| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 125/2024/0012/3 |
| Дугаар | 221/МА2025/0220 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0220
Н.Г-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.О
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Г
Хариуцагч Ховд аймгийн ИТХНБД
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ИТХААБЗХЭХ даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0001 дүгээр шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч
Хариуцагчийн өмгөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 125/2024/0012/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г нь Ховд аймгийн ИТХНБ-д холбогдуулж “Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ИТХААБЗХЭХ даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Г-г Ховд аймгийн иргэдийнТХовд аймгийн ИТХААБЗХЭХ даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн М захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуустал Ховд аймгийн М захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалингийн зөрүү, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ИТХ-д даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.О нар давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Н.Г 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Ховд аймгийн ИТХААБЗХЭХ даргыналбан тушаалын орон тооны сонгон шалгаруулалтад оролцжээ.
Тухайн Ховд аймгийн ИТХААНУБЗХ даргын нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд шалгалт зохион байгуулах үед буюу 2021 оны 2 дугаар сард тухайн орон тоонд шалгалт өгөхөд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-ээс доошгүй жил ажилласан байхыг шаардаж байсан бөгөөд нэхэмжлэгч Н.Г уг шаардлагыг хангаагүй. Шаардлагыг хангаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Н.Г-ийн шалгалтад оролцохдоо өгсөн материал дээрээс харагддаг буюу Ховд аймгийн ЗДТГ-ын “хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст” мэргэжилтнээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд ажилласан. Өөр төрийн албанд ажилласан зүйл байхгүй байна. Харин хувь компани, төрийн өмчит компанид ажилласан байна. Гэтэл ийм хүнийг Ховд аймгийн Төрийн албаны зөвлөл хууль зөрчиж ахлах түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оруулсан байна.
Сонгон шалгаруулалтад оруулаад тухайн орон тоонд нэрийг нь дэвшүүлсэн боловч Ховд аймгийн ИТХ-ын зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан үндэслэлээр нэг удаа татгалзсан байдаг. Уг татгалзсан үндэслэлд эсхүл “Ховд аймгийн ИТХААНУБЗХ даргынын орон тоонд томилохгүй байгаа эс үйлдэхүй байгаа үндэслэлээр Н.Г захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч нэхэмжлэл гаргаагүй. Харин дээрх шалгалтын үр дүнгээр мэргэжилтнээр томилогдсон байдаг. Н.Г-ийн төрийн албанд ажилласан байдлыг харвал одоо маргалдаж буй Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албаны бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд ажиллах эрхгүй болох нь дараах баримтаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж зааж өгсөн байна.
Н.Г нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуулийн мэргэжилтнээр, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн музейн захирлаар /түр орлон гүйцэтгэгчээр, төрийн үйлчилгээний албан тушаал/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажилласан байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны ангиллыг хуульчилж өгсөн бөгөөд дээр дурдсан төрийн алба хаасан хугацааг нь бодож үзвэл нэхэмжлэгч Н.Г төрийн албанд 3 жил 3 сар 14 хоног ажиллажээ.
Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 34 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзсэн. Уг тогтоолын дагуу болон ажилласан жилийг нь тооцож үзвэл хуульд заасан дэс түшмэлийн албан тушаалд 1 жил 12 сар 5 хоног ажилласан байна. Н.Г-ийн ажилласан жил нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан шаардлагыг хангахгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хоригложээ. Мөн төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж зааж өгчээ. Уг хуулийн дагуу Ховд аймгийн ИТХНБД маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг гаргажээ. Маргаан бүхийн акт гаргахаас өмнө Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчиж нэхэмжлэгч Н.Г-г ажилд томилсон байгаа талаар Ховд аймгийн ИТХНБДд зөвлөмж өгсөн байдаг.
Мөн нэхэмжлэгч Н.Г-г Ховд аймгийн иргэдийн Хурлын ажлын албаны бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилсон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 6-д заасан илт хууль бус акт байсан байна. Уг илт хууль бус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д тус тус зааснаар акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байсан байна.
Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0001 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хариуцагчаас “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд шалгалт зохион байгуулах үед буюу 2021 оны 2 дугаар сард тухайн орон тоонд шалгалт өгөхөд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-ээс доошгүй жил ажилласан байхыг шаардаж байсан бөгөөд нэхэмжлэгч Н.Г уг шаардлагыг хангаагүй” хэмээн маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/*** дугаар “Захиалга хүргүүлэх тухай” албан бичгээр[1] Аймгийн ИТХ-ын Ажлын албаны нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо гарсан тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна.
4. Төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлээр[2] “Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын ажлын байранд Ш-ын Б, Н-ын Г нар бүртгүүлсэн байгааг хүлээн авч баримт бичгийг хянаж Ажлын хэсгийн гишүүдийн хянах явцад Ш.Б, Н.Г нар нь албан тушаалд тавигдах тусгай шаардлагын Мэргэшил, туршлагад заагдсан шаардлагуудыг хангахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Д.А танилцуулж, Ш.Б, Н.Г нарын сонгон шалгаруулалтад оруулах эсэх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ.
5. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар тэмдэглэлд[3] “...Д.А: Ш.Б нь шалгалтад орохоор бүрдүүлж ирүүлсэн бичиг баримт дотор хуурамч бичиг баримт байгаа шүү. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын ажилтнаар 1996 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэх, 1997 онд тангараг өргөсөн гэх баримтууд нь тушаал шийдвэргүй бөгөөд тухайн байгууллагаас лавлахад нотлогдохгүй байсан... Н.Г нь гаалийн бүртгэгчээр 2003-2011 онд, аймгийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл мэргэжилтнээр, аймгийн Нисэх буудалд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аюулгүй байдлын шалгагчаар төрийн албанд 2 жил ажилласан байна. Энэ нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 50 хувьд хүрсэн... Ажлын хэсгээр тухайн хоёр иргэнийг бүртгэхгүй байх шийдвэр гаргасан боловч салбар зөвлөлийн дарга танилцуулахад ажилласан жилийн тогтоосон хугацааны 50 хувийг хангасан гэж үзэж болохоор байна гээд шалгалтад оруулсан... Х.Б: Хоёулаа шаардлага хангаагүй гэж хэлж байна” гээд Шийдвэрлэсэн нь: Аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд Н.Г-г нэр дэвшүүлж” салбар зөвлөлийн даргад үүрэг болгожээ.
6. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор[4] “Томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн албан тушаалын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн Н.Г-г аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж” шийдвэрлэжээ.
7. Ховд аймгийн ИТХ-ын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/** дүгээр “Татгалзаж, материалыг буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу “Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” болон Аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан “Дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил эсхүл төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх” үндсэн шаардлагыг хангахгүй байгааг харгалзан Н.Г-г тухайн албан тушаалын сул орон тоонд томилох боломжгүй хэмээн үзэж байна” хэмээн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байна.
8. Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ИТХНБД Б.С, Н.Г нар харилцан тохиролцож одоо ажиллаж байгаа Ш.Б-ийг 2022 онд тэтгэвэрт гарахад буюу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Н.Г-г тус албан тушаалд Төрийн албаны тусгай шалгалт өгсөн 2021 оны оноо болон төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу тушаал гарган томилох үүрэг хүлээхээр гэрээ[6] байгуулсан байна.
9. Ховд аймгийн ИТХНБД-ын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/** дүгээр “Н.Г-г Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий хуулийн мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар[7] Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй Н.Г-г 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ажлын албаны Нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтэст Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий хуулийн мэргэжилтнээр,
10.1 Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар “Н.Г-г албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар[8] Н.Г-г 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн М захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,
10.2 Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дүгээр “Н.Г-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар[9] Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн аймгийн М захирал Н-ын Г-г 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт нь ажлаас чөлөөлж,
10.3 Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дүгээр “Н.Г-г хэлтсийн даргаар томилох тухай” тушаалаар[10] Н.Гг аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс томилж,
10.4 Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, тушаалыг хүчингүй болгож, ажил хүлээлцүүлэх тухай” тушаалаар[11] “Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймаг ажиллах үеэр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болж, нэр дэвшигч Н.Г нь төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дүгээр “Н.Г-г хэлтсийн даргаар томилох тухай” тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй” болгож шийдвэрлэжээ.
11. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал,зэрэглэл, түүнд хамаарах, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай *** дугаар тогтоолоор Аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн даргын албан тушаалыг төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилал зэрэглэлд хамаарах талаар тусгагдсан тул төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлагдсан Аймгийн ИТХ-ын Ажлын албаны нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаарч байна.
12. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна”, 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал”, 10.1.3-т “төрийн тусгай албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна”, 18.1.3-т “ахлах түшмэл”, 18.4-т “Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, нийслэлийн Засаг даргын тамгын газар, хотын Захирагчийн ажлын албаны менежер, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна”, 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж тус тус заасан.
13. Хэрэгт авагдсан болон дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Гг Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 23.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байхад томилон ажиллуулсан болох нь тогтоогдож байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан.
15. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ИТХНБД Б.С, Н.Г нар нь харилцан тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Н.Г-г тус албан тушаалд Төрийн албаны тусгай шалгалт өгсөн 2021 оны оноо болон төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу тушаал гарган томилох үүрэг хүлээж талууд гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, уг харилцаа хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдахгүй ба тухайн эрх зүйн харилцаа үүсэж байгаа үндэс нь төрийн албаны харилцаа байна.
16. Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дүгээр “Н.Г-г хэлтсийн даргаар томилох тухай” тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй” болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцжээ.
17. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасан 50 хувийг Н.Г-ийн ажилласан жил хангахгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2025/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн “Ховд аймгийн ИТХНБД-ын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 79 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 149-150 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 132-148 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 191 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 64 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 192 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 58 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 82 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 83 хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 179 хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 181 хуудас