Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00027

 

Х.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00061 дүгээр шийдвэртэй, Х.Е-ын нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 1944117.00 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай.

            Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч Х.Е намайг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр тус байгууллагын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож дундаж цалинг 648039 төгрөгөөр тодорхойлж, мөн өдөр хүртэл цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул 3 сарын нөхөн олговор болох 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх нөхөн олговор 1944417 төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгож, мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус газрын дарга Б.С-нд даалгаж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Х.Е-ын албан тушаалын орон тоо байхгүй тул түүнийг ажиллуулах боломжгүй байна. Зөвхөн Х.Е-аас гадна урьд Хөдөлмөрийн болон Нийгмийн халамжийн хэлтсүүдэд ажиллаж байсан гэх би өөрөө тушаал гаргаж ажлаас чөлөөлөөгүй 5-10 гаруй тооны хүмүүсийг хуучин эрхэлж байсан гэх ажилд шүүхээс эгүүлэн томилсон бөгөөд тэдгээрийн цалинг нөхөн олгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн халамжийн Ерөнхий газар мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдад хандахад “Хэдийгээр орон тоо бүтэц цомхон ч гэсэн ямар нэгэн байдлаар эгүүлэн ажилд авах, нөхөн олговор олгох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно. Энэ талаар Яам болон Ерөнхий газраас зохицуулалт хийж шийдвэрлэж өгөх хүртэл одоо ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, бусад зардлаас гаргаж олгож болохгүй бусад ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байгууллагын хэвийн ажил алдагдана” гэсэн хариулт өгсөн. Иймд дээд удирдлагаас нэг мөр тууштай шийдвэр болон нөхөн олговрын мөнгө төсөвт орж иртэл Х.Е-ын нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00061 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2031120 /хоёр сая гучин нэгэн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг тооцож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариу тайлбартаа бичсэн. Цалингийн тухай тодорхой нотлогдохоор тооцоо баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэгэнт ажилд орох боллоо гэсэн сэтгэлээр ямар ч тооцоо баримтгүйгээр амандаа орсон тоог цалин болгож нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэл нь тодорхой баримтгүй ямар ч тооцоогүй гаргасан судалгаагаар нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Одоогоор Хөдөлмөр, халамжийн газарт ажилчдын цалингаас өөр мөнгөгүй болохоор уг мөнгийг нь олгох боломжгүй тул анхан шатны шүүхийн 130/ШШ2018/00061 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөлөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт нэг сарын дундаж цалин хөлсийг 648039.00 төгрөгөөр тооцож, нийт 1944417.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/00008 дугаар шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа уг олговрын мөнгийг төсөвт тусгагдах хүртэл төлөх боломжгүй гэжээ.

            Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Х.Е-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд уг шийдвэр биелэгдээгүй, ажилтан Х.Е нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 721 дүгээр шийдвэрээр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн ажилтан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан талаар хариуцагч маргаагүй, уг байдлыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мэтгэлцээгүй байна.

            Нэхэмжлэгчээс түүний ажиллаж байх үед авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг 648039.00 төгрөгөөр тооцож байгаа боловч анхан шатны шүүх хэрэгт цугларсан Х.Е-ын Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 10 дугаар сар хүртэлх бичилт, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нягтлан бодогч ажилтай Ж.М-ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ажилтны нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг 677040.00 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ажилтан Х.Е-ын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 2031120.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцсэн байна. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК