Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот,******* дүүрэг,******* дугаар хороо, ************** хотхоны******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,*******  СӨХ-д бодогч ажилтай, холбогдох эрүүгийн 2320000000026 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батцэцэг нь  2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас олгосон иргэний гадаадад зорчих эрхийг баталгаажуулсан баримт бичиг буюу  өөрийн дугаартай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа нь дууссан  гадаад паспортын “6” гэж уншигдах  огноо болон “7” гэсэн хуудасны дугаар зэргийг  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  нутаг дэвсгэрт засварлагдсан буюу хуурамчаар  үйлдсэн.

Түүнчлэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын  шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу  Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас олгосон  иргэний гадаадад зорчих  эрхийг  баталгаажуулсан баримт бичиг буюу  өөрийн дугаартай  2022 оны 12 сарын 26-ны өдөр  хугацаа нь дууссан гадаад паспортын “6” гэж дугаарласан хуудасны баруун хэсэгт  “Хүртэл” гэсний ард байх “26.12.2027” гэж уншигдах огноо болон “7” гэсэн хуудасны дугаар зэргийг засварласан буюу хуурамч баримт бичгээр хууль бусаар нэвтрэхийг  завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2023 оны 03 сарын 18-ны өдөр Замын-Үүдэд өглөө вагоноор ирсэн. Тэгээд хил гарах автобусандаа суусан. Паспортын хугацаа 2022 оны 12 сарын 16-ны өдөр дууссан байсан учраас хөмсөг засагчаараа*******аад 2022 гэснийг 2027 болгож засварласан. Ингээд найз Галбаярт хэлэхэд болохгүй шүү дээ, үлдээд буудалд байж байхгүй юу гэж хэлэхээр нь Э Монголиа аплейкшнээр нэвтрэхээр 03 сарын 16-нд паспорт захиалсан харагдах учраас болох байх, болохгүй гэвэл үлдье гэж хэлсэн. Ингээд Монголын хил дээр очиж паспортоо шалгуулахад засвар оруулсан байна гээд саатуулсан. Найз Галбаяртай  Эрээн явах шалтгаан нь гэвэл цахилгаан бараа авна, намайг хамт яваад өгөөч гэхээр нь  явсан юм. Би паспортны хугацаа дууссан гэдгийг Галбаярт өмнө нь хэлээгүй. Ер нь бол паспортанд засвар оруулах боломжгүй гэдгийг мэднэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үр дагаврыг ойлгосон, өөрийн гэм буруу дээр маргаан байхгүй ” гэсэн мэдүүлэг,

 

Гадаад паспортонд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 16-27/

 

Баттулгын дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/

 

Гэрч Г.Галбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний ажилладаг Кастл ХХК-д шинэ гэрэл, гэрэлтүүлгийн асуудал тулгарч шинэ худалдан авалт хийх шаардлагатай байсан учраас би өөрийн найзэй хамт БНХАУ-ын Эрээн хот руу явахаар шийдсэн. Учир нь Батцэцэг өмнө нь намайг бодвол Эрээн хот руу нэлээн хэдэн удаа яваад үзчихсэн байсан. Биэй хамт явбал ханьтай, хаана юу байдгийг нь мэдэх хүн болохоор арай дээр гэж бодсон. Тэгээд бид хоёр 2023 оны 3 дугаар сарын 14-ний үед явахаар тохиролцоод 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос галт тэргэнд суугаад Замын-Үүд рүү явсан. Бид хоёрыг галт тэргэнд суухад 16 цаг болж байсан санагдаж байна. Цаг хугацааг нь тодорхой бол санахгүй байна. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Замын-Үүд хотод өглөөний 7 цаг 30 минутад буусан. Тэгээд 8 цаг 30 минутын Эрээн хот руу гаргаж өгдөг автобусны билеттэй байсан. Тус автобусаар бид хоёр Хятад улсын Эрээн хот руу явах гэж байсан. Бид хоёр галт тэрэгнээс гараад дэлгүүр хоршоо орж яваад шууд автобусандаа орж суусан. Тэгээд Эрээн хот руу 2023 оны 3 дугаар сарын 18-ны өглөөний 8 цаг 30 минутын үед хөдлөөд Монгол Улсын хилийн Замын-Үүдийн боомт дээр 9-10 цагийн үед очсон. Ямартай ч нэг их удаан бол яваагүй. Хил гарахын өмнө миний найз Батцэцэг над дээр ирээд өөрийн гадаад паспортаа харуулаад "Би өөрийнхөө хөмсөг*******агчаар гадаад паспортныхаа сунгалтын хэсгийн 2022 он гэж бичсэн байсныг нь арилгаад, үзгээрээ 2027 болгоод биччихлээ.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хүүе ээ болохгүй шүү дээ. Чи зүгээр буудалд байж байхгүй яасан юм бэ?" гэж хэлсэн. Тэгэхэд Батцэцэг надад “Би E mongolia аппликейшнээр ороод харахад намайг шинэ паспорт захиалсан байна гээд бүртгэчихсэн байна. Гайгүй байлгүй дээ. Хэрвээ хилээр гаргавал тэр л биз, хэрвээ гаргахгүй бол тэр л биз" гэж надад хэлсэн. Тэгээд хил дээр манай автобус ирээд хил, гаалийн хүмүүс бичиг баримтын шалгалт хийж эхэлсэн. Тэгээд миний найз бичиг баримтыг хураагаад аваад явчихсан. Тухайн үед би хилээр гарчихсан Хятад, Монгол хоёр хилийн голд зогсож байсан. Тэгээд эргээд хартал хилийн цэрэг саатуулаад үлдсэн. Би Батцэцэг рүү утсаар залгаад "юу болсон бэ?, яагаад чамайг аваад үлдчихэв ээ?" гэж асуухад Батцэцэг надад “Би гадаад паспортныхаа сунгалтын хэсгийн 2022 он гэдгийн хоёрын тоогоо долоо болгоод буюу 2027 болгоод өөрчилчихсөн юм аа. Тэгээд хилийн цэргүүд намайг бариад аваад явчихлаа. Миний бичиг баримтыг шалгана гэнэ ээ" гэж хэлсэн. Тэгээд би Хятад улсын Эрээн хотод ганцаараа очоод 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буцаж Улаанбаатар хотод ирсэн. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/ 

Миний найз Батцэцэг нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бичсэн тодорхойлолт гэх тайлбар мэт зүйл дээрээ намайг*******ийн гадаад паспортыг өөрчилсөн байна гэж бичсэн байна. Би түүний гадаад паспортыг хугацаа сунгалт хэсэгт байрлах тоог өөрчилсөн асуудал байхгүй. Би өөрчилсөн талаар ч мэдээгүй. Бид хоёр 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хил дээр ирэхэд л Батцэцэг надад гадаад паспортынхаа сунгалт хэсгийн тоог өөрчилж бичсэн талаараа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/

Гэрч Б.Мөнхжаргалын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “Би Хилийн 0108 дугаар ангийн 316 дугаар салбарт ахлах шалгагчаар ажилладаг. Ахлах шалгагч нь Монгол Улсын хилийг нэвтэрч байгаа хүмүүсийн баримт бичгийг шалгаж, бүртгэлд оруулж, штамб дарж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг. Баримт бичгийн шалгалтаар иргэдийн хил нэвтрэх бүх төрлийн баримт бичгийн хүчинтэй хугацаа, хүчин төгөлдөр байгаа эсэх, баримт бичиг дээрх зураг, өгөгдлүүд нь бүгд таарч байгаа эсэх, Зорчигч тээврийн мэдээллийн нэгдсэн сан дээрх программтай таарч байгаа эсэхийг шалгаж үздэг. Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарах чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд ажиллаж байсан. Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 8 цагаас эхлэн би гарах чиглэлд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг 45 минутын үед Батцэцэг гэх иргэн гадаад паспортоо шалгуулах гээд ирсэн. Би эзэмшлийн дугаартай гадаад паспортыг паспорт уншигч төхөөрөмжид уншуулахад "тус гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссан байна." гэж программ дээр гарч ирсэн. Тэгээд би “Таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байна" гэж хэлсэн. Харин Батцэцэг надад "Би гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг сунгуулсан" гэж хэлсэн. Тэгээд би гадаад паспортын хүчинтэй хугацааг хартал 2027 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан байсан. Хамгийн сүүлийн сунгалт нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийлгэсэн байсан. Тэгээд 10 жилээр сунгасан байсан. Ийм учраас надад сэжигтэй санагдсан. Тэгээд би түүний гадаад паспортыг сайтар хартал 2027 гэх бичгийн 7 гийн тоо нь баалсан, засвар орсон байсан нь мэдэгдсэн. Тэгээд би ахлах дэслэгч Мөнхдоржийг дуудаад шалгуулахаар гадаад паспортыг өгсөн. Тэгээд ахлах дэслэгч Мөнхдорж гадаад паспортыг шалгах гээд аваад явсан. Ийм л зүйл болсон. Энэ нь хилийн зөрчилдөө хамаарна. Энэ талаар журам байдаг. Тус журамд "гадаад паспорт дээр засвар өөрчлөлт оруулах нь хуурмаглалд ордог. Хуурмаглал нь хилийн зөрчилд ордог." Хуурмаглал гэдэг нь паспортын аль нэг өгөгдөхүүнд засвар оруулахыг хэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

Гэрч Н.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баттулгын Батцэцэг бол миний эхнэр. Бид хоёр 2012 оноос хамт амьдарч байна. Бид хоёр нэг хүүтэй. Хүүг маань Ивээлт гэдэг. Одоо 9 настай. Миний эхнэр******* нь******* Гарден ХХК-д ерөнхий бодогч хийдэг. Миний эхнэр******* нь Улаанбаатар хотод Идэр дээд сургуулийг төгсөж байсан. Хэдэн онд төгссөн талаар бол мэдэхгүй байна. Миний эхнэр бодогч мэргэжилтэй. Миний эхнэрийн хувьд манай гэр бүлд гол шийдвэр гаргаж байгаа хүн бөгөөд элдэв муу зуршил байхгүй. Архи ууж тамхи татдаггүй. Хүнтэй ч хэрэлддэггүй. Миний эхнэр******* нь дөлгөөн даруу зантай бөгөөд ямар ч хүнтэй сайхан харьцдаг. Би хүн муулах хүнтэй дайсагнаж байхыг нь бол арван жилд нэг ч удаа хараагүй. Миний эхнэр******* нь Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа талаараа бол хэлсэн. Би гадаад паспортны зөрчлийн асуудал гэж бодож байна. Надад санаа зовоод хэлээгүй юм шиг байсан. Өөрөө Замын-Үүдэд надад хэлэхгүй хоёр хоносон байсан. Би тэгээд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүдээс өөрийн эхнэр очиж авч ирсэн. Надад Батцэцэг тус асуудлын талаар нэг их зүйл яриагүй. Миний эхнэр Батцэцэг надад сүүлд хэлэхдээ "Би шинэ гадаад паспорт захиалчихсан болохоор хуучин паспортныхаа тоог өөрчлөөд хилээр гараад явчихаж болчих байх аа гэж бодсон" гэж надад хэлсэн. Сүүлд 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр надтай утсаар ярихдаа “Би шинэ гадаад паспорт захиалчихсан байгаа" гэж надад хэлж байсан. Би бодохдоо Батцэцэг гадаад паспортоо яаралтайгаар захиалаад аваад Замын-Үүд рүү явчихлаа гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 75/

 

Шүүгдэгч*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн  сери дугаартай Монгол Улсын үндэсний  энгийн гадаа паспорт  нь шинжилгээнд тэнцэнэ.

2. сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна.

3.Паспортын “6” гэж дугаарласан хуудсанд баруун хэсэгт “Хүртэл” гэсний ард байр “26.12.2027” гэж уншигдах огноо  болон “7”  гэсэн хуудасны  дугаар зэргийг засварласан байна” гэсэн 1532 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Батцэцэг нь 2023 оны 03 сарын 18-ны өдөр Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас олгосон, өөрийн дугаартай үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа нь дууссаныг мэдсээр байж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу зорчих зорилгоор Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирж, улмаар хилээр нэвтрэх автобусаар зорчин явахдаа гадаад паспортын 6 дугаар хуудсанд авагдсан  “ хүртэл” гэсний ард талд байх 26.12.2027” гэж уншигдах хэсэг болон “7” гэсэн хуудасны дугаарыг засварлаж, хуурамчаар  үйлдсэн,

-улмаар дээрх  гадаад паспортоо ашиглан, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хилийн шалгагчид саатуулагдсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн,  мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан “ гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн”  гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Батцэцэг нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч Г.Галбаяр, Б.Мөнхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 1532 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч*******ийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, холбогдох зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүгдэгч******* нь Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоор өөрийн үндэсний гадаад паспортыг засварласан үйлдэл хийх үед нийгмийн  хор аюул бий болсон, хуурамч бичиг баримтаа ашиглан хилээр хууль бусаар орох үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийг төгссөнд тооцох юм.

Иймд шүүгдэгч*******ийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу завдах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх дээрх байдлаар шүүгдэгчийг төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын хэмжээ, хязгаараас хэтрэхгүй, түүний эрх зүйн байдал дордохгүй байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Бусад:

Энэ хэргийн хамт ирсэн сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүдэгч Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх  гэмт хэргийг,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ялаар,

 

-мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн хамт ирсэн сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь 1,800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД.14