| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0555/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/866 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/866
2022 07 04 2022/ШЦТ/866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хан-Уул дүүргийн гудамж, 434 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 669 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б.У
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.У нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны шөнийн 00 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Ихнарангийн шинэ эцэст байрлах “Төрийн банкны” АТМ дотор иргэн Л.Рэгдэнг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хаан банкны 5704336718 дугаартай данс бүхий 300.000 төгрөгтэй виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
- шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,
- хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-44 дүгээр хуудас/,
- хохирогч Л.Р...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт найз Өлзийбатын орж 1 шил архи хувааж уугаад тухайн газраас 2022 оны 02 дугаар сарын 13-ний 00 цагийн орчим гараад Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр 00-р хорооллын автобусны буудал дээрээс приус 20 маркийн жижиг суудлын арын суудалд байсан бөгөөд урд суудалд жолоочийн хамт нэг эрэгтэй байсан. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Ихнарангийн шинэ эцсийн Төрийн банкны АТМ-ын харалдаа урд нь зогссон. Тэгээд би Төрийн банкны АТМ-ээс мөнгө авч чаддаггүй юм, мөнгө аваад өгөөч гэтэл таксины жолоочтой хамт явсан залуу нь би аваад өгье гэж хэлэхээр нь өөрийн картын нууц дугаарыг хэлсэн. Тэгээд хамт машинаас буугаад АТМ дотор ороход тэр залуу миний картыг гараас булааж аваад машиндаа суугаад хурдаараа тэр хоёр залуу яваад өгсөн. Тухайн үед би маш согтуу байсан болохоор яаж ч чадаагүй, гэртээ хариад дансаа шалгахад Хаан банкны 5704336718 дугаарын данснаас 00 цаг 34 минутад Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын эцсийн Хаан банкны АТМ-с 300.000 төгрөгийн зарлага гарсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
- гэрч О.Цын...2022 оны 02 дугаар сарын 12-ны орой би гандангийн ойролцоо явж байх үед Уламбаяр над руу залгаад “би архи уучихсан байна, найзыгаа ирээд авчих 21 дүгээр хороололд хүрээд ир” гэж хэлэхээр нь би 20 цагийн үед өөрийн 74-90 УНЗ-улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол депогийн автобусны буудлаас Уламбаярыг аваад машиндаа суулгаад явж 21 дүгээр хорооллын буудал дээр үл таних согтуу ах гараа өргөхөөр нь зогсоотол тэр ах “Их наран луу хүргээд өг” гэж хэлэхээр нь би машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд Ихнарангийн хуучин эцсийн буудал ирээд би таксины 6000 төгрөг гарсан гэж хэлтэл тэр эрэгтэй би “АТМ-д карт уншуулж чаддаггүй юм гэхээр нь би Уламбаярыг “чи энэ хүний картыг АМТ-д уншуулаад 6,000 төгрөг аваад ир” гэж хэлтэл Уламбаяр машинаас хамт буусан. Хэсэг хугацааны дараа Уламбаяр АТМ-ээс гарч ирээд шууд машинд суугаад халааснаасаа 6.000 төгрөг гаргаж надад өгөөд, “машинаа хөдөлгө” гэж хэлэхээр нь би юу ч мэдэлгүй машинаа хөдөлгөөд явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
- шүүгдэгч Б.У ын...Би 2022 оны 02 дугаар сарын 12-ны
өдрийн 18 цагийн орчимд ажлаасаа тараад гэр лүүгээ явж байхдаа гудамжинд зүс
таних “Яармаг”-т амьдардаг 2 ахтайгаа таараад архи хувааж уугаад нэлээн согтсон...19 цагийн үед найд Цоодол руу залгаад “би архи уучихсан байна, 21 дүгээр хороололд хүрээд ир” гэж хэлээд хүлээж байтал 20 цагийн үед найз Цоодол ирсэн...Цуг таксинд явж байтал 21 дүгээр хорооллын буудал дээр үл
таних согтуу хүн гараа өргөхөөр нь зогсоход тэр хүн “Их наран руу хүргээд өг”
гэхээр нь тухайн хүнийг машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд Ихнарангийн шинэ
эцсийн автобусны буудал дээр ирэхэд найз Цоодол тэр хүнд 6000 төгрөг гарсан
гэж хэлэх үед тэр ах “би карт уншуулж мэдэхгүй” гэхээр нь би машинаас карт
уншуулах гээд цуг буусан. Тэгээд төрийн банкны АТМ дээр ирээд тэр хүн надад
ногоон өнгийн хаан банкны виза картаа өгөөд нууц код 5555 гэж хэлэхээр нь би
картыг АТМ рүү хийгээд дансны үлдэгдлийг нь харсан, дансанд мөнгө байхаар нь картыг нь өгөлгүй булааж аваад, АТМ-с гарч, гадаа хүлээж байсан найзын машинд суугаад найзыг машинаа хөдөлгө гэж хэлээд, гэртээ хүргүүлчихээд, буцаж гэрээс гараад, АТМ дээр очоод картнаас 300,000 төгрөг авчихсан...Цоодол найздаа юу ч хэлээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-105, шүүх хурлын тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаангүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч нь хохирогчийн Хаан банкны 5704336718 дугаартай данс бүхий картыг хохирогчийн зөвшөөрсөнөөр АТМ-д уншуулан, тухайн дансанд мөнгө байгааг мэдсэн даруйдаа “тухайн мөнгийг авах зорилгоор” хохирогчийн мөнгөн хөрөнгө бүхий картыг нь өгөлгүй зугтааж явсан байх тул хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.
2.3. Шүүгдэгчийн үйлдсэн тус хэрэгт түүний найз О.Цоодол хамтран оролцсон гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримт цуглараагүй байна.
2.4. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.У ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Шүүгдэгч нь хохиролд 300.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байх /хх-109, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь Хаан банкны виза карт нөхөн авахад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Б.У нь урьд 2021 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-78, 83-97, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хөрөнгө, орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-64-66, 68, 70, 72, 74, 76, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс оргон зайлсан тул түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгдэгчийг эрэн сурвалжлан олсноор 2022.06.19-ний өдөр цагдан хорих байранд хүлээлгэж өгсөн, 2022.07.04-ны өдрийн байдлаар 15 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасч, нийт эдлэх зорих эрх хязгаарлах ялын хугацааг 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт дискийг тус хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.У ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ын цагдан хоригдсон 15 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, Б.У ын биечлэн эдлэх эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Цагдан хоригдож буй шүүгдэгч Б.У ыг даруй сулласугай.
6. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь тус хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР