Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/17

 

Д.Ам-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Д.Ам- Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлоор Д.Ам-д холбогдох 1923000060010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн “Алагийн дөрөлж” гэх газар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овгийн Д-ын Ам- /Регистрийн дугаар: ИА******/

Шүүгдэгч Д.Ам- нь бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхэд хүчиндсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж нар овогт Д-ын Ам-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-г 12 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн эзэмшлийн 10-17 ЗАН улсын дугаартай, Истана Микробус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Д.Ам- бага насны хүүхэд болох ******* бэлгийн халдашгүй байх эрхийг зөрчиж бэлэг эрхтэн лүү нь хуруугаа оруулж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийсэн нь” гэсэн дүгнэлт хийсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээчийн мэдүүлгээр охины бэлэг эрхтэн лүү нь хуруугаа оруулсан байдал тогтоогдохгүй байгаа юм. Зөвхөн бэлгийн замын халдварт өвчин халдсан гэдэг нь бэлэг эрхтэн лүү нь хуруугаа оруулсан гэсэн үг биш юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрийг хянан шийдвэрлээгүй байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад Д.Ам-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын санкц нь 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж сонгох санкцтайгаар хуульчилж өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэн үзэх боломжтой байна. Мөн Д.Ам- нь өндөр настай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирлоо төлж хор уршгаа бүрэн арилгасан, биеийн байдлын хувьд нүдний хараа болон элэгний хүнд өвчтэй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгчийн гомдолд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн Д.Ам-д холбогдох 1923000060010 дугаартай эрүүгийн хэргийн талаар Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Д.Ам- нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны 18 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг дэвсгэр “Донойн хөндий” гэх газарт байсан өөрийн гэртээ бага насны буюу 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 7 нас 4 сар 1 хоногтой охин Л.Бямбарагчааг өвөр дээрээ суулган түүний бэлэг эрхтэн рүү нь өөрийн гарын хуруугаа оруулж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 1.Шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдсан гомдолдоо ““...шүүгдэгч Д.Ам- нь бага насны хүүхэд болох ******* бэлгийн халдашгүй байх эрхийг зөрчиж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь” гэсэн дүгнэлт хийсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээчийн мэдүүлгээр охины бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулсан байдал тогтоогдохгүй байгаа юм. Зөвхөн бэлгийн замын халдварт өвчин халдсан гэдэг нь бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулсан гэсэн үг биш юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй байна” гэжээ. -Дээрх гомдолд тайлбар гаргах нь: Хүчиндэх гэмт хэрэг нь ямар нэг гэрч, баримтгүй үйлдэгддэг, өөрөөр хэлбэл хүний нүднээс далдуур үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд энэ хэргийн хувьд нотлох баримт хангалттай хэрэгт авагдсан, насанд хүрээгүй хохирогч Л.Бямбарагчаа нь “...Д.Ам- өвөө миний боожгой руу хуруугаа оруулаад үрээд байсан, миний боожгой маш их өвдсөн...” гэж тухайн үед болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгчтэй удаа дараа өгсөн мэдүүлэгтээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлэг өгсөн, бас энэ хэргийн талаар анх мэдсэн, уулзсан гэрчүүд болох Улиастай сумын Жаргалант багийн хамтарсан багийн хурал дээр ч хэлсэн байдаг бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг, мөн ээж, эмээ, эмч, эмнэлгийн ажилтангуудад ч хэлсэн ба дээрх гэрчүүд ч гэсэн мэдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч нь эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү бэлгийн замын халдварт өвчний нян тээсэн хүний гарын хуруу ороход халдварлах боломжтой гэж мэдүүлэг өгсөн, өөрөөр хэлбэл эмэгтэй хүний бэлэг эрхтэний дотор талын чийгтэй орчинд харьцах үед халдварлах боломжтой, чийгтэй орчин гэдэг нь эмэгтэй хүний бэлэг эрхтэний дотор тал юм, харин гадна бэлэг эрхтэн, хуурай орчиндтой харьцах үед халдварлах боломжгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. 2. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад Д.Ам-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын санкц нь 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж сонгох санкцтайгаар хуульчилж өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэн үзэх боломжтой байна. Мөн Д.Ам- нь өндөр настай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирлоо төлж хор уршгаа бүрэн арилгасан, биеийн байдлын хувьд нүдний хараа болон элэгний хүнд өвчтэй зэрэг байдлыг харгалзан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй юм. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. -Дээрх гомдолд тайлбар гаргах нь: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд дээрх журмыг хэрэглэж болохоор заасан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 20 жил хүртэл ялаар эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар зохицуулсан тул Д.Ам-д оногдуулах хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Харин ч Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Ам-гийн ахмад настай буюу 60-аас дээш настайг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлцүүлэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах үндэслэл байхгүй байна. Иймд шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад Д.Ам-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын санкц нь 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж сонгох санкцтайгаар хуульчилж өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэн үзэх боломжтой байна. Мөн Д.Ам- нь өндөр настай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирлоо төлж хор уршгаа бүрэн арилгасан, биеийн байдлын хувьд нүдний хараа болон элэгний хүнд өвчтэй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 12.1-т заасан хуулийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнгээ оруулсаныг ойлгоно. Хохирогчийн мэдүүлэгт мөрдөн байцаалтын шатанд яг оруулсан эсэх талаар тодоруулж шалгаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр охин халис нь огт гэмтээгүй байсан. Хүүхдийн хэлсэнээр мөрдөн байцаалтын шатанд яг оруулсан эсэх асуудал огт нотлогдохгүй байна. Ийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн бэлэг эрхтэн рүү нь аль нэг эрхтэнгээ оруулсан бол гэж заасан байдаг. Оруулсан гэдгийг өөрөөр яаж тогтоож байгаа вэ гэдэг нь шинжээч эмч П.Базардаргиагийн дүгнэлтэнд нойтон, чийгтэй орчинд заг хүйтэн гэдэг өвчин нь халддаг гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Д.Ам- нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг дэвсгэр “Донойн хөндийн “Тоглоотын хөх толгой” гэх газарт байсан өөрийн гэртээ бага насны буюу 8 нас 4 сар 1 хоногтой охин Л.Бямбарагчааг өвөр дээрээ суулган түүний бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулж, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан нь хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэжээ. Анхан шатны шүүх Д.Ам-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ хүчиндэх гэмт хэрэг төгссөн гэж үзэж хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Зүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “ бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсаныг ойлгоно гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийхэд хохирогч ******* биед гэмтэл учраагүй, охин хальс бүтэн, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтэнээ оруулсан, эсхүл өөр зүйл оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ам-г бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Д.Ам-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан түүнд 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Тайж нар овогт Д-ын Ам-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндэхээр завдсан гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д 6/зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д оногдуулсан 6/зургаа/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ам-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ