Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/286

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Ц.Төгөлдөр /томилолтоор/,

шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч Ц.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж  овогт А гийн У д холбогдох эрүүгийн 2209005720968 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж  овогт А гийн У , /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У  нь 2022 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ... тоотод байсан хохирогч Э.Э гийн “Iphone 11 Pro max” загварын гар утсыг “тоглож байгаад өгье” хэмээн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд ...шүүгдэгч А.У  нь 2022 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ... тоотод байсан хохирогч Э.Э гийн “Iphone 11 Pro max” загварын гар утсыг “тоглож байгаад өгье” хэмээн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр найз Э ийн гэрт нь буюу ...   тоотод хоёулаа байсан. У  Э  рүү фейсбүүк чатаар танайд очиж болох уу, найз нь гэрээсээ явчихсан, өлсөөд байна гэж 23 цагийн үед мессеж бичсэн. ...У  надаас гар утсаа өгөхийг асууж би зөвшөөрч түүнд гар утасныхаа нууц үгийг хэлээд өгсөн. Тэгээд У  миний гар утсаар 2 цаг орчим тоглосон. У ыг хүлээж байгаад М  бид хоёр унтлагын өрөөнд, харин том өрөөнд М маа, Э  2 унтсан. Э  дуудаж сэрээж У  гэрт байхгүй байна, бас чиний гар утас чинь алга байна гэж хэлсэн. Би М маагийн гар утсаар Zenly гэх нэртэй гар утасны байршил заадаг апплекейшн орж үзэхэд Э ийн гар утсыг тавьсан ломбард дээр зааж байсан. Тэгээд 02 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 30 минутын үед М маа, М , Э  бид дөрөв такси барьж 25 дугаар эмийн сангаар хойшоо өгсөөд ...  гэх нэртэй ломбард дээр ирсэн. Хаалгыг нь тогшиход нэг ах тайл жөгсөн. Тэгээд би “танд айфоне 11 про макс гар утас ломбардад тавьсан уу” гэж асуухад тийм, энэ охинтой цуг орж ирсэн залуу тавиад явсан гэж Э ийг заагаад хэлсэн. Би гар утсаа авч фейсбүүк мессенжер лүүгээ ороход У ын мессенжер орсон байсан ба ПС тоглоомын газар ажиллуулдаг хүнтэй чаталж тийшээ явсан байсан. ...Тэр газар луу М , М маа, Э  нартай очоод У тай уулзсан. Тэгээд У  мөнгөө 2,000,000 төгрөг болгоод өсгөсөн. Удахгүй гар утсыг нь аваад өгнө гэж хэлээд худлаа ярьж цаг хожоод байсан. Тэгээд би тэр ПС тоглоомын газарт байхдаа 02 дугаар сарын 17-ны өглөө 06 цагийн үед цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Би ямар нэг байдлаар У д миний гар утсыг ломбардад тавь гэж хэлээгүй. Миний зөвшөөрөлгүй гар утсыг маань авч явж ломбардад тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг 30 минутын үед найз Э гийн хамт би гэртээ буюу ... тоотод байсан. У  Э  руу инстаграмаар чат бичиж “нэг тоглолт байна, энэ тоглолт дээр алдахгүй, авсан мөнгөө хэд нугалж эргүүлэн өгөх болно, гар утсаа ломбарданд тавьчих гэж хэлсэн. Тэр үед Э  гар утсаа ломбардад тавихгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгээд У  над руу инстаграмаар чат бичээд гар утсаа ломбардад тавьчихаа, 2 цагийн дараа эргүүлээд өгнө, гар утсыг ломбарднаас авч өгөөд мөнгө нэмж өгье гэж хэлсэн. Би Э гаас У  найдвартай юу, гар утсаа өгчихвөл яах бол гэхэд Э  эхний удаадаа У  авсан мөнгөө өгчихдөг юм гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй У  манай гэрийн гадаа ирээд бид хоёр хамт Модны хоёрын орчимд байрдах У ын таньдаг хүн нь ажиллуулдаг 24 цаг ажилладаг ломбардад очиж миний гар утсыг 350.000 төгрөгөнд тавьсан. Тухайн мөнгөө миний Хаан банкны дансанд авсан. У  бид хоёр буцаад манай гэр лүү явсан. Гэрт очоод У  Э гийн гар утсаар нь 1xbet гэх нэртэй апплекейшнээр орж онлайн мөрийтэй тоглоом тоголсон. Тухайн үед манай гэрт М маа, М , Э , У  бид нар байсан. У  02 дугаар сарын 17-ны 02 цагийн үед мөрийтэй тоглоомоос миний 350.000 төгрөгийг өсгөж 700.000 төгрөг болгосон байсан. Тэгэхээр нь би У д хандаж “энэ мөнгөө одоо авчихаа, миний гар утсыг одоо аваад өгчих, надад ямар нэг ашиг хэрэггүй, чи үлсэн мөнгөө өөрөө ав гэхэд У  за түр хүлээж бай, дахиад жоохон өсгөөдхье гэсэн тул У ыг хүлээж байх зуур М маа, М , Э  бид нар унтсан байсан. Унтаад сэрэхэд У  байгаагүй. Гэрийн хаалга онгорхой байсан. Э гийн гар утас нь бас байхгүй болсон байсан. М маа, М , Э  бид нар гэрээс гарч миний гар утсыг ломбардад тавьсан ломбард дээр очиход Э гийн гар утсыг 1.000.000 төгрөгөнд У  тавьсан байсан. Тэгээд Э  гар утсаа аваад чатаа шалгахад У  Хүмүүнлэгийн их сургуулийн хажууд байрлах ...  гэх нэртэй ПС тоглоомын газрын хүн рүү 1.000.000 төгрөг шилжүүлээд тэр газар луу тоглохоор явсан байсан. Бид дөрөв араас нь тэр газар луу 04 цагийн орчимд очсон. Тэндээ өглөө 08 цаг хүртэл хүлээсэн. ПС-ны газар ороход У  дотор нь байсан. Тэгээд бид У аас гар утсаа авья гэхэд У  мөнгөө 2.500.000 төгрөг болгож өсгөсөн байгаа, удахгүй мөнгөө аваад гар утсыг нь аваад өгье гэсэн. Тэгээд 2 цаг орчим хүлээгээд У д за болье, чи худлаа яриад байна, цагдаа дуудлаа шүү гэхэд У  за одоо үнэнээ хэлье, одоо дахиад тоглоод мөнгөө өсгөнө, цагдаа дуудахгүй түр хүлээж бай гэж хэлсэн. Тэр үед би 102 руу залгаад цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирэхээс өмнө У  өсгөнө гэсэн мөнгөө бас алдсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

 “Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

Шүүгдэгч А.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э  над руу мессеж бичиж “мөнгө хэрэгтэй болоод байна, миний гар утсыг ломбардад тавиад мөнгө өсгөөд буцаад гар утсыг маань аваад өг” гэж гуйсан. Би зөвшөөрч Э ийг гэрээс нь очиж аваад Модны 2-ын орчимд байрлах ...  нэртэй ломбардад очсон. Тэгээд Э ийн Айфоне 8 плас загварын гар утсыг 350.000 төгрөгөнд тавиад, мөнгөө авчихаад Э ийн хамт гэр лүү нь явсан. Гэрт нь ороход М , Э  нар байсан. Удалгүй М маа гэх найз нь гэрт нь ирсэн. Би Э гийн утсаар Э ийн мөнгийг өсгөж өгөхөөр 1xbet онлайнаар бооцоо тавьж тоглодог цахим тоглоомыг тоглож эхэлсэн. Тоглож байгаад Э ийн гар утасны мөнгийг алдсан. Энэ үед М маа, Э , Э , М  нар унтаж байсан. Би Э гийн гар утсыг ломбардад гялс тавиад мөнгөө өсгөөд Э , Э  хоёрын гар утсыг өглөө гэхэд аваад өгнө гэж бодоод Э гийн гар утсыг нь аваад Модны 2-т байрлах “... ” гэх ломбардад очсон. Намайг очих үед шөнийн 02 цаг болж байсан. Э гийн Айфоне 11 про макс загварын гар утсыг 1.000.000 төгрөгөнд тавьсан. 1.000.000 төгрөгөө О  гэх хүний данс руу шилжүүлж хийсэн. Ломбарднаас гараад О той уулзах гээд Хүмүүнлэгийн их сургуулийн хажууд байрлах “...” нэртэй ПС тоглоомын газар луу явсан. Тэнд очоод 1.000.000 төгрөгөө өсгөх гээд 1xbet онлайнаар бооцоо тавьж тоглоод мөнгөө алдсан. Үүрээр 06-07 цагийн үед М , Э , Э , М маа нар ПС тоглоомын газар ирсэн байсан. Удалгүй цагдаа нар ирж намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У аас: ...Би Э  гэх найзынхаа гэрт очсон. Э , М , Э  нар байсан. Тэр хэдийг унтсаных нь дараа Э гийн гар утсыг ломбарданд тавиад таньдаг писи тоглоомын газар ажиллуулдаг хүн дээрээ очсон... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч А.У  нь 2022 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед ... тоотод байсан хохирогч Э.Э гийн “Iphone 11 Pro max” загварын гар утсыг “тоглож байгаад өгье” хэмээн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч Т.Золбоо нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.У  нь  хохирогч Э.Э гийн “Iphone 11 Pro max” загварын гар утсыг “тоглож байгаад өгье” хэмээн өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.У  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э д 1.750.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч А.У нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч А.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Золбоо эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...А. У  нь эхийн хамт амьдардаг. Эх нь хөгжлийин бэрхшээлтэй, эцэг нь нас барсан байгаа. Миний үйлчлүүлэгч санаатайгаар оргон залсан зүйлгүй. Эцэг эхийн хараа хяналт тааруу, эхийгээ харж ханддаг, гар утас авах боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.У ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч А.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У ын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож,  түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт А гийн У ыг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У ыг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У ын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.У д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН