Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0791

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0791

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М *************п ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

М*********п ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага: ... М**********п ХХК -ийн XV-1******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М*******п ХХК -ийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М********п ХХК -ийн өмгөөлөгч А.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М******п ХХК  нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших XV-01******* дугаартай А******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмших болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж ирсэн. Манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/01 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахь жилээс нь эхлүүлэн тооцуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь М********п ХХК -ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахь жилээс үргэлжлүүлэн тооцох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй хэмээн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон 8/663 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийг 2021 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд шуудангийн дугтуйг хавсаргав.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь хууль бус эс үйлдэхүй гаргаж, М*****п ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоос татгалзсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасан боловч манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргах хууль зүйн боломжгүй байсан юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргахад мөн хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсаргахаар хуульчлан заасан бөгөөд манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3, 22.1.4-т заасан баримтыг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг дараах үндэслэлээр гаргах боломжгүй байсан болно. Үүнд:

1.     Төв аймгийн Алтанбулаг сумын нэр бүхий 3 иргэн /А.Д, Ө.Б, Б.Н/-ий зүгээс "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр М****** н ХХК -д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор дээрх нэр бүхий 3 иргэнээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Алтанбулаг сумын Засаг дарга Д.Б нь нэр бүхий гурван иргэний нэрээр хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргуулсан байсан /нэр бүхий 3 иргэн нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхээ огт мэдээгүй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож байгаагүй/ ба тус нэхэмжлэлийн шаардлагыг нь шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших XV-01******* дугаартай А******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон хэдий ч дээрх нэр бүхий иргэнээс гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн улмаас 2018 оныг дуустал /2 жил/ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж огт чадаагүй. Өөрөөр хэлбэл нэр бүхий 3 иргэний гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэж дуусах хүртэл хугацаа /2016-2018/-нд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын ажлыг гүйцэтгэж боломжгүй байсан.

2.     М********* п ХХК  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, ашиглаж, хайгуулын ажлыг гүйцэтгэж чадаагүй тул XV-01******* дугаартай А******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тооцуулах тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар тушаалаар XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцсон.

3.     Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч тус сумын Засаг даргын зүгээс тус төлөвлөгөөг батлахаас удаа дараа татгалзсан тул манай компани нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0393 дугаар магадлалаар манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын “М*********п” ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0393 дугаар магадлалыг биелүүлэхээс татгалзаж, М ******* п ХХК -ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй тул манай компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлыг мөн л хийж гүйцэтгэж чадаагүй.

Учир нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны үндсэн дээр хайгуулын ажлыг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах талаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0393 дугаар магадлал болон Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчиж, манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүй.

4.     Ийнхүү XV-01******* дугаартай А******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдсэн хугацаанд тасалдсанд тооцсон тул манай компани нь 3 дахь жилийн төлбөрийг төлж, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09/2019, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 45/2019 тоот албан бичгүүдээр өгсөн боловч тус сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0393 дугаар магадлалыг үл биелүүлж М *********п ХХК -ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн зэрэгцээ 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин батлаагүй тул манай компани нь өөрийн эзэмшлийн XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу мөн л гүйцэтгэж чадаагүй.

Улмаар М**********п ХХК -ийн зүгээс 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0068 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Манай компанийн зүгээс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан, тус нэхэмжлэлд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0068 дугаар захиргааны хэрэг үүсгэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явагдаж байгаа талаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/8 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газар /Геологийн хэлтэс/-т мэдэгдсэн.

М***************п ХХК -ийн нэхэмжлэлтэй дээрх захиргааны хэрэг нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тус тогтоолд "Тусгай хамгаалалттай орчны бүсийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн.

Улсын Дээд шүүх "Тусгай хамгаалалттай орчны бүсийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах боломжтой хэмээн дүгнэсэн тул манай компанийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн тогтоол гарсан өдрөөс эрх бүхий компанитай гэрээ байгуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж байгаа билээ.

М**********п ХХК -ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандаж, Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг нөхөн тооцож, захиргааны хэргийн шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж XV-01******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 дахь жилээс нь эхлүүлэн тооцуулах хүсэлтийг гаргасан билээ.

М************п ХХК  нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан хэдий ч Төв аймгийн Алтанбулаг сумын нэр бүхий 3 иргэн болон Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас 2016 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд XV-01******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу хайгуулын ажил гүйцэтгэж чадаагүй, энэ хугацаанд 3 удаагийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцсоны улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан ба Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасан нөхцөл байдал үүссэн юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс нь М********** п ХХК -ийн эзэмшлийн XV-01******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2016-2021 оны хооронд үүссэн захиргааны маргаан, түүний шалтгаан нөхцөлийг сайтар мэдэж байгаа, мөн манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 2020 оны 04 дүгээр сарын 30, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөл, түүний хугацаа болон шүүхийн маргааны талаар мэдэгдсээр байтал тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахь жилээс эхлүүлэн тооцохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариуг өгсөн.

Иймд М*************п ХХК -ийн ХV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М***********п ХХК -ийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг А******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр М *********н ХХК -д олгож, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр М********п ХХК -д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба М******* п ХХК  нь ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан ба хуулийн хугацаанд өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолыг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр М*********п ХХК -ийн XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож 2017 онд төлсөн 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцож бүртгэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байсан хугацааг хасч тооцож тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, мөн өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн 3 дахь жил нь тооцогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших А******* нэртэй ХV-1******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр М************** н ХХК -д олгосон бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/-ын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М*******п ХХК -д шилжүүлжээ.

Иргэн А.Д********ш нарын нэр бүхий 3 иргэний зүгээс дээрх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 33 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг 2018 оны 340 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 423 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2018 оны 419 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд М*********** п ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 0012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 393 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

М*************п ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусаж байсан бөгөөд тус компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/2019 дүгээр албан бичгээр хандаж хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр М*********п ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцож бүртгэх-ээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь М********п ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан тул тус компанийн зүгээс ахин шүүхэд хандсан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2021 оны 11 дүгээр тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан М**********п ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

М*********п ХХК -иас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/01 дүгээр албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахь жилээс нь эхлэн тооцуулах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тус тус нөхөн тооцуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандахад тус хэлтсийн даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8/663 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтыг хавсаргах боломжгүй, энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах боломжгүй байсан... гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т ...төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д ...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхтэй хэдий ч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргахаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацааг сунгахгүй байхаар, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, хэрэгжилтийг тухайн жилд дүгнэж, дараа оны төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлах агуулгатай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М**********п ХХК  нь хуульд заасан хугацаанд багтаж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч компани хуульд заасан журмын дагуу сунгуулах өргөдөл гаргаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн ХV-1******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах үндэслэлгүй байна. 

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой маргаан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь илэрхий боловч нэхэмжлэгч нь энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх маргаантай хугацааг нөхөн тооцохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хугацааг нөхөн тооцуулах асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М*********п ХХК -иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан М*********п ХХК -ийн ХV-1******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА