Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

  2023         4             03                                   2023/ШЦТ/119

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,     

улсын яллагч Н.Д,  

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Бд холбогдох эрүүгийн 2325000000145 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нь;

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн эхний өвөр булаг” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.1м3 хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 178.994 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрөө зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.1м3 хуурай шинэс модыг 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын бага оврын ачааны машинд ачиж, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амарын “...Ж.Б нь Булган аймгийн ойн ангид хохирол учруулсан бөгөөд Орхон аймгийн сум дундын Ойн ангиас 178.994 төгрөгийн хуурай шинэс мод гэсэн дүгнэлтийг гаргасан байна, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх тул 536.982 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...нөхөр Ж.Б миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа түлээний мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэж байгаад цагдаад баригдсан, 31-58ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл учраас тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоос татгалзаж, үнэлгээний төлбөр болох 3.000.000 төгрөгийг өөрийн нөхөр Ж.Бээр төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Ж.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн эхний өвөр булаг” гэх газраас ганцаараа ойгоос мод бэлтгээд Орхон аймаг руу оруулан хадам аав Буян-Оршихийнд буулгахаар явж байсан. Манай гэр түлээний модгүй болчихоод би эхнэр Б.Болортуяагийн эзэмшлийн 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ой модон дотроос газар унасан байсан 4 ширхэг урт модыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр өөрийн бензин хөдөлгүүртэй автомат гар хөрөөгөөр хөрөөдөн тайрч, тээврийн хэрэгсэл дээрээ ачсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 65 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч М.Доржтовуугийн “...2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ж.Б нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний бичсэн илтгэх хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 33ш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслийг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 3б-3 тоот хашаанд битүүмжилсэн тухай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай; “...1.1м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 178.994 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ОРА:1001337 дугаартай; “...31-58ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/6126 дугаартай; “...Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг 60.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Ж.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68, 70 дахь тал/,

Ж.Б нь ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 536.982 төгрөгийг Төрийн сангийн 100040051000 дансанд төлсөн баримт /хавтаст хэргийн 96 дахь тал/,

Ж.Б-ийн “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас, мөн Ж.Бээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б-ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн эхний өвөр булаг” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.1м3 хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 178.994 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрөө зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.1м3 хуурай шинэс модыг 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын бага оврын ачааны машинд ачиж, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амарын “...Ж.Б нь Булган аймгийн ойн ангид хохирол учруулсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Болортуулын “...нөхөр Ж.Б миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа түлээний мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэж байгаад цагдаад баригдсан.” гэх,

Ж.Бийн өөрийнх нь өгсөн “...Би 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн эхний өвөр булаг” гэх газраас ойгоос мод бэлтгээд Орхон аймаг руу оруулан хадам аав Буян-Оршихийнд буулгахаар явж байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч М.Доржтовуугийн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний бичсэн илтгэх хуудас, Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 33ш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай дүгнэлт,

Ж.Б нь ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 536.982 төгрөгийг Төрийн сангийн 100040051000 дансанд төлсөн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 536.982 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан,

          мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд түүнд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь тогтоогдсон тул шүүх түүний “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

          Шүүх шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

          Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...улсын яллагчтай тохирсон ялыг оногдуулж өгнө үү.гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролд 536.982 төгрөгийг төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно.” гэж,

4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж,

6 дахь хэсэгт “шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана.” гэж тус тус хуульчилжээ.

Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай; “...экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 178.994 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 36-37 дахь талд авагдсан бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 536.982 төгрөгийг Төрийн сангийн 100040051000 дансанд төлсөн баримтыг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байдаг болох нь тогтоогдсон тул хавтаст хэргийн 45-46 дахь талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ОРА:1001337 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 3.000.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 33ш мод,

мөн эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 3б-3 тоот хашаанд 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,

тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Болортуулд олгож,

шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлд зааснаар 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Ж.Б-ээс албадан гаргуулж,

Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 1.1м3 33ш хуурай шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн шүүгдэгч Ж.Бийн эзэмшлийн бензин хөдөлгүүртэй 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай, 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож,

шүүгдэгч Ж.Б нь 536.982 төгрөгийг Төрийн сангийн 100040051000 дансанд төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ