| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
2023 02 10 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.А, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг "Таван түлш толгой" ХХК-ны ажлын байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг хулгайлж хохирогч Ө.Н-д 125 000 төгрөг, О.Б-д 52 500 төгрөг, Б.Н-д 175 000 төгрөг, Д.Ө-д 241 700 төгрөг нийт 594 200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Д.Ө-ын өгсөн: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Таван Толгой Түлш ХХК-ийн ахлах технологичоор ажилладаг. 2021 оны 11 сарын 24-ны өглөө манай ажлын шуурхай хурал болсон. Тэгээд хэсгийн ахлах ажилтан инженерүүд хуралд 09-10 цагийн хооронд суучхаад гарч ирээд өрөөндөө ороод эд зүйлээ авах гэтэл байхгүй байсан. Ингээд мөн манай хажуу талын 109, 110, 112 тоот өрөөнүүдээс бас эд зүйл алдагчихлаа гээд хэсэг хүмүүс гарч ирсэн. Тэгээд сандралдаад камерын бичлэг шүүхэд үл таних залуу манай болон бусад өрөөгөөр ороод эд зүйл машины түлхүүр зэргээ аваад гараад явсан байсан. Би өөрийн эзэмшлийн өвлийн куртик, албаны гутал, түрүүвч түүн дотор байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан, Хас, Худалдаа хөгжил, Юупоёнп, Голомт, Голомт зэс карт нар бүгд байхгүй болсон. Мөн миний Хаан банкны картаас 10 500, 20 000, 83 000 төгрөгөөр 3 удаа гүйлгээ гарсан. Хас банкны данснаас иргэний үнэмлэх үзүүлэн 50 000 төгрөг бэлэн зарлага гарсан байсан. Би алдсан куртик, гутал хоёроо 265 000, түрүүвч болон эд зүйлсээ 300 000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх 11 12/,
Хохирогч Б.Н-ын өгсөн: “Би Төв аймаг Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутагт үйл ажиллаагаа явуулдаг "Таван толгой түлш" ХХК-ны авточингийн ахлах ажилтай. Манайх 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өглөө 09 цагт хурал болоод алба хаагчид бүгд хамрагдсан. Шуурхай хурал 10 цагийн үед тараад өрөөндөө орж ирэхэд миний ширээн дээр байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй байсан. Манай ажилчид юмаа алдчихлаа гэж байсан. Хяналтын камер шүүж үзэхэд үл таних залуу манай өрөөнүүдээр ороод гарч байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Би өөрийн суудаг ажлыг ширээн дээр тээврийн хэрэгслийн улаан өнгийн "Аdidas" гэх нэртэй бамбарууш зүүсэн түлхүүр байсан хулгайд алдсан өөр зүйл алдаагүй.” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Хохирогч Ө.Н-ын өгсөн: “Би Төв аймаг Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутагт үйл ажиллаагаа явуулдаг "Таван толгой түлш" ХХК-ны Цахилгааны инженер ажилтай. Манайх 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өглөө 09 цагт хурал болоод алба хаагчид бүгд хамрагдсан. 10 цагийн үед өрөөндөө орж ирэхэд миний өвлийн куртик болон хамгаалалтыг каск малгай байхгүй болсон байсан. Ингээд манай ажлын зарим хүмүүс бас юмаа алдсан байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Хохирогч О.Б-ийн өгсөн: “Би Төв аймаг Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутагт үйл ажиллаагаа явуулдаг "Таван толгой түлш ХХК-ны үйлчлэгч ажилтай манай ажилчид хуралд орсон үед би эмчийн өрөөг цэвэрлэж байгаад өөрийн утсаа компьютерын хажууд тавсан. Тэгээд мартаад гараад явсан ажлаа хийж байгаад цаг харах гээд утсаа үзэхэд утас байхгүй байсан. Эмчийн ширээн дээр тавьснаа санаад очоод авах гэтэл энд ямар ч утас байгаагүй гэж хэлсэн. Тэгээд хүмүүс юмаа алдчихлаа гээд шуугаад байхаар нь цуг очиж камерын бичлэг үзэхэд үл таних залуу эмчийн өрөө рүү орж утас аваад гарч байсан. Би утсаа 4 хоногийн өмнө 60 000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Шүүгдэгч А.Агийн өгсөн: “Би 2021 оны 11 сарын 24-ны өглөө 09 цагийн орчим Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Таван Толгой Түлш" ХХК-ийн ажлын байр луу хамгаалагч залууд танай компанид ээлжийн ахлахаар шинээр ажилд орж байгаа хүн байна гэж хэлээд нэвтэрсэн. Ингээд ажлын байранд ороход хүмүүс байхгүй байсан хуралд орсон гэхээр нь би ахлах технологич гэсэн өрөөнөөс өлгүүрт байсан хувцасны халааснаас түрүүвч, мөн тэнд байсан өвлийн куртик, өвлийн хангалтын гутал, тоотыг нь санахгүй байна бас өөр өрөөнөөс хамгаалах каск малгай, улаан оосортой Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр, эмч нарын өрөөнөөс Нокиа маркийн гар утас зэрэг зүйлсийг аваад шууд гараад Налайх дүүрэгт ирсэн. Ө гэх хүний түрүүвчнээс Хаан банкны картыг нь аваад төрсөн өдрөөр нь кодыг хийгээд хоол идэж, такси барьсан. Нэг улаан өнгийн цүнх худалдан авсан. Тэгээд удалгүй данс нь хаагдсан. Тэгэхээр нь Хас банк руу ороод бэлэн 55 000 төгрөг аваад гараад явсан. Улаанбаатар хотод 17 цагийн үед "TSE" гэх нэртэй пабад байхад Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч ирээд аваад явсан. Би 6 000 төгрөгийн хулгай, мөн бамбарууш хулгай хийж шалгагдаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Миний хэргийг хурдан шийдэж өгөөч." гэх мэдүүлэг /хх 31-32, 85-86/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 07/40.. дугаартай үнэлгээний тайлан: “Хохирогч Ө.Н-ын өвлийн куртикийг 125 000 төгрөгөөр, О.Б-ийн нокиа маркийн утсыг 52 500 төгрөгөөр, Б.Н-ын Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг 175 000 төгрөгөөр, Д.Ө-ын түрүүвчийг 29 700 төгрөгөөр, ажлын бомберыг 65 000 төгрөгөөр, ажлын гутлыг 147 000 төгрөгөөр тус тус үнэлсэн” дүгнэлт /хх 35-46/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг "Таван түлш толгой" ХХК-ны ажлын байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг хулгайлж хохирогч Ө.Н-д 125 000 төгрөг, О.Б-д 52 500 төгрөг, Б.Н-д 175 000 төгрөг, Д.Ө-д 241 700 төгрөг нийт 594 200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү гэх санал гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
А.А нь .........өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын ........ тоотод оршин суудаг, эцэг, эх нь Архангай аймгийн Хотонт сумандаа мал аж ахуй эрхлэн амьдардаг гэх, урьд нэг удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах, хуудас шийтгэх тогтоолын хуулбар /хх 92,95-101/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч А.А урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад дахин адил төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна.
Харин түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл анги хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас биеэр 1 жил 1 сар 19 хоног, шагналын 2 сар 19 хоног, бүгд 01 жил 4 сар 8 хоногийн хорих ял эдэлж үлдэх 10 сар 7 хоногийн хорих ялтай болох нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор тогтоогдож байх тул;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шинээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." гэж зааснаар,
Шүүгдэгч А.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
Шүүгдэгч А.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Н-д 125 000 төгрөг, О.Б-д 52 500 төгрөг, Б.Н-д 175 000 төгрөг, Д.Ө-д 241 700 төгрөг, мөн банкны картнаас 113 500 төгрөг авсан байх тул;
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Ад эрүүгийн дугаартай хэрэгт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг,
Хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.А-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Аг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн................. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг бүгдийг нэгж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 7 /долоо/ хонгийн хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 2 жил 10 сар 7 хонгийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агаас 125 000 /зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот ...........тоот хохирогч .Ө.Н /........./-д, 355 200 /гурван зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот .......... тоот хохирогч Д.Ө-д /........./-д, 175 000 /зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот .............. тоот хохирогч Б.Н-д /......../-д, 52 500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот ................... тоот хохирогч .О.Б-д /......../-д тус тус олгосугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад энэ хэрэгт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ