Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцоож

Хохирогч Д.Баттуяа

Шүүгдэгч С.Одхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Нарийн бичгийн дарга Ө.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Одхүүд холбогдох 201614000492 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн 01б-05 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Монголмууд овогт Сүхээгийн Одхүү /РД:ОЮ85092215/

Шүүгдэгч С.Одхүү нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Д.Баттуяаг зодож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч С.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Д.Баттуяаг хоёр алгадаж, нэг удаа цохисон. Баттуяад учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг, -Хохирогч Д.Баттуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хүнтэй нийлж явж байсан нь үнэн. Одхүү намайг хэрцгийгээр зодсон. Тухайн үед би согтолттой байсан нь үнэн. Гэрээсээ гараад явж байхдаа энэ хүнд зодуулаад, тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна. 2 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо ч эмчлүүлж байгаа. Би их мартамхай болсон гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 31-ний өглөө жижүүртэй байх үед 10 цаг 20 минутанд Даваа овогтой Баттуяа гэх эмэгтэй бусдад зодуулсан шинжтэй ирсэн. Уг эмэгтэйг нэг найз нь гэх залуу авч ирсэн. Тухайн эмэгтэйн биеийн байдал хүнд нүүр, толгой нь нэлэнхүйдээ цус болсон, даралт унасан, хөл гар нь маш хүйтэн, хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

-Гэрч Ч.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нэг удаа шөнө 00 цагийн үед Баттуяагийн гэрт их дуу чимээ гараад байхаар нь гэрт яваад ороход Одхүү Баттуяаг зодсон байдалтай давс асгачихсан, Баттуяа хацраа бариад зогсож байсан. Би тэр хоёрт баахан үглэж байгаад гарч ирсэн. Гэтэл дахин нэг удаа намайг байхгүй байхад манай гэрт Баттуяа авраарай, туслаарай гээд гүйгээд ороод ирсэн байсан. ...Ер нь Одхүү Баттуяаг их зоддог шинжтэй байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

-Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баттуяагаас хэргийн талаар асуухад “Одхүү намайг гудамжинд зодсон, би нэлээд архи уусан байсан болохоор маш их согтолттой байсан. Одхүү намайг цохиод байсныг санаж байна, нэг мэдэхэд би эмнэлэгт ухаан орсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,

-Гэрч Г.Базарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баттуяагийн гэрт орох үед тэрээр дотуураа цагаан цамцтай, гадуураа бор шар өнгийн куртиктэй орон дээрээ хэвтэж байсан. Бид нарыг Баттуяагийн гэрт орсоны дараа Одхүү куртикыг нь тайлсан. Баттуяагийн толгойноос цус гараад, гүүр нь хавдсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

-Гэрч Л.Сүхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одхүү хэрэг гарах үеэр “аав би самранд явлаа” гэж хэлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Одхүү гэртээ байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 746 дугаар дүгнэлтэнд: 1.Д.Баттуяагийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 3 дугаар зэргийн няцрал, тархины эдэд зүүн тал бөмбөлөгт цусан хураа, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, хуйханд язарсан шарх, хамрын ясны хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, хүзүү нуруунд зулгаралт, цээж, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зүүн гарын алганд шарх зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 3. 4. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 3-р зэргийн няцрал, тархины эдэд зүүн тал бөмбөлөгт цусан хураа, зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал, нүүрний олон тооны зулгаралт, баруун чихний дэлбээний зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүү, нурууны зулгаралт, цээж зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын алган дахь шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 6. Зүүн гарын алган дахь шарх нь хуучин гэмтэл бөгөөд бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 40 ху/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/

-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 21-22 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 ху/

-С.Одхүүг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 49-53 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэр хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Одхүү нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Д.Баттуяаг зодож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Одхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Д.Баттуяаг хоёр алгадаж, нэг удаа цохисон. Баттуяад учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна” гэсэн, хохирогч Д.Баттуяагийн “...Одхүү намайг хэрцгийгээр зодсон. Тухайн үед би согтолттой байсан нь үнэн. Гэрээсээ гараад явж байхдаа энэ хүнд зодуулаад, тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Уянга /хх 28 ху/, гэрч Ч.Бурмаа /хх 29 ху/, гэрч Д.Даваасүрэн /хх 30 ху/, гэрч Г.Базар /хх 31 ху/, гэрч Л.Сүхээ /хх 36 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 3 дугаар зэргийн няцрал, тархины эдэд зүүн тал бөмбөлөгт цусан хураа, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, хуйханд язарсан шарх, хамрын ясны хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, хүзүү нуруунд зулгаралт, цээж, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зүүн гарын алганд шарх зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 746 дугаар дүгнэлт /хх 40 ху/, ял шалгах хуудас, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Одхүүд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын биед нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг, мөн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 Шүүгдэгч С.Одхүү урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд тэрээр тэнсэж хянан харгалзсан дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Д.Баттуяа нь гэм хорын нэхэмжлэлд эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд нийт 390.950 төгрөгний нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх нотлох баримтыг үнэлээд шинжилгээний зардал 70.000 төгрөг, R зураг 20.000 төгрөг, шинжилгээний төлбөр 18.500 төгрөг, ЭМД-д төлсөн 47.000 төгрөг, боолтны зардал 48.750 төгрөг, толгойн СТ 125.000 төгрөг, эм тарианы зардал 20.200 төгрөг, нийт 349.450 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Харин эм тарианы зардал 10.000 төгрөг, 28.000 төгрөг, боолтны зардал 3.500 төгрөгний нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бусад нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул, нийт 1.650.550 төгрөгний нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч С.Одхүү энэ хэрэгт 66 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн бор шар өнгийн куртик, цагаан өнгийн даавуун эмэгтэй хүний цамц, цагаан өнгийн дэр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монголмууд овогт Сүхээгийн Одхүүг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч С.Одхүүд 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Одхүүд оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Одхүүгийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн бор шар өнгийн куртик, цагаан өнгийн даавуун эмэгтэй хүний цамц, цагаан өнгийн дэр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.Одхүүгээс 349.450 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 6-2 тоотод оршин суух Д.Баттуяад олгож, 1.650.550 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

С.ЦЭРЭНХАНД