| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0093/З |
| Дугаар | 221/МА2025/0269 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0269
М.Л-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч М.Л
Нэхэмжлэлийн шаардлага: “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2025/0093/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Л нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Л гээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалд зааснаар албаны шалгалтыг дахин явуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Б/536 дугаар тушаал хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тогтоолгох, сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх, миний үйлдэл оролцоог бүрэн тогтоож дахин шинэ акт гаргах 2 сарын хугацааг Цагдаагийн ерөнхий газарт өгч, Б/536 дугаар тушаалыг түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газраас ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд 568 дугаар магадлал гарах үеийн хэргийн материал болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0192 дугаар шийдвэр гарах үеийн хавтаст хэрэгт ажиллагаатай холбогдолтой материал нэмэгдээгүй, албаны шалгалтыг дахин хийлгүйгээр тухайн зөрчлийн шинж байдал, үйлдэл оролцоог нотлох баримтын хүрээнд дүгнэлгүйгээр цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс “алт олборлуулсан гэх” зөрчлийн шинж байдал, түүнд оролцсон оролцоо, санаа, зорилго, түүнчлэн зөрчил анх буюу давтан үйлдсэн эсэх зэргийг харгалзан аль тохирох сахилгын шийтгэл оногдуулуулахаар захиргааны актыг 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг даалгасан байтал хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр намайг цагдаагийн албанаас шууд халах сахилгын шийтгэл оногдуулсан.
3.2. Цагдаагийн ерөнхий газрын дарга 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалаар ногдуулсан халах шийдвэрт “хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан гэсэн үндэслэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дугаар тушаалаар өөрчлөгдөөгүй, намайг албанаас халах үндэслэл болсон. Гэвч миний зүгээс тухайн 2 хүнийг хамгаалалт руу нэвтрүүлж гар аргаар алт олборлох асуудлаар ярьж тохироогүй, алт олборлуулаагүй, тухайн нэр бүхий 2 иргэн ч алт олборлоогүй бөгөөд олборлосон гэх ямар ч материалыг хариуцагч гаргаж өгөөгүй, нотлогдоогүй байхад албаны шалгалт хийж бүрэн нотолсон мэтээр хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан. Мөн анхан шатны шүүхийн 0192 дугаар шийдвэрт намайг алт олборлуулсан мэтээр дүгнэсэн явдал нь миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, би шүүх хуралдааны явцад хууль бусаар алт олборлуулаагүй талаар удаа дараа тайлбарласаар байхад хариуцагчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэлгүйгээр үнэлж надад албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж анхан шатны шүүхээс дүгнэсэнд гомдолтой байна.
3.3. Миний бие цагдаагийн байгууллагад 2001 оноос эхлэн тасралтгүй 22 жилийн турш залуу насаа зориулж ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй тууштай ажиллаж ирсэн. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас миний 22 жилийн хөдөлмөрийг үнэлэлгүйгээр тэтгэвэрт гарах хугацаа болоод ирэхээр цагдаагийн албанаас дахин, дахин халж байгаа нь миний болон миний гэр бүлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, миний төрд ажилласан хөдөлмөрийг үнэлэхгүй байгаад би туйлын гомдолтой байна. Би Цагдаагийн ерөнхий газарт тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлээгүй талаар мэтгэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тэтгэвэрт гарах асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй” гэсэн тайлбарыг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй, нэхэмжлэгч буюу иргэний эрх ашиг сонирхлыг хохироож байгаа үйлдэл болно.
3.4. Миний бие хар залуу наснаасаа хойш зүрх сэтгэлээ зориулан ажилласан байгууллагаасаа гаргаагүй зөрчлийнхөө төлөө, давтан зөрчил гаргаагүй, ноцтой зөрчил гаргаагүй хэр нь халагдсандаа үнэхээр гомдолтой байна. Намайг цаашид цагдаагийн байгууллагад ажиллах шаардлагагүй, ажиллуулах сонирхолгүй байж болно. Хэрэв тийм бол намайг тэтгэвэрт минь гаргаад өгчих гэж би гуйж хүсэлт гаргасан. Ингэсэн шалтгаан нь ажилгүй болсон миний бие цаашдын ахуй амьдралдаа нэмэрлэх нэг удаагийн буцалтгүй тусламжаа л авах төрийн албан хаагчийн хуульд заасан баталгаагаараа хангуулъя гэж бодсон юм. Ноцтой зөрчил гаргаагүй, давтан зөрчил гаргаагүй хэр нь алт олборлосон /ашиг хонжоо олсон мэт/, эсхүл нэр бүхий 2 иргэнээр олборлуулсан мэтээр буруутгаж, цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэлийг дахин дахин оногдуулж буйд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие эхнээсээ намайг албанаас халсныг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Гэтэл хуулийн зүйл, заалтыг өөрчлөх, эсхүл маргаан бүхий тушаалаас “ноцтой” гэдэг үг авснаараа миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Үнэхээр хариуцагч нь “ноцтой" зөрчил биш гэж үзсэн юм бол өөр бусад сахилгын шийтгэл оногдуулах боломжтой, ингэх нь төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, дотоод хяналт шалгалт хийх дотоол журмын зорилго, зарчимд нийцнэ.
3.5. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 0192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч М.Л нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаал нь магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд багтаж гарсан байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй магадлал гарснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна ... нэхэмжлэгч нь албаны шалгалтын явцад болон хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэр бүхий 2 иргэнээс олон удаа гуйгаад байхаар нь цагдаагийн газраас тусгай хамгаалалтад авсан байсан газар руу орох боломжийг нь судлаад тухайн үед ээлжинд гарч байсан Т , З нар руу албаны дарга Х-р нь дамжуулан яриулаад дээрх 2 иргэнийг Д сумын Жавхлант багийн Хавцгайн ам гэх газар руу явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ нь албан шалгалтаар мөн тогтоогдсон байх ба хууль бус үүрэг чиглэлийг биелүүлсэн үндэслэлээр ээлжинд гарч байсан Т , Х нар нь ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрээр ажлаас халсан нь хуульд нийцсэн гэж дүгнэн хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй, хууль ёсны үүрэг чиглэл өгсөн байхад үндэслэлгүйгээр 1 жилийн хугацаанд цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан нь буруу гэж хариуцагчийн маргаан бүхий актыг дүгнэх хууль зүйн үндэслэлгүй … нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Анх нэхэмжлэгч М.Л г Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалаар “Говь-Алтай аймгийн Д сумын Хавцгайн амны дунд хамар гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан” гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын ажлаас халж, цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж шийдвэрлэсэн байна.
2.4. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 511 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалаар “... М.Л-н гаргасан гэх зөрчил нь цагдаагийн албаны сахилга ба ёс зүйн дүрмийн ямар ноцтой зөрчилд хамаарах, түүнийг албаны шалгалт зэрэг цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын дагуу нотлох баримтаар бүрэн тодорхойлогдохгүй байна” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг 2 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.
2.5. Улмаар хуульд заасан хугацаанд буюу Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 448 дугаар тогтоол гарч, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/0000 дүгээр тушаалын 1 дэх заалтаар “... Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас холбогдох ажиллагаа явуулж, 2024 оны 1/433 дугаар танилцуулга ирүүлсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/536 дугаар албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаалын тэргүүн хэсгийг Сахилгын шийтгэл оногдуулах тухай, үндэслэх хэсгийг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 гэснийг 81 дүгээр зүйлийн 81.4.5, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.1 гэснийг 5.2.2”, 1 дэх заалтыг Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М-н Л нь ... тус тус зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураасугай гэснийг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураасугай” гэж тус тус өөрчилсөн байна.
2.6. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Албаны шалгалтын материал хянасан тухай” танилцуулга, цагдаагийн албан хаагч нараас авсан тайлбарууд, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Х , мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т нарын илтгэх хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Говь-Алтай аймгийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2416000330271 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 613 дугаар шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 646 дугаар магадлал зэргээр нэхэмжлэгч М.Л нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Д сумын “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулсан үйлдэл нотлогдож байна.
2.7. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/0000 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М.Л г 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн дэд хурандаа цолыг хураасугай” гэснийг “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулж “цагдаагийн дэд хурандаа цолыг хураасугай” гэж өөрчилсөн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үлдэл гаргахгүй байх” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцжээ.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Д сумын “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад даргаар нь дамжуулж хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү өмнө цагдаагийн албанд ажиллаж байсан гэх 2 иргэнийг оруулсан болох нь нэхэмжлэгчийн “... өөрийнхөө хариуцсан алба хаагчид хэлээд хамгаалалтын бүс рүү оруулаад өгчих гэж хэлсэн. Энэ дагуу Х нь тухайн өдрийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид руу утсаар яриад хамгаалалтын бүс рүү Г, М нарыг нэвтрүүл гэж үүрэг өгсөн ... Миний буруутай үйлдлээс болж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Х т болон бусад алба хаагч нарыг өөрийнхөө хууль бус үйл ажиллагаанд холбогдуулсантай гэмшиж байна” гэх тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа төдийгүй нэхэмжлэгчээс үүрэг, чиглэл авсан цагдаагийн албан хаагч нарт хариуцлага тооцож, албанаас халж, цолыг хураасан нь үндэслэлтэй эсэх талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “... 2 хүнийг хамгаалалт руу нэвтрүүлж гар аргаар алт олборлох асуудлаар ярьж тохироогүй, алт олборлуулаагүй, цагдаагийн ерөнхий газарт тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлээгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ