Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/409

 

2023         04           05                                    2023/ШЦТ/409

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Э.Оргилбат,

шүүгдэгч: С.О нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Од холбогдох эрүүгийн 2300000000000 тоот хэргийг 2023.03.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа экскаваторын жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хилчин 000-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Харчин овогт Сын О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.О нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хамтран амьдрагч О.Ттэй хэрүүл маргаан үүсгэн түүнийг зодож цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-6/,

- Хохирогч О.Тгийн “...2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би байгууллагын шинэ жилээ тэмдэглээд 02 цаг болж байхад гэртээ ирэхэд манай хүүхэд ганцаараа нөхөр Отгонсайхан гэртээ байхгүй байсан. Тэгээр нь би тэр өдрөө шууд унтаад өгсөн ба өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд ажилдаа явах гэж байтал манай нөхөр ороод ирсэн байсан ба намайг үнсэх гээд байхаар нь би өчигдрийн хүүхдээ ганцаараа орхиод яваад өгсөнд нь уурлаад үнсүүлээгүй юм, тэгсэн чинь манай нөхөр уурлаад "...чи өөр хүнтэй явсан байна...”гэж хардсан.Тэгээд би ажилдаа яваад орой ажлаа тараад 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байх Орбит караокед очиж найзууд болох Э, нөхөр нь М нарын хамт нэг шил 0,75 литрийн архи, 2 шилтэй пиво авч Э бид хоёр уугаад Сууж байтал манай нөхөр Отгонсайхан 20 цаг өнгөрч байхад орж ирээд миний толгойн баруун хэсэг рүү алгадсан тэгэхээр нь би өөдөөс уурлаад босоод ирэхэд баруун талын хөл рүү олон удаа, зүүн хөл рүү ганц хоёр удаа өшиглөж, шатны уруу чирч унагааж, үснээс зулгааж цохихоор нь би толгойгоороо хана мөргөсөн. Тэгээд О нь намайг зодож зодчихоод гараад яваад өгсөн. Тэгэхээр нь караокены эмэгтэй О руу залгаад намайг ирж ав гэж хэлсэн ба Отгонсайхан буцаад орж ирээд намайг авч яваад бид хоёр гэр лүү явсан” гэх мэдүүлэг /х.х-10/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 435 дугаартай “...О.Тн биед баруун чамархайд шарх, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, шилбэ зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-14-15/,

- Яллагдагч С.Оны хувийн байдалтай баримтууд /х.х-20-56/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-66-73/,

- Аюулын эрсдэлийн зэргийн үнэлгээ /хх-ийн 74-р ху/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч С.Оны хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.О нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит караокед тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Ттэй хэрүүл маргаан үүсгэн зодож цохиж, улмаар биед нь “баруун чамархайд, шарх баруун бугалга, шуу , гуя өвдөг, шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.О, О.Т нар нь 2021 оноос хойш хамтран амьдарч байгаа нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг /х.х-10, 12/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-66-73/ аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /х.х-74/ зэрэг баримтуудаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, хохирогч О.Т нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

Шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч О.Тгийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж зодсон үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч С.О нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч О.Т нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг С.Оаас шаардах эрхтэй байна.

Хохирогч О.Т нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй бид хоёр хамт амьдарч байгаа” гэх хүсэлтийг /х.х-78/ гаргасан байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, С.О нь бусдад төлбөргүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.О нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял авч 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

3. Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн боловч эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар захирамжаар 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-43-56/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.Отгонсайхан нь шүүхээс урьд оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч С.О нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.Т нь “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Сын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Сын Од 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч О.Т нь “гомдол саналгүй” гэсэн иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, С.О нь бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүхээс энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг С.Од мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ