Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00029

 

Ж.К-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00059 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух Ж.К-ий- нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөөс дутуу олгосон 12 сарын тэтгэмжийн мөнгө болох 5000000 төгрөг гаргуулах тухай.  

 

            Нэхэмжлэлд: “Миний бие 1962 онд төрсөн, одоо 55 настай. Би гадаад худалдааны харьяа Ц-ын дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 7 дугаар сарын 7-ноос 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхмэлчин, 1993 оны 6 дугаар сарын 01-нээс хойш одоо хүртэл Ц-ын Эрүүл мэндийн төвийн тогоочоор одоо хүртэл тасралтгүй улсад 36 жил ажиллаж байна. Би 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарахаар болж аймгийн Эрүүлийг хамгаалах газарт 36 сарын нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авахаар үндсэн цалингаа тооцож захиалга өгсөн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 26-нд миний дансанд 24 сарын тэтгэмж 11000000 /арван нэгэн сая/ төгрөг орсон. Харин би улсад 36 жил ажилласан тул надад 12 сарын тэтгэмжийг дутуу олгосон. Би тэтгэмжийг дутуу олгосон талаар Эрүүл мэндийн газрын дарга С.А, ня-бо Л нараас лавлахад “Яам хассан байна. Зөвхөн эрүүл мэндийн системд ажилласан жилд нь өг” гэсэн хариулт өгсөн. Надад яамнаас хассан тухай албан ёсоор шийдвэр өгөөгүй болно. Гадаад худалдааны харъяа Цагаан нуур дамжлага бааз төрийн байгууллага учир би Цын дамжлага баазын нэхмэлийн тасагт ажилласан хугацааны 12 жилийн буцалтгүй тэтгэмж 5000000/таван сая/ төгрөгийг авах ёстой. Иймд надад 36 сарын тэтгэмжийг дутуу өгсөн тул 12 жилийн тэтгэмж болох 5000000 төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Ж.К-ий 12 жилийн буцалтгүй тэтгэмж болох 5000000 /таван сая/ төгрөгийг дутуу өгсөн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд үүнд төрийн албанд буюу улсад ажилласан нь хамаарахгүй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан.

Энэ журмын 21-д Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно гэж заасан.

Ж.К нь Ц тосгоны хүн эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тушаалаар мөн өдрөөс тус хүн эмнэлэгт тогоочоор орж Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 6/09 тоот тушаалаар мөн өдрөөс Эрүүл мэндийн төвийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, нийтдээ 25 жил ажилласан гэж үзсэн. Гэхдээ яг нарийн тооцож үзэх юм бол 24 жил 4 сар ажилласан байгаа. Дээрх хугацаан дээр Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4-5.8-д заасан үндэслэлээр нэмэгдэх хугацаа байхгүй. Ж.К-ий 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ц дамжлага баазын нэхмэлийн тасагт нэхмэлчнээр ажилласан хугацаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнаар ажилласан хугацаанд тооцогдохгүй учир дээрх хугацаанд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Тус газар нь тэтгэвэрт гарах хүмүүсийн материалыг 1 жилийн өмнө авч нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг. Эрүүл мэндийн яам нь хүргүүлсэн материалыг хянаж дараа жилийн төсөвт суулган тэтгэмжийг олгуулдаг. Ж.К-ий материал ч энэ жишгийн дагуу 2016 онд Эрүүл мэндийн яаманд хүргэгдэн хянагдаж 2017 оны төсөвт 25 сараар тэтгэмж нь сууж тэрний дагуу тэтгэмжийг олгосон. Иймээс нэхэмжлэгч Ж.К-ий эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироосон асуудал байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00059 дүгээр шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс дутуу олгосон мөнгө болох 1584380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.К-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3415620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/0059 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс дутуу олгосон мөнгө болох 1.584.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.К-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах ёсгүй. Ж.К нь Гадаад худалдааны яамны харьяа Ц дамжлага баазын нэхмэлийн тасагт нэхмэлчнээр ажилласан 12 жилийн хугацаанд ногдох 12 сарын тэтгэмжийн мөнгө 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжпэл гаргасан. Эрүүл мэндийн газраас олгосон 24 сарын хугацаанд ногдох 11.936.500 төгрөгийн талаар огт маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа 24 сарын хугацаанд ногдох тэтгэмжийг олгохдоо үндсэн цалингийн дунджийг буруу тооцож олгосон мэтээр дүгнэлт хийж зөрүү мөнгө 1.584.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.К-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. 3асгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3-т “...Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно” гэж зааж өгсөн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндсэн цалингийн хэмжээгээр тооцох талаар зөв дүгнэлт хийсэн атлаа Ж.К-ий сүүлийн 3 жилийн бодогдсон цалингийн хэмжээгээр нэг сарын дундаж цалинг тооцсон нь үндэслэлгүй байна. Дээрх журамд зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг зөвхөн үндсэн цалингийн хэмжээгээр тооцох ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 жилийн бодогдсон цалингийн хэмжээнээс нэг сарын дундаж цалингийн хэмжээг бодсон. Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй хэвээр байгаа. Эрүүл мэндийн яамнаас Ж.К-ий үндсэн цалингийн дунджийг 455740 төгрөгөөр тооцож 2016 оны төсөвт суулгаж ирүүлсний дагуу Эрүүл мэндийн газраас бүрэн олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хянаж нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс дутуу олгосон мөнгө болох 1.584.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.К-д олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.К нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан 5000000.00 төгрөгийн мөнгөн тэтгэмж гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлээ хариуцагч байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасан мөнгөн тэтгэмжийг 36 сарын хугацаагаар тооцож олгох байсан, харин 24 сарын хугацаагаар тооцон, 12 сарын хугацааны буюу 5000000.00 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон гэж тайлбарлажээ. Харин хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлж тэтгэвэрт гарсан ажилтны хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тооцож олгосон гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ж.К нь Гадаад худалдааны харьяа Ц-ын дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажилласан нь шүүхийн шийдвэрээр, 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн тогоочоор буюу нийт 24 жил 2 сар эрүүл мэндийн байгууллагад ажилласан нь бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Түүнд үндсэн цалингийн дунджаас нь /455860.00 төгрөг/ тооцож, 25 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 11396500.00 төгрөг олгосон нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт болон бусад баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т ... тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан ... эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно.” гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталжээ.

 

Уг журмын 21.-т зааснаас үзвэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох “цалингийн хэмжээг” мөн журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд харин уг үйлчилгээний ажилтны “ажилласан хугацаа”-г мөн хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон уг журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцохоор тогтоосон байна.

 

Харин уг журмын 3.-т “...хамгийн сүүлд хашиж байсан нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид шууд хамааралтай зохицуулалт бөгөөд үүнээс “төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх” гэснийг эрүүл мэндийн салбарт ажиллаж тэтгэвэрт гарах төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, уг журмын 21.-т заасан зохицуулалттай уялдуулан “эрүүл мэндийн салбарт ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх” гэсэн агуулгаар тайлбарлаж, хэрэглэнэ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажилласан 12 жилийн хугацааг нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо оруулан тооцоогүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасан эмнэлгийн ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг түүний үндсэн цалингийн дунджаар нь тооцож олгохдоо тэдгээрийн ажилласан хугацааг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 21.-т зааснаар эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаанд уг журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан,  эрүүл мэндийн салбарт нийт ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлох юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлээс гадуур, нэхэмжлэгчийн маргаагүй үйл баримтын талаар буюу түүний үндсэн цалингийн дунджийн талаар дүгнэлт хийж, шүүх санаачилгаар ажилтны сүүлийн гурван жилийн үндсэн цалингийн дунджийг тодорхойлж, улмаар хариуцагчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй асуудлаар буруутгаж, нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан мэтгэлцэх зарчмын агуулгад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарт 24 жил 2 сар ажиллаж тэтгэвэрт гарсан нэхэмжлэгч Ж.К-ий нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг түүний үндсэн цалингийн дунджаас нь /455860.00 төгрөг/ тооцож, эрүүл мэндийн салбарт ажилласан жилийн тоогоор /25/ үржүүлэн 11396500.00 төгрөг олгосон нь хууль тогтоомжид нийцсэн байх тул Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ж.К нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950.00 төгрөгийг зохих данснаас гаргуулж, буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакений давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.К-ий хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан 5000000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан Ж.К-ий нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950.00 төгрөгийг төрийн сангийн 000100020000941 дугаар данснаас гаргуулж, Ж.К-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК