Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар  2023/ШЦТ/178

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Г.Тамир,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага Тайж овогт Төрмөнхийн Ат холбогдох эрүүгийн 2311000000109 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Багатайж ургийн овогт Төрмөнхийн А, /РД: .2/,

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн төр захиргааны авто баазад жолооч ажилтай, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байр, 15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих шалтгааны улмаас хохирогч Э.Нямсүхтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед хамрын нурууны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Т.А нь

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.А нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих шалтгааны улмаас хохирогч Э.Нямсүхтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед хамрын нурууны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Э.Нямсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Приус 30” загварын 20-97 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж байсан. Гэтэл араар нэг үл таних эрэгтэй хүн явахаар өнгөрөхийг нь хүлээгээд зогсож байтал миний машины араар гарсны дараа, баруун хойд талын буфер рүү юм уу багаж руу юм уу мэдэхгүй байна. Ямар ч байсан цохих 1 үйлдлийг хийсэн. Тэгэхээр нь би цонхоороо шагайгаад “Яаж байгаа юм бэ?” гэхэд “Хужаагийн шээс минь би эрх чөлөөтэй явмаар байна, буугаад ир” гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад маргалдсан бөгөөд хэрэлдэж, маргалдаж байхдаа миний машины номерыг хуулж аваад зам руу шидчихсэн юм. Тэгэхээр нь би цагдаагийн 102 тусгай дугаарт “Согтуу хүн зам дээр танхайраад байна” гэсэн утга бүхий дуудлага мэдээлэл өгсөн. Ингээд маргалдаад байж байсан чинь намайг алгадаад, янз бүр болоод байсан бөгөөд цагдаагаас залгаад байршил асуухаар нь утсаа аваад ярьж байтал миний хамран тус газар гараараа нэг удаа цохичихсон юм. Цохисныхоо дараа зугтахаар нь би араас нь хөөж очоод барьж авсан бөгөөд миний хамраас цус гараад нээх удалгүй цагдаагийн хоёр алба хаагч хүрээд ирсэн...” гэх / хавтаст хэргийн 9-р  тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1214 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

Э.Нямсүхэд хамрын нурууны хугарал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хавтаст хэргийн 19-20-р тал/,

Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Гэрэл” төвийн гарцаар гарч байх үед цагаан өнгийн приүс маркийн автомашин ухарч байсан ба зогс гээд зөөлөн тогшсон. Тэгсэн жолооч гэх 27 насны залуу бууж ирээд “Яаж байна аа” гээд надтай маргалдахаар нь “Гарцан дээр хүнээ харж ухраач, дайрчихвал яахын” гээд хоорондоо маргалдаж байгаад намайг зуурчхаад тавихгүй байхаар нь нүүрэн тус газар нь 1 удаа баруун гараараа цохичхоод салахгүй болохоор нь зугтаасан...” гэх / хавтаст хэргийн 27-р тал/,

шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 1214 дугаартай дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Т.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж,

 

Шударга ёс, хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас шүүгдэгч Т.Аыг чөлөөлж шийдвэрлэв.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Э.Нямсүхийн эмчилгээний зардал болгон нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд олгох 161,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Багатайж ургийн овогт Төрмөнхийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Багатайж ургийн овогт Төрмөнхийн Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас Т.Аыг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.АРИУНБОЛД