Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

   2023          03         29                                   2023/ШЦТ/230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч Б.Очгэрэл,

  шүүгдэгч С.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэлүн овогт ССд холбогдох эрүүгийн 2311 00167 0167 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тэлүн овогт СС, регистрийн дугаар ...................................

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон 36б байрны 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо 48-13-2 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч С.С нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны 16 тоот С.Бы гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохих, хавирч унагаан биед нь баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг сууж байхад босож ирээд дайрсан. Хавирч унагаасан гээд байгаа нь худлаа. Би дунд чөмгөний протезтой тул надад хүнийг хавирч унагаах боломж байхгүй. Дайраад цохихоор нь зогсоох гээд дарснаас өөр зүйлгүй. Унахдаа гэмтсэн бололтой байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Бы “...тэгтэл нэг их удаагүй 23:30 цагийн үед С.С гаднаас хаалга тогшоод ороод ирсэн. Тэгэхдээ согтуу орж ирж байсан нэг шил архи, 5-6 шилтэй Сэнгүр пиво барьчихсан орж ирж байсан тэгээд манайд орж ирээд ярьж суунгаа нөгөө архиа пивотойгоо бид гурав хувааж ууцгаасан тэр үед манай гэрийн миний ажлын ширээ байдаг тэр нь студийн ширээ /дуу бичлэгийн төхөөрөмж/ байсан тул С.С нь аягатай пиво тавьж байсан би түүнийг ширээн тавьж болохгүй шүү гэж хэлж байсан. Тэгтэл тэр яадгийн гээд ширээн дээр аягатай пивоо тавиад байсан тэгж байгаад аягатай пивоо асгачихсан тул би түүнд уурлаад хэлж байсан чи яаж байгаа юм бэ хүн хэлээд байхад ширээн дээр шингэн юм асгаж болохгүй гээд байхад гээд хоёулаа тэрнээс болж маргалдаж байсан тэгээд босож ирээд намайг цохиж аваад газарт унагаагаад дээрээс цохиж аваад байсан тэр үед нь миний хөл эвгүй болчихсон байсан тул би өөрөө газраас босож чадахгүй байсан С.С өөрөө намайг татаж босгож байсан тэгээд би уурандаа цагдаа дуудаж түүнийг барьж өгч явуулж байсан би өөрөө бас энд ирээд гомдлоо гаргаж өгөөд шүүхийн эмнэлгийн тогтоол аваад өглөө нь архиа гаргаад ирээрэй гэж хэлж байсан тул би тэр шөнөдөө яваад өглөө нь ирж чадаагүй юм. Яагаад гэвэл миний хөл өвдөөд байсан юм ... Тэр шөнө ширээн дээр сууж байгаад босож ирээд эхлээд намайг миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авсан би тэгээд босож ирэхэд дахин барьж аваад хавираад унагасан тэгэхдээ дээрээс дараад газарт унаж байсан тэр үед миний хөл нилээн гэмтсэн байсан баруун хөлийн тавхай хэсэгт гэмтэл учирсан байгаа юм. Одоо хүртэл боолттой байгаа юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь С.С архиа ууж дуусгаж байгаад явна гэж хэлээд байсан тэгээд дуудлага өгсөн гэх шалтгаанаар намайг боож унагаад дахиад цээж рүү ганц нэг гараараа цохиж авч байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,   

Гэрч Д.Алтанцэцэгийн “...шөнийн 02 цагийн үед байх шиг санагдаж байна. Сэргэлэн манай хамтран амьдрагч залуу С.Б нар хоорондоо маргалдаж муудалцаж, муудалцаж байсан. Тэгээд Сэргэлэн нь Батсайханыг цохиж авч байсан. Тэгээд нөгөөх нь хажуу тийшээ унахдаа хөлөө эвгүй гишгээд уначих шиг болсон. Хөл хөл гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Бы биед баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 177 дугаартай дүгнэлтэд: “ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч эмч Б.Ариунзулын 2023 оны 1 сарын 02-ны өдрийн 851 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун тавхайн ясанд гэмтлийн өөрчлөлтгүй. С.Бы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Шүүгдэгч С.Сгийн “...би тэр өдөр 2022 оны 12 дугаар сарын 22-нд оройн 22:00 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гээд явж байсан чинь манай найз залуу болох С.Б гэгч нь миний гар утас руу залгаж яриад байсан чи хүрээд ирээч ээ нэг шил архи аваад ирээч гэж хэлээд дуудаад байхаар нь би тэр дуудсан ёсоор нь яваад очиж байсан тэднийх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 16 тоотод байдаг тэгээд гэрт нь ороход С.Б эхнэрийнхээ хамтаар хоёулахнаа байж байсан. Тэгээд тэр хоёр намайг очиж байхад том савтай пиво ширээн дээрээ тавьчихсан уугаад сууж байсан тэгээд би ороод авчирсан нэг шилтэй 075 гр Хараа архи, хоёр ширхэг лаазтай Сэнгүүр пивоо гаргаж ирээд бүгдээрээ гурвуулаа хувааж ууцгааж байсан тэгтэл би ширээн дээр нь аягатай пиво санаандгүй асгачихсан чинь С.Б нь уурлаад над руу дайраад агсам тавьж эхэлсэн тэгэхээр нь би түүнийг цохиж авч байсан ...би тэр хоёр дүгнэлтийг нь уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 54/, Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч С.С нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны 16 тоот С.Бы гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохих, хавирч унагаан биед нь баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Бы мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 177 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой маргалдсаны улмаас хохирогчийн баруун тавхайд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч С.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэлүн овогт ССг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ