Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 135

 

     Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Э.Билгүүн нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Эрдэнэхуягийн Билгүүнд холбогдох 201611000428 дугаартай хэргийг 2015 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод Политехник коллежийн хүнд машин механизмын операторын 1-р курсэд сурдаг, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22-33 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ЖО95071212 регистрийн дугаартай, Шарайд овогт Эрдэнэхуягийн Билгүүн.

 Шүүгдэгч Э.Билгүүн нь 2016 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Ханан булаг" рестораны цонхоор нэвтрэн орж 7 ширхэг архи, 1 ширхэг морин хуур зэргийг хулгайлж иргэн З.Дэлгэрзаяад 297300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Э.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийдэж өгнө үү гэв.

Хохирогч З.Дэлгэрзаяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: … 2016 оны 10 сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирээд хаалгаа онгойлгоод ортол рестораны текин дээр байсан архинууд байхгүй байхаар нь гайхаад урагшаа цонх руу хөшгөө татах гээд очтол цонх нь онгорхой хөшгийг нь дэлгээд орхисон байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн газарт мэдэгдсэн юм. …Рестораны текэн дээр байсан 7 шил архи байхгүй байсан. Үүнд: 750 граммын   "grey goose"  "Evok" архи, "Хар сувд", "Болор" архи, "Chenet" дарс, 500 граммын "Соёрхол" архи морин хуур зэрэг зүйлүүд алдагдсан байсан… гэжээ. /хх-ийн 20-21/

Нотлох баримтаар: 

-    Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

-    Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-13/

-    Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/

-    Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/

-    Хохирогч З.Дэлгэрзаяаг байцаасан тэмдэглэл /хх-ийн 19-21/

-    Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 22/

-    Гэрч П.Түмэнжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 26/

-    Гэрч Д.Мөнхдэлгэрийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 23/

-    Гэрч Ж.Батбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 30/

-    Гэрч А.Наранзулыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 33-34/

-    Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/

-    Хувийн байдлын баримтууд /хх-ийн 57-62/

-    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 63/

-   Хохирол төлсөн баримт /Задгай баримт/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Билгүүн нь 2016 оны 10 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Ханан булаг" рестораны цонхоор нэвтрэн орж 750 граммын "Grey goose", "Evok", "Хар сувд" "Болор" архи, "Chenet" дарс, 500 граммын "Соёрхол" архи болон морин хуур зэргийг хулгайлж хохирогч З.Дэлгэрзаяад 297300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд: Хохирогч З.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Билгүүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201 тоот дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э.Билгүүнд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Билгүүнийг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 900000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, түүний эзэмшлээс "Gfoled" маркийн товчлууртай гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-г хэрэгт үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖО95071212 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шарайд овогт Эрдэнэхуягийн Билгүүнийг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Эрдэнэхуягийн Билгүүнийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Билгүүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Билгүүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан Э.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 900000 /есөн зуун мянга/ төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Э.Билгүүний ЖО95071212 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Билгүүний эзэмшлийн "Gfoled" маркийн товчлууртай гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Билгүүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацааг 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ДОЛГОРМАА