| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/01962/И |
| Дугаар | 01897 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 01897
2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2019/01897 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэг хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г Им-с ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.А/РД: /-д холбогдох
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэгт төлсөн 7,518,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******, хариуцагч А.А , нарийн бичгийн дарга Б.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Г Им-с ХХК-ийн захирал Б.Х******* миний нагац ах А.А олон жил Герман улсад ажиллаж байгаад Монголдоо буцаж ирээд ажилгүй байх үедээ надад хандан “ах нь тэтгэвэрт гарах үедээ нийгмийн даатгал төлөлгүй, тасалдсан байх тул тэтгэвэр авч чадахгүй байдалд ороод байна. Иймд миний ажилгүй байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрийн компаниар дамжуулан таслахгүй төлж өгөөч би гарах зардал татварыг нь өөрөө дараа ажилд ороод буцаан танай компанид төлж өгье” гэж гуйсан бөгөөд миний эгч манай компанийн нягтлан бодогч Б.М******* бид хоёр зөвшөөрч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэргийг 2014 оны 3 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарыг дуустал Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлж өгсөн билээ. Тэрээр тус компанид ямар нэгэн байдлаар ажиллаагүй бөгөөд түүний сарын цалин 700,000 төгрөг хүртэл байхаар бодож доорх төлбөрийг эргэн төлөх хэлцлээр манай компани төлж өгсөн. 2014 онд 2,100,000 төгрөг, 2015 онд 2,031,772 төгрөг, 2016 онд 2,087,387 төгрөг, 2017 онд 1,298,978 төгрөг нийт 7,518,137 төгрөг болно. Гэвч 2017 оны 7 дугаар сард шинэ ажилд орлоо гэж нийгмийн даатгалын дэвтрээ аваад Номадс компанид менежерээр 2 жил болсон ч удахгүй төлнө гэж байсан боловч одоо болтол төлөхгүй байгаа учир шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэхээр нэхэмжлэж байна. Нийт 4 жилд А.А гийн өмнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэг манай компаниас төлсөн 7,518,137 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.А шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний нагац дүү болох ******* овогтой Х******* нь нэхэмжлэлийн шаардлагаа намайг тэтгэвэр авын тулд нийгмийн даатгал төлж өгөөч хэмээн гуйсан тул миний нийгмийн даатгалын шимтгэлийг өөрийн компаниар дамжуулан төлж байсан хэмээжээ. Би ХБНГУ-д 12 жил ажиллаж амьдарч байгаад 2010 онд эх орондоо эргэн ирсэн. Улмаар намайг ирсэн даруйд миний төрсөн эгч А.Э******* буюу Б.Х-ийн төрсөн эх “Чи олон жил гадаадад ажиллаж амьдарлаа. Бид боломж бололцоогоор тус дэм болъё. Чамайг ажилгүй байх хугацаанд Г Им-с ХХК-иар чиний нийгмийн даатгал зэргийг төлье. Учир нь чи улсаас тэтгэвэр авах ёстой, чи нийгмийн даатгалын байгууллагаас яаралтай лавлагаа аваад өг” гэсэн. Би эх орондоо олон жил байгаагүй учир надад ерөөсөө хууль эрх зүйн болоод даатгал халамж тэтгэмжийн талаар ойлголт огт байгаагүй байсан. Тиймээс тэгэх ёстой юм байх гэж бодоод өнгөрсөн.
Улмаар би 2012 онд Бишрэлт ХХК-д захирлаар ажилласан бөгөөд 2014 онд ажилгүй болсон. Энэ үед мөн миний төрсөн эгч “чи ажилгүй байх хугацаандаа Г Им-с ХХК-иар нийгмийн даатгалаа төлүүл” гэж хэлсэн. Төд удалгүй түүний төрсөн охин болох Б.М******* надруу залгаж Та Хас банканд цалингийн данс нээлгүүлэх хэрэгтэй байна гэсэн. Би мөн нээлгэх ёстой юм байх гээд хэлснийх нь дагуу нээлгүүлсэн. Тэр цалин оруулсан болоод буцаагаад шилжүүлж авдаг байсан. Товчхондоо бол миний зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өгөөч гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй. Харин би Герман улсад ажиллаж амьдарч байхдаа эгч дүүстээ хангалттай тусалдаг байсны болоод Монгол улс дахь миний нэр дээр байдаг байрыг дүү нар болох Б.Х*******, Б.М******* нар зээлийн барьцаанд тавьж олон удаа ашиглаж байсныхаа хариуд тусалж байгаа юм болов уу л гэж ойлгоод яваад байсан.
Гэтэл гэнэт 2017 оны 01 дүгээр сард манай гэрт бөөн бөөнөөрөө шөнө орой дайрч орж ирээд зээлсэн байсан мөнгөний асуудлаас болж миний төрсөн эгч болон түүний охидууд Б.Х, Б.М нар хэрүүл маргаан үүсгэж намайг хэлэх хэлэхгүй үгээр эхнэр хүүхдүүдийн минь дэргэд намайг доромжилсон. Улмаар 2019 оны 02 дугаар сарын эхлэн би энэхүү нэхэмжлэлтэй нийлүүлж тооцвол 3 дахь удаагаа шүүхэд дуудагдаж байна. Хамгийн хачирхалтай нь нэхэмжлэл бүр өөр өөр шаардлагатай байсан бөгөөд тэдгээрийг нэг дор шаардахгүй шүүхийн шийдвэр гарсаны дараа бүрт угсруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь өс хонзонгийн шинжтэй намайг чадах арга гэж аргаа барсан үйлдэл гэж харж байна.
Хамгийн эхний нэхэмжлэлийн шаардлагыг би дугуй” төлье яршиг гэж өнгөрөөсөн, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын үеэр буюу хариу тайлбар өгөх, шүүх хурал болох үеэр миний эхнэр амаржихтай яг давхцаж байсан бөгөөд шинэ хүн угтан авч байж хэрүүл уруул хийгээд яахав гээд би хариу тайлбар ч өгч амжаагүй орхисон билээ. Харин энэ удаа би өс хонзонгийн шинжтэй үйлдэл гэж ойлгож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г Им-с” ХХК-нь хариуцагч А.А гээс 2014-2017 онд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 7,518,137 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар өгсөн, авснаа буцааж төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч би нийгмийн даатгал төлүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл надад байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч А.А г “Г Им-с” ХХК-ийн захирлын тушаалаар салбарын эрхлэгчийн албан тушаалд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр томилж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр салбарын эрхлэгчээр томилж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь хариуцагчийн 000039474 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн10, 25-31 дүгээр талууд/
А.А гийн Хас банкны ******* дансанд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Г Им-с ХХК-иас “цалин олгов” гэж тодорхой орлого шилжүүлээд, интернет шилжүүлгээр шилжүүлсэн мөнгийг буцаан татан авч байсан талаар зохигчид маргаагүй.
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол улсын иргэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хоорондын хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, талуудын харилцан тэгш байдлыг хангахад болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах учиртай.
Нэхэмжлэгч Г Им-с ХХК нь хэдийгээр хуульд зааснаар хариуцагч А.А гийн 2014-2017 онуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг төлөх үүргийг биелүүлсэн атлаа ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг байгуулсан эсэх, ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, зохигчдын хооронд хийсэн хэлцэл/нийгмийн даатгалыг хожим нөхөж төлөх талаарх/ зэргийг баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй болно.
Г Им-с ХХК нь хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээс үзэхэд А.А г хариуцагч гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Г Им-с ХХК хариуцагч нарын хооронд хийсэн хэлцэл хууль бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар өгсөн, авснаа буцааж А.А 7,518,137 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэсэн тайлбараас үзэхэд талуудын хооронд хэлцэл хийсэн, тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй болно.Өөрөөр хэлбэл Г Им-с ХХК нь А.А гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх эрх нь нээлттэй атлаа сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч А.А гээс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 7,518,137 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсэн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Г Им-с ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А гээс 7,518,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ