Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/806

 

 

   2022          06            24                                  2022/ШЦТ/806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цд  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 220 800 0000 772 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Залуус хорооллын А дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо З хорооллын 00 дугаар байрны 00 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн иргэн О.Нн толгойн тус газар нь “Хараа” нэртэй архины лонх, хагарсан лонхны хэсгээр цохиж зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын 48А дугаар байрны 1295 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдан иргэн О.Н гийн толгойн тус газарт “Хараа” нэртэй архины лонх, хагарсан лонхны хэсгээр цохиж, зодон түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь : 

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

- хохирогч О.Н гийн гомдол /хх-3/,

- хохирогч О.Н гийн...2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гарахад манай байрны Ц   гэх хүн гадаа сандал дээр согтуу, Болдоо гэх хүнтэй хамт сууж байсан. Тэгээд урьд нь надад тусалсанд их баярлаж байгаа, манайх руу орж ах нь дайлъя гэхээр нь би дэлгүүрээс өөрөө пиво авъя гээд 1 лааз пиво аваад орсон. Тэгээд гэрт нь ороход 1 шилтэй 0,75 литрийн архины талаас дээгүүр архи байсан. Тэгэхэд хажуу айлынх нь гэх эрэгтэй хүн орж ирээд архиа хувааж уугаад, би 1 лааз пиво уусан...Хажуу талаас Ц   босож ирээд намайг архи авч ирсэнгүй гээд ширээ нь дээрээс архины шил аваад миний толгой руу 4-5 удаа цохиж хагалаад, хагархай шилээрээ миний баруун нүдний доод хэсгийг зүссэн...Би босоод куртикээ аваад гэрээс нь гарч зугтаагаад гадаа зогсож байхад манай Б  таараад араас Ц  , нөгөө эмэгтэй 2 гарч ирсэн байсан. Тэгээд би хэсэг ухаан алдаад нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 21-22 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт : 1. Ю.Н гийн биед тархи доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хоёр ухархайн дотор хана, баруун ухархайн доод хана, зүүн хацар ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимын салстад тархмал цус харвалт, зүүн хөмсөг, чамархай, баруун нүдний дотор булан хэсгийн зүсэгдсэн шарх, уруул, баруун гарын ядам хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн цохих, зүсэх үйлчлэлээр үүснэ. З. Зүүн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.../хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

- гэрч Э.Б ийн...Тухайн өдрийн 16 цагийн үед хүнс авах зорилгоор гарахад гадаа нэг хүн цусаа гоожуулаад сууж байсан бөгөөд очоод хартал манай ээж байсан. Гавлын яс цууралттай гэсэн оноштой Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа...Ээж дээр очоод түргэн дуудсаны дараа байрны гадаа “би цохисон юм яадаг юм” гээд 70 орчим насны намхан, буурал үстэй хүн явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- гэрч Б.Баасанжавын...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед найз Та утсаар дуудаад би Залуус хороололд гэрт нь хоносон. Маргааш нь өглөө 11 цагийн үед босоод Тын хөрш Ц   ахынд бид 2 ороход Ц   ах ганцаараа байсан, бид 3 юм ярьж зурагт харж сууж байгаад Та салхинд гарлаа гээд гарсан. Ц   ах бид 2 гэрт нь байсан үлдэгдэл тал шил архийг хуваагаад ууж байхад гаднаас нэлээд согтуу, танихгүй эмэгтэй орж ирээд намайг юун хүүхэн бэ гээд хэл амаар дайраад байсан...Ц   ахаас мөнгө нэхээд Ц   ахыг түлхэж унагаасан. Би Ц   ахыг босгоод бид нар сууж байхад БатТа гаднаас орж ирээд ууж байсан архинаас 1 татаад гарсан. Тэгээд Ц   ах тэр эмэгтэйн толгойг архины шилээрээ 1 удаа цохиод хагалсан.Тэгэхээр нь би Ц   ахыг салгахад нөгөө эмэгтэй толгой нь хагараад цусаа гоожуулаад гараад явахад араас нь Ц  ах гарахаар нь би гараад Тын хаалгыг нүдэхэд хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд би орцны гадаа гарахад Ц   ах сандал дээр ганцаараа сууж байсан. Нөгөө эмэгтэйг нэг залуу сугадаад толгойг нь боосон байдалтай ирээд цаана зогсож байсан. Тэгэхэд нэг мэдсэн Та хүрээд ирэхээр нь Ц   ах нөгөө эмэгтэйг архины шилээр толгойг нь хагалчихлаа гээд бид 3 Ц   ахынд орох гэснээ болиод Тынд байж байтал цагдаа нар ирээд Ц   ахыг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- гэрч В.БатТын...2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрнаасаа найз эмэгтэй Баасанжавын хамт, Ц  ахынд орсон, би 10-р хороолол руу найз Мөнхболдын гэр рүү явж, хүлээж байгаад буцаад 12 цагийн үед гэртээ иртээ орох гээд явж байхад орцонд Цогтоо ахынд хүмүүс дуугараад байхаар нь яваад ороход Ц   ах, Баасанжав, бас танихгүй 1 эмэгтэйн хамт 1 шил 0,75 литрийн архи ууж байсан...Уг архинаас нь 1 татаад сууж байхад танихгүй эмэгтэй нь хүзүүндээ Ц   ахын түлхүүрийг зүүсэн байхаар нь би уг эмэгтэйгээс түлхүүрийг нь булааж аваад Ц   ахад өгөхөд Ц   ах уг эмэгтэйг яв яв гээд хөөгөөд байсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй нь явахгүй гээд байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод унтсан. Тэгээд өдөр 15 цагийн үед босоод орц руу гарахад орцонд шалан дээр баахан цус дуссан байсан, Ц   ахын хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан. Тэгээд би гадаа гарахад Ц   ахынд байсан танихгүй эмэгтэй нь толгойгоо цагаан даавуугаар боосон цус гарсан байдалтай, хүүхэд нь бололтой залуу ирсэн байсан. Тэгэхэд Баасанжав хажууд нь байснаа над дээр гүйж ирээд "Ц   ах чинь хүний толгойг архины шилээр хагалчихлаа, би айгаад гараад ирлээ, танай хаалгыг нүдсэн чинь онгойлгохгүй байна” гэж хэлээд бид 2 манайд орсон...2 цагдаа орж ирээд Ц   ахын түлхүүрийг асуухад Баасанжав гаргаж өгсөн...Намайг манай байрныхан Болдоо, Бао гэж хочоор дууддаг...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,  

- шүүгдэгч С.Цы...Тухайн үед Н  надаас шалтгаангүй мөнгө нэхээд бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд маргалдаж, хэрэлдэж байгаад уур хүрээд ширээн дээр байсан архины шилээрээ Н гийн толгой руу 2,3 удаа цохиж хагалсан, хагархайгаар нь нүүрийг нь зүссэн...Н  гэрээс цусаа гоожуулаад гараад явсан...үйлдэлдээ маш их гэмшиж байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, тухайн асуудлаар  эргэлзээ, маргаангүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийг анхлан зодохдоо архины шилээр цохих явцад тухайн архины шил хагарсан байх тул “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хамааруулаагүйг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-78-80, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.3. О.Н , В.БатТа нар тухайн үед харилцан маргасан болох нь үгүйсгэгдээгүй байх боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол учруулахад В.БатТын үйлдэл, оролцоо тогтоогдоогүй болно.   

Тухайбал, - хохирогчийн...тэр эмэгтэй над руу агсам тавиад, намайг хотын янхан гээд хэл амаар доромжилсон.../хх-18-19/

- гэрч Б.Баасанжавын...Ц   ах бид 2 гэрт нь байсан үлдэгдэл тал шил архийг хуваагаад ууж байхад гаднаас нэлээд согтуу танихгүй эмэгтэй орж ирээд намайг юун хүүхэн бэ гээд хэл амаар дайраад байсан...Ц   ах тэр эмэгтэйн толгойг архины шилээрээ 1 удаа цохиод хагалсан. Тэгэхээр нь би Ц   ахыг салгахад нөгөө эмэгтэй толгой нь хагараад цусаа гоожуулаад гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэргээс үзэхэд тэд харилцан маргасан байх боловч тус хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгахад  хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахад В.БатТын үйлдэл, оролцоо тогтоогдоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.   

2.4. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ. 

2.5. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байгааг  үгүйсгэхгүй боловч тийнхүү согтуурсан байсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэл болно.  

Иймд шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

  1. Хохирол, хор уршиг :    

 

Хохирогч О.Н  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.407.140 төгрөг нэхэмжилсэн байх /хх-71/ боловч хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд: хохирогчийн эм тариа, үзлэг оношилгоо, эмчилгээнд зарцуулсан 2900 төгрөг+4400 төгрөг+4800 төгрөг+6440 төгрөг+2650 төгрөг+203100 төгрөг+3800 төгрөг+6850 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг нийт 242.940 төгрөг /хх-43-45, 65-66/-ийг гаргуулах үндэслэлтэй, харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Тус хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөх 1.354.000 төгрөгийн асуудлыг нэхэмжлээгүй орхигдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, 71 настай, тэтгэвэрт, түүний ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-39-40, 83, 96, 102, 103, 104, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

            Шүүгдэгч нь хувьдаа эд хөрөнгөгүй байх ба 500.000 төгрөгийн тэтгэвэртэй, сарын байрны түрээсэнд зарцуулдаг тухайгаа мэдүүлсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзнэ. 

 

  1. Бусад асуудал   

Тус хэрэгт хураагдсан архины шилний хагархай 1 ширхгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

           

1. Шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цаас 242.940 төгрөг гаргуулж, хохирогч О.Н д олгосугай.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархай 1 /нэг/ ширхгийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

7. Шүүгдэгч С.Цыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.24-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР