Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  2023/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          02            10                                               2023/ШЦТ/72

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

   Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.А,  төрсөн, 39 настай, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ".. ..." ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:  

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоног баривчлах ялаар,

3.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар,

4.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 484 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялыг тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ...-р шүүгчийн захирамжаар 54 хоног хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Аймгийн Прокурорын газрын хяналын прокурор шүүгдэгч Г.Аыг согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө ....... тоотод байрлах гэртээ шалтгаангүйгээр эхнэр Б.Д-ийн нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын .....тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох төрсөн хүү 5 настай Д.Э-ын нүүрэн тус газар малын арьсаар нэг удаа цохисон, Д.Э рүү үнсний сав шидсэн, гэрт байсан 2 ширхэг цайны аяга хагалсан, мөн согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Б.Д-ийн ажил болох Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Сондор үйлдвэрт очин танхайрч, үг хэлээр доромжилон ажлаас чинь гаргаж яаж амьдрахыг чинь харна, чамайг алчихаад шоронд орно гэх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Д-ийн өгсөн: "А нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны орой гэртээ согтуугаар агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь цагдаад өгөөд баривчлах шийтгэл авч байсан. Үүний дараа 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ахин архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавьж, архины шилээр миний зүүн талын нүдний хажуу хэсэгт зүсэж гэмтээсэн. Энэ хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр 3 дахь удаагаа миний ажилладаг "Сондор" хэрчсэн гурилын цех дээр манай нөхөр А согтуу ирээд намайг ажлаасаа гар гэж хэлээд үг хэлээр доромжлоод, хэрүүл хийгээд явахгүй байхаар нь манай ажлын хүмүүс цагдаа дуудаад А-ыг цагдаад өгч явуулсан. Манай том охин, 2 ихэр дүүгийнхээ хамт байсан. Манай том охин Э утсаар яриад аав согтуу ирээд уурлаад байна гэхээр нь би дүү нараа дагуулаад манай ажил дээр хүрээд ир гэж дуудсан. Бид нар орой ажил тараад гэртээ харихаар явж байхад нөхөр А-тай зам дээр таараад хамт гэр лүүгээ явсан. Гэртээ очход манай гэрийн хамаг юмыг энд тэндгүй тараасан байхаар нь юу болсон юм бэ гэж охиноосоо асуухад манай охин Э нь аав гэртээ үлдээд хамаг юм буулгасан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 87/,

Насанд хүрээгүй гэрч Д.Э-ийн өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 06-ны орой манай аав А нь хашаандаа согтуу манай дүү Боркоог тэврээд унтаад байхаар нь ээж Д нь очоод гэртээ орж унт хүүхэд даарууллаа гэж хэлсэн чинь аав тэгвэл хашаанаас гараад унтлаа гэхээр нь ээж дүү Боркоог аваад гэрт орсон. Тэгсэн удалгүй аав уурлаад гэрт орж ирээд ээжийг одоо чамайг алчихъя гэж хэлээд архины шилээр зүүн талын нүд хэсэгт 1 удаа цохисон. Манай ах Б, дүү Э бид гурав харсан. Өөр хүн байгаагүй. Эрүүлдээ гайгүй. Архи уучихаараа муухай аашилж бид нарыг загнадаг. Архийг байнга хэрэглэдэг. Архи уухгүй өдөр цөөхөн байдаг. Өмнө нь ээжийг зоддог байсан. Одоо бол гайгүй. Дандаа хэрэлдээд байдаг.” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Э.Б-ийн өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө манай хашаанд байх А гэх айлд орсон. Тэдний гэрт ороход А, эхнэр Д, түүний 4 хүүхдүүд байсан. Намайг ороход Д-ийн зүүн талын нүд нь хөхөрч, хавдан бага язарсан шархтай байсан. Д эгчээс нүдээ яасан юм бэ гэж асуухад Д эгч А цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ахад та одоо эхнэрийнхээ нүдийг яаж байгаа юм бэ гэж асуухад А нь түлхсэн чинь ширээ мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 19/,

Гэрч Б.Ц-ийн өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 02-ний орой 17 цагийн орчим Д бид нар "Сондор" хэрчсэн гурилын цехэд ажил дээрээ байхад Долгорсүрэнгийн нөхөр А архи уучихсан согтуу орж ирээд эхнэр Д-г ажлаас нь гарга, би уулзах гээд байна гээд уурлаад орилоод байсан. Д эгч нөхөр нь согтуу байсан болохоор айгаад гарахгүй байсан. Тэгэхээр нь манай ажлын хүмүүс бид нар нийлээд А-д хандан танай эхнэр Д ажлаа хийж байна, та согтуу байна харьж унтаж амар, тэгээд эхнэр чинь ажил тараад яваад очно гэж хэлсэн. Тэгсэн А нь уурлаж эхнэр Д-г гичий, янхан, банзалаар нь дуудаад байхаар нь ахин А-д хандан харьж амар цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд А нь харьлаа гээд явсан. Удалгүй 2 хүүхдээ дагуулаад яваад ирсэн. Тэгээд би хүүхдүүдээ аваад ирлээ одоо дөрвүүлээ харъя гээд байхаар нь А ахад хандан наад хүн чинь ажлаа хийгээд дуусаад харина шүү дээ та харьж бай гэж би хэлсэн. Тэгтэл үгүй ээ наад гичийг чинь авч харина гээд уурлаад байх үед нь цагдаа ирсэн. Цагдаа нар А ахыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 89/,

Гэрч Б.Ш-ын өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 02-ний орой 17 цагийн орчим манай Сондор хэрчсэн гурилын цехэд ажил дээрээ байхад Д-гийн нөхөр А архи уучихсан согтуу орж ирээд эхнэр Д-г ажлаасаа гар гичий минь, пизда гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед А нилээн их согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх 91/,

Гэрч Ц.М-ын өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 02-ний орой 17 цагийн орчим Д бид нар "Сондор" хэрчсэн гурилын цехэд ажил дээрээ байхад Д-ийн нөхөр А нь архи уучихсан согтуу орж ирээд эхнэр Д-д чөлөө өгөөд эрт явуулчих, тэгэхгүй бол ална, гичий, пизда, та нарыг буу авчирч буудна гэж уурлаж, эхнэрээ гаръя гэхэд эхнэр Д нь айгаад гарахгүй байсан. А нь байнга архи уучихсан согтуу ирдэг байсан. Манай ажил дээр согтуу орж ирчхээд ажил хийлгэхгүй орилж чарлаад эхнэрээ энэ ажилд орчхоод их байгаа юмаа гайгүй чамайг гэж занаад, бид нарыг ажил хийлгэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 93/,

Шүүгдэгч Г.А-ын өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 08-ны орой би Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байх Тогоо гэх залуугийн гэрт Тогоо, түүний эхнэр Цагаанаа нартай хамт 0.5 граммтай Хараа нэртэй архийг хувааж уусан. Бид нарын ууж байсан архи дуусаагүй байхад Тогоогийн эхнэр Цагаанаа та нарт 1 пиво авч егье гээд гэрээсээ 19 цагийн орчим гарсан. Тэгсэн удалгүй Цагаанаа нь манай эхнэр Д-г дагуулаад орж ирсэн. Миний эхнэр Д нь ажил дээрээ пиво уугаад ирсэн байсан. Эхнэр Д бид хоёр орой 20 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Гэрт харьсны дараа миний эхнэр Д нь агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэрийнхээ хаяаны дэргэд хэвтсэн. Би гэрийн гадаа хаяаны дэргэд байж байхад эхнэр гэрт доромжлоод байхаар нь би уурлаад гэртээ юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд орсон. Намайг гэртээ ороход миний эхнэр гэрийнхээ баруун орон дээр байж байсан. Би уурлаад чи юу гээд байгаа пизда вэ гэж уурлахад эхнэр надаас зугтаах гэж байгаад ширээ мөргөсөн. Тэгсэн эхнэрийн зүүн талын нүд нь шалбарсан байсан. Тэгээд би гэртээ унтаад өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний орой манай эхнэр намайг айлын эхнэртэй хардаж уурлаж доромжилж байгаад арын айл руу орсон. Тэгсэн цагдаа дуудсан байсан. Хэн гэдэг ямар хүн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Би 2016 онд ганц нэг удаа цохиж байсан. Өөр цохиж байгаагүй." /хх 21, 49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: 1.“Б.Д-ийн биед зүүн нүдний гадна буланд шархтай, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 24-25/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 33-38/ зэргээр шүүгдэгч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Д-д бие махбодын хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь архины шилээр нэг удаа цохиж "зүүн нүдний гадна буланд шархтай, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн удаа дараа үг хэлээр доромжилж сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Г.А нь өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Д-ийн зүүн гарын ядам хурууны үе рүү хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 5 настай хүү Д.Э-ын нүүрэн тус газар малын арьсаар нэг удаа цохисон үйлдэлдээ, Д.Э рүү үнсний сав шидсэн гэж 2022.4.19-нд, хамтран амьдрагч Б.Д-ийн ажиллаж байсан "Сондор" хэрчсэн гурилын үйлдвэрт очиж агсан согтуу тавьж, үг хэлээр доромжлон, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэлдээ 2022.11.11-ний өдрүүдэд зөрчил шалган шийдвэрлэх журмаар баривлагдаж байсан болох нь шийтгэврийн хуулга зэрэг баримтуудаар /хх 22-23, 97-101/ тогтоогдсон.

Шүүгдэгч Г.А-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрүүгийн болон зөрчлийн шинжтэй үйлдлийн давтамж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн "Байнга" гэсэн шинжийг тооны давтамжийн агууламж байгаа боловч нэг болон хоёр дахь үйлдлийн хооронд нь нэг жил болон зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэрэг гэж үзэх, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлээ алдсан гэж үзэн Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

  

Шүүгдэгч Г.А-ыг согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын .......... тоотод байх гэртээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Б.Д-ийн нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.     

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн ямар нэг тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А-ын хувийн байдалтай холбоотой:

Ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... үгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоног баривчлах ялаар,

3.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар,

4.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 484 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялыг тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 64-р шүүгчийн захирамжаар 54 хоног хорих ял болгон өөрчилсөн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 64-68/ зэрэг авагдсан бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүнийн хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Д нь нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 720 /долоо зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Төв аймгийн Хот тохижуулах газар эдлүүлсүгэй.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Шүүгдэгч Г.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ