Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0059/Э |
Дугаар | 2023/ШЦТ/26 |
Огноо | 2023-01-10 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
2023 01 10 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Энхбат,
Иргэдийн төлөөлөгч Т.Нямсүрэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэр, түүний өмгөөлөгч Э.Намжилсүрэн,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Э холбогдох эрүүгийн дугаартай, 3 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Э, 1968 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл ганцаараа оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэгт хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Эийн цээжин тус газар нь хутгалж алсан,
мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Эийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134000000052 дугаартай хэрэгт авагдсан
Гэрч Д.Үүрцайхын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед найз Б.Э рүү залгаад танайх руу бөөндөө яваад очих уу гэхэд зөвшөөрсөн. Тэгэхээр нь манай нөхөр Бат-Эрдэнэ болон манай хоёр найз болох Лхагвасүрэн, Шинэхүү бид хэд манай гэрийн ойролцоох дэлгүүрээс ойр зуурын идэж уух зүйлс болон 0,75 литрийн Хараа архи 1 шил, 0,5 литрийн Хараа архи 1 шилийг аваад 20 цагийн үед талийгаачийнд очсон. Тэгээд бид хоол унд хийж идээд авч ирсэн архиа уусан. Тэгээд бид шөнийн 04 цаг хүртэл хөзөр тоглосон. Тэгээд Э хожигдсондоо жоохон уурлаад гэрийн зуухны хажууд байсан том модыг харснаа талийгаач Э рүү чи энэ модыг авч гараад түлшний хайрцагт багтахаар болго гэхэд талийгаач наадах чинь асуудал биш гээд гэрийн тотгонд байсан хөрөөг авч нөгөө модыг гэрээс авч гаралгүй хөрөөдсөн. Тэгтэл Э чи намайг хөрөөдөх нь үү алив наад хөрөөгөө өг гээд талийгаачтай хөрөөгөө булаацалдаж Э куртик хөрөөнд урагдаж цагаан өднүүд гэрээр нэг цацагдсан. Шинэхүү бид 2 өд түүж байтал Шинэхүү, Лхагвасүрэн 2 орилохоор нь гайхаад эргээд хартал талийгаач Эийн цээжний зүүн тал буюу зүрхэн талаас нь их хэмжээний цус урсаж гарчихсан байсан. Тэгээд би айж сандарсандаа шууд цагдаа, түргэн дуудъя гэхэд нөхөр Бат-Эрдэнийн утсыг аваад цагдаа руу залгах гэж байтал Э миний гарт байсан утсыг булааж аваад нэлээн сандарч тэвдсэн байдалтай "За гайгүй байхаа хэдүүлээ энүүгээрээ аргалчихъя, цагдаа, түргэн дуудаж яах гэсэн юм" гэж хэлээд миний утсыг хаашаа хийсэн нь бүү мэд алга болчихсон. Тэр үед талийгаач Э "Миний найзууд битгий сандралдаад бай энэ гайгүй болчих байх." гээд байхаар нь бид хэд талийгаачийг бушуухан орон дээр хэвтүүлэн шархыг нь боож цусыг нь тогтоох арга хэмжээ аваад бид хэд унтацгаагаад өглөө 06 цагийн үед Э өөрийнхөө гар утсаар талийгаачийг ах дүү нар луу нь утсаар залгаж дуудсан. Тэгээд бид хэд гадаа гэрийнх нь ажлыг зохицуулъя гээд Эийг талийгаачтай хамт үлдээчихээд хэдэн малнуудыг нь хариулах гээд явсан.” гэх мэдүүлэг /1 хх 16-17/,
"Тухайн хэрэг болох үед би гэрт байсан. Түлээний саванд мод багтахгүй байсан. Э чи надтай хэрэлдэж байхаар энэ модыг хагалаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд талийгаач унинд хавчуулсан гар хөрөөг аваад хөрөөдөөд ингээд болоо ш дээ чи юундаа уурлаад байгаа юм миний крашууд ирсэнд уурлаад байгаа юм уу аяга тавгаа ширүүн угаалаа гэсэн. Тэгээд модоо хөрөөдсөн ба талийгаач хөрөөгөөрөө Э рүү далайж сүрдүүлсэн. Тэр үед Э гарч бие засахдөө өмсдөг улаан өнгийн куртик өмссөн байсан. Э тухайн үед түүний барьж байсан хөрөөг цохисон боловч хөрөөний үзүүр хэсэг шувтрахдаа куртикийг яраад цоолсон. Куртикнээс өд цувж тэр хавиар бөөн өд болсон. Бид нар яах гэж ингэдэг юм гээд би тогоотой хоолноос өдийг нь түүж байх үед манай найз хүүхэн Шинэхүү хүүе чи хүн алчихлаа ш дээ гээд Эт хандаж хэлсэн. Талийгаачийн цээж хэсгээс цус гарч байсан. Тухайн үед миний гар утас цэнэггүй байсан. Би нөхрийнхөө 89855209 дугаарын утсыг аваад 7023 гээд хийж байтал Э миний гар утсыг булаагаад гараад явсан. Утсаа нэхсэн боловч гаргаж өгөөгүй, гадаа нуучаад орж ирсэн. Намайг за байж бай гээд байсан. Тухайн үед талийгаач нэг их уугаагүй. Элэгний эм ууж байгаа гээд амсах төдий л байсан Э бид нар жаахан уусан. Тоглонгоо уусан болохоор бүгд согтсон зүйл байхгүй. Бид нарыг очих үед маргаантай байсан. Очих үед л Э нүд бага зэрэг хөхрөлттэй байсан. Би эмэгтэй хүн болохоор юу болсон талаар асуухад цагаан сар боллоо гээд Эийн тэтгэврийн зээлийг авсан, эдний ах дүү нар жаахан юм бэлдэж өгөөд мөнгийг нь авсан, түүнээс болоод жаахан маргасан гэж ярьж байсан. Мөн талийгаачийн ар гэрийнхэн зээл аваад мөнгийг нь авчихдаг гэж гомдол мэдүүлээд яваад байдаг байсан. Цагдаагийн байгууллага ирэхэд Э бид нарыг "ах дүү нар нь ирж байгаа, та хэд нуугдаад байж бай" гэж хэлсний дагуу айж балмагдсандаа Э үгэнд орж нуугдсан нь бид нарын буруу болж байна. Талийгаачийг аваад явсаны дараа гэрт нь орж жаахан байж байаад хүү Доржсүрэнг дуудаад 10-11 цагийн үед явсан. Бид нар цагдаа ирэх үед байгаагүй." гэх мэдүүлэг /2 хх 2-3, 185/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед найз Б.Э рүү залгаад танайх руу бөөндөө яваад очих уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид дэлгүүрээс архи аваад 20 цагийн үед талийгаачийнд очсон. Бид шөнийн 04 цаг хүртэл хөзөр тоглосон. Тэгээд тэр 2 хөрөөгөө өг гээд талийгаачтай хөрөөгөө булаацалдаж байхаар нь тэр хоёроос хөрөөг нь аваад буцаагаад гэрийн тотгонд тавьчхаад эргээд хартал Э баруун гарт нь гадна тал нь жаахан зэвэрчихсэн хутга барьчихсан харин Эийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байхаар нь би сандраад Э рүү хүүш чи хүн алчихлаа гэж хэлээд Эрдэнэчмимэгийн баруун гараас нь хутгийг нь салгаж шидүүлсэн. Тэгээд манай эхнэр сандраад миний утсаар цагдаа дуудах гэж байсан чинь Э манай эхнэрийн гараас миний утсыг булааж аваад та бүгд тайван бай энэ гайгүй байх цагдаа дуудаад яах гэсэн юм гээд байсан. Үүний дараагаар талийгаач Э бас миний найзууд бүгдээрээ тайван байж бай би гайгүй байхаа, энүүгээрээ ингээд аргалчихья гэж хэлэхээр нь бид хэд Эийг орон дээр хэвтүүлээд шархыг нь боож цусыг нь тогтоосон. Тэгээд өглөө нь миний гар утсыг Лхагвасүрэн надад гаргаж өгсөн. Э үүрээр 6 цагийн үед талийгаачийн ах дүү нар луу өөрийнхөө гар утсаар залгаад дуудаад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1 хх 19-20, 2 хх 5, 187/,
Гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед найз Б.Э рүү залгаад танайх руу бүгдээрээ яваад очих уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид дэлгүүрээс архи аваад 20 цагийн үед талийгаачийнд очсон. Бид шөнийн 04 цаг хүртэл хөзөр тоглосон, тэгээд манай баг ялсан. Тэгээд өглөө болох гэж байсан хэдүүлээ хоол хийж цай чанаж ууна гээд Э гэрт байсан 2 том модыг хуваагаадах гэхэд талийгаач энэ асуудал биш гээд гэрийн тотгонд байсан хөрөөг аваад хөрөөдөх гэхэд Э чинь энэ хөрөөгөөр намайг хөрөөдөх нь үү гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл гэнэт Бат-Эрдэнэ орилохоор нь хартал Э гартаа хутга барьчихсан харин урд нь байсан Эийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байсан.” гэх мэдүүлэг /1 хх 22-23/,
"...Бид нарыг очиход Э зүүн нүдэн тус газар нь бага зэргийн хөхрөлттэй, хавангүй, арилж байгаа юм шиг харагдсан. Түүнээс биднийг байхад цохисон асуудал байхгүй. Мөн талийгаачийн Э нуруун тус газар хөрөөдсөн зүйл байхгүй, мод хөрөөдөх гэж байгаад хөрөөний ирэнд Э өдөн куртик нь тээглээд татах үед нь урагдаад өд нь унасан. Талийгаач тухайн үед Эт хутгалуулсаныхаа дараа намайг шаачихлаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг /2 хх 191/,
Гэрч Г.Шинэхүүгийн өгсөн: "...Э цай чанах гээд талийгаачийг мод хөрөөдчих гэж хэлсэн. Тэгсэн талийгаач мод хөрөөдөх гээд гэрийн үүдний унинд байсан хөрөөг аваад гэрийн үүдэнд байх түлээний саван дээр мод хөрөөдөж байх шиг байсан. Би тэр үед гэрийн баруун талын орон дээр толгой өвдөөд хэвтэж байсан. Удалгүй нэг харсан чинь Э өмсөж байсан куртик урагдчихсан гэрээр нэг өд болсон байсан. Дараа нь гадаа гараад бие засчхаад ороод ирсэн чинь талийгаач Э, Э нар хэрэлдэж байсан. Э талийгаач Э рүү чи намайг зодсон биз дээ найз нарынхаа дэргэд намайг дарамтлах гээд байна уу гэж хэлээд гартаа хутга барьсан байсан. Тэгтэл бид нар боль гэж хэлээд газраар байсан өдийг түүгээд байж байтал Э талийгаачийн цээж хэсэгт нь нэг удаа хутгаараа далайгаад дүрэх шиг болсон. Тэгтэл талийгаачийн цээжнээс нь цус урсаад байсан дараа нь Бат-Эрдэнэ хутгыг нь тавиулах гээд очхоор нь би Бат-Эрдэнийг хутганы ишинд битгий хүрээрэй гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ Э гарт байсан хутгыг гар луу нь цохиж тавиулаад Э талийгаач Эийг орон дээр хэвтүүлээд шархан дээр нь янз бүрийн эм хийгээд лент наасан. Үүрцайх дуудлага өгөх гэтэл Э утсыг нь булааж аваад цагдаа дуудах хэрэггүй би өөрөө аргална гэж хэлээд утсыг нуусан. Өглөө 7 цаг өнгөрч байхад талийгаач Э бид нарыг одоо манай дүү нар ирнэ найз нь та дөрөвийг чирэхгүй ээ жоохон холхон байж байгаарай гэж хэлэхээр нь бид дөрөв гэрээс гараад нуугдсан. Тэгээд нилээд удаж байгаад нэг саарал өнгийн жижиг тэрэг талийгаачийн гадаа ирээд байж байгаад яваад өгсөн. Тэгээд бид дөрөв талийгаачийн гэрт буцаад ороод иртэл Э гэртээ ганцаараа гар орноо цэвэрлэчихсэн сууж байсан. Э би нөхрөө алчих шиг боллоо гээд бид нарыг тэвэрч аваад уйлаад байсан." гэх мэдүүлэг /1 хх 215-216, 245, 2 хх 189/,
Яллагдагч Б.Эийн өгсөн: “Манай нөхөр намайг түлхэж унагаагаад гэрт хавчуулсан байсан хөрөөг авч хувцастай байхад куртикны гадуур нуруу хэсэгт 2-3 удаа хөрөөдөж доторх өдийг нь гаргасан. Тэгэхээр нь намайг хөрөөдөж алах нь гэж байна гэж бодоод айгаад ширээн дээр байсан хар иштэй хутгыг авч нөхрийнхөө цээж хэсэгт хутгалсан. Тэгтэл найзууд нь салгаж аваад хойд орон дээр хэвтүүлсэн. Би маш их харамсаж байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар бэхжүүлсэн, хураан авсан, цуглуулсан баримтыг миний хувьд устгаагүй.” гэх мэдүүлэг /хх 142-146-р, 3-р хх-ийн 231-р хуудас/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэрийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08:50 цагийн үед бэр эгч Э залгахаар нь дуудлагыг нь таслаад манай нөхөр буцаагаад залгах үед өөдөөс нь ахын чинь бие муудаад байна, эмч дуудаад ир гэж хэлсэн. ...гэрийн хаалгаар яваад ортол бэр эгч хурдал, хурдал, болохоо болилоо, хутгалчихсан гэхээр нь юу яриад байна, хэзээ юм, архи дарс уусан юм уу гэхэд архи уугаагүй, бид хоёр өчигдөр маргалдаад намайг зодох гээд байснаа өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Ах бид нарыг гэрт орох үед хойморт байрлах орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан. Ах тухайн үед амьсгал авч чадахгүй, хамаг бие нь хөрчихсөн, биед нь ил харагдах шарх сорви байхгүй, зүүн талын хөхний дээр нь 2 ширхэг шархны лент наачихсан байсан. Эмч манай ахыг үзээд нэг юм нь их бүдэгхэн, мэдэгдэхгүй байна, наад шархны лентээ ав гэхээр нь сөхөж үзтэл язарч, мах нь түрж гарч ирсэн байхаар нь буцаагаад шууд наалтыг нь наасан. Эмч хурдан аваад явъя гэж хэлэхээр нь хөнжилд нь ороогоод машины урд талын суудлыг хойш нь хэвтүүлж байгаад дээр нь тавиад аваад явсан. Ингээд шугуй руу ороод явж байтал ахын хөл гар нь тийчилж сарваганаад, шархнаас нь их хэмжээний цус олгойдож гарахаар нь эмч нэг гарыг нь би хоёр хөлийг нь нэг гартай нь дараад эмч бинт гаргаж ирээд шарх дээр нь дараад явж байтал ах хөдлөхөө болиод байж байтал эмч зүрх нь зогсчихлоо цагаа хар гэж хэлсэн. Замд явж байтал түргэний тэрэг зам дээр зогсож байсан учраас эмч хөл гар нь хөшихөөс нь өмнө авч явдаг журмаар нь авч явъя гэхээр нь түргэний тэргэний хажууд зогсоод ахыг түргэний тэрэгний дамнуурга дээр хэвтүүлж манай нөхөр машинд нь оруулж өгсөн. Тэгээд эмнэлэг дээр хүргэж өгчхөөд Цагдаагийн газар ирсэн. Гэрт нь орох үед манай ах хойморийн орон дээрээ ухаангүй хэвтэж байсан. Эгч бид нарыг орох үед хурдал, хурдал хутгалчихсан гэхээр нь явж очоод үзтэл зүүн хөхөнд нь шарх үүссэн, шархыг нь нуруунд наадаг линтээр даруулсан байсан. Тэгээд хэзээ ингэсэн юм гэсэн чинь өчигдөр өчигдөр гэхээр нь та юу яриад байгаа юм, өчигдөр болсон юм бол хэлэхгүй яасан юм гэхэд утас цэнэггүй байсан юм, ах чинь битгий ярь гээд яриагүй юм гэж хэлсэн. Гэрт бэр эгч, ах хоёроос өөр хүн байгаагүй. Эхнэртэйгээ хамт амьдраад 10 гаран жил болж байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй, тухайн газар амьдраад 2-3 жил болж байгаа. Тэрнээс өмнө Баян гэх газар амьдарч байсан. Гэрийн бүх эд зүйл эмх цэгцтэй байсан. Тэр тухай асуух ямар ч сэхэл болоогүй. Амь хохирогч нь манай том ах байгаа юм. Бид эцэг эхээс 10-лаа, манай ах доороо 9 дүүтэй хүн байгаа юм. Ах бид хоёрын хувьд Налайх дүүргийн 5 дугаар хороонд бүртгэлтэй, ах Э эгчтэй суугаад 15-16 жил болж байгаа. Дундаасаа ямар нэгэн хүүхэд байхгүй, бид нарт их халамжтай, эхнэртэйгээ хаа нэг хэрэлдэж маргалдаад хөөгдөж туугдаад ирдэг байсан. Тухайн үед нь ахдаа Э эгчээс салчих, тусад нь гэр бариад өгье гэж хэлдэг байсан боловч яах юм бэ, ааштай ч гэсэн хүний өөдөөс юм хэлж чаддаггүй хүн байгаа юм гэж хэлж байсан. Байнга бид нараас юм авч гэр лүүгээ зөөнө, эхнэртээ халамжтай хүн байгаа юм. Ааш зангийн хувьд төлөв дараа боловч сүүлийн үед ааш зан нь эвдрээд байсан. Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокт ирэхээрээ архи уучихдаг, хөдөө гарахаараа огт уудаггүй хүн байгаа. Бэр эгчийн хувьд ааш зангийн хувьд дуу муутай, жоохон ааштай санагддаг. Хоорондоо маргалдахаараа шөнө орой хэзээ ч хамаагүй хөөгөөд явуулчихдаг байсан. Ер нь цагаан сар дөхөхөөр л хэрүүл маргаан болчихсон байдаг. Хоёр гурван цагаан сараар гэрээсээ хөөгдөж ирж байсан. Ер нь бол хэд хэдэн удаа хэрэлдэж маргалдаад гэрээсээ хөөгдөж ирж байсан. Нэг удаа хоёулаа нийлж архи ууж маргалдаад эхнэр нь пийшин рүү түлхэж нуруу нь түлэгдсэн байсан. Асуух үед бид хоёр маргалдаад гал дээр уначихсан гэж байсан. Би гэртээ сар гаран эмчилж байгаад явуулсан. Энэ асуудал нь 2-3 жилийн өмнө болж байсан. Бид нарын мэдэж байгаагаар жилд 1-2 удаа маргалдаж хэрэлддэг. Бэр эгчдээ их гомдож байна, өөрөө хутгалсан ч бай, хутгалаагүй ч бай бид нарт хэлэхгүй нуусан байна. Манай бэр эгч ахтай маргалдсан үедээ шууд бид нар луу залгаж ах чинь агсам согтуу тавиад байна, архи уугаад байна гэж хэлдэг мөртлөө, ийм хэцүү зүйл тохиолдчихсон байхад огт хэлээгүй, нуун дарагдуулсан, орон гэр нь цэвэрхэн, ямар ч цус болсон, зодолдсон шинж тэмдэг огт байгаагүй. Би бэр эгчийгээ сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /хх 27-28, 212-213/,
Хохирогч Б.Энхдэлгэрийн өгсөн: "2021 оны 02 дугаар сарын 06-ын өглөө 9:30 цагийн үед манай хадам эгч Б.Эийн утсаар миний төрсөн ах Б.Э над руу залгаад ахыгаа ирээд аваарай ах нь тэсэхгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Эрдэнэдэлгэрийн хамт Налайх дүүргийн эмнэлэг дээр очтол ах нас барсан байсан. Би Э рүү залгаад байсан боловч гар утсаа нэг ч удаа аваагүй. Маш их гомдолтой байна." гэх мэдүүлэг /1 хх 14/,
Гэрч Г.Батбаатарын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08:47 цагт манай эхнэр Отгондэлгэрийн ах Эийн эхнэр болох Э залгаад “Ахын чинь бие муудаад байна Налайхаасаа нэг түргэний эмч олоод яаралтай хүрээд ир” гэхээр нь эхнэр бид хоёр Э ахыг угаасаа элэг, бөөр муутай болохоор тэрнээсээ болоод бие нь гэнэт муудчих шиг боллоо гэж бодоод манай эхнэр Отгондэлгэр Налайхын 103 руу залгаж ...тэгээд Э ахынд ороход эхнэр нь “танай ах чинь өчигдөр орой надтай хэрэлдэж байгаад өөрийгөө хутгалчихлаа, та нар яасан удаж ирдэг юм энэ хүн чинь хэцүүдээд байна” гэхэд манай эхнэр “та өөрөө ямар сонин юм өчигдөр орой тэр даруй хэлэхгүй яасан юм” гээд уурлаад өөдөөс нь орилоход Э эгч “миний утасны цэнэг дуусчихсан, өглөө утсаа цэнэглэж байж хэллээ” гээд чимээгүй болчихсон. Харин Э ах хоймрынхоо орон дээр дээшээ хараад хэвтчихсэн ам нь ангалзаад юм ярих гээд байгаа бололтой ярьж чадахгүй байдалтай байхаар нь эмч манай эхнэрээр Э ахын дээгүүр нь нөмөрчихсөн байсан хөнжлийг нь сөхүүлэхэд Э ахын цээжний зүрхэн талд хятад бартай лэнт 2, 3-г давхарлаад наачихсан эргэн торойнд нь цус болоогүй цэвэрлэчихсэн байдалтай байсан. Тэгээд манай эхнэр бид хоёр эмчтэй нь цуг Э ахыг өргөөд машиндаа суулгаад Тэрэлжийн шугуй руу дөнгөж орох гээд явж байтал эмч намайг цагаа хардаа гэхээр нь 11:00 цаг болж байна гэхэд эмч “танай ах чинь 11:00 цагт нас барлаа” гэж хэлсэн. Тэгээд түргэнийх нь машин цаснаас гарчихсан бид нарыг наана нь хүлээж байхаар нь Э ахыг түргэний машинд шилжүүлж суулгаад Налайхад ирсэн. Миний машины урд суудал хөнжлөөр биеийг нь ороогоод авч явж байсан. Тэгэхэд Э ах шоконд орсон байдалтай юм ярьж чадахгүй хөл, гараа тийчэгнэж байж байгаад гэнэт хөдлөхөө болиод нас барсан. Гэрт нь ороход Э, Э хоёр л байсан. Харин гэрийн гадаа хөрш айлын улсууд бололтой 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс гэрийнхээ гадаа ахуйн шинжтэй ажил хийгээд байж байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Э эгч манай эхнэр рүү залгаж ”эгч нь Налайхад Буян-Налайх дээр малын тэжээл авчихаад байж байна, чи машинаараа эгчийгээ гэрт хүргээд өгөөч” гэхээр нь эхнэр бид хоёр машинаараа Э эгчийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгэхэд Э ах эхнэр бид хоёрыг хоол идчихээд яв гэхээр нь бид хоёр тухайн үед ажилтай яарч байсан болохоор хоол унд хийлгүүлж идэлгүй шууд явцгаасан. Тэгэхэд Э ахын бие нь муудсан шинжгүй гэрийнхээ гадаа малынхаа тэжээлийг оруулаад байж байсан. Э ах Э эгчтэй одоогоос 16 жилийн өмнө танилцаж эхнэр нөхрийн хувиар хамт амьдрах болсон дундаасаа үр хүүхэдгүй. Ер нь хоорондоо их таарамжгүй харилцаатай юм л бол хэрүүл маргаан хийж Э эгч Э ахыг гэр орноосоо хөөгөөд гаргачихдаг асуудал зөндөө болж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед Э ах манайд согтуу орж ирээд “эгч чинь дахиад ахыг нь гэрээсээ хөөчихлөө” гээд манайд 2-3 хоночхоод буцаад явж байсан. Нэг жилийн өмнө бас Э эгч Э ахтай муудалдаж улмаар ахыг цагдаад барьж өгч байсан. Э эгчийн зан байдлын хувьд эхнэр бид хоёртой хэвийн л харилцаатай байдаг харин нөхөр нь болох Э ахтай таарамж муутай юм л хэрүүл маргаан хийсэн сурагтай байдаг. Архи уухын хувьд Э, Э нар нь хоёулаа уудаг. Заримдаа нийлээд уучихдаг эсхүл тус тусдаа ч уучихдаг. Э ахын хувьд 2020 оны 12 сарын сүүлээс хойш эрүүл мэндийн шалтгаанаас болоод архи уухгүй байгаа. Харин Э эгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрт хүргэж өгөхөд архи уусан зүйл байхгүй эрүүл байсан. Өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө гэрт очход Э ах, Э эгч хоёрыг архи уусан үгүйг нь анзаараагүй надад хоёулаа л эрүүл байсан шиг санагдаж байна. Э ах ер нь бие муутай сүүлийн жилүүдээс эхэлж бөөр, элэг хоёр хоёулаа өвдөх болсон. 2016 онд бие нь муудаж эмнэлгээр явж үзүүлэхэд элэгний В, С вирустэй гэдгээ мэдэж байсан. Өөрөөр ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 30-31/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 6-12/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт: “1.2.Талийгаач Б.Эийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэг зүрх, хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /3200 мл/, хамар баруун буглаг зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3.Цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.7.Талийгаач Д.Эийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 8.Талийгаач Д.Э нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх хурц цус алдалтын улмаас нас баржээ. 9.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүүлсэн ч амь аврагдах боломжгүй.” гэжээ /1 хх 63-64/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн мэдүүлэг /1 хх 187/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 65-73/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 139 дугаартай дүгнэлт: "1.Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Б.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3.Б.Э нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 4.Б.Э нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. 5.Б.Э нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 6.Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна." гэжээ. /1 хх 44-4/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1131 дугаартай Биологийн шинжилгээний шинжээчийн: "1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаачийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн өмдөн дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. Улаан шонхор гэсэн бичигтэй тамхины хайрцаг дээр цус, шүлсний ул мөр илрээгүй. 2.Уг илэрсэн цус нь АВ (IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ДНХ-г биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1130 дугаартай биологийн шинжээчийн: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2 гэж дугаарласан, 25 см урттай хутган дээр цус илэрсэн. Бусад хутганууд болон гар хөрөөн дээр цус илрээгүй. 2.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2 гэж дугаарласан, 25 см урттай хутган дээрх цус шинжилгээнд тэнцэнэ. 3.Уг илэрсэн цус нь АВ (IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ДНХ-г биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 104-106/,
Хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй хутга 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 108/, Б.Эийн өмчлөлийн 472 900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021.11.03-ны өдрийн 18 дугаартай тогтоол /2 хх 214-215/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт "Талийгаачийг элэгний эм ууж байгаа юм чинь архи уугаад яах вэ гэтэл найзуудаа ирж байхад уулгүй яадаг юм гээд маргасан. Тэгээд гал түлэх гэтэл түлээ байхгүй байсан тул гарч түлээ оруулж иртэл намайг баруун ор луу түлхсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Талийгаач хойд орон дээрээс босож ирээд намайг 2 удаа цохиж хөрөөгөөр хөрөөдсөн. Тэгээд би айсан. Миний сэтгэл санаа хямраад юу болсныг мэдэхгүй байна. Миний утас цэнэггүй байсан. Цус нь тогтсон юм чинь гайгүй байх гэж бодсон. Би тэр хутгыг хаанаас авч хаана нь хутгалсныг мэдэхгүй. 4 гэрчид гомдолтой байна. Тэр 4-ийн нэг нь хутгалаад намайг гүтгээд байгаа юмуу бүү мэд. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар бэхжүүлсэн, хураан авсан, цуглуулсан баримтыг устгаагүй." гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгчид сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь гэмт хэргийн шинжгүй эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэдэг нь нотлогдоогүй, нотлох баримтаар бэхжүүлж аваагүй зүйлийг нотлох баримтаар тооцохгүй тул дээрх зүйл ангийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирогчийн зүй бус үйл ажиллагаа байсан юмуу үгүй юу гэдгийг тогтоогоогүй хэт нэг талыг барьсан шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас уг үйл явдал болсон тул зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж тус тус маргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь найз нөхөдтэйгөө архидан согтуурч хамтран амьдрагч Б.Этэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Эийн цээжин тус газар нь нэг удаа хутгалсны улмаас Б.Э цээжний хөндийн нэвтэрсэн шарх хурц цус алдалтын улмаас нас барсан, улмаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Эийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан болох нь:
гэрч Д.Үүрцайхын өгсөн: “...Э хожигдсондоо жоохон уурлаад гэрийн зуухны хажууд байсан том модыг харснаа талийгаач Э рүү чи энэ модыг авч гараад түлшний хайрцагт багтахаар болго гэхэд талийгаач наадах чинь асуудал биш гээд гэрийн тотгонд байсан хөрөөг авч нөгөө модыг гэрээс авч гаралгүй хөрөөдсөн. Тэгтэл Э чи намайг хөрөөдөх нь үү алив наад хөрөөгөө өг гээд талийгаачтай хөрөөгөө булаацалдаж Э куртик хөрөөнд урагдаж цагаан өднүүд гэрээр нэг цацагдсан. Шинэхүү бид 2 өд түүж байтал Шинэхүү, Лхагвасүрэн 2 орилохоор нь гайхаад эргээд хартал талийгаач Эийн цээжний зүүн тал буюу зүрхэн талаас нь их хэмжээний цус урсаж гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /1 хх 16-17/,
"Тухайн хэрэг болох үед би гэрт байсан. Түлээний саванд мод багтахгүй байсан. Э чи надтай хэрэлдэж байхаар энэ модыг хагалаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд талийгаач унинд хавчуулсан гар хөрөөг аваад хөрөөдөөд ингээд болоо ш дээ чи юундаа уурлаад байгаа юм миний крашууд ирсэнд уурлаад байгаа юм уу аяга тавгаа ширүүн угаалаа гэсэн. Тэгээд модоо хөрөөдсөн ба талийгаач хөрөөгөөрөө Э рүү далайж сүрдүүлсэн. Тэр үед Э гарч бие засахдөө өмсдөг улаан өнгийн куртик өмссөн байсан. Э тухайн үед түүний барьж байсан хөрөөг цохисон боловч хөрөөний үзүүр хэсэг шувтрахдаа куртикийг яраад цоолсон. Куртикнээс өд цувж тэр хавиар бөөн өд болсон. Бид нар яах гэж ингэдэг юм гээд би тогоотой хоолноос өдийг нь түүж байх үед манай найз хүүхэн Шинэхүү хүүе чи хүн алчихлаа ш дээ гээд Эт хандаж хэлсэн. Талийгаачийн цээж хэсгээс цус гарч байсан ...Тоглонгоо уусан болохоор бүгд согтсон зүйл байхгүй. Бид нарыг очих үед маргаантай байсан. Очих үед л Э нүд бага зэрэг хөхрөлттэй байсан. Би эмэгтэй хүн болохоор юу болсон талаар асуухад цагаан сар боллоо гээд Эийн тэтгэврийн зээлийг авсан, эдний ах дүү нар жаахан юм бэлдэж өгөөд мөнгийг нь авсан, түүнээс болоод жаахан маргасан гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /2 хх 2-3, 185/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгээд тэр 2 хөрөөгөө өг гээд талийгаачтай хөрөөгөө булаацалдаж байхаар нь тэр хоёроос хөрөөг нь аваад буцаагаад гэрийн тотгонд тавьчхаад эргээд хартал Э баруун гарт нь гадна тал нь жаахан зэвэрчихсэн хутга барьчихсан харин Эийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байхаар нь би сандраад Э рүү хүүш чи хүн алчихлаа гэж хэлээд Э баруун гараас нь хутгийг нь салгаж шидүүлсэн. Тэгээд манай эхнэр сандраад миний утсаар цагдаа дуудах гэж байсан чинь Э манай эхнэрийн гараас миний утсыг булааж аваад та бүгд тайван бай энэ гайгүй байх цагдаа дуудаад яах гэсэн юм гээд байсан.” гэх мэдүүлэг /1 хх 19-20, 2 хх 5, 187/,
Гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед найз Б.Э рүү залгаад танайх руу бүгдээрээ яваад очих уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид дэлгүүрээс архи аваад 20 цагийн үед талийгаачийнд очсон. Бид шөнийн 04 цаг хүртэл хөзөр тоглосон, тэгээд манай баг ялсан. Тэгээд өглөө болох гэж байсан хэдүүлээ хоол хийж цай чанаж ууна гээд Э гэрт байсан 2 том модыг хуваагаадах гэхэд талийгаач энэ асуудал биш гээд гэрийн тотгонд байсан хөрөөг аваад хөрөөдөх гэхэд Э чинь энэ хөрөөгөөр намайг хөрөөдөх нь үү гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл гэнэт Бат-Эрдэнэ орилохоор нь хартал Э гартаа хутга барьчихсан харин урд нь байсан Эийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байсан.” гэх мэдүүлэг /1 хх 22-23/,
"...Бид нарыг очход Э зүүн нүдэн тус газар нь бага зэргийн хөхрөлттэй, хавангүй, арилж байгаа юм шиг харагдсан. Түүнээс биднийг байхад цохисон асуудал байхгүй. Мөн талийгаачийн Э нуруун тус газар хөрөөдсөн зүйл байхгүй, мод хөрөөдөх гэж байгаад хөрөөний ирэнд Э өдөн куртик нь тээглээд татах үед нь урагдаад өд нь унасан. Талийгаач тухайн үед Эт хутгалуулсаныхаа дараа намайг шаачихлаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг /2 хх 191/,
Гэрч Г.Шинэхүүгийн өгсөн: "...Э талийгаач Э рүү чи намайг зодсон биз дээ найз нарынхаа дэргэд намайг дарамтлах гээд байна уу гэж хэлээд гартаа хутга барьсан байсан. Тэгтэл бид нар боль гэж хэлээд газраар байсан өдийг түүгээд байж байтал Э талийгаачийн цээж хэсэгт нь нэг удаа хутгаараа далайгаад дүрэх шиг болсон. Тэгтэл талийгаачийн цээжнээс нь цус урсаад байсан дараа нь Бат-Эрдэнэ хутгыг нь тавиулах гээд очхоор нь би Бат-Эрдэнийг хутганы ишинд битгий хүрээрэй гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ Э гарт байсан хутгыг гар луу нь цохиж тавиулаад Э талийгаач Эийг орон дээр хэвтүүлээд шархан дээр нь янз бүрийн эм хийгээд лент наасан. Үүрцайх дуудлага өгөх гэтэл Э утсыг нь булааж аваад цагдаа дуудах хэрэггүй би өөрөө аргална гэж хэлээд утсыг нуусан. ...Тэгээд бид дөрөв талийгаачийн гэрт буцаад ороод иртэл Э гэртээ ганцаараа гэр орноо цэвэрлэчихсэн сууж байсан. Э би нөхрөө алчих шиг боллоо гээд бид нарыг тэвэрч аваад уйлаад байсан." гэх мэдүүлэг /1 хх 215-216, 245, 2 хх 189/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт: “1.2.Талийгаач Б.Эийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэг зүрх, хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /3200 мл/, хамар баруун буглаг зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3.Цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.7.Талийгаач Д.Эийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 8.Талийгаач Д.Э нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх хурц цус алдалтын улмаас нас баржээ. 9.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүүлсэн ч амь аврагдах боломжгүй.” гэжээ /1 хх 63-64/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн мэдүүлэг /1 хх 187/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Э нь амь хохирогч Б.Эийн цээжин тус газар нь хутгаар хутгалсны улмаас амь хохирогчийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэг зүрх, хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /3200 мл/ цус алдсаны улмаас хохирогч хурц цус алдалтын улмаас нас барсан нь Б.Эийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой гэж үзэв.
Эд мөрийн баримтад гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүнийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэх ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад зүйлийг тооцно гэж хуульчилсан бөгөөд үүнийг мөрдөгч хуульд заасан журмын дагуу явуулдаг хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Б.Э нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсны дараа Цагдаагийн байгууллагыг очоогүй байхад хэрэгт ач холбогдол бүхий өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Эийн өмсөж байсан цагаан өнгийн футболкыг устгаж, хэрэг гарсан газрыг угааж цэвэрлэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл үйл явдал болсон газрыг угааж цэвэрлэн хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг устгаснаар хэргийн газрын үзлэг хийх, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь эсхүл хэсэгчлэн хураан авах зэрэг үйл ажиллагааг явуулах үндэслэлгүй болгосон. Үүнийг шүүгдэгчийг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс хэрэг учрал болох цаг хугацаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон зүйлчлэх боломжгүй гэж үзэв.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Эийг хүнийг алах гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хүлээн авах үндэстэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу дээрээ маргасан. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Эд зүйлийг устгаж гэмтээсэн гэдэг нь тогтоогдоогүй. Ялын саналд хэлэх зүйл алга байна гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Б.Э нь регистрийн дугаартай, Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, хэрэгт татагдахын өмнө Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуул гэх газар оршин сууж байсан, урьд ял шийтгэгдэж байгаа талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 170/ зэрэг баримтууд тус тус авагджээ.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал прокурор оруулсныг,
шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 хх 218-221-р хуудсанд авагдсан 249 932 төгрөг, 2 хх 15-23-р хуудсанд авагдсан 7 469 347 төгрөг, 2 хх 61-р хуудсанд авагдсан 190 085 төгрөг, 2 хх 105-107-р хуудсанд авагдсан 8 124 000 төгрөг, 90 000 төгрөг, шүүх хуралдаанд гаргасан 450 000 төгрөг зэрэг оршуулгын зардал болон ирэх очих унааны зардал гэх нийт 16 123 364 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас зээл авсан гэх 940 000+761 300+360 000=2 061 300 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгож, банкны зээл гэх 1 273 302 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.
Шүүхээс хангаж шийдвэрлэсэн 16 123 364 төгрөгөөс шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 1 200 000 төгрөгийг хасаж үлдэх 14 932 364 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлэлцээгүй орхисон 1 273 302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Эийн өмчлөлийн 472 900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021.11.03-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг /2 хх 214-215/ хүчингүй болгож гэрийг Б.Эт буцаан олгохоор,
шүүгдэгчийн цагдан хоригдсон 645 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-г хүнийг алах гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 /арав/ жил хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 645 /зургаан зуун дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эээс 14 923 364 /арван дөрвөн сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Налайх дүүрэг 5-р хороо Гандан-Уулын 9-23 тоотод оршин суух Батсүхийн Отгондэлгэр /РД: /-т олгосугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 061 300 /хоёр сая жаран нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 1 273 302 /нэг сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9.Хэрэгт Б.Эийн өмчлөлийн 472 900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021.11.03-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож гэрийг Б.Эт буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ж.ДЭЛГЭРМӨРӨН
26