Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0297

 

 

 

 

 

 

    Д.М ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б

Нэхэмжлэгч:   Д.М

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0726/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/322 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/332 дугаар захирамжийг иргэн Д.М т холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэх, захиргааны хэргийн оролцогчдын эрхийн талаарх ойлголт, хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхээс нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаанд заавал мөрдөгдөх нотлох ажиллагааны зарчим буюу захиргааны байгууллагаас хууль ёсны зарчмыг хангаж буй эсэхэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас маргаан бүхий газрыг ойн сан бүхий газарт хамаарах эсэх асуудлаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр “2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллыг тогтоосон, мөн Ойн тухай хууль 2012 онд батлагдсан бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг талаар маргаан бүхий газруудад мэргэжлийн байгууллагын холбогдох баримтыг хэрэгт ирүүлсэн байдаг.

3.3. Ойн сан бүхий газартай холбогдох нарийвчилсан харилцааг ойн тухай хууль болон бусад захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актаар зохицуулж байна. Нийслэл хотын ойн сан харьцангуй хомс хүний үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээх чадвар муу байдлаас шалтгаалж ойн сан бүхий газарт газрын нэгдсэн мэдээллийн системд эрх сунгах сунгалт хийгдэхгүй үр дагавартай байна. Шүүхэс хэрээг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий асуултыг асуугаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.

3.4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийнн А/332 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан.

3.5. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэх хэсэгт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 49.3.5-т “.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн захирамж гаргасан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Д.М аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...маргаан бүхий тохиолдолд нэг зөрчилд нэг хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим үйлчлэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь байшингийн суурь ухаж, торлог устгасан үйлдэлдээ хариуцлага хүлээсэн байх тул маргаан бүхий захиргааны актаар мод, бут, сөөгийг огтолсон гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/205 дүгээр захирамжаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ****т байрлах нэгж талбарын *******,*******,*******,******* дугааруудтай тус бүр 700 м.кв газрыг Э.Х, О.А, Ж.М, Б.М нарт эзэмшүүлсэн, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудыг иргэн   Д.М  “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчээ.

 

2.4. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар маргаан бүхий дээрх газруудын эзэмших эрхийн нэрийг шилжүүлж, зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай нэхэмжлэгч   Д.М т эзэмшүүлж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/87 дугаар захирамжаар гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан. Нэхэмжлэгчээс тухайн газартаа барилгын суурь ухсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2.5. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5 дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн “Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Ойн булагт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн” гэх үндэслэлээр иргэн Д.М ын эзэмшлийн ****************, ********************,***************, *************** нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

2.6. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий газруудыг 2015 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдаж авсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/87 тоот захирамжаар гэр орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлсэн, ...өөрийн эзэмшлийн газартаа зуслангийн байшин барих зорилгоор 2023 оны 04 дүгээр сараас эхлэн байшингийн суурь тавих ажлыг эхлүүлсэн боловч Байгаль орчны улсын байцаагчийн зүгээс зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ашигласан гэх үндэслэлээр 150,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг шүүхээс “нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээрээ байшингийн суурь ухсаныг газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж үзэх үндэслэлгүй” гэж үзээд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. 2024 оны хавраас эхлээд дахин байшингийн суурь тавих ажлыг эхлүүлэх явцдаа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг огт явуулаагүй” гэж,

хариуцагчаас “...маргаан бүхий газар нь бүхэлдээ ойн сан бүхий газарт хамаарч байгаа тул нийслэл хотын иргэдийн нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх гэсэн агуулгаар нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гаргасан. Мөн маргаан бүхий газар нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ой тэлэх ургах талбайд хамаарч байгаа гэдэг нь хэрэгт баримтаар авагдсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журмыг батлах тухай 141 дүгээр тогтоолын 8.4-т ногоон бүсэд зуслангийн зориулалтаар газар олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтийг үндэслэнэ гэж, 12.1.5-д энэхүү бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барихыг хориглоно” гэж заасан. Иймд захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэргүй, шийдвэр нь баталгаажиж гараагүй байхад газар ухсан, нийтийн эдэлбэрийн газар дээр хориглосон үйл ажиллагаа явуулсан урьдчилсан нөхцөл байдал бүрдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

2.7. Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 49 дүгээр зүйлийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд”, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзол шаардлагыг хэрхэн зөрчсөн, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд мод, бут сөөгийг огтолж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нь тогтоогдсон эсэх талаар хариуцагч байгууллага хангалттай тодруулаагүй, нэхэмжлэгч Ойн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэх үндэслэл нь захиргааны актын үндэслэлтэй хэрхэн яаж уялдаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

2.8. Учир нь Нийслэлийн байгаль орчны хяналтын газрын улсын байцаагчаас нэхэмжлэгч Д.М ыг Газрын хэвлийн тухай хууль зөрчиж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн гэж буруутгаж, 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг “...байшингийн суурь ухсаныг газрын хэвлийг ашигласан гэж үзэхгүй” гэж дүгнэн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0626 дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

2.9. Нэхэмжлэгч   Д.М  нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч байх тул хэрэв хариуцагчаас тус газрыг ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр цуцлах тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт) үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдах нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

2.10. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт хийсэн эсэхийг бүрэн тодруулж, маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон уу эсхүл Төрийн эрх бүхий байгууллага өөрийн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон эсэх нь ойлгомжгүй байхаас гадна маргаан бүхий актыг гаргахдаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн 1/1232 дугаар албан бичгийг үндэслэсэн эсэх нь хавтас хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

 

2.11. Өөрөөр хэлбэл, хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хүчингүй болгох, залруулах тохиолдолд тухайн шийдвэрт үндэслэж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг хэрхэхийг мөн хамт шийдвэрлэх учиртай. Харин газар эзэмшигч нь зөрчил гаргасан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд уг зөрчлийг хэзээ, хэрхэн, яаж гаргасан, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон эсэхийг бүрэн шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

2.12. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Д.М т эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг олгосон, хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулаагүйгээс гадна “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлах үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна.

 

2.13. Эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын дагуу нэгэнт олгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон.

 

2.14. Түүнчлэн тухайн газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар Ойн булаг орчимд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг бодит байдалд нэхэмжлэгчийн эзэмшил газрын эргэн тойронд бусад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн, суурьшлын бүс бий болсон эсэх, хэрэв тийм тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үндэслэл, шалтгааныг тодруулсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйд нийцнэ.

 

2.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.16. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаартай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг дахин хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/332 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА