Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0643

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0643

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК/РД:******/

Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД:*******/

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

2. Тендерт оролцогч “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар “Х” ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Мөн хуралдаанаар “Г” ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, “Г” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах,

4. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн ”Г” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах.

5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч П.Ц, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...”Г” ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан ЭМЯ/201902023 дугаартай Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ тендерт 2019 оны 12 дугаар сард оролцсон. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тендерийн нээгдэж үйл ажиллагаа нь эхэлсэн байгаа. Улмаар “Г” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас тендерийн баталгаа гаргаад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тендерийн баталгаа гаргасан байдаг.

Гэтэл тендерийн хүчинтэй хугацаа дуусах дөхөөд ямар нэг хариу ирдэггүй. Улмаар тендерийн баталгааны хугацаа дуусах дөхөж бид нар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн байдаг. Тендер ямар үе шаттай явж байна вэ гээд өгсөн боловч Төрийн худалдан авах ажиллагааны газар хүлээж авсан боловч, манайд бүтэц зохион байгуулалт орсонтой холбоотой одоогоор ямар нэг хариу гараагүй байна гэдэг тайлбарыг амаар өгсөн.

Энэхүү асуудлыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яаманд хандаж гомдол гаргасан байгаа. Гэтэл сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр захиалагчийн мэдэгдлийг хавсаргаагүй байгаа тул хянан үзэх боломжгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Тэр өдрөө Төрийн худалдан авах ажиллагааны газраас А-1/80 дугаартай албан бичгээр Энэхүү тендерийн хугацаа нь хүчингүй болсон тул дахиж шинээр зарлахаар болж байгаа талаар албан бичгийг өгсөн.

Ингээд бид нар 03 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яаманд энэхүү бичгээ үндэслээд дахиад гомдол гаргасан. Гэтэл 03 дугаар сарын 18-ны өдрийн 0663 тоот бичгээр дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүчинтэй хугацааг 2020 оны оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж, шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон байх тул гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариу ирсэн байгаа.

Улмаар энэхүү асуудлыг шүүхэд гаргасан байгаа. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тендерийн материалыг нээж 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад үнэлгээг зохих үнэлгээний хорооны процессын дагуу шийдээд явагдсан байдаг. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэг нэрийдлээр дарга нь тамгаа дарахгүй, гарын үсгээ зурахгүй хойшилсоор байгаад тендерт оролцсон иргэд, аж ахуй нэгжийг хохироосон гэж үзэж байна. “Х” ХХК ч гэсэн адил байгаа байх. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар төрийн байгууллага бол захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэж, шуурхай тасралтгүй байлгах зарчмаа алдсан. Хэдий бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн гэж байгаа боловч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн худалдан авах ажиллагааны газар болсон ч гэсэн чиг үүрэг нь хивэндээ байгаа. Гэтэл одоо болохоор хугацаа дууссан гэж байгаа. Хэнээс болж дууссан гэхээр өөрсдийнх нь зохион байгуулалтаас нь болж дууссан. Энэ аж ахуй нэгж нарыг хохироосон.

Дараа нь 12 дугаар сарын 19-ний өдрөөс ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байгаа болов уу гэхээр 25-ны өдөр гэхэд даргынх нь гарын үсэгтэй мэдэгдлүүд явсан байдаг. Энэ бол ашиг сонирхлын маш их зөрчилтэй, удирдах албан тушаалтных нь өнгө үзэмжээр ажил нь явдаг гэж бодоод байгаа. Түүний ч дагуу Авлигатай тэмцэх газарт холбогдох алба хаагчдыг шалгуулахаар хүсэлт өгсөн байгаа. Иймд Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиалагч этгээдийг тодорхойлж өгсөн бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаар бусад болон энэ хуулийн 45.5-т зааснаар улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил үйлчилгээний хувьд захиалагч гэж байна. 46 дугаар зүйлд зааснаар захиалагчийн эрх үүрэг хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулж, үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг үндэслээд гэрээ байгуулах эрх олгох, шийдвэр гаргах. Худалдан авах ажил үйлчилгээний батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах эрх үүргийг тусгаснаас гадна. 46 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэх үнэлэх үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, уг шийдвэрийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан байна.

Иймд төрийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоод тендерийн хүчинтэй хугацааг өөрснөө дуусгасан байж, одоо аж ахуй нэгжийг хохироож болохгүй байгаа. Нэгэнт шийдвэр гараад Эрүүл мэндийн яаманд гэрээ байгуулах, эрх олгох тухай албан тоотыг нэгдүгээрт явуулсан байгаа. Хоёрдугаарт Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүхэлдээ дэмжиж байна. Иймд холбогдох хууль журмын дагуу энэхүү хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө Үнэлгээний хороо албан ёсоор өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Үнэлгээний хороо бол уг тендерийг үнэлээд албан ёсоор шийдвэрээ гаргасан. Мөн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай хуульд заасан журмын дагуу захиалагчид өгсөн байгаа. Захиалагч Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд шийдвэрээ гаргах ёстой байхад гаргахгүй байж, нэхэмжлэгч талуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг бол зөрчсөн гэж үздэг. Энэ тухай гэрээ байгуулах эрх олгох асуудлыг шийдвэрлээд нэхэмжлэгч нар болон бусад компаниудад мэдэгдэх ёстой. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй учир эс үйлдэхүй гэж үзсэн. Тендер шалгаруулалт хүчинтэй болох хугацаанд дээрх шалгаруулалтын шийдвэрээр гаргах боломжтой байсан. Энэ хугацааг хэтрүүлсэн зөвхөн захиалагчийн буруутай үйл ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл үүнийг хугацаанд нь шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлэх үүрэг нь өөрийнх нь байгууллагын эрхийн асуудал байдаг. Эрхээ хэрэгжүүлээгүй нь өөрийнх нь байгууллагын зориуд санаатай үйлдэл гэж үзэхээр байгаа. Мөн энэ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 29.7-т улсын төсвийн санхүүжилт нэгэнт батлагдсан байх юм бол энэ хуулийн 45.5-т зааснаар захиалагч байгууллага Засгийн газрын жагсаалтад багтсан тендер байхад үүнийг зориудаар хийгээгүй. Мөн хуулийн 53.1-д зааснаар хуулиар эрх олгосон үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байхад хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан хэрэгжүүлээгүй байгаа. Мөн хуулийн 47.1-д заасны дагуу уг Үнэлгээний хороо байгуулагдсан юм. Үүний дагуу гаргасан шийдвэр бол 47.2.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан шийдвэр байгаа. Энэ шийдвэрийг захиалагч өөрөө дур мэдэн өөрчлөх эрхгүй байдаг. Гэтэл үүнийг хуульд заасан шаардлагыг өөрчилж байгаа үйл ажиллагааг өөрчилж зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт Үнэлгээний хороо асуудлыг дүгнээд шийдвэрээ гаргасан энэ тохиолдолд бол захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг заавал гаргах эрхтэй байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй явсан бол нэхэмжлэгч компанийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн зарим шаардлагуудад тайлбар гаргах ёстой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс тендерт оролцох эрх тэгш байдлыг олгосон гэж үзэж байгаа. Шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Х” ХХК нь баримт бичгийн бүрдлээ хангаж ирүүлээгүй.

Нэгдүгээрт нь хуульд заасны дагуу 52.1.3-т зааснаар худалдан авах ажиллагаатай холбоотой бүх заавар журмыг эрх бүхий байгууллага нь батлаад гаргасан. Үүнийг эрх бүхий байгууллага нь цахимд байршуулсан. Тэр дагуу шаардлага хангасан материалыг ирүүлээгүй.

Хоёрдугаарт тендерийн үндсэн материалаа буруу бүрдүүлсэн юм. Хамтарч ажиллах бичиг баримт бүрдүүлсэн гэж байгаа боловч энэ шаардлагаа хангаагүй. Өөр компанийг түншлэл болж оруулах зэргээр тендерийн баримт бичгийн зөрчилтэй байсан учир Үнэлгээний хороо үнэлээгүй юм.

Миний үйлчлүүлэгч компанийг тендерт шалгаруулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн бага үнийг дүн өгсөн тендерт оролцогч заавал ялах үндэслэл байхгүй юм.

Нэгэнт хуульд заасан журмын дагуу Үнэлгээний хорооны шийдвэр гараад байхад эцэст нь жилийн хугацаа өнгөрсөн байхад Үнэлгээний хорооны шийдвэрийг албажуулахгүй байсаар байгаад өөрсдөө хууль зөрчиж хүчингүй болгосон. Дахин тендер зарлахаар гаргасан шийдвэрийг нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер нээхэд үнийн саналыг тавьдаг. Манайх хамгийн бага үнийн саналыг тавьсан учир хамгийн сайн үнэлэгдэх боломжтой тендер юм. Ингээд 12 дугаар сарын 18-ны өдөр нээгээд үнэлгээ хийгээгүй байж байгаад хүчинтэй хугацааг сунгаад явж байсан. Хугацаа дуусаагүй байхад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 гэсэн бичгийг гаргасан байдаг. Тэрийг манайд мэдэгдээгүй зориуд 10 хоногийн дараа 13-ны өдөр мэдэгдсэн. Энэ талаар маргаж байгаа агуулгатай дахин тендер зарлах агуулгатай байсан. Эндээс тендерийн Үнэлгээний хороо 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан мэдэгдлээ нэгэн зэрэг оролцогчдод хүргүүлэх ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Энэ нь тендерийн үнэлгээтэй холбоотой юм. Гэхдээ нэгэнт дахин тендер зарлаж байгаа бол үүнийг ч гэсэн нэг зэрэг мэдэгдэх ёстой. Манайд огт мэдэгдээгүй. Ингээд Сангийн яамд мэдэгдсэн хүлээж аваагүй учир шүүхэд хандсан байгаа. Яагаад дахин тендер зарлах болсон үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас агентлагууд салсан байгаа. Энэ хууль бус юм. Төрийн алба тасралтгүй байх зарчимтай юм. Агентлагууд тусгаарлагдсаныхаа төлөө 3 сар үнэлгээ хийхгүй байх боломжгүй. Тамгагүй байсан, тэмдэггүй байсан гэж байгаа. Энэ бол зохион байгуулалтын асуудал болохоос биш эрх үүргийг нь хязгаарласан асуудал биш юм. 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үнэлгээ хийхгүй явж байгаад зориуд санаатай хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Дахин тендер зарлаж байгаа нь буруу юм. Материалдаа үнэлгээ хийх ёстой гэж шаардаад байгаа нь энэ юм. Шийдвэр гаргах үед тендерийн хүчинтэй хугацаа байсан учир 03 дугаар сарын 03-ны өдөр байсан акт гарах үед хууль зүйн хувь арилаагүй байсан учир заавал үнэлгээ хийх ёстой гэж шаардаад байгаа юм.

Дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гээд шүүхээр явж байхад хариуцагчаас тайлбарласан чинь төсөл гэсэн булантай. Үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй. Үнэлгээ хийсэн баримтуудыг хариуцагч хэрэгт өгөөд үнэлгээ хийсэн гэж яриад байгаа. Арга үгүйн эрхэд бид нар зөвшөөрсөн юм. Яагаад гэхээр үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь байсан. Тэгэхээр тендерт үнэлгээ хийсэн юм байна гэж бид нар зөвшөөрөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Үнэлгээ хийсэн бол нэгэн зэрэг мэдэгдэх ёстой гэсэн зарчим байгаа. Нэхэмжлэгч “Г” ХХК түрүүлсэн гэж мэдээгүй байсан. Шүүх дээрх нотлох баримтуудаас Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хараад нэг мөр энэ хэргийг дуусгая гэдэг утгаараа явж байгаа. Хурлын шийдвэр учир манайх акт гэж үзэж байгаа. Үнэлгээ хийсэн байна гэж харахаар “Х” ХХК-ийг тендерийн үнэлгээнээс хассан. “Г” ХХК-ийг ялуулсан байна.

Шалтгаан нь “Х” ХХК түншлэлийн баримтаа буруу хийсэн гэж байна. Би ойлгосонгүй. Манайхыг хассан шийдвэр дээр маягтын дагуу ирээгүй гэж байгаа. Тэр нь юу гэхээр тендерт үнийн саналын маягт гээд өгдөг. Тэр маягтыг хуулбарлаад “Х” ХХК-ийн маягт дээр тавьсан чинь бланкыг өөрчилсөн юм. Энэ нь байж болохгүй ноцтой зөрчил гэж байсан. “Г” ХХК-ийн материалуудыг судалсан. Маш их зөрчилтэй зүйлүүд байсан. Техникийн ажилтнууд нь нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлагатай, байгууллагын үндсэн ажилтан байна гэсэн заалтыг зөрчөөд цахилгаанчны инженер нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс буюу 2019 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл бичигдээгүйгээс харахад энэ компанид ажиллаагүй юм. 8463 дугаартай машин нь техник үзлэгт ороогүй. Шаардлага хангахгүй байгаа юм. Дараа нь 1948 дугаартай машин нь мөн дээрх шаардлагыг хангаагүй байна. Манай үйлчлүүлэгч Тендерийн үнэлгээний хорооны дарга буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Дагвадорж зөвшөөрч гарын үсэг зураагүй байдаг. Үүнийг их ярьдаг. “Г” ХХК 9 тэрбум 688 сая 991 мянга 344 төгрөг ирүүлсэн бол манайх 8 тэрбум 733 сая төгрөг буюу 900 гаруй сая төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Ингээд тендерийн шаардлага хангахгүй компанийг шалгаруулаад манайхыг маягт сольсон гэдгээр хассан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тендерт 5 компани орсон байдаг. Үүнд хамгийн бага үнийн санал тавьсан нь манайх байгаа. Хамгийн өндөр үнийн санал өгсөн нь “Г” ХХК байгаа. Их үнээс бага үнэ рүү шилжүүлнэ гэж хуульд заасан байдаг. Манай компанид мэдэгдэхдээ энэ тендерийг дахин зарлана гэж ирсэн байна. Тэгсэн байж “Г” ХХК ялсан гэдэг.

Үнэлгээний хорооны гишүүд байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Дагвадорж гэдэг хүнээр зураагүй шууд ялсан гэж тодорхойлсон. Би энэ хүнээс асуусан юм. Яагаад гарын үсэг зураагүй юм гэхээр Угаасаа будилаантай тендер болсон. Гарын үсэг зурахгүй. Би хүнд суртал гаргасан зүйл байхгүй. “Г” ХХК түрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж буцааж байсан. Гэтэл “Г” ХХК, Төрийн өмчийн хорооны худалдан авах газар хоёр нь хоорондоо тохирч төслөөр шалгаруулаад ичихгүй ширээний ард суугаад ичихгүй ярьж суухаас ичих хэрэгтэй. Манайх тендерт ялагдлаа. Ялсан компанийн материалаа үзэх эрхтэй байдаг. 5, 6 зүйлийн зөрчилтэй байгаа. Энгийн хүний нүдээр харахад ийм байхад мэргэжлийн хүмүүс яаж хараад байдаг юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь тендерт оролцсон. Үнэлгээний хороо хамгийн сайн гэж шалгаруулсан гэвч, гэрээ байгуулах, эрх олгох зөвлөмж өгөөгүй. Үнэлгээний тайлан дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга захиалагчид хүргүүлсэн боловч, захиалагч баталгаажуулж, тендерт оролцогч болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлээгүй. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 438 дугаар тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан гэдэг нэхэмжлэлээр манай байгууллага эрх үүрэг нь шилжсэн учир манайд хамааралгүй. Танайх өөрсдөө тендерээ зохион байгуул гэж нарийн бичгийн дарга хэлдэг. Сангийн яамнаас энэ тендерийн хүчинтэй хугацаа нь 18-ны өдөр дууссан 30 хоногийн дотор зохион байгуулагдана. Нээлттэй тендер шалгаруулсан. Хүчинтэй хугацаандаа тендерээ үнэлээд тендерийн сонгон шалгаруулаад гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч яаманд хүргүүлдэг байгаа. Тэгэхээр энэ хугацаа нь Сангийн яамнаас 15 хоногоор сунгаж өгсөн. Сунгаж өгөөд хугацаа нь 2020 он 02 дугаар сард дууссан учир тендер хүчингүй болоод 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнууд газрын даргын тушаалаар томилогдоод 21-ний өдөр хурал хийе гэж байсан боловч, цагаан сарын баярын өдрүүд тохиолдоод ажил ордог буюу 03-ны өдөр хуралдаад маргаан бүхий А-1/80 дугаартай албан бичгийг 5 компанид хүргүүлсэн байдаг.

“Х” ХХК-ийн хувьд Үнэлгээний хороо бүх оролцогчоос ирүүлсэн тендерийг үнэлэх ёстой байгаа. Үүний дагуу тендерийг үнэлээд “Х” ХХК-ийг шаардлагад нийцэхгүй байна гээд татгалзсан. Бага үнийн санал ирүүлсэн ч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй юм. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн учир манайх хамгийн сайн үнэлэгдэх ёстой гээд байгаа. Энэ бол тийм биш юм. Хамгийн түрүүлж шаардлагад нийцсэн компаниудыг үнээр нь эрэмбэлээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж шалгаруулдаг байгаа.

“Х” ХХК-ийг Үнэлгээний хороо нь тендерт оролцох зааварчилгааны 15.1-д заасны дагуу тендерийн жишиг маягтуудаас үнийн санал ирүүлэх маягтыг буруу ирүүлсэн гэдгээр татгалзсан. Яагаад гэхээр хурлын тэмдэглэл номер 2 дээр энэ талаар бичсэн байгаа. Үнэлгээний хорооны н.Лхамсүрэнгийн хэлснээр өөр тендер дээр тендерт оролцогчийг шалгаруулсан. Гэтэл тэр компани нь маягтын бус дагуу материалаа ирүүлсэн байсан. Иймд Сангийн яамнаас гомдлыг хянаад манайд ирүүлэхдээ маягтын бус байна. Энэ буруу юм. Тийм учир Үнэлгээний хорооны албан хаагчдыг хариуцлага тооцож ирүүлж мэдэгдэнэ үү гэсэн албан бичиг ирж байсан учир одоо маягтын дагуу ирүүлээгүй гэдгээр нь нийт гишүүдийн олонхын саналаар татгалзсан. “Х” ХХК-ийн 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар албан бичгийг манайх 13-ны өдөр авсан гэдэг. Үүнийг бол дандаа ярьдаг. Би бол нотлох баримтаар өгсөн. “Х” ХХК-ийн инженер ирээд авсан цаг хугацаагаа бүртгүүлээд явсан байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан байна.

1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

2. Тендерт оролцогч “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар “Х” ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Мөн хуралдаанаар “Г” ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан байна.

1. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, “Г” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах,

4. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн ”Г” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах.

5. Төрийн худалдан авах ажиллагааны газар Үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэжээ.

Шүүх “Х” ХХК болон “Г” ХХК-иудын нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтын талаар:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж тендерийг 2019 оны 12 дугаар 18-ны өдөр нээхэд “Г” ХХК, “Х” ХХК-иуд нь оролцсон бөгөөд “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар тендерт оролцогчдоос хамгийн сайн үнэлэгдсэн, шаардлагад нийцсэн тендерээр шалгарчээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар Агентлаг байгуулах тухай тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир тендерт оролцогчдод Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлэх боломжгүй байдал үүссэн гэж хариуцагч тайлбарлажээ.

Улмаар тус тендер сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өдөр дууссан тул Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А-1/80 дугаар албан бичгээр “Г” ХХК-д тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг мэдэгдсэн байна.

Иймд хариуцагчийн дээрх үйлдлүүдийг эс зөвшөөрч “Г” ХХК болон Хариуцагч чонот ХХК-иуд нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргажээ.

“Г” ХХК-иас тус компанийг шалгаруулсан шийдвэрийг хэвээр үлдээн, үүнтэй холбоотой үйлдэл хийхийг даалгах тухай маргаж байгаа бол “Х” ХХК нь тус компанийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг даалгах, тус компанийг тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг мөн хуралдаанаар “Г” ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд нэхэмжлэгч нарын Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар дахин тендер зарлах мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага нь давхцаж байна.

Харин хариуцагчаас:

- “Г” ХХК-ийн хувьд Үнэлгээний хорооны зүгээс хамгийн сайн гэж шалгаруулсан боловч, тухайн шийдвэрийг захиалагч баталгаажуулж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлээгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 438 дугаар тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан гэдэг нэхэмжлэлээр байгууллагын эрх үүрэг нь шилжсэн учир хамааралгүй. Хүчинтэй хугацаандаа тендерээ үнэлээд тендерийн сонгон шалгаруулаад гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч яаманд хүргүүлэх хугацааг сунгуулж хугацаа нь 2020 он 02 дугаар сард дууссан учир тендер хүчингүй болсон.

- “Х” ХХК-ийн хувьд Үнэлгээний хороо бүх оролцогчоос ирүүлсэн тендерийг үнэлээд “Х” ХХК-ийг шаардлагад нийцэхгүй байсан тул татгалзсан. Бага үнийн санал ирүүлсэн ч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй бөгөөд тус компанийг Үнэлгээний хороо нь тендерт оролцох зааварчилгааны 15.1-д заасны дагуу тендерийн жишиг маягтуудаас үнийн санал ирүүлэх маягтыг маягтын дагуу ирүүлээгүй учир нийт гишүүдийн олонхын саналаар татгалзсан... гэж тус тус маргажээ.

Нэг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд захиалагч бүх тендерээс татгалзах зохицуулалтыг хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар агентлаг байгуулах тухай тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар нь шинээр байгуулагдаж, Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/450 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан атал 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тендерийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хугацаа дууссанаас хойш нэг сарын дараа хүчингүй болгож дахин зарлахыг мэдэгдсэн дээрх албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд захиалагч бүх тендерээс татгалзах зохицуулалтад хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК, “Х” ХХК нарын буруутай үйл ажиллагаа, тендерийн шалгаруулалтад тэнцэхгүй байсанд бус харин тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дотоод чиг үүрэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтээс үүдэн тендерийн хугацааг дуусгасан бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон дээрх үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Тендерт оролцогч “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх, 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална, 12.2-т Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 12.3-т Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 12.4-т Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхыг шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно, 12.5-д Захиалагч тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан №ТШМ-1 (Хуучин үнийн маягт), үнийн маягтын дагуу тендерийн материалаа ирүүлсэн ба Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь “Х” ХХК-ийг Тендерт оролцох зааварчилгааны 15.1-д заасны дагуу тендерийн жишиг маягтуудаас үнийн санал ирүүлэх маягтыг буруу ирүүлсэн гэдгээр татгалзсан байх бөгөөд Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй гэж үзсэн байна.

“Г” ХХК-ийн тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал 9,987,826,123 төгрөг, тендерийн үнийн хөнгөлөлт 299,684,783 төгрөг байсан бол “Х” ХХК-ийн үнийн санал 9,250,000,000 төгрөг, тендерийн үнийн хөнгөлөлт 506,900,000 төгрөг байх ба 737,826,123 төгрөг зөрүү, тендерийн үнийн хөнгөлөлтийн хувьд 207,215,217 төгрөгөөр “Х” ХХК-ийн үнийн санал бага байтал “Г” ХХК-ийг шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч баримтлаагүй байна.

“Х” ХХК-ийг Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан №ТШМ-1 (Хуучин үнийн маягт), үнийн маягтын дагуу тендерийн материалаа ирүүлсэн гэх ялимгүй зөрчлөөр “Х” ХХК-ийг тендер сонгон шалгаруулалтаас хассан нь үндэслэлгүй байна.

Учир нь Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан №ТШМ-1 (Хуучин үнийн маягт)-ыг тендерт оролцогчид нь 3 дугаар бүлэг буюу тендерийн жишиг маягтуудаас ...зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарийг бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй гэж заасан байдаг. “Х” ХХК нь дээрх маягтын үг, өгүүлбэрийг өөрчилсөн үйл баримт хэрэгт авагдаагүй ба 2012 оноос хойш хэрэглэж ирсэн хуучин маягтыг ашигласан нь дээрх үндэслэлд хамаарахгүй буюу тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн компаниас 737,826,123 төгрөгөөр бага үнийг санал болгож байхад ялимгүй зөрчлөөр хассан нь үндэслэлгүй бөгөөд талуудын материалд дахин шалгаруулалт хийх нь зүйтэй.

Харин тендерийг үнэлж, шалгаруулах явцад өөр аливаа шаардлага хангаагүй нөхцөл үүсэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тендерийг хянан үзэхдээ захиалагчийн тогтоосон шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа 27 дугаар зүйлийн 27.2-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх шалгуур үзүүлэлтийг удирдлага болгохоор зааж, 27.3-д тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дээр “Х” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаас хассан нь дээр дурдсан үндэслэлүүдээр хууль тогтоомжид нийцээгүй гэж шүүх үзлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагын тухайд “Х” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны үеэр дээрх шаардлагаасаа татгалзаж, багасгаснаа илэрхийлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0091 дүгээр Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хамтран хариуцагч татаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай тус шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Х” ХХК-ийг дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, багасгасныг дурдсан байна.

“Г” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, “Г” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн ”Г” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Шүүхээс дээр дурдсанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар “Х” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Г” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэр нь хүчингүй болох үр дагавар үүснэ. “Г” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний 02 дугаартай дүгнэлт хүчингүй болсон тул гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, “Г” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн ”Г” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах шаардлагуудад эрх зүйн харилцаа үүсэхгүй гэж үзэн цаашид дүгнэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 46 дугаар зүйлийн 46.1.3-т Захиалагч үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр гаргах эрхтэй гэж зааснаар үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь захиалагч буюу Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын эрх мэдэлд хамаарах тул Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дээрх үүргийг хүлээгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар “Х” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хасаж, тус хуралдаанаар “Г” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан 02 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хурлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, “Г” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “Г” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 105.300 /нэг зуун таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧ С.ГАНБАТ