Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар  2023/ШЦТ/219

 

  2023         03          23                                     2023/ШЦТ/219

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч А.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ААд холбогдох эрүүгийн  2311 00000 0085 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Асболют” ХХК-ийн махны цехед мах ангилагч ажилтай, ам бүл 2, эцэгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам 7 дугаар гудамж 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигин овогт АА /РД:................................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Боржигин овгийн Алтангэрэлийн Алтанхүү нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо “Викториа” центрийн 2 давхарт Б.Мын эрх, эрх чөлөөнд нь халдаж түүний биед баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Боржигин овгийн Алтангэрэлийн Алтанхүү нь:

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо “Викториа” центрийн 2 давхарт Б.Мын эрх, эрх чөлөөнд нь халдаж түүний биед баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Нэмж ярих зүйл байхгүй. н.Мөнхбатын эрх чөлөөнд санаатай хохирол учруулсан гэдэг тал дээр миний мэдүүлгэн дээр байгаа...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Мын “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагаас манай байгууллагын шинэ жил болоод бид нар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Викториа” центрийн 2 давхарт баяраа тэмдэглэж байгаад орой 00 цагийн үед би харих гээд тухайн караокенаас гарсан чинь манай худалдагч Бүжинлхам үүдний сандал дээр тасраад хэвтэж байхаар нь би сэрээгээд хэн ирж авах юм бэ гэж асуусан чинь нөхөр ирж авна, арай болоогүй байна гэхээр нь аан за за гээд хажууд нь хань болоод сууж байсан чинь ажлын махны цехэд ажилладаг Алтанхүү ирээд шууд миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа хүчтэй цохисон бөгөөд энэ үед манай ажлын кассчин Гомбоо гэх залуу ирээд салгах гэж оролдоод бид нар газар унаад зууралдаж байсан ба Алтанхүү миний нүд, нүүр толгой хэсэг рүү гараараа цохиод самардаад Гомбоо миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Миний араас тэврээд гаргах гээд байхаар нь би дайрч байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлээд салах гэж оролдсон чинь намайг коридорт түлхэж унагаасан. Гэтэл манай тогооч нарын ахлагч Мөнхчимэг ирээд миний цавь руу хөлөөрөө олон удаа өшиглөөд байхаар нь би болиулах гээд хөлнөөс нь зуураад татсан чинь Мөнхчимэг хойшоо уначихсан. Тэгээд л бид нар тарцгаагаад би таксинд суугаад харьсан. Миний зүүн болон баруун нүдэнд учирсан гэмтлийг манай ажлын Алтанхүү гэх залуу надад учруулсан. Тэр эхлээд шууд миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн газарт унасан байхдаа миний нүүр лүү гараараа самардаад нилээн олон удаа цохиод байсан. Өөр миний нүүр хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Б.Гомбожавын “...Тухайн өдөр байгууллагын шинэ жил болж байгаад 00 цагийн үед тараад хүмүүсээ таксинд суулгаж өгөөд караокены өрөөнд нэг орж ирсэн чинь Мөнхбат, Алтанхүү хоёр зууралдаад хүмүүс хажуугаас нь салгах гээд байж байсан ... тэгэхээр нь би салгах гээд Мөнхбатыг хойш нь татсан чинь зууралдаж байгаад Мөнхбат бид хоёр давхралдаад газар унасан чинь Мөнхбат аюулхай хэсэг рүү гараараа цохисон ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Алтангэрэлийн Алтанхүү /Х083070571/ нь “2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Викториа центр Б.Мын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь 2023 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 5 удаа нийт 75000 төгрөний зардал гарсан болох нь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/674 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Агээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 545 дугаартай дүгнэлтэнд  “Б.Мын биед баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй”  гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Шүүгдэгч А.Агийн “Тухайн өдөр байгууллагын шинэ жил Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Викториа центерт болсон бөгөөд орой 00 цагийн үед тараад зарим хүмүүс нь яваад зарим нь караоке явсан байсан. Тэгээд би караоке руу орох гээд буутал караокены үүдэнд байх сандал дээр манай ажлын Бүжинлхам сууж байсан ба Мөнхбат тэврээд сууж байсан чинь Бүжээ “Аагийн ахаа та энийг холдуулаач ээ гадаа нөхөр ирчихсэн” гэхээр нь би Бүжээг гаргаж өгөх гээд гарнаас нь татсан чинь Мөнхбат Бүжээг зуураад тавихгүй байхаар нь би түлхсэн чинь намайг түлхээд миний толгой руу цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд шанаа болон толгой, нүүр хэсэг рүү нь цохисон чинь миний үснээс татаад бид хоёр хамт газар унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 48-49/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Боржигин овгийн Алтангэрэлийн Алтанхүү нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо “Викториа” центрийн 2 давхарт Б.Мын эрх, эрх чөлөөнд нь халдаж түүний биед баруун, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 216.000 төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан ба хохирогчоос “...өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн хүсэлтийг гаргасан;

мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 75.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ААг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г /хх 34/ хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ