Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  2023/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 

 2023            4           10                                                                   2023/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

  Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлтэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бархай Амьтаны Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Шинэс ой" /улсын бүртгэлийн 9011085106 дугаартай/ ХХК-нд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004040376 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Д-, , 42 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

2.Хуулийн этгээд:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д- нь 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хуулийн этгээд "Шинэс ой" /улсын бүртгэлийн 9011085106 дугаартай/ ХХК Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч А.Д- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч А.Д- нь "Шинэс-Ой" ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас Мицубуши FUSA маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 60 ширхэг зулзаган нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2034004040376 дугаартай хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч А.Д-гийн өгсөн: “Би 2019 оны 5 дугаар сард Нью тур гэж аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулж, тус компанийн талбайд 2,5-3 мерт урттай 250 ширхэг нарс мод тарихаар болсон бөгөөд тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл олдоогүй. Тухайн үед Батсоёмбо гэдэг хувь хүнээс 250 ширхэг нарс мод худалдан авахаар тохиролцож түүнд 10 гаруй сая төгрөг шилжүүлж түүнээс 250 ширхэг нарс мод худалдан авч Нью тур гээд компаний талбай дээр тарьсан. Тэгтэл нөгөө тарьсан моднуудыг 100 орчим мод нь үхсэн байсан бөгөөд энэ оны 4 дүгээр сард Нью тур гээд компаниас манай компанид үхсэн моднуудаа нөхөн төлүүлэх албан бичиг ирсэн. Тэгэхээр нь энэ хавар мод шилжүүлэн суулгах эрх авахаар Булган аймгийн Хяналтын сум дундын ойн анги, Төв аймгийн сум дундын ойн анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангиудад хандахад татгалзсан хариу өгсөн болохоор нь Төв аймгийн Борнуур сумын газар нутгийн нэрийг нь тодорхой мэдэхгүй модтой газарт 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр манай компанид ажилладаг Ерханатын хамт нарс модны боргоцой харах зорилгоор очиж үзчихээд буцсан. Түүнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ерханатыг боргоцой үзсэн газраас очоод мод бэлтгээд аваад ир гэж хэлсэн бөгөөд тоо ширхэг заагаагүй. Би энэ компанийг анх 2007 онд үүсгэн байгуулсан бөгөөд мод үржүүлэг, хүнсний ногоо тарих чиглэлээр одоо Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол гэдэг газар үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага зөвшөөрөл аваагүй. Би Ерханат гэдэг залууг хүмүүс олоод яваад ир гэж хэлсэн яг ямар хүмүүстэй явсныг нь мэдэхгүй байна. Харин би том оврын мод ачиж машиныг 400 000 төгрөгөөр хөлсөлж авсан. Би Ерханатад тоо ширхэг зааж хэлээгүй. Би дээрх моднуудыг Нью тур гэдэг компаний талбайд тарих гэж байсан юм. Би модны суулгац бэлтгэх эрх авахаар олон байгууллагад хандсан боловч эрх олдоогүй, мөн Нью тур компанид өрөнд орсон учир аргагүй байдалд орсны улмаас энэ үйлдлийг хийсэн.” гэх мэдүүлэг /1 хх 34/,

"Миний хувьд 2019 онд хувиараа хүнтэй тохиролцон Нарс мод зарсан. Тухайн модыг би худалдаж авсан чинь амьдрах чадваргүй мод надад өгчихсөн байсан болохоор уг хүмүүс өөр модоор соль гэж шахсан. Тэгээд би мод авсан хүнээ хайсан боловч олдоогүй тул аргагүйн эрхэнд уг модыг нь тарьж өгсөн чинь модных нь тал нь үхчихсэн тул 2020 оны хавар уг газар надад хандан шүүхээр явна энэ модоо сольж өг гэж хэлсэн. Тэгээд би ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл хүсээд хоёр гурван газраар явсан боловч олдоогүй. Тэгээд би өмнө нь Төв аймгийн Борнуур сумаас нарсны боргоцой түүхээр явахдаа зулзаган моднууд байхыг нь харчихсан байснаа санаад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ерханат гэх залууг дагуулж яваад уг моднуудаа зааж өгөөд уг модыг ухаж аваарай гэж зааж өгсөн. Үүний дагуу Ерханат өөр хүн олоод уг газраас мод авч явж байгаад цагдаад баригдсан байсан. Би бололцоогоороо л авчих гэж хэлсэн байх яг тоо хэлсэн эсэхээ санахгүй байна. Миний хувьд мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй гэдгийг миний хувьд мэдэж байсан. Тухайн хүмүүс зөвшөөрөлгүй гэдгийг мэдэхгүй." гэх мэдүүлэг /1 хх 71-72/,

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнайн өгсөн: “Би Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг төлөөлж Төв аймгийн Борнуур сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр нарс мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн моднуудыг зориулалтын дагуу шилжүүлэн суулгаж арчилгаа сайн хийсэн тохиолдолд ургах чадвартай. Шинээр суулгаж авснаас хойш үндсийг нь хатаалгүйгээр суулгах хэрэгтэй бөгөөд үндэс нь хатсан тохиолдолд шууд үхдэг.” гэх мэдүүлэг /хх 29/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуягийн өгсөн: "Өмнө нь манайд ажиллаж байсан Батмагнай оролцож байсан бөгөөд ажлаасаа гарсан тул намайг томилсон. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулсан тохиолдолд өөр асуудал байхгүй." гэх мэдүүлэг /2 х 221-222/,

Гэрч Х.Ерханатын өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Анхаа, Билгүүнээ нарын хамт 20-96 УБК улсын дугаартай цагаан өнгийн мазда маркийн машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж нарс модны суулгац бэлтгэхээр гарцгаасан юмаа. Тэгээд өдөр 11-12 цагийн орчим Борнуур сумын Урьхан зоогийн газар дээр очсон. Тэгтэл машины кроп эвдрээд Улаанбаатар хотоос найзыгаа дуудаж сэлбэг авчруулаад орой 21-22 цагийн орчим машинаа янзалж дууссан. Тэгээд тэр шөнөдөө Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн орчим босоод Урьхан зоогийн газраас засмал замынхаа баруун гар тал руу салаад уулын ам руу өгсөж явж байгаад модтой уулнаас 60 ширхэг нарс модны суулгацыг хүрздэж аваад ногоон өнгийн шуудайнуудаар үндсийг нь боосон. Тэгээд модоо хийж дуусаад доошоо Урьхан зоогийн газар руу буцаж очиж модны суулгац ачих машинаа авчирч даваан дээр гаргаж орхиод давааны цаад талаас Мазда маркийн машинаар бэлтгэсэн суулгацуудаа зөөж том ачааны машиндаа ачиж дуусаад доошоо уруудаад явж байгаад цагдаа нартай таарсан. Миний ажилладаг Шинэс ой ХХК-ийн захирал Д- гэдэг хүн 5 дугаар сарын 23, 24-ны хавьцаа намайг дагуулж бид нарын мод бэлтгэсэн газар аваачиж эндээс мод бэлтгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр газарт нь очиж мод бэлтгэсэн.  Миний ажилладаг компаний захирал зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би мод бэлтгэсэн газраа зааж чадна. Миний ажилладаг компани бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг болон ногоо тарих үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.” гэх мэдүүлэг /1 хх 30/,

"Тухайн модыг Шинэс ой ХХК-ны захирал Д-гийн шийдвэрээр бэлтгэсэн. Би Д-д 60 ширхэг зулзаган модыг зараагүй. Харин тэр тухайн үед над руу удаа дараалан залгаад ажиллаад өгөөч гэхээр нь очиж ажилласан. Мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм уу гэж асуухад байгаа, айх юм байхгүй гэж хэлж байсан. Би Д-гийн шийдвэрээр л хоёр залуугийн хамт тус моднуудыг бэлтгэсэн. 2022 оны 6 дугаар сард Д- захирал надтай уулзах санал тавьж бид хоёр хотод уулзсан. Тэгэхэд тэрээр надад чи энэ хэргийг даачих чамд хангалттай мөнгө өгье, эгчдээ нэг туслаач гэж хэлсэн. Тэгээд чи ганцаараа даачихвал хувь хүн гээд хэдэн төгрөг өгөөд салчих юм байна лээ, эгч  нь бүгдийг нь судалсан гэж байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн." гэх мэдүүлэг /2 хх 186/,   

Гэрч Ё.Цогтбаатарын өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 27-ний өглөө 08:37 цагт  88060727 дугаарын утсаар миний 99217363 дугаарын утас руу залгаад ачаа ачих уу гэж асуусан. Тэгэхээр нь ачна, ямар ачаа ачих уу гэтэл модны суулгац гэж хэлсэн. Тэгэхээр нь бичиг, баримт нь бүрэн юмуу, хаанаас ачих юм гэсэн чинь бүх юм нь бүрэн Борнуур сумаас тосоод авъя гэж хэлсэн. Би өглөө 11 цагийн орчим Орхон аймгаас гараад орой 20-21 цагийн орчим Урьхан дээр очоод нөгөө дугаар руу залгасан. Тэгтэл цагаан өнгийн мазда маркийн машинтай үл таних 3 залуу ирээд намайг засмал замаас баруун гар тийшээ дагуулаад уулын ам руу өгсөж явж байгаад уулын модны хажууд очоод зогссон. Тэгээд байж байтал нөгөө 3 залуу цагаан өнгийн мазда маркийн машинтай уулнаас ногоон өнгийн модны суулгацыг зөөж миний машинд ачсан. Тэр залуучуудыг модны суулгац ачиж байх үеэр би машиныхаа хойд талын орон дээр унтаж байсан тэгтэл шөнө 01 цагийн орчим ачаагаа аччихлаа хөдөлье гэхээр нь явж байгаад цагдаатай таарсан. Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, тэр эмэгтэй өмнө нь надаар ачаа ачуулж байсан гэсэн. Би бол танихгүй. Би ямар нэгэн зар мэдээлэл байршуулаагүй 10-аад жил ачаа тээврийн ажил хийж байгаа болохоор хүмүүс ер нь мэддэг болсон. Тэр хүн надтай ярихдаа Улаанбаатар хот руу ороод буулгана гэж байсан. Би тэр хүнтэй 500 000 төгрөгөөр хүргэлт хийхээр тохиролцсон. Гэхдээ тэр хүнээс мөнгө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 31, 2 хх 313/,

Гэрч Э.Анхбаярын өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор ярихад ажилд авна авна маргааш өглөө хөдөө явж мод хийнэ, ямар нэгэн асуудал байхгүй зөвшөөрөл байгаа гэсэн. Тэгээд тэр ажилд орохоор болж 5 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Драгон дээр цагаан өнгийн портерын жолоочтой уулзаад байж байтал бас нэг танихгүй залуу ирээд бид гурав нийлээд хөдөө явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос баруун тийш Дархан ордог замаар ороод Урьханы хажууд явж байтал бид нарын сууж явсан машин араандаа орохоо болиод эвдэрсэн. Тэгээд машин барьж явсан жолооч хүн дуудаад сэлбэг авчруулаад машинаа янзалж байгаад орой дууссан. Тэгээд Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ний өглөө 5 цаг өнгөрч байхад босоцгоогоод засмал замын баруун тал руу салаад уулын амаар өгсөж байгаад модтой уулан дээр очиж зогссон. Тэгтэл портер жолоодож явсан залуу за 3-лаа ажлаа хийе гээд машин дээрээс 2 хүрз, шуудайнууд аваад буусан. Тэгээд доошоо уул руу уруудаж алхаад ургасан байсан жижиг зулзаган моднуудаас 60 ширхэг модыг хүрзээр ингэж үндэстэй нь аваад үндсийг нь ногоон өнгийн шуудайгаар боож дуусгаад доошоо буцаж Урьхан зоогийн газар орж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газраа очиж цагаан өнгийн портер машинаар бэлтгэсэн моднуудаа зөөвөрлөж том машин дээр ачиж дуусаад буцаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би мод бэлтгэсэн газраа бол зааж мэднэ. Харин надад мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байхгүй надтай утсаар ярьж намайг ажилд авсан хүн тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 32/,

Гэрч Б.Билгүүний өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилд авна гэсэн зар үнэгүй.мн сайтад тавигдсан байхаар нь тэр зарын дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор болсон. Тэгээд 5 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим цагаан өнгийн ачааны Мазда маркийн машинтай үл таних хоёр залуутай уулзаад Улаанбаатар, Дархан чиглэлийн замаар хойд зүгт явж байтал Урьхан зоогийн газрын гадаа очоод машин эвдэрсэн. Тэгээд машин жолоодож явсан ах хотоос хүн дуудаж сэлбэг авчруулаад машинаа янзалсан. Тэр үед шөнө болсон байсан учир Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө үүрээр босож засмал замаас баруун зүгт гараад уулын ам руу өгсөж яваад модтой газар очиж 60 ширхэг жижиг зулзаган мод бэлтгэсэн. Тэгээд орой бүрэнхий болж байхад буцаад доошоо бууж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газар руугаа дагуулж очиж моднуудаа ачиж дуусаад шөнө доошоо бууж яваад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 өдрийн 30 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би нэг доор 20-30 тооны мод бэлтгэсэн газраа зааж мэднэ. Бусад модыг нь өөр өөр газраас бэлтгэсэн учир тодорхой зааж мэдэхгүй байхаа. Би хамт модонд явсан Эрка, Анхаа нарын хамт 60 ширхэг зулзаган модыг хүрзээр гишгэж үндэстэй нь хамт авсан. Тэгээд унаж явсан цагаан өнгийн Мазда маркийн машинаараа бэлтгэсэн моднуудаа зөөж том оврын машины хажууд авчирч ачсан.” гэх мэдүүлэг /1 хх 33/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 7/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 9-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-13/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-16/, Л.Цогтбаатарын эзэмшлийн 8542 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Fuso маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1 хх 17-20/, Е.Ерханатын жолоодож явсан гэх 2096 УБК улсын дугаартай Mazda маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1 хх 21-24/, 

 2096 УНК улсын дугаартай Mazda Bongo маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2 841 900 төгрөгөөр үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 36-46/,

 

8542 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6 468 500 төгрөгөөр үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 48-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн №346 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.60 ширхэг нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 29 450 729 төгрөг байна. 2.Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн мэргэжилтэн М.Батмагнайгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 29 450 729 төгрөг гэсэн дүгнэлт үндэслэлтэй." гэжээ /2 хх 226-228/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Д- нь "Нью тур" аялал жуулчлалын компанийн захиалгаар мод тарьж улмаар уг тарьсан модны зарим хэсэг нь ургаагүйн улмаас тус компаниас нөхөн төлүүлэх албан бичиг ирснээр мод шилжүүлэн суулгах эрх авахаар хэд хэдэн газар хандсан боловч татгалзсан хариу ирснээр зарын дагуу хүмүүс цуглуулан урьд хамтран ажилладаг байсан Х.Ерханатыг гуйж Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрийн ойгоос хууль бусаар 60 ширхэг зулзаган мод авсан болох нь;

Гэрч Х.Ерханатын өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Анхаа, Билгүүнээ нарын хамт 20-96 УБК улсын дугаартай цагаан өнгийн мазда маркийн машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж нарс модны суулгац бэлтгэхээр гарцгаасан. Миний ажилладаг "Шинэс ой" ХХК-ийн захирал Д- гэдэг хүн 5 дугаар сарын 23, 24-ны хавьцаа намайг дагуулж бид нарын мод бэлтгэсэн газар аваачиж эндээс мод бэлтгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр газарт нь очиж мод бэлтгэсэн.  Миний ажилладаг компанийн захирал зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би мод бэлтгэсэн газраа зааж чадна. Миний ажилладаг компани бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг болон ногоо тарих үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.” гэх мэдүүлэг /1 хх 30/, "Тухайн модыг Шинэс ой ХХК-ны захирал Д-гийн шийдвэрээр бэлтгэсэн. Би Д-д 60 ширхэг зулзаган модыг зараагүй. Харин тэр тухайн үед над руу удаа дараалан залгаад ажиллаад өгөөч гэхээр нь очиж ажилласан. Мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм уу гэж асуухад байгаа, айх юм байхгүй гэж хэлж байсан. Би Д-гийн шийдвэрээр л хоёр залуугийн хамт тус моднуудыг бэлтгэсэн. 2022 оны 6 дугаар сард Д- захирал надтай уулзах санал тавьж бид хоёр хотод уулзсан. Тэгэхэд тэрээр надад чи энэ хэргийг даачих чамд хангалттай мөнгө өгье, эгчдээ нэг туслаач гэж хэлсэн. Тэгээд чи ганцаараа даачихвал хувь хүн гээд хэдэн төгрөг өгөөд салчих юм байна лээ, эгч  нь бүгдийг нь судалсан гэж байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн." гэх мэдүүлэг /2 хх 186/,   

гэрч Ё.Цогтбаатарын өгсөн: “Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, тэр эмэгтэй өмнө нь надаар ачаа ачуулж байсан гэсэн. Би бол танихгүй. Би ямар нэгэн зар мэдээлэл байршуулаагүй 10-аад жил ачаа тээврийн ажил хийж байгаа болохоор хүмүүс ер нь мэддэг болсон. Тэр хүн надтай ярихдаа Улаанбаатар хот руу ороод буулгана гэж байсан. Би тэр хүнтэй 500 000 төгрөгөөр хүргэлт хийхээр тохиролцсон. Гэхдээ тэр хүнээс мөнгө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 31/,

гэрч Э.Анхбаярын өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор ярихад ажилд авна маргааш өглөө хөдөө явж мод хийнэ, ямар нэгэн асуудал байхгүй зөвшөөрөл байгаа гэсэн. Би энэ компанид 1 сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.” гэх мэдүүлэг /1  хх 32/,

гэрч Б.Билгүүний өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орсон. ...тэгээд орой бүрэнхий болж байхад буцаад доошоо бууж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газар руугаа дагуулж очиж моднуудаа ачиж дуусаад шөнө доошоо бууж яваад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 өдрийн 30 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 33/-үүдээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч А.Д- "Ерханат надад би Төв аймгийн Жаргалант сумын ойн байцаагчийг танина. Танд мод олоод өгье та 2 000 000 төгрөг, унаа машин зохицуулаад өгчих гэсэн. Дараа нь баригдсан хойноо надад бид хоёрын мэдүүлэг зөрөх юм бол цагдаа дээр удах юм байна тэгэхээр хоёулаа мэдүүлгээ зөрүүлж болохгүй гэсэн. Тэгээд би хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Нэг хүний буруу үйл ажиллагааны улмаас хариуцлага хүлээгээд явж байна." гэж гэм буруугийн асуудалд маргасан хэдий ч дээрх гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн.

 

Шүүгдэгч А.Д-гийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан, мөн хуулийн этгээд "Шинэс-Ой" ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас Мицубуши FUSA маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 60 ширхэг зулзаган нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

 

шүүгдэгч А.Д-гийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч "Шинэс-Ой" ХХК нэг хүний бус хоёр хүний гишүүнчлэлтэй. Анх компани байгуулахад Ж.Цэрэнноров санхүүжүүлдэг байсан гэх тайлбар хүсэлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.", мөн хуулийн 2 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол хуульд заасан ял оногдуулна.", мөн хуулийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж зааснаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газрын ойгоос мод бэлтгэхдээ А.Д- нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж зарын дагуу хүмүүс цуглуулан явуулсан байх тул түүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дангаараа шийдвэр гаргах эрхтэй субьект гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч А.Д-г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

хуулийн этгээд "Шинэс ой" ХХК-ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, "Шинэс-Ой" ХХК-ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,  

шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс Шинэс-Ой ХХК-ыг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, Компанийн үйл ажиллагаанд явж ирсэн гэж гэрч хэлдэггүй. Нэг үйлдэлд хэдэн удаа ял шийтгэх гээд байгааг ойлгохгүй байна. Хохирлын төлөх үндэслэлгүй, авсан модоо буцаагаад тарьчихсан. Тиймээс торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулах. Цогтбаатарын эзэмшлийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж тээврийн хэрэгслийн үнийг А.Д-гээс гаргуулахгүйгээр мөн Д-гийн эзэмшлийн 20-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

"Шинэс-Ой" ХХК, А.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,

түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангиар шүүгдэгч Д-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Шинэс ой" ХХК-ны мод үржүүлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан "Шинэс-Ой" ХХК-нд ял оногдулах үндэслэлгүй гэх саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно." гэж зааснаар хүлээн авах боломжгүй гэж үзэн, "Шинэс-Ой" ХХК-нд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Д- гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хувийн байдал /өөр ногдох хөрөнгөгүй, цалин орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй/ зэргийг харгалзан түүнд улсын яллагч болон өмгөөлөгч нарын санал болгосон гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

 

Ийнхүү шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

           

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 60 ширхэг модыг 65 ширхэг мод болгон тарьсан, мөн ойгоос авсан модыг хураан авч Төв аймагт авирч тарьсан тул хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хууль бусаар байгалийн баялагт халдаж байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн сэргээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх үйл ажиллагаа хохирлыг нөхөн төлж байгаа бус байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээж байгаа үйл ажиллагаа юм. Тухайн хууль бусаар ойгоос бэлтгэсэн модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй болохыг дурдаж,       

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгийн үнийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна гэж зааснаар гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 29 450 729 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Д-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 2 841 900 /хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий Mazda Bongo  маркийн 2096 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах, иргэн Л.Цогтбаатарын өмчлөлийн Fuso маркийн 8542 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6 468 500 /зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч А.Д-гээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Mazda Bongo  маркийн 2096 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Л.Цогтбаатарт буцаан олгож,

хэрэгт Л.Цогтбаатарын өмчлөлийн  Fuso маркийн 8542 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Д-гийн өмчлөлийн Mazda Bongo  маркийн 2096 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.  

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.Д-, хуулийн этгээд "Шинэс-Ой" ХХК-тай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд "Шинэс-Ой" ХХК-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэхийг  хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Шинэс-Ой" ХХК-ны мод үржүүлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гээс 29 450 729 /хорин есөн сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 2 841 900 /хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий Mazda Bongo  маркийн 2096 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж зарж борлуулсан үнийг, иргэн Л.Цогтбаатарын өмчлөлийн Fuso маркийн 8542 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6 468 500 /зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч А.Д-гээс гаргуулж  Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7.Хэрэгт Л.Цогтбаатарын өмчлөлийн  Fuso маркийн 8542 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Д-гийн өмчлөлийн Mazda Bongo  маркийн 2096 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.    

8.Шүүгдэгч А.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Шинэс -Ой" ХХК-ны мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч А.Д-, хуулийн этгээд "Шинэс-Ой" ХХК-ны баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ