| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2018/02161/И |
| Дугаар | 101/ШШ2019/01496 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2019/01496
2019 оны 05 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/01496 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М ХХК /РД: /-д холбогдох
50,856,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Гшүүхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Л.Г2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Д.М ХХК-тай ******* дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах К******* ******* хотхоны 0 дүгээр байрны 4 дүгээр орцны ******* тоотын 175.48 м.кв буюу хананаас хананы хооронд 175.48 мкв талбай бүхий орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тул нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 523,479,000 төгрөгийг бүрэн төлсөн ба 2013 оны 3 дугаар сард тус байранд нүүн орсноос хойш орон сууцны халаалтын төлбөр 175.48 м.кв–аар тооцогддог байсан бол 2015 оны 01 дүгээр сараас халаалт тооцох талбай гэнэт өөрчлөгдөн 165.53 м.кв–аар тооцож халаалтын төлбөр бодогдох болсноос хойш үүдэн эргэлзээ төрж хэмжилт хийлгэсэн юм.
Хэмжилтийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Г.М ХХК-иар гүйцэтгүүлэн шалгахад хананаас хананы хоорондох талбай 165.53 м.кв байгаа нь орон сууцны захиалан бариулах гэрээнд зааж үнийг төлсөн талбайн хэмжээнээс 9.95 м.кв талбай дутуу байгааг мэдсэн. Тус хэмжилт ажлын хөлс 330,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болно.
Ийнхүү хэмжилт хийлгэн 9.95 м.кв дутуу байгааг мэдээд хариуцагчид энэ талаар очиж уулзахад хариуцагчийн ажилтан Орон сууцны 9.95 м.кв дутуу талбайг хүлээн зөвшөөрөхгүй, 5,000,000 төгрөг ав, борлуулалт хариуцсан захирал гадаад явсан, ирэхээр хариу өгнө гэсээр өдий хүрсэн. Энэ бүхнээс харахад тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж 175.48 м.кв биш 165.53 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгч 9.95 м.кв талбай дутуу гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан тул нэхэмжлэгч энэ дутуу м.кв-ын талбайн үнэд 29.682.104 төгрөгийг илүү төлсөн байна. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор 2013 оны 03 дугаар 29-ний өдөр Хас банк ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж жилийн 14,04 хувийн хүүтэй 224,000 ам.доллар буюу Монгол банкны тус өдрийн зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.доллар нь 1.410,32 төгрөг буюу 315,911,680 төгрөгийн зээл авсан болно. Гэрээний хавсралтад зааснаар 1 м.кв-ын үнэ 2,983,126 төгрөг бөгөөд хэмжилтийн зөрүү болох 9.95 м.кв талбайд ногдох 29,682,104 төгрөгийг зээлийг илүү авсан ба тус зээлд ногдох жилийн 4,167,367 төгрөгийн зээлийн хүүг хариуцагчийн хууран мэхэлсэн үйлдлээс болж 2013-2018 онуудад нийт 20,836,835 төгрөгийг төлсөн байна.
Иймд 9.95 м.кв дутуу талбайн үнэд илүү төлсөн 29,682,104 төгрөг, 2013-2018 онуудад зээлийн хүүд төлсөн нийт 20,836,835 төгрөг хэмжилтийн ажлын хөлс 330,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг бүгд 50,856,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу талбартаа: Тус шүүхэд Л.Г*******ийн нэхэмжлэлтэй Д.М ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талын худалдаж авсан Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт орших ******* дүгээр байрны ******* тоотод байрлах орон сууц нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” 01/97/2012 дугаартай улсын комиссын актаар ашиглалтад орсон юм. Дээрх орон сууцыг ашиглалтад орсноос хойш буюу 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч тал ******* дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний загвараар ******* дүгээр байрны 6 давхрын******* тоот хаягт байрлах хананаас хана хүртэлх 175.48 м.кв талбайтай хананы тэнхлэгээс тэнхлэг хүртэл 180.51 м.кв талбайтай орон сууцны нийт үнэ 523,479,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг төлсөн болно. Энэхүү үнээр орон сууцыг худалдахад манай компаниас шкафнууд, тв-тэй жакузи, душны хаалт, уурын саун, шүүгээтэй угаалтуур, галын өрөөний тавилга, агаар шүүгч, керамик плитк, дуковка зэргийг үнэгүй өгсөн болно.
Тиймээс бидний хооронд ажил гүйцэтгэх буюу орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ биш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм. Нэхэмжлэгч тал орон сууцыг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан бөгөөд тухайн үед талбайн хэмжээг мэдэж байсан, талбайн хэмжээг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Бидний байгуулсан гэрээнд орон сууцны талбайг 1 м.кв талбайн үнээр биш хананаас хана хүртэлх 175.48 м.кв талбайтай ханын тэнхлэгээс тэнхлэг хүртэл 180.51 м.кв талбайтай 6 өрөө орон сууц гэж тохирсон бөгөөд MNS6058:2009 аргачлалаар талбайн хэмжээг тооцоогүй болно.
Түүнчлэн манай компани нь орон сууцаа хананаас хана хүртэл талбай, ханын тэнхлэгээс тэнхлэг хүртэлх талбайгаар тооцдог бөгөөд энэхүү тооцооллын талаар иргэн О.О******* нэхэмжлэл гаргаж байсан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00872 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул түүний орон сууцны талбайн зөрүү болох 29,682,104 төгрөг банкны зээлийн хүү 20,836,835 төгрөг, хэмжилт хийлгэсэн 330,000 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нь хариуцагч талд хамааралгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г Д.М ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 29,682,104 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 20,836,835 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 330,000 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нийт 50,856,939 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн ******* хороо, К******* ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 6 өрөө 175.48 м.кв орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гүйцэтгэгч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэ 523,479,000 төгрөгийг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож, талууд үйл баримтад маргаагүй болно.
Маргааны зүйл болох барилга нь 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад орсон болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, нэхэмжлэгч 3 дугаар сард орон сууцанд нүүн орсон нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот гэрээний 1.2-т болон хавсралтад орон сууцны талбайг тэнхлэгээс тэнхлэг хүртэл 180.51 м.кв, хананаас хана хүртэл 175.48 м.кв 6 өрөө орон сууц, орон сууцны нийт үнэ 523,479,000 төгрөг гэж тодорхой тусгасан гэрээнд заасан талбайн хэмжээний тухайд талууд маргаагүй байна. /хх-ийн 4-8 дугаар талууд/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны талбайн нэгж буюу 1 м.кв талбайг үнэлсэн талаар тодорхой үнийн талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй, худалдан авсан эд хөрөнгийн гэрээнд тусгагдсан хэмжээнд маргаагүй тул гэрээнд заагдаагүй 1 м.кв талбайн үнээр тооцож, гэрээний үнийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Л.Гнь 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч талаас “Байр хүлээлцсэн акт”-аар орон сууцыг хүлээн авсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авч тодорхой үйлдэл хийсэн гэж үзэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ./хх-ийн 37 дугаар тал/
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол” шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.
Л.Гүл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийг хүлээж авахдаа орон сууцны талбайг хэмжүүлэх, худалдан авч буй эд хөрөнгийн үндсэн шинж болох талбайн хэмжээ буюу эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн төлбөр болох 29,682,104 төгрөг банкны зээлийн хүү болох 20,836,835 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 330,000 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нийт 50,856,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М ХХК-иас 50,856,939 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан Л.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ