шаардлага хангасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг баримтын бүрдүүлбэр ханган нэгэнт тарааж өгсөн, тайлан тэнцэлд бүрэн тусгагдсан, одоо үлдэгдэл 23756,0 мянган төгрөгийн ортопедийн тусгай хэрэгслийн тухайд чанарын шаардлага хангаагүй талаар мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гаргаагүй ба одоогоор битүүмжлэгдэж байгаа тул тараан өгөх боломжгүй байна. Түүнчлэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдаанд манай дээд шатны байгууллагыг төлөөлж оролцсон Нийгмийн хангамж, үйлчилгээний ерөнхий газрын хуулийн зөвлөх, иргэний нэхэмжлэгч Б.Д ч байгууллагын Нийгмийн халамжийн санд бодитой учирсан хохирол байхгүй, уг 23756,0 мянган төгрөгийн ортопедийн талаар Я.С, О.Ф нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байгааг энэ ташрамд тэмдэглэж байна” гэжээ.

Я.С-д надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэрэг нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үед АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Ч.Ж-ын 23756,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Е нь 23756,0 мянган төгрөгийн ортопедийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан ёсоор хүлээлгэн өгснөөр уг ортопедийн хэрэгслийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохих журмын дагуу тарааж өгсөн байна. Иймд Я.С би нийгмийн халамжийн санд мөнгөн хэлбэрээр бодитой ямар нэгэн хохирол байхгүй гэж үзэж байна.

4. Танан цахиур ХХК ба гэрээт ажилтан О.Ф нарын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн “Тооцоо нийлсэн акт” маргаан бүхий асуудал нь Я.С надад ямар нэгэн хамааралгүй болохыг нотолж байна. Тооцоо нийлсэн акт нь хуулийн шаардлага гаргасан нотлох баримт болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон болохыг энэ ташрамд тэмдэглэж байна.

5. Я.С надад холбогдох эрүүгийн 201204000315 дугаартай хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 69 тоот цагаатгах тогтоолоор цагаатгаж байсан. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-аас тус шүүхэд гаргасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 63337000 төгрөгийг Я.Сээс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Я.Сээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 63370000 төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 130/ШШ2018/00010 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С би дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үндэслэл:

1. Иргэн Я.С-ээс гэмт хэргийн улмаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт учруулсан 63.370.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлдээ болон нэмэлт тайлбарт, шүүх хуралд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өгсөн бичмэл болон өмгөөлөгчийн хэлсэн тайлбар зэрэгт нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой бөгөөд, дэлгэрэнгүй нотлох баримтаар дурдсан байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн танилцсан гэж ойлгож байна.

2. Хавтаст хэрэгт Я.С-ийн гэм буруутай үйл ажиллагааг дараах баримтууд нотолж байгаа болно. Үүнд:

Эрүүгийн 201204000315 дугаартай хэрэгт Я.С-ийн гэм буруутай байдлыг нотлогдсон гэж Улаанбаатар хотын ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Я.С-ийг гэм буруутайд тооцож 4 жилийн хорих ялаар шийтгэж байсан байна. /хх-55 тал/

3. Хэргийг прокурорын хяналтад буцааж мөрдөн байцаалтад байхад Я.С нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт " намайг өршөөлийн хуульд хамруулж өршөөн хэлтрүүлж өгнө үү? эрүүгийн хэрэгт холбогдуулан улсад учирсан хохирлын асуудлыг сөхөгдвөл хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд миний хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэж хүсэлт гаргасан байдаг. /хх-6З тал/

4. Энэ гаргасан хүсэлт нь Я.С өөрийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох гол баримт гэж үзэх үндэслэл болно. /хх-6Зтал/

5. Яллагдагч Я.С-ийг хавтаст хэргийн баримт материалтай танилцуулахад тэрээр хэргийн материалтай танилцсан тухай маягтанд: "Танилцлаа санал гомдолгүй, хүсэлтгүй" гэж бичсэн байдаг. Энэ нь мөн Я.С-ийн гэм буруугаа хүлээж байгаагаа, хохирлыг төлнө гэснийг илтгэж байгаа нотолгоо юм. /хх-64 тал/

6. Яллагдагч Я.С-ийн дээрх санал, хүсэлт зэргийг хүлээн авч өршөөлд хамруулж болох нөхцөл байдлыг судлан үзэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Өрен 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №5/121 дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болох тухай"  тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыг прокурорын газрын орлогч танилцаж гарын үсэг зурж тамга дарсан байна.

7.Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийг /ХХҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан/ хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн байгаа. Энэ тогтоол нь Я.С-ийн гэм буруутай байдлыг шалгаж тогтоосон тухай гол нотлох баримт юм.

8. Мөн Я.С-ийн 201204000315 дугаартай хэргийг мөрдөн шалгасан тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн прокурорын газарт бичсэн хэргийг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлсэн тогтоолд Я.С-ийн хүсэлтийг дурдаж мөрдөн байцаалтаар хэргийг шалгаж тогтоосныг дурдсан байна. /хх-73 тал/

9. Эрүүгийн хэргийг шалгасан Цагдаагийн байгууллага болон хэрэгт хяналт тавьсан прокурорын газраас олон удаа татан авч хянаж шүүхэд яллах дүгнэлт үйлдэн гэм бурууг нь тогтоолгохоор шилжүүлсэн нь хэрэг үйлдэгдсэнийг нотлон гэрчилж байгаа. Дүүргийн эрүүгийн хэргийн шүүх нь Я.С нарын гэм буруутай үйлдлийг тогтоосон гэж үзэж ял халдааж шийтгэсэн зэрэг нь Я.С нарыг хилсээр ял шийтгээгүй юм байна гэж үзэх үндэслэл болж байна.

10.Аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг дурдаж бичсэн байгаа. Уг өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т гэм буруугаа хүлээсэн, учирсан хохирлыг төлөхөөр бичиж амлалт өгсөн байхыг заасан байдаг. Энэ зүйл заалтаар яллагдагч Я.С нь гэм буруугаа хүлээсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирлыг арилгах тухай бичиж өгч өршөөн хэлтрүүлж өгөхийг хүссэн байх тул яах аргагүй Я.С-ийг өршөөлийн хуульд хамруулан ялаас чөлөөлсөн үндэслэл болсон байгаа юм.

Анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж тухайлбал эрүүгийн хэрэгт авагдсан бүх нотлох баримт байгаагүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй мэтээр дурдаж өршөөлийн хуулийн заалт дахь зарим үг хэллэгийг Я.С-д ашигтай болгон бичсэн байх тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00010 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Үүнд:

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Я.С-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 63370000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаар тогтоол, Я.С-ийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн прокурорт гаргаж байсан хүсэлт зэргийг үндэс болгожээ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын үндэслэлийг тодруулаагүй атлаа “...бодит хохирлыг тогтоосон нотлох баримт байхгүй”, “нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 63373000 төгрөгийн хохирол учруулсан нь мөн нотлох баримтаар тогтоогдохгүй байна”, “нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй, нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдсон гэж, хариуцагч тогтоогдоогүй гэж тодорхой нотлох баримт гаргаж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон Я.С-ийн хүсэлтээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Я.С, О.Ф нарт холбогдох 201204000315 дугаартай эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, яллагдагч Я.С нь тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Харин Я.С, О.Ф нарт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201204000315 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт яллагдагч нарын үйлдэл тус бүрийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан, түүний тогтоогдсон байдал тодорхойгүй байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан талуудын шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх байдлыг тодруулсны эцэст маргааныг шийдвэрлэх нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан анхан шатны шүүхээс шийдвэр гаргах журамд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Анхан шатны шүүх Я.С-ийн прокурорт гаргасан хүсэлтийн талаар “... хариуцагч Я.С нь гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхийг илэрхийлсэн утгыг шууд агуулахгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар бичигдээгүй, ...” зэргээр дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчсөнийг дурдах нь зүйтэй.

 

            2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаар тогтоолоос үзвэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.-т заасан гэмт хэрэгт холбогдсон Я.С, О.Ф нарт холбогдох 201204000315 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолд тэмдэглэснээр О.Ф-ыг дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэжээ. Нэхэмжлэгчээс Я.С-д холбогдуулан түүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 63370000.00 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болох бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хуулийн уг заалтыг хэрэгжүүлэх байжээ.

 

3. Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/1185 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийн агуулга, уг итгэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ажилтай Б.С-д, эсхүл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосон эсэхийг нягтлаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх шаардлагатай байна. Учир нь Я.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэрийн өмнөөс тус байгууллагын дарга Б.С гаргасан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2406 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.  

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дугаар тогтоолоос үзвэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Я.С, О.Ф нарыг “улсын халамжийн санд” хохирол уруулсан хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байжээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх тул давж заалдах шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг хангах талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК